Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ертөнц

S&P Global Platts: Коронавирусын улмаас Хятадын гангийн хэрэглээ 45-60%-иар буурч болзошгүй

Коронавирусын дэгдэлтийн улмаас хоёрдугаар сард Хятадын гангийн хэрэглээ буурч 31-43 сая тоннд хүрч болзошгүй гэсэн таамгийг “S&P Global Platts” агентлагаас дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл 2018 оны мөн үеэс 45-60%-иар буурна гэж тус агентлаг үзэж байна. “S&P Global Platts” агентлагийн шинжээчид, гангийн нийт хэрэглээний 55%-ийг бүрдүүлдэг барилгын салбартай холбон тайлбарлажээ. Учир нь Хятадын ихэнх бүс нутагт хоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл барилгын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа юм.

Барилгын ажилчдын хоёр долоо хоногийн хугацаатай карантиныг энэ сарын 24-ныг хүртэл сунгахаар болжээ. Зарим хотод барилгын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл зогсоосон байна. Коронавирусээр халдварласан иргэдийн тоо буурахгүй байгаа энэ үед Хятад улсын хэмжээнд барилгын салбарын үйл ажиллагааг дөрөвдүгээр сар хүртэл царцааж магадгүй гэж “S&P Global Platts” агентлаг таамаглаж байгаа юм.

Хятадын “Shanghai Metals Market” мэдээллээр, өнөөгийн байдлаар тус улсын гангийн үйлдвэрлэлийн түүхий эдийн нөөц хоёрдугаар сар дуустал хүрэлцээтэй боловч гол бүс нутгуудад тээвэрлэлт зогссонтой холбоотойгоор үйлдвэрлэлийн нөөц дуусч болзошгүй байна.
Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны мэдээлснээр, өдөрт 20 сая орчим ширхэг амны хамгаалалтын маск үйлдвэрлэдэг бол тус улсын барилгын салбарт 50 сая гаруй хүн ажилладаг байна. Өдөрт дор хаяж нэг удаа маскийг солих шаардлагатай гэж үзвэл эдийн засгийн хувьд зардал их гарах аж.

2002-2003 онд Хятадад халдварт өвчний дэгдэлтийн улмаас 7 сарын турш карантин тогтоож байсан билээ.

Э.Од