Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улсын Их Хурлын чуулганы /2019.11.21/ хуралдаанаар төв банк болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.5% нь дэмжсэнээр С.Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.

Үргэлжлүүлээд Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1%-ийн саналаар Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөллөө.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын мэдэгдсэнээр, Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал дан ганц Монгол Улс “Саарал жагсаалтад” орсонтой холбоотой бус бөгөөд арилжааны банк татан буугдсан, банк, санхүүгийн салбарт сахилга бат алдагдсан, Төв банкны үйл ажиллагааны тайлан хангалттай үнэлэгдээгүй зэрэг олон шалтгаантай гэлээ. Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлэл, саналыг ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцсэн гээд, цаашид эдийн засагт донсолгоо үүсэхээс сэргийлэхийн тулд УИХ-ын удирдлага, холбогдох байнгын хороод анхаарч ажиллах ёстой гэдгийг ч тэмдэглэлээ.

УИХ-ын 2016 оны 11 дүгээр тогтоолоор Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилсон. Н.Баяртсайхан тус албан тушаалыг хашсан гурван жил орчмын хугацаанд улсын эдийн засгийн тогтворжуулж, санхүүгийн орчныг эрүүлжүүлэх, мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах, олон улсын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргасан. Гэвч гадаад болон дотоодод итгэл хүлээлгэхүйц орчин нөхцлийг бүрдүүлээгүй, зөвлөмжийг хэрэгжүүлэн, тодорхой бодит үр дүн гаргах талаар хангалттай ажиллаж чадаагүй гэж Эдийн засгийн байнгын хороо дүгнэснийг УИХ-ын дарга онцлов.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс