Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ-2019” нэгдсэн сургалт эхэллээ

The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас  хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ 2019" төслийн нэгдсэн сургалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Хагас өдөр үргэлжлэх энэ удаагийн сургалтын эхний илтгэл “Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага” сэдэвт сонсголыг “Эрдэнэс Монгол” компанийн Дотоод хяналт, мониторингийн албаны дарга Б.Мэндбаяр хийсэн юм. Тэрбээр Хариуцлагатай уул уурхай нь олон хүчин зүйлийг хамаарах ч, юун түрүүн байгаль орчны хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, компанийн засаглалаар илэрхийлэгддэг байна. Хамгийн сүүлд Монголын уул уурхайн төр болон хувийн хэвшлийн компаниуд “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдсэн юм. Тэдгээр компанийн хувьд баримт бичигт зүгээр нэг гарын үсэг зураад өнгөрөхгүй, дор бүрнээ кодексийн хүрээнд тавигдах амлалтуудын биелэлтээр жил бүр үйл ажиллагаагаа тайлагнахаар болоод байгааг тэрбээр тэмдэглэлээ. Мөн хариуцлагатай уул уурхай гэх ойлголт нь дотроо эрсдлийн менежментийг багтаадаг бөгөөд энэ төрлийн менежментийг нэвтрүүлэх нь хэд хэдэн ач холбогдолтойг тэрбээр тайлбарлалаа.

Дараагийн илтгэлийг “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг “Уул уурхайн хариуцлага ба орон нутаг” сэдвээр танилцуулж байна. Илтгэлдээ тэрбээр Монгол орны нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн эвдэгдсэн болон нөхөн сэргээгдэлгүй орхигдсон талбайн мэдээллийг хуваалцлаа. Үүний зэрэгцээ нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанаас аль ч компани зайлсхийх ёсгүй ч энэ тал дээр хүлээлгэх хариуцлага, хяналт сул байдгийг онцоллоо. Тодруулбал нөхөн сэргээлтээ хийгээгүйн улмаас тусгай зөвшөөрлөө цуцлуулсан компаниуд бараг байхгүй байгаа ажээ. Иймд төр хяналтаа сайжруулах, үүний зэрэгцээ төрөөс нэхэх шаардлагын тухай ч яригдах ёстойг тэрбээр онцоллоо.

Сургалтын төгсгөлд “Уул уурхайн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт төслийн сургалт болон “Хөгжлийн төлөө сэтгүүл зүйн“ ТББ-ын бие даан хэрэгжүүлж буй “Орон нутаг ба уул уурхай” төслийн хэрэгжилт, үр дүн, онцлох ялгааг хэлэлцлээ.

Энэ жилийн сургалт “Уул уурхайн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдвийн хүрээнд өнгөрсөн долдугаар сарын 2-3-нд эхэлсэн юм.

“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас "Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ" төслийн 2019 оны сургалтыг “Оюутолгой” ХХК-тай хамтран, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн дэмжлэгтэй  зохион байгуулж байна. Сургалтын арга хэмжээнд 21 аймгийн 35 сэтгүүлч хамрагдаж буй.  

“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл тав дахь жилдээ хэрэгжиж байгааг тохиолдуулан орон нутгийн шилдэг сэтгүүлчдийг шалгаруулах ёслол буюу “Local Mining Journalists Awards-2019” арга хэмжээг анх удаа “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээгээр “Оюутолгой” компани, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн энэ жилийн “Уул уурхайн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт сургалтад хамрагдсан сэтгүүлчдийн бүтээлийн уралдааны шилдгүүдийг шалгаруулах юм. Мөн “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас бие даан хэрэгжүүлж буй “Орон нутаг ба уул уурхай” мэдээлийн сүлжээ төслийн 2019 оны шилдэг бүтээлийн эзэд тодорно.

Сэтгүүлчдийг эдийн засаг, уул уурхайн сэдэвт чадавхижуулах зорилготой “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш арван жилийн хугацаанд төвийн болон 21 аймгийн нийт 100 гаруй сэтгүүлчдийг хамруулсан эдийн засаг, уул уурхайн чиглэлээр сэтгүүл зүйн ур чадварыг нэмэгдүүлэх хосолмол сургалтуудыг цувралаар зохион байгуулахдаа хариуцлагатай уурхайн үйл ажиллагаатай бодитоор танилцах аяллыг дотоодод төдийгүй өндөр хөгжилтэй Австрали, Германы уурхайнуудад хийсэн юм.