Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Зах зээл

Төмрийн хүдрийн ханш гурван сарын доод түвшинд хүрэв

Далианы түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн ханш өчигдрийн байдлаар 6.1%-иар буурч 81 ам.доллар/тонн-д хүрснээр сүүлийн гурван сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд очлоо. Даваа гаригт(02.03) Хятадын Цагаан сарын дараах анхны өдрийн арилжаа байсан. Хятадын Төрийн зөвлөл Цагаан сарын баярын амралтыг анх нэгдүгээр сарын 24-30-ны өдөр байсныг хоёрдугаар сарын 2-ны өдөр болгон сунгасан билээ.

Тяньжины боомт дээрх 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ (ам.доллар/тонн)

Ийнхүү ханш буурсан нь коронавирусын тархалт хурдацтай байгаатай холбон тайлбарлаж байна. Өчигдрийн Шанхайн биржийн арилжаагаар гол индекс болох Shanghai Composite Index даруй 9%-иар буурсан нь тус бирж дэх компаниудын зах зээлийн үнэлгээ 370 тэрбум ам.доллараар агшсан гэсэн үг юм.

Коронавирусын өвчнөөр амиа алдагсдын тоо 427, нийт халдвар авагсдын тоо 20628-д хүрээд байгаа тухай тус улсын Үндэсний эрүүл мэндийн газар мэдээлсэн байна.

Өвчний голомтот бүс болох Ухань хотын хувьд Хүбэй мужийн нийслэл юм. Энэ муж нь Хятад улсдаа ган үйлдвэрлэлээр зургадугаарт жагсдаг. Тус улсын нийт ган үйлдвэрлэлийн 4%-ийг Хүбэй муж бүрдүүлдэг тухай CRU судалгааны байгууллага мэдээллээ.

Хятад шинэ төрлийн өвчний дэгдэлтийг зогсоохын тулд Шанхай болон хэд хэдэн мужид томоохон үйлдвэрүүдийг хоёрдугаар сарын 10-ныг хүртэл хаагаад байгаа юм. ING Group-ийн үзэж байгаагаар Хятадын томоохон үйлдвэрүүд сул зогсолтоос үүдсэн алдагдлыг дараа нь нөхөж ажиллаж чадахгүй бол дэлхийн худалдааны энэ оны өсөлтөд бууралт гарч болзошгүйг анхааруулсан байна.

Б.Төгс