Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Айлчлалаар Монгол, Оросын тал 15 баримт бичиг үзэглэжээ  

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар Орос улсад арванхоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна. Айлчлалаар Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээрийн үр дүн Засгийн газар болон яамд хооронд нийт 12 баримт бичгийг үзэглэжээ. 

1.    1957 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “БНМАУ ба ЗСБНХУ хоорондох худалдааны гэрээнд нэмэлт оруулах тухай Монгол Улс, ОХУ хоорондын хэлэлцээр “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх” тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр

2.    Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр 
(Монгол Улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ОХУ-ын Эрчим хүчний  сайд А.В.Новак)

3.    Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
(Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэгийн дарга А.Б.Миллер)

4.    Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
(Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, “Роснефть” нийтийн хувьцаат нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Д.Касимиро)

5.    Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Гадаад хэргийн яам хоорондын 2020-2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө 
(Монгол Улсын гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов)

6.    Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яам, ОХУ-ын Зам тээврийн яам хоорондын хэлэлцээр
(Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ОХУ-ын Тээврийн нэгдүгээр орлогч сайд И.С.Алафинов)

7.    Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ОХУ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хоорондын санамж бичиг 
(Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар, ОХУ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд М.А.Топилин) 

8.    Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яам болон ОХУ-ын Хууль зүйн яам хооронд 2020-2021 онд хамтран ажиллах хөтөлбөр 
(Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Хууль зүйн сайд А.В.Коновалов)

9.    Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон ОХУ-ын Аж үйлдвэр худалдааны яам хоорондын санамж бичиг
(Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, ОХУ-ын Аж үйлдвэр худалдааны орлогч сайд А.Н.Морозов)

10.    Геологи геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын “Эрдэнэт үйлдвэр”, ОХУ-ын “Зарубежгеология” ХН-ийн  хоорондын гэрээ 
(Монголын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал  Х.Бадамсүрэн, “Росгеология” хувьцаат нийгэмлэгийн удирдлагын дарга, Ерөнхий захирал С.Н.Горьков)

11.    Монгол Улсын Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын шугам барих, ажил  гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай “Улаанбаатар төмөр зам” ХНН болон Оросын “РЖД Интернешнл” компани хоорондын гэрээ 
(“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, “РЖД Интернешнл” компанийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А. Столяров)

12.    Монголын "Эрдэнэс Монгол" ба Оросын “УЗТМ КАРТЭКС” компаниуд стратегийн түншлэлийн тухай санамж бичиг 
(Монголын "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, “УЗТМ КАРТЭКС” ХХК-ийн Ерөнхий захирал  Я.ВЦентер)

13.    Арьс ширний бэлтгэн нийлүүлэлт, худалдааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК болон ОХУ-ын “Русская кожа” нийгэмлэг хоорондын санамж бичиг
(Монголын “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Баатар, “Русская кожа” нийгэмлэгийн захирал А.А.Низов)

14.    Хамтын ажиллагаа хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Худалдаа Хөгжлийн банк болон ОХУ-ын Оросын экспортын төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
(Монголын Худалдаа Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ ОХУ-ын Оросын экспортын төвийн Гүйцэтгэх захирал А.А.Слепнев)

15.    Монгол Улсын “Очир гэгээн сүндэр” компани болон “Алс Дорнодын  Арктикийн хөгжлийн сан”  нийгэмлэг хоорондын харилцан ойлголцолын санамж бичиг 
(Монголын “Очир гэгээн сүндэр” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Очир, “Алс Дорнод Арктикийн хөгжлийн сан” нийгэмлэгийн захирал А.О.Чекунков)

Монгол Улсын Ерөнхий сайдын энэхүү айлчлал нь есөн жилийн дараа ОХУ-ад хийж байгаагаараа онцлог юм. 2010 онд тухайн үеийн Засгийн газрын тэргүүний албан айлчлалаар Монголын их өрийг тэглэж, “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” компаниудыг нэгтгэн IPO гаргах талаар талууд санал солилцож, УБТЗ-ын үйл ажиллагааг сайжруулахад Оросын талаас 125 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болж, Монголын ачаа Оросын төмөр замаар 25 жилийн туршид онцгой хямд тарифаар тээвэрлэх гэрээ байгуулах тухай санамж бичгийг үзэглэж, Монголын 51%, Оросын 49%-ийн эзэмшилтэй “Дорнод-Уран” хамтарсан компани байгуулж, нийт 11 баримт бичгийг үзэглэсэн байдаг

2019 оны есдүгээр сарын 3-4-нд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндтэй зочноор уригдсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин таван жилийн дараа дахин Монгол Улсад айлчилсан билээ. Энэхүү айлчлалаар Монгол, Орос улс иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан юм. Хоёр улсын хооронд яригдаж буй гол төслүүдийг танилцуулбал,

Байгалийн хий хоолой. Монгол Улсад хийсэн айлчлалын дараагаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Газпром” компанийн Гүйцэтгэх захирал Алексей Миллертэй уулзахдаа, тус компанийн төлөвлөж буй Красноярскийн хязгаар нутгаас  болон Ямалаас байгалийн хий Хятад руу нийлүүлэх “Сибирийн хүч 2” хоолойг Монголын нутгаар дайруулах боломжийг судлах санал дэвшүүлсэн. Энэ асуудлыг судлах хоёр улсын хамтарсан Ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар талууд тохиролцсон талаар есдүгээр сард Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар Оросын “Риа Новости” агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд Орос, Хятадыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах асуудлыг ОХУ дэмжиж байгаад баяртай байна" гэдгээ Москвад хийж буй айлчлалын үеэр мэдэгдсэн байна.    

Төмөр зам. Ерөнхий сайдын энэ өдрүүдэд Орос улсад хийж буй айлчлалаар, хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн хөгжил шинэчлэлийн талаар болон нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн бөгөөд зам, тээврийн салбарын хоёр баримт бичгийг байгууллаа. Оросын төмөр зам” (РЖД) компани нь Монголын төмөр замыг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх эхний ээлжинд 260 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа юм. Монголд шинээр баригдах төмөр замын төслүүдэд Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан хөрөнгө оруулахаар сонирхож байна.  

100 тэрбум рублийн зээл. Энэ жил ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалаар, Монгол Улсын хүссэн ОХУ-ын Засгийн газраас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг "Улаанбаатар төмөр зам" хамтын нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо Монголын тал илэрхийлсэн. 2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд анх Монгол Улсын Засгийн газар 50-100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл ОХУ-аас хүссэн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны XX хуралдааны протоколд тэмдэглэгдсэн байдаг. Тухайн үед зээлийн хөрөнгийн зарцуулалт тодорхойгүй шалтгаанаар Оросын тал татгалзсан тухай мэдээлэл цацагдаж байсан. Энэ тухай Монгол Улсад ОХУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов “Багагүй хугацаанд яригдаж байгаа Орос улсаас олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг Монгол улс төмөр замын дэд бүтэц, Улаанбаатар хотын ДЦС-ын шинэчлэлд зориулна гэсэн тодорхой санал тавьсан. Одоогоор хоёр улсын Сангийн яам энэ асуудлыг хамтран судалж байна” хэмээн 2018 онд MMJ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Зарубино боомт дахь нүүрсний терминал. Тавантолгойн нүүрсийг Оросын нутгаар дамжуулан гуравдагч зах зээлд хүргэх нүүрсний терминал байгуулах урьдчилсан ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Тавантолгой” болон Оросын “Феско” компаниуд хамтран боловсруулсан юм. Уг ТЭЗҮ-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчид Владивосток хотноо “Дорнын эдийн засгийн форум”-д оролцох үеэр нь “Феско” компанийн удирдлага хүлээлгэн өгсөн. “Феско” нь 2020 онд Зарубино боомтод нүүрсний терминал барих хамтарсан компанийг Монголын “Эрдэнэс Тавантолгой”-тай байгуулахаар төлөвлөж буй.

Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаанаар Монгол Улсын Цөмийн энергийн комисстой хамтран ажиллах тухай санамж бичгийг үзэгэсэн. Энэ хүрээнд Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах төслийг хэрэгжүүлэх тухай Цөмийн Энергийн Комисс болон ОХУ-ын төрийн өмчит “Росатом” корпораци хооронд санамж бичгийг 2018 оны хоёрдугаар сарын 28-нд Москва хотноо байгуулсан юм. Цөмийн шинжлэх ухаан, технологийн төвийн үндсэн суурь болох судалгааны реакторыг барих төсөл юм. Өнөөгийн байдлаар төслийг боловсруулах шатандаа явж байна. Судалгааны реакторын хүчин чадал, үзүүлэлтийг одоо хийж буй  яриа хэлэлцээрээр тогтоох аж. Энэ төслийг Монголын талаас Цөмийн Энергийн комисс, Оросын талаас “Росатом” корпораци хариуцаж байна. Цөмийн цацрагийн технологийг анагаах ухаан, аж үйлдвэр болон бусад салбарт ашиглах зорилгоор Цөмийн шинжлэх ухаан, технологийн төвийг байгуулах юм.

Чөлөөт худалдааны бүс. Монгол Улс нь Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны бүс байгуулахаар судалж байгаа юм. Энэ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москва хотноо “Евразийн эдийн засгийн комисс”-ийн дарга Тигран Саркисянтай уулзжээ. Талууд Монгол Улс ба ЕАЭХ-ийн гишүүн орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны төлөв байдлын талаар санал солилцсон байна. 2015 онд Монгол Улс, “Евразийн эдийн засгийн комисс” хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан ба энэ сарын 4-нд талууд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав. Энэхүү баримт бичиг нь техникийн, монополийн эсрэг зохицуулалт, худалдаа, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, гаалийн удирдлага зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр өргөн хүрээний асуудлыг хамарч байна. 2019 оны эхний сөн сарын байдлаар, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болоод Монгол Улсын хооронд хийсэн худалдааны хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.9% -иар өсчээ.  

Сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол, Орос улсын худалдааны эргэлт тогтвортой өсчээ. 2018 онд 1.65 тэрбум ам.долларт хүрч өмнөх оныхоо 20%-иар өссөн бол энэ оны эхний есөн сарын байдлаар 13%-ийн өсөлттэй байна.

Э.Од