Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Эдийн засаг

Төмрийн хүдрийн экспорт 113%-ийн өсөлтөөр оныг эхлүүллээ

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2020 оны эхний сарын байдлаар гадаад худалдааны нийт эргэлт 932 сая ам.долларт хүрсний дотор экспорт 459 сая ам.доллар, импорт 473 сая ам.доллартай тэнцлээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт бараа эргэлт 16.1%-иар, экспорт 24.4%-иар, импорт 6.1%-иар тус тус буурсан байна.

Гадаад худалдааны тэнцэл энэ оны нэгдүгээр сард 14.3 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Өнгөрсөн оны мөн үед 103.3 сая ам.долларын ашигтай гарч байжээ. Энэ онд гадаад худалдаа ашиггүй гарсан нь экспорт өмнөх оны мөн үеэс 148 сая ам.доллараар буурсантай холбоотой. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард алтны экспорт огт хийгдээгүйн зэрэгцээ зэсийн баяжмалын нийлүүлэлт 43.2 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Оны эхний сард эрдэс бүтээгдэхүүний экспорт 431 сая ам.долларт хүрч, нийт экспортын 94 орчим хувийг бүрдүүллээ.

Нүүрсний экспорт оны эхний сарын байдлаар биет хэмжээгээр 2.4 сая тонн, үнийн дүнгийн хувьд 203 сая ам.доллараар хэмжигдсэн байна. Өөрөөр хэлбэл нүүрсний экспорт биет хэмжээгээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14%-иар, үнийн дүнгээр 20%-иар тус тус өслөө.

Зэсийн баяжмалын экспортын тухайд мөн сард 101.6 мянган тонн, харин үнийн дүнгийн хувьд 114 сая ам.доллараар илэрхийлэгдэж байна. Энэ нь жингийн хувьд 13.5%-иар, орлогын дүнгээр 27.5%-иар тус тус буурсныг илтгэнэ. Харин тунгаасан цэвэр зэсийн экспортын дүн өсөлтийг харууллаа. Тодруулбал жингээр 960.7 тоннд хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26%-иар, орлогын тухайд 5.7 сая ам.долларт хүрч 30%-иар тус тус өсчээ.

Орлогын дүнгээр төмрийн хүдрийн экспорт гуравдугаарт эрэмбэлэгдэж, өсөлтөөрөө тэргүүлэх түүхий эд болж байна. Төмрийн хүдрийн экспорт оны эхний сарын байдлаар 815.5 мянган тоннд хүрснээр өнгөрсөн оны мөн үеэс 34%-иар нэмэгджээ. Төмрийн хүдрийн экспортын орлогын тухайд 55.5 сая орчим ам.долларт хүрсэн нь даруй 2.1 дахин өссөн үзүүлэлт боллоо.

Цайрын хүдэр, баяжмалын экспорт оны эхний сард 12.8 мянган тоннд хүрч 6%-иар өссөн бол орлогын тухайд 18 сая ам.доллартай тэнцэж 5%-ийн өссөн байна.

Түүхий газрын тосны экспорт оны эхний сард биет хэмжээгээр 287.7 мянган баррельд хүрсэн нь 46%-иар, орлогын дүнгээр 16.9 сая ам.долларт хүрч 37%-иар тус тус буурав.

Жоншны хүдэр, баяжмалын экспорт биет хэмжээгээр 47.5 мянган тоннд хүрч 11.5%-иар, орлогын дүнгээр 12.9 сая ам.доллар хүрч 27%-иар тус тус буурлаа.

Молибденийн баяжмал 0.5 мянган тоннд хүрч, орлогын дүнгээр 3.8 сая ам.доллартай тэнцсэн нь жингээр өмнөх оны мөн үеийн түвшинд, орлогын хувьд 9.8%-иар буурсан дүнтэй гарлаа.

Дээр дурдсанчлан оны эхний сард алтны экспорт хийгдээгүй ч Монголбанкны алт худалдан авалтын хэмжээ 1.8 тоннд хүрсэн байна. Мөн сард нүүрс, төмрийн хүдэр, цайрын экспорт өссөн ч зэс, жоншных буурсан.

Гэвч хоёрдугаар сард Хятадад шинэ төрлийн коронавирусын (COVID-19) халдварын хэмжээ эрчимтэй нэмэгдсэнээс үүдэн нүүрсний экспортыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоохоор Улсын онцгой комисс (2020.02.10) шийдвэрлэсэн. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны хоёрдугаар сард нүүрсний экспорт зогсох хүртэлх хугацаанд нийтдээ 213 мянган тонн нүүрс экспортолж 16.2 сая ам.долларын орлого олжээ. Өнгөрсөн 2019 оны хоёрдугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд нийтдээ 1.9 сая тонн нүүрс экспортолж, 163 сая ам.долларын орлого олж байсан юм.

Хоёрдугаар сарын эхний хагаст газрын тосны экспорт огт хийгдээгүй бөгөөд гуравдугаар сарын 2-ноос нүүрс, газрын тосны экспорт сэргэх төлөвтэй байна. 2019 оны хоёрдугаар сард газрын тосны экспорт 477.6 мянган баррель буюу 25.9 сая ам.долларт хүрч байсан юм.

 

Б.Төгс