Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Хууль, Төсөл

АМНАТ-ийг зохицуулсан хуулийн төслийг УИХ эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2019.11.22) хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11. 47.5.12, 47.5.13 дахь заалтууд хүчингүй болсон тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан. Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслүүдийн хэлэлцүүлгүүдийг 2019 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын даргаас уг төслүүдийг Төсвийн байнгын хороотой хамтран хэлэлцэж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах чиглэл өгсөн болохыг Б.Баттөмөр гишүүн танилцуулсан. Энэ дагуу Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хамтарсан хуралдаан хийж, хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал дамжуулан борлуулсан этгээд ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан тухай бүр татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримт үйлдэх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авсан төлбөр төлөгч нь худалдан авсан ашигт малтмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган авах бөгөөд хуулийн дагуу тайлагнаж, төсөвт төлөх” гэсэн саналуудыг нэмж тусгах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Эдгээр зохицуулалтыг төсөлд нэмж тусгаснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зарчим хангагдах бөгөөд борлуулалтын шатанд үйлдэх баримт, өмнөх шатанд ногдуулсан болон суутгуулсан төлбөрийн дүнг хасаж ногдуулах, улмаар тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авахад төлбөр төлөгч суутгах, төлөх, тайлагнах үүргийг тодорхой болгох юм байна. 

Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон 43 гишүүний 27 буюу 62.8% нь дэмжсэн. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 26 буюу 61.9% нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.