Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Хурал чуулган

Уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн боллоо

Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа, эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх арга замыг тодорхойлж нэгдсэн зөвлөмж гаргах зорилготой Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн  өчигдөр “Туушин” зочид буудалд зохион байгуулагдлаа. Салбарын холбоодын төлөөллүүд оролцсон уг зөвлөгөөнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Г.Шархүү нээж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

“Өнөөдрийн зөвлөгөөнөөр анх удаа яамнаас санаачилж, төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хамтарч ажиллах, та бүгдийн мэдлэг туршлагыг хамтын ажилд оролцуулахаар сайдын шийдвэрээр зөвлөгөөнийг хийж байна. 1997 оны 1 дүгээр сарын 31-нд Монгол Улсын их хурал “Төрийн бус байгууллагын хууль”-ийг батлан гаргасан. Энэ хуулийн дагуу төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 1463 төрийн бус байгууллагууд бүртгэгдсэн байна. Үүнээс эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 31 төрийн бус байгууллага өнөөдрийн үйл ажиллагаанд оролцохоор бүртгүүлсэн байна” хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Г.Шархүү онцолсон юм. 

Төрийн бус байгууллагуудын тухай хууль батлагдан гарснаас хойш салбарын төрөл бүрийн мэргэжлийн холбоод байгуулагдах нөхцөл бүрдэн, олон жижиг холбоод бий болжээ. Улмаар төр, засгийн байгууллагуудад салбарын хөгжлийн бодлогыг боловсруулахад уул уурхайн мэргэжлийн олон инженерүүд зөвхөн өөр өөрийн мэргэжлийн амбицаар асуудалд хандах болсон нь олон талын оролцоог хангасан эмх цэгцтэй нэгдсэн санал бодлыг зангидан гаргаж тавих шаардлага үүссэнийг Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Цогбаатар мөн тодотгон хэлж байв. 

Салбарын өмнө тулгарч буй асуудлуудыг төр, засгийн төвшинд шийдвэрлэхэд хамтран ажиллаж нэгдсэн нэг бодлого чиглэлтэй болгохоор 2015 онд холбоод эвлэлдэн нэгдэж “Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл”-ийг байгуулсан байдаг. Тус холбоо нь эгнээндээ мэргэжлийн 25 холбоог нэгтгэсэн салбартаа 15-60 жил ажилласан 500 гаруй мэргэшсэн, зөвлөх инженерүүд, 120 гаруй эрдэмтэн докторуудыг нэгтгэсэн холбоо болон ажиллаж байгаа аж.Зөвлөгөөний үеэр геологийн болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоодын төлөөлөл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Ажлын албаны Ахлах зөвлөх Ц.Мөнхбаяр Мэргэжлийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар танилцууллаа. УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн бүрэн эрхийн дагуу санаачлан боловсруулсан уг хуулийн төсөлд мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар  тусгагджээ.

Мөн СЕСМИМ төслийн байгаль орчин, олборлох салбарын мэргэжилтэн Д.Өлзийбаяр  Канад улсын мэргэжлийн холбоодын туршлагаас хуваалцав. Бритиш Колумб мужийн хуулиар олгогдсон зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагад гишүүнчлэлийн бүртгэлтэй, өөрийн мэргэжлийн хүрээнд ажиллаж буй хувь хүнийг хэлнэ. Бритиш Колумбад “Мэргэжилтнүүдийг магадлан итгэмжлэх тогтолцоог (Professional Reliance model) хэрэгжүүлдэг бөгөөд хууль тогтоогчид аливаа шийдвэр гаргахда мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлт, дүн шинжилгээ, зөвлөмжид тулгуурладаг тухай Д.Өлзийбаяр мэргэжилтэн ярилаа. 

Зөвлөгөөнд оролцсон холбоодын төлөөллүүд үйл ажиллагааныхаа талаар тус бүрдээ танилцуулга хийж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцсэн юм. Монголын Геологийн Холбооны Ерөнхийлөгч Я.Бат-Ирээдүй  мэргэжлийн холбоод нэгдэж нэгдсэн зохион байгуулалтад орсноор олон чухал асуудлыг шийдвэрлэх боломжтойг онцоллоо. Тэрээр, яамны бодлогын зөвлөлд мэргэжлийн холбоодын төлөөллийг ажиллуулах, Үндэсний геологийн албыг мэргэжлийн хүнээр удирдуулах, орон нутагт геологи уул уурхайн асуудал хариуцсан нэгж, мэргэжилтэнг ажилууллах нь зүйтэй хэмээн тодотгосон. 

Монгол Улсад өнөөдөр уул уурхайн 300 гаруй зөвлөх инженер, 200 орчим мэргэшсэн инженерүүд бэлтгэгдээд байна. Тэдний ихэнхийг ШУТИС-ийн дэргэдэх төв Мэргэжлийн холбоодтой хамтран бэлтгэжээ. Гэсэн хэдий ч  бэлтгэгдсэн Зөвлөх болон Мэргэшсэн инженерүүдийг бүгдийг нь зураг төсөл боловсруулахад чадамжтай гэж үзэх учир дутагдалтай. Учир нь нарийн мэргэжлийн тухайн зураг төслийн өөрийн мэргэшлийн бүлгүүдийг боловсруулахад  оролцоог нь илүү хангаж ажиллах ёстойг Монголын Уул уурхайн зураг төсөл зохиогчдын  холбооны  Гүйцэтгэх захирал Б.Бат-Очир мэдээлэлдээ дурдлаа.  

Зөвлөгөөний төгсгөлд   Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар  Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх гээд төрийн том зорилт байдаг. Энэ хүрээнд тодорхой хэмжээндээ хамтарч гүйцэтгэх болон шилжүүлэх ажлууд хийгдээд явна. Салбараа сурталчлахын тулд төрийн бус байгууллагуудтай цаашид хамтарч ажиллана” гэдгээ илэрхийлж байв. Энэ удаагийн зөвлөгөөн нь Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жил болон Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог юм.  

  
 Г.Идэр