Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

“Степ гоулд” Хөгжлийн банкнаас 3 сая ам.доллар татна

Дорнод аймгийн Цагаан овоо сумын нутагт орших Алтан цагаан овоо алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Steppe Gold (TSE:STGO) компани “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-иас 3 сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлэхээр болсон талаараа (01.22) мэдээллээ. Тодруулбал Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК”-ийн удирдлага дор ажилладаг “Монголын үндэсний хөрөнгө оруулалтын сан ХОС ТЗК”-иас (Mongolian National Investment Fund PIF SPV) уг хөрөнгийг татан төвлөрүүлж байна. Ингэснээр тус компани нь энэхүү сангаас хөрөнгө татан төвлөрүүлсэн анхны компани болж байна.

Уг санхүүжилтийг хоёр жилийн хугацаатай жилийн 12%-ийн хүүтэй нөхцөл бүхий өрийн бичгээр бүрдүүлэх юм. Мөн зээл олгогч байгууллага хүсвэл зээлийн санхүүжилтийг хувьцаа хэлбэрээр хааж болох юм байна. Тодруулбал "Steppe Gold"-ийн энгийн хувьцааг нэг бүрийг 0.68 ам.долларын (0.9 канад доллар) үнэлгээтэйгээр авах боломжтой ажээ. Монголын үндэсний хөрөнгө оруулалтын сан нь улс орны нийгэм, эдийн засагт үр ашгаа өгөх өндөр өгөөж бүхий төслүүдэд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой юм.  Санхүүжилтийг тус компанийн төслүүдийн хайгуул болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөж байна.

Энэхүү мэдээлэл цацагдсаны дараагаар тус компанийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн бирж дээр ямар нэг хэмжээгээр өөрчлөгдөөгүй байна. Өчигдрийн байдлаар тус компанийн нэгж хувьцаа 0.83 канад доллартай тэнцэж байв. "Steppe Gold"-ийн зах зээлийн нийт үнэлгээ одоогоор 37.5 сая канад доллараар илэрхийлэгдэж байна.

Тус компанийн ТУЗ-ийн дарга Маттью Вүүдийн тайлбарлаж байгаагаар тус компанийн нийт босгосон санхүүжилтийн 70 гаруй хувийг Монголын дотоодын санхүүгийн байгууллагуудаас босгожээ. Тэрбээр “Монголын үндэсний хөрөнгө оруулалтын сан”-тай хийж буй түүхэн түншлэл нь манай компанийн хувьд бас нэгэн чухал тэмдэглэхүйц үйл явдал болж байна хэмээн онцолжээ. Талууд санхүүжилтийн гэрээг нэгдүгээр сарын 27 гэхэд эцэслэх төлөвтэй байна.

Steppe Gold энэ онд Алтан цагаан овоо уурхайгаас ойролцоогоор 60 мянган унц алт олборлохоор төлөвлөөд байгаа ажээ. Цаашид хүчин чадлаа өргөтгөж жилд 150 мянган унцид хүргэхээр зорьж байна.

Б.Төгс