Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Дубайн гэрээнд холбогдох Ерөнхий сайдын захирамжууд хууль бус болохыг тогтоов

-“Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв-

Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 27, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн “Удирдамж батлах тухай” 94, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 99, 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн “Эрх олгох тухай” 123 дугаар захирамжуудыг тус тус гаргажээ.

Уг захирамжуудыг нэхэмжлэгч “Дархан Монгол Ногоон нэгдэл” НҮТББ-аас “Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд дангаар шийдвэрлэсэн учир илт хууль бус” гэсэн үндэслэлээр маргасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн уг хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч “Дархан Монгол Ногоон нэгдэл” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, дээрх захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоосон байна.

Уг маргаан нь “Оюу толгой” болон “Дубайн гэрээ”-г илт хууль бусад тооцсон буюу гэрээтэй холбоотой маргаан биш. Харин захиргааны байгууллага буюу Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэр хуульд нийцсэн эсэхтэй холбоотой маргаан болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх онцолжээ.

Тодруулбал дээрх дөрвөн захирамжийн хоёр нь гэрээг үзэглэх, нөгөө хоёр нь гэрээтэй холбоотой ажлын хэсэг байгуулахтай холбоотой байсан юм. Шүүхийн шийдвэр нэхэмжлэгч тал болох “Дархан Монгол Ногоон нэгдэл” ТББ-ын талд гарсан ч Дубайн гэрээ цуцлагдсан гэсэн үг биш юм. 

 

Нэхэмжлэлийн шаардлагад:

-"Оюутолгой" төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж/,

-"Оюутолгой" төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж/,

-Монгол Улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюу толгой" төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрснийг /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг/ тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлээд байсан юм.