Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Уул уурхай

Монгол Улсад 15 жил хэрэгжсэн “Тогтвортой бичил уурхай” төсөл өндөрлөв 

УУХҮЯ болон Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс хамтран “Хариуцлагатай бичил уурхай” форум өнөөдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан Тогтвортой бичил уурхай төсөл (ТБУТ) хаагдаж буйтай холбоотойгоор болсон юм. 

Форумыг нээж УУХҮЯ-ны дэд сайд Д.Загджав, Монгол Улсыг хавсран суух Швейцарын Холбооны Улсын Элчин сайд Бернардино Регацциони нар үг хэллээ. УУХҮЯ-ны дэд сайд Д.Загджав “Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн хэрэгжилтийн үр дүнд, бичил уурхайн асуудлыг төр, засаг анхааралдаа авч холбогдох хууль тогтоомжид тусгасан. Тухайлбал “Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг урт, дунд хугацааны бодлогын бичиг баримтууд, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан. Тус тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайд, УУХҮ-ийн сайдын хамтарсан тушаалаар Бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг баталсан. Журмыг боловсронгуй болгоход олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулахад төслийн дэмжлэг оролцоо чухал байсан”-ыг тэмдэглэв. Швейцарын Холбооны Улсын Элчин сайд Бернардино Регацциони “Монголын бичил уурхайн салбар тогтвортой болгосноор манай төсөл ингээд дуусгавар болж байна. Цаашид Монголын Улсын Засгийн газар болон бусад хамтрагч талууд энэ салбарыг өөрсдийн холбогдох чиг үүрэгээр хамтран ажиллана гэдэгт Швейцар Улс болон Швейцарын хөгжлийн агентлаг итгэж байна. Швейцарын хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжсэн Тогтвортой бичил уурхай төсөл нь 2005-2019 оны хооронд  дөрвөн үе шаттай хэрэгжиж уул уурхайн салбарт бичил уурхайн эрх зүйн орчныг бий болгох, оролцогч талуудыг чадавхжуулах, бичил уурхайн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл, нийгмийн халамж, хамгааллыг сайжруулах, байгаль орчны хариуцлагыг нэмэгдүүлэх, борлуулалтын сүлжээг ил тод болгох, хариуцлагатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлсэн бөгөөд төсөл хэрэгжиж дууссаны дараа ч бичил уурхайн оролцогч талууд мэдлэг мэдээлэл авч, мэдээлээ хуваалцах мэдээллийн тогтолцоо бүрджээ. Тогтвортой бичил уурхай төслийн хэрэгжилтэд талархалтай хандаж ирсэн бөгөөд энэхүү төсөл нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн түүхэнд ач холбогдолоо үлдээсэн гэж үзэж болно. ТБУТ нь зөвхөн Монголд төдийгүй олон улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгаа төслүүдийн нэг болсон байна. Үүний нэг тод жишээ бол, мөнгөн ус ашиглахгүйгээр алт олборлох технологийг Монгол Улсад нэвтрүүлсэн юм. Мөнгөн усны хэрэглээг бууруулах талаарх олон улсын конвенцийн 7 дугаар зүйл Монголд хэрэгжиж чадсан” гэдгийн онцолсон. 

Монгол Улсад 15 жил хэрэгжсэн ТБУТ-ийн хүрээнд, “Бичил уурхайн Мэдлэгийн төв”-ийн цахим платформыг бий болгож 2018 онд нээсэн юм. Бичил уурхайн Мэдлэгийн төв нь цахим платформ дээр суурилсан мэдээллийн суурь бааз бөгөөд бичил уурхайтай холбоотой мэдээ, мэдээллийг олж авах, суралцах, харилцан солилцохоос гадна олон улсын бичил уурхайн мэдлэг, мэдээлэлтэй танилцах, холбох гүүр хэмээн холбогдох талууд үзэж буй.

“Хариуцлагатай бичил уурхай” форумаар ТБУТ-ийн үр дүнг танилцуулан бичил уурхайн талаар баримталж буй бодлого, түүний үр нөлөөний талаар хэлэлцүүлэг өрнүүлэн шийдвэрлэх асуудлын талаар хэлэлцсэн юм. Форумд УУХҮЯ, БОАЖЯ, ХНХЯ, ХЭҮК, Монголбанк, АМГТГ, ҮСХ зэрэг төрийн байгууллага, бичил уурхай бүхий аймаг, сумдын удирдлага, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, сургалтын байгууллага, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, орон нутгийн бичил уурхайчдын төлөөлөл болон Монгол Улсад суугаа дипломат албаны байгууллагууд, Элчид сайдууд зэрэг нийт 250 гаруй хүн оролцов.

Э.Од
 

Comment (1)

  • Түмээ (66.181.161.19)
    Олон улсын төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлсэн ажлын үр дүнг эрх бүхий хүмүүс үнэгүйдүүлж, шууд цаашаа харсан даа
    2022 оны 04 сарын 13 | Reply