Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Зах зээл

Зэс, газрын тосны ханш коронавируст “ниргүүлж” байна

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын Хүбэй мужийн нийслэл Ухань хотод шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчин гарсан. Уг өвчин анхандаа зөвхөн амьтнаас хүнд халдана гэгдэж байсан ч нэгдүгээр сарын 20-нд хүнээс хүнд халдварладаг болохыг Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссоос мэдэгдсэн билээ. Уг мэдээлэл цацагдаж, өвчний тархалтын хэмжээ хурдацтай нэмэгдэхийн хэрээр дэлхийн түүхий эдийн зах зээлд огцом савлагаа үүсээд байна.

Энэ үйл явцад Монголын экспортын гол түүхий эд болох зэсийн ханш хамгийн том “хохирогч” болж байна. Нэгдүгээр сарын эхний хагаст нэг тонн зэсийн үнэ 6077-6300 ам.долларын түвшинд хадгалагдаж байсан. Тэгвэл нэгдүгээр сарын 21-нээс эхлэн тасралтгүй буурах болсон юм. Тодруулбал, өчигдрийн байдлаар (2020.01.29) тонн тутамд 5700 ам.долларын шугамнаас доош орж сүүлийн дөрвөн сар орчмын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрлээ. Дэлхийн зэсийн нийт эрэлтийн 50%-ийг дангаар бүрдүүлдэг Хятад улсын хувьд аймшигт өвчин дэгдэж, тархалт хурдацтай нэмэгдэж байгаа нь зах зээлд томоохон эргэлзээ үүсгээд байна.

Хятадын Засгийн газар, өвчний тархалтыг зогсоохоор нийт 50 гаруй сая хүн амтай 18 хотод хөл хорио тогтоогоод байгаа юм. Уг үйл явц нь тус улсын үйлдвэрлэлийн эрчим, түүхий эдийн эрэлтэд нөлөөлөх айдас газар авчээ.

2002-2003 онд SARS өвчин гарах үед Хятадын эдийн засагт төдийлөн нөлөөлөөгүй учир энэ удаад ч түүхий эдийн зах зээлд томоохон савлагаа үүсэхгүй гэж зах зээлийн зарим шинжээч тайлбарлаж байна.

Гэвч газрын тосны үнэ ч уг шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчний дэгдэлтийн улмаас огцом буурч эхэллээ. Брэнт маркийн газрын тосны ханш мөн л нэгдүгээр сарын 21-нээс эхлэн тасралтгүй бууралт ажиглагдаж байна. Газрын тосны ханш сүүлийн гурван сарын хугацаан дахь хамгийн бага ханшийн түвшинд хүрч баррель нь 58 ам.доллартай тэнцлээ.

 

Хятадын хувьд Цагаан сарын баярын дараанаас буюу гуравдугаар сараас эхлэн үйлдвэрлэл нь эрчимждэг. Гэтэл энэ удаад коронавирусээс үүдэн барилгын салбар болон бусад үйлдвэрлэлийн салбарт хуваарьт ёсоор сэргэлт гарахгүй байх магадлал өндөр байна. Уг нөхцөл байдал нь гангийн эрэлтэд нөлөөлж улмаар коксжих нүүрс, төмрийн хүдрийн зах зээл бууралт тохиож болзошгүйг шинжээчид анхаарууллаа. Гэхдээ одоогийн байдлаар уг хоёр түүхий эдийн ханшид зэс, газрын тосных шиг эрчимтэй бууралт ажиглагдахгүй байна.

Хятадад шинэ төрлийн аюулт өвчин гарсан тухай мэдээлэл цацагдсанаас хойш уул уурхайн томоохон компаниудын хувьцааны үнэлгээ ч буурч эхэллээ. Тухайлбал "Рио Тинто", "BHP", "Fortescue Metals"-ын хувьцааны ханш сүүлийн өдрүүдэд мэдэгдэхүйц буурсан байна. Томоохон биржүүдийн хувьцааны гол гол индексүүд аль хэдийнэ эрчимтэй буураад буй нь коронавирусын дэгдэлт өндөр байгаатай холбоотой. Нэгдүгээр сарын 27-ны байдлаар нийт өвчлөгсдийн тоо 4500 байсан бол нэгдүгээр сарын 29-ны байдлаар уг үзүүлэлт 7711 хүрч өссөн (нас барагсдын тоо 170) нь дэгдэлт хурдацтай байгааг харуулж байна. Нас баралтын хэмжээ 2003 оны SARS өвчний тохиолдлыг бодвол хавьгүй бага боловч тархалт өндөр байгаа нь зах зээлд тоглогчдын санаа зовнилыг нэмэгдүүлсэн хэрэг.

Одоогоор уг өвчин Хятадаас гадна 16 улс оронд цөөн тоогоор бүртгэгдээд байгаа ч уг өвчний улмаас нас барагсад зөвхөн Хятадын иргэд байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага пүрэв гаригт (2020.01.30)хуралдаж онц байдал зарлах эсэхийг шийдвэрлэх ажээ. Өвчний голомтын бүс болох Ухань хотоос өөрийн орны иргэдийг шилжүүлэх ажлыг АНУ, Япон, БНСУ, Их Британи, Канад, Малайз, Филиппин болон бусад орнууд аль хэдийнэ авч хэрэгжүүлж эхлээд байна.

Б.Төгс