Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ярилцлага

П.Ганхүү:  Эрдэс баялагтаа  суурилсан томоохон группийн  хэлбэрээр төрөлжинө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн  Гүйцэтгэх захирал П.Ганхүүтэй The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа. 

“Эрдэнэс Монгол” ХХК 2018 онд таван жилийн стратегиа шинэчлэн баталсан. Ойрын таван жилд хэрэгжүүлэх ажлын  талаар танилцуулна уу? Уул уурхайн менежментээр бүс нутагтаа өрсөлдөхөд хамгийн түрүүнд хийгдэх ямар ажлууд байна вэ?  
“Эрдэнэс Монгол”  2019-2023 оны стратегийг уул уурхайн салбарт төрөөс баримталж буй хөгжлийн зорилт, бодлого хөтөлбөртэй уялдуулж баталсан. Ерөнхий агуулгаараа бол уул уурхайн салбарт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болсноор эдийн засгийн өсөлт бодитой нэмэгдэх хандлагатай учраас ашигт малтмалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байх нь компанийн тэргүүн зорилго болоод байна. Энэ бүхнийг хөрсөн дээр буулгахын тулд хууль эрх зүй, санхүү эдийн засгийн тооцоолол зэргийг цогцоор нь авч үзэж, шат дараатай арга хэмжээ авах шаардлагатай учраас компанийн таван жилийн стратегийг боловсруулан хэрэгжилтэд бодлогоо чиглүүлж байгаа. 

Стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоож, ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал компанийн стратегид тусгагдсан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 1993 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолд өөрчлөлт оруулан “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүллээ. Энэ дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас Асгатын мөнгөний ордын ашиглалтын 4 тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлсэн. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол”-ын төлөөлөл АМГТГ болон Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчидтай хамтран Асгатын мөнгөний ордоос технологийн дээж авах, замын нөхцөл байдал, уурхайн хэвтээ амуудад нэвтрэх боломжийг судлаад байна.

Мөн 13 жилийн турш шүүхийн шатанд маргаантай байсан “Алтайн Гянт” ХХК-тай холбогдох Багануурын ордын тусгай зөвшөөрлийг төр эргүүлэн авах шийдвэр гарч, “Эрдэнэс Монгол” компанид шилжүүллээ. Үүнээс гадна Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлэх шийдвэрийг ч Засгийн газар гаргалаа. Тус ордын хувьд, уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлж, хүдэр олборлон түүхийгээр борлуулж байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Тиймээс манай компани Салхитын мөнгө, алтны хүдрийг баяжуулах, боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахад түлхүү анхаарал хандуулан ажиллана. 

Он гарснаас хойш бид метан хийн хайгуулд ихээхэн хүч тавин ажиллаж байна. Энэ бол шинэ бизнес. Метан нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, хотын нийтийн тээврийн үйлчилгээ зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэр болох нийгмийн ач холбогдолтой төсөл болно гэдэгт итгэдэг. “Эрдэнэс Монгол”-ын охин компани “Эрдэнэс Метан” ХХК Австралийн “Jade Methane” компанитай  “Метан хийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулан ажиллаж байна. Улсын төсвийн мөнгийг метан  хийн хайгуулын үйл ажиллагаанд зарцуулах эрсдэлтэй. Тэр утгаараа Тавантолгойн бүлэг ордын  метан хийн таамаг нөөцийг бодитойгоор тогтооход хөрөнгө оруулагчид чухал үүрэгтэй.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд явагдаж байгаа, нэмүү өртгийг бодитой  бий болгох төслүүд мөн хэрэгжиж байгаа. Эдгээр төслийн ирээдүйг Та хэрхэн харж байна вэ?
Олон төсөл бий. Тухайлбал “Эрдэнэс Шивээ Энержи” компани том чадлын цахилгаан станцыг Шивээ-Овоогийн уурхай дээр  байгуулж Хятадын зүүн бүс нутаг руу нэмүү өртөг шингэсэн эрчим хүч экспортлохоор төлөвлөж байна. Мөн 50:50%-ийн эзэмшил бүхий “Бэрэн” ХХК, “Эрдэнэс Стийл” компанийг байгуулан ажиллаж байна. Дорноговь аймагт жилд 300 мянган тонн ширэм үйлдвэрлэх төлөвлөгөөтэй энэ үйлдвэрийн төсөлд Хөгжлийн банкнаас санхүүжилтийн баталгаа гаргасан. Стратегийн ордуудын хувьд доод тал нь 300-400 сая ам.долларын хөрөнгө шаардагдах мега төслүүд хэрэгжинэ. Эрчим хүчний төслүүд гэхэд арав гаруй жил яригдаж байгаа, ТЭЗҮ нь бэлэн болсон байх жишээтэй. 2021 оноос “Эрдэнэс Монгол” компани өргөжиж, цаашдаа төрөлжилтийн үе шат руугаа орох ёстой гэж бид үзэж байгаа. Эрдэс баялагтаа  суурилсан гадны томоохон группийн  хэлбэрээр  цаашид ажиллах шаардлага бий. “Рио Тинто” групп гэхэд алт,  төмрийн хүдэр, эрчим хүч зэргээр үйл ажиллагаа нь салбарладаг. “Эрдэнэс Монгол” группийн бүтэц ирээдүйд ийм байдлаар  төрөлжинө.   

Стратегийн ач холбогдол бүхий алт, мөнгөний ордуудын тусгай зөвшөөрлийг эзэмших “Эрдэнэс Алт Ресурс” ХХК, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК компаниуд байгуулагдаад төдийлөн удаагүй байна. Энэ талаар тодорхой мэдээлэл бий юу?
Монгол Улс жилдээ 24 тонн алт олборлодог. Алтаа дотооддоо цэвэршүүлээд, дагалдах эрдсийг ялгаж авдаг  Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах Засгийн газрын бодлого, чиглэл бий. Энэ ажлыг “Эрдэнэс Алт Ресурс” компани хариуцаж байна. “Эрдэнэс Силвер Ресурс”  компанийн хувьд Асгат, Салхит зэрэг мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг мөн эзэмшиж, олборлолт борлуулалттай холбоотой үйл ажиллагааг удирдана. Газрын ховор элементийг хариуцах нэгжийг “Эрдэнэс Монгол”   дэргэдээ мөн байгуулсан. 

“Эрдэнэс Монгол” компани  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шууд удирдлага дор байх нь хэр зөв бэ?
Уул уурхайн төслүүд бол зөвхөн “Эрдэнэс Монгол” компанийнх биш, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам гээд бүх яамдын асуудал. Тийм учраас Ерөнхий сайдын шууд удирдлага дор байх нь зөв гэж бид хардаг. Хэрэгжүүлж байгаа төсөл болгон дээрээ эдгээр холбогдох яамдтайгаа хамтарч ажиллаж байж л үр дүнд хүрнэ.    
 
Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт ойрын хугацаанд танил­цуулахаар болжээ. Баялгийн сангийн менежментийг “Эрдэнэс Монгол” компани хэрэгжүүлэхээр төсөлд тусгаад байгаа. Одоогоор энэ чиглэлээр хийгдэж байгаа гол ажил юу вэ?

Байгалийн баялгийн өгөөжийг өрх бүхэнд хүртээхийн тулд урт хугацааны оновчтой хөрөнгө оруулалт татаж, хууль эрх зүйн орчноо сайжруулан, сайн засаглалаар дэмжих нь хамгийн чухал юм. Үүний тулд Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг Баялгийн сан болон Корпорацийн тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөлд томоохон орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулснаар орж ирэх орлогыг хэрхэн зарцуулах асуудлыг тусгасан. Мөн тодорхой хэсгийг томоохон бүтээн байгуулалтад зарцуулж, зарим хэсгийг ард иргэдэд тэгш хүртээмжтэй эзэмшүүлэхээр төлөвлөсөн. Одоогоор бид Норвеги    шиг хуримтлалын санг иж бүрнээр нь байгуулах эдийн засгийн боломж тааруу байгаа учраас зарим хэсгийг нь бүтээн байгуулалтад зарцуулах шаардлагатай. Мөн хуримтлал үүсгэн ирээдүй хойчдоо ч үлдээх зорилготой.  

Баялгийн  сантай холбоотой судалгаа хоёр гурван жилийн өмнөөс “Эрдэнэс Монгол” компани дээр нэлээд олон түвшинд хийгдэж ирсэн. Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу уул уурхайн орлогыг  ард иргэд  тэгш хүртэж, айл өрх болгоны хаалгаар орж чадав уу гэвэл бодит байдал дээр тийм биш харагддаг?
Баялгийн сангийн тухай “Эрдэнэс Монгол” компани 5 жилийн өмнөөс судалсан байдаг. Харин өнөөдөр Монголын хөрсөнд буух хэмжээнд хуулийн төслийг боловсруулан бэлэн болгоод байна. Баялгийн санг байгуулах нийгмийн хүлээлт ч бий.  Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, орлогоо сайжруулж, дэд бүтэц  хөгжүүлэхэд ийм механизм  зайлшгүй хэрэгтэй. Мэдээж, гадны орнуудад хэрэгжсэн Баялгийн сангийн туршлагыг өөрсдийн хөрсөн дээр сайн буулгаад, өөрийн онцлогоо тусгаад байгуулж болно гэж бид хардаг. Стратегийн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, орлогоо  тэгш хуваарилахад бие даасан хуулийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. “Эрдэнэс Монгол”  компани  80 гаруй ажилтантай. Үүнээс 10 гаруй жил тогтвортой ажилласан 20 гаруй мэргэжилтэн бий. Компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр мэргэшсэн хүмүүс ч олон. “Эрдэнэс Монгол”-ын өмнөх захирлууд боловсон хүчнээ сайн бүрдүүлжээ гэж би хувьдаа ойлгодог шүү.

Баялгийн сангийн зарцуулалтыг хуульд тодорхой тусгана гэсэн. Энэ талаар тодруулна уу?
Хуулийн төсөлд тусгаснаар Баялгийн сангийн төвлөрсөн орлогыг гурван чиглэлээр зарцуулахаар төлөвлөсөн. Нэгд, Баялгийн сангийн орлогын 10 гаруй хувийг гадагшаа тогтмол орлоготой, тодорхой шаардлага хангасан үнэт цаасанд хөрөнгө оруулахаар тусгасан. Мөн орлогын тодорхой хувийг хоёр замаар дотооддоо зарцуулна гэж тооцож байна. Тодруулбал, мега төслүүд буюу улсын ДНБ-ий 10%, түүнээс дээш хувийн хөрөнгө оруулалт шаарддаг том төслүүдэд Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжилт хийнэ. Мөн Оюутолгой, Тавантолгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахад зарцуулах зэрэг хувилбараар Баялгийн сангийн орлогыг зарцуулна. Ингэхдээ зарцуулалт бүрт тодорхой шалгуур тавьж байна. Тиймээс улс төр, төрийн оролцоо хумигдах юм. 
2008 онд ОУВС Баялгийн сангийн анхны эрх зүйн баримт бичгийг баталсан байдаг. Манай улс энэ конвенцид нэгдэж чадвал Баялгийн сангийн орлого, зарлага нь тус конвенцийн дагуу зарцуулагдаж, улс төрийн нөлөөнөөс ангид байх боломж бүрдэнэ.  

Баялгийн сангийн орлогыг стратегийн болон стратегийн бус  ордуудаас төвлөрүүлнэ гэлээ. Татвараас уу, АМНАТ-аас уу?
Орлогыг хоёр төрлөөр төвлөрүүлнэ. Орлогоо бий болгохын тулд ордуудаа эргэлтэд оруулах ёстой. Стратегийн ордуудын үр ашгийг сайжруулах шаардлагатай. Ордуудын ногдол ашгаас сандаа төвлөрүүлнэ. Нөгөөтэйгүүр, нөөц ашигласны төлбөрийг баялгийн санд төвлөрүүлнэ. 

Ирээдүйн өв сангийн тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжээд явна биз дээ?
Баялгийн сангийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль хамт хэрэгжээд явна. Ирээдүйн өв сангийн тухай хууль бол орлогын хадгаламжийг бий болгоход чиглэдэг. Орлогоо гадны эх үүсвэрүүдэд байршуулаад өсгөж үржүүлэхэд чиглэсэн гэсэн үг. Харин Баялгийн сан бол Хөгжлийн сан юм. Бидний байгуулах гээд байгаа Баялгийн сан нь  Норвегийн баялгийн сан шиг гадаадад мөнгөө байршуулан хадгалж байдаг биш,  аль болох дотоодын дэд бүтцүүдээ, бусад томоохон  төслүүдээ  хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр нь байх юм. Улс төрийн дээд түвшиндээ  стратегийн ордуудыг  “Эрдэнэс Монгол” ХХК-д  нэгтгэж эзэмшүүлэх байр суурь нэг байна гэж бид харж байгаа.   

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Та бүхэн саналаа оновчтой, тодорхой  тусгаж чадсан гэж үзэж байгаа юу?
Үндсэн хуулийн төсөлд “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэсэн заалтыг  тусгаад байгаа. Анхны Үндсэн хуульд тусгасанчлан байгалийн  баялаг иргэн бүрт тэгш, шударга  хүртээмжтэй байх суурь зарчимд тулгуурласан нэмэлт өөрчлөлт орно. 

“Эрдэнэс Монгол” компани  5 сая ширхэг хүртэлх давуу эрхийн хувьцааг гаргаж, иргэдэд эзэмшүүлэх бэлтгэлийг хангаж байна. Хувьцааг ямар арга хэлбэрээр, хэдийнээс  олгох гэж байна вэ?
Монгол Улсын 3 сая иргэнд “Эрдэнэс Монгол” компанийн 1 ширхэг давуу эрхийн хувьцааг эзэмшүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Харин 2030 онд Монгол Улсын хүн амын тоо 5 саяд хүрнэ гэж тооцож үзээд  5 сая ширхэг хүртэлх давуу эрхийн хувьцааг гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь борлуулдаггүй, өвлүүлдэггүй, шилжүүлдэггүй хувьцаа байх юм. 

Өнгөрсөн зургаадугаар сард Засгийн газрын тогтоолоор Багануурын уурхай, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх шийдвэр гарсан. Энэ яг ямар учиртай шийдвэр вэ?
“Эрдэнэс Монгол” компани Багануурын уурхайн 75%-ийг эзэмшдэг. Багануурын уурхай нийт 800 орчим сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд үүн дээр 400 сая орчим тонны нөөц бүхий тусгай зөвшөөрөл нэмэгдэж байна. “Шивээ Овоо”, “Багануур”-ын уурхайн санхүүгийн олон жилийн хүндрэл нь техникийн хоцрогдлыг бий болгосон. Тэгэхээр уурхайн тусгай зөвшөөрлийг толгой компанид шилжүүлснээр үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэх ач холбогдолтой. 

Нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглох Засгийн газрын шийдвэр хэрэгжээд эхэлсэн. Энэ нь  “Шивээ Овоо”, “Багануур” компанийн санхүүд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үү?
Багануурын уурхай жилд 700 орчим мянган тонн нүүрсийг нийслэлийн иргэдийн ахуйн хэрэгцээнд зарж борлуулдаг. Гэхдээ Засгийн газрын зүгээс гаргасан агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой шийдвэр бол зөвхөн ахуйн хэрэглэгчдэд чиглэсэн нүүрс нийлүүлэлт хязгаарлагдаж буй хэрэг. Хоёр уурхайн санхүүгийн асуудал хүндэрч байгаа учраас бид жил бүр тодорхой  шийдвэр гаргаж ирсэн. Өнгөрсөн жил гэхэд 20 гаруй тэрбум төгрөгийн богино хугацаатай зээлийн асуудлыг “Эрдэнэс Монгол”  компани шийдвэрлэсэн. u

Асгатын мөнгөний орд болон ашиглалтын тусгай зөвшөөрлөө цуцлуулсан Салхитын мөнгөний орд “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд очоод удаагүй байна. Асгатын мөнгөний орд бол стратегийн 15 ордын нэг. Харин Салхитын мөнгөний орд нь стратегийн орд байтугай уг жагсаалтад оруулахаар судалж байгаа 39 орд дотор ч байхгүй. Тэгэхээр стратегийн ангилалд ороогүй ордууд ч цаашид “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд очиж болзошгүй гэсэн мессэж эндээс харагдаж байгаа. Энэ тал дээр ямар хариулт өгөх вэ?
Салхитын мөнгөний орд нь стратегийн ач холбогдол бүхий 15 орд болон уг жагсаалтад оруулахаар судалж байгаа 39 ордын аль алинд нь байхгүй. Гэхдээ төр засгийн зүгээс энэ ордод ажиллах чиг үүрэг өгсөн учраас бидний хувьд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. 

“Эрдэнэт үйлдвэр”-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдэлд шилжүүлэх Засгийн газрын 100 дугаар тогтоол гарсан ч энэ тогтоол хэрэгжээгүй. Харин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжүүлсэн байдаг. Өнөөдөр энэ үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Цаашид “Эрдэнэс Монгол” компани төрийн эзэмшлийн хувь хэмжээг нь эзэмших шаардлагатай юу?
2013 онд Засгийн газрын 100 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр”, “Багануур”, ”Шивээ Овоо” компанийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн байдаг. Энэ хүрээндээ “Багануур”-ын 75%, “Шивээ-Овоо”-гийн 90% нь “Эрдэнэс Монгол”-д шилжиж ирсэн. Гэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлэх 100 дугаар тогтоол цуцлагдсан. Цаашид энэ талаар төр, засгийн зүгээс тодорхой арга хэмжээг авах биз ээ. 

“Эрдэнэс Тавантолгой” компани “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд байсан ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тусгай зөвшөөрлийг нь шилжүүлсэн. Салбарын сайд Д.Сумъяабазар тус компанийн IPO-ийг олон улсын хөрөнгийн  биржэд гаргасны дараа тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлнэ гэж мэдэгдсэн. IPO гарахгүй бол тусгай зөвшөөрөл нь УУХҮЯ-ны мэдэлд хэвээр үлдэх нь гэж ойлгогдож байна л даа?
IPO гаргахтай холбогдуулаад “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн төлөөллийг хэрэгжүүлэх эрхийг  УУХҮЯ-нд 70%, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 30%-ийг хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Өөрөөр хэлбэл, IPO гаргах үндсэн шаардлагад нийцүүлэхийн тулд бусад өртэй компаниудтай нэг бүтцэд байж болохгүй гэж үзээд ийм шийдвэр гаргасан гэж хэлж болно. 

“Эрдэнэс-Тавантолгой” компани IPO гаргахтай холбоотойгоор зүүн Цанхийн 30 хувийг нээлттэй арилжина гэж хэлсэн. Яагаад зүүн Цанхийг онцолж, 30 хувийг нь зах зээлд гаргахаар болсон бэ? 
IPO гаргах Ажлын хэсгийнхэн “Эрдэнэс-Тавантолгой”-д төвлөрч байгаа. Энэ хүрээнд яригдаж буй хувилбар л даа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд ХБНГУ-д ажиллах  үеэрээ уул уурхайн томоохон төслүүдийг тус улстай хамтран хэрэгжүүлэх талаар ярилцсан. Онцлох ямар төсөл байна вэ?
Газрын ховор элементийн чиглэлээр Монгол, Германы эрдэс баялгийн салбарт хамтарч ажиллах гэрээг ХБНГУ-ын канцлер Ангела Меркель 2011 онд Монгол Улсад айлчлахдаа зурсан байдаг. Гэхдээ энэ чиглэлд өнөөдрийг хүртэл дорвитой ажил хийгдээгүй. Өөрөөр хэлбэл, газрын ховор элементийн тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг нь хувийн компаниуд эзэмшдэг. Манай улсад Мушгиа худаг, Лугийн гол, Халзан бүргэдэй, Хотгорын орд гэсэн дөрвөн том орд бий. Харин хувийн хэвшлүүдийн зүгээс ч олборлолт хийхээр гадаад дотоодгүй нэлээд хөөцөлдсөн юм билээ. Газрын ховор элементийг олборлоход маш их зардал шаарддаг. Их талбайгаас бага олдоцтой.  

АНУ-ын хувьд газрын ховор элемент байхгүйдээ ухаагүй юм биш, их зардалтай учраас олборлоогүй. Харин одоо “Худалдааны дайн”-аас улбаалаад газрын ховор элементийн   хаасан ордуудаа нээж байгаа. Японы хувьд Хятадтай арлын маргаан үүссэн учраас далайгаас олборлочихож байна.  Ер нь газрын ховор элементийг хаана ч байхгүй хосгүй эрдэнэ гэж бодох хэрэггүй. Гэхдээ бид үүнийг хөгжүүлэх ёстой.  Германы зүгээс манай улстай газрын ховор элементийн хайгуул, олборлолтын чиглэлээр хамтарч ажиллах сонирхлоо дахин илэрхийлсэн. 

Ирээдүйд групп болон өргөжих “Эрдэнэс Монгол” компани  хүний нөөцөөр хэр хангагдсан бэ?

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа 35 сая ам.долларын төслийн хөрөнгийг одоогоор бид зарцуулаагүй байна. Бэлтгэл ажлаа хангаж явсаар энэ жилээс хүний нөөцийн чадавхиа тодорхой хэмжээгээр сайжруулах ажилдаа орсон. Гол нь  компанийн уул уурхайн нөөцийн төлөвлөлтийн программууд болон  зөвлөх үйлчилгээг авахад энэ төсөл чухал үүрэгтэй. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг сайжруулах тал дээр зөвлөгөө авахад  Азийн хөгжлийн банкны төслийн багахан хувийг ашиглаж байна. Цаашид хүний нөөцөө сайжруулах бусад чадавхиа сайжруулахын тулд  төлөвлөгөө гаргаад  ажиллана. 

Засаглалын тухайд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани байхын тулд бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж хэвшүүлэх нь зөв. Нөгөө талаас компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд боловсон хүчин маш чухал. Монгол Улсыг мэдлэгтэй, мэргэшсэн, чадварлаг боловсон хүчин  хөгжүүлж, авч явна гэж би үздэг. Энэ үүднээс олон улсын стандартуудыг нэгдлийн хэмжээнд нэвтрүүлэн багаар ажиллаж байна. 

“Эрдэнэс Монгол” компани хэр хэмжээний  хөрөнгөтэй вэ?
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланг “Эрнэст Янг” компани хийсэн. Энэ жилийн тухайд мөн гадаадын дөрвөн том компани сонгогдоод хийнэ. Бидний тооцож байгаагаар манай компани 4,4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Мэдээж үүний дийлэнх хэсэг нь манай компани дээр эзэмшилтэй “Эрдэнэс Тавантолгой” компани бөгөөд 65,5%-ийг эзэлж байна. 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд бүтээн байгуулалт, зам засвар арчлалтын ажлууд явагдаж байна. Саяхан ЗГХЭГ-ын дарга, холбогдох салбарын сайд нар очиж ажиллалаа.  Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлүүд хэрхэн хэрэгжиж байна вэ? 
Тийм ээ, нүүрс тээвэр, бүтээн байгуулалт гээд эдийн засаг, хөрөнгийг тэргүүнд тавихаас илүүтэй жолооч, зорчигчдын ая тухыг бүрдүүлэх ажлуудыг орхигдуулахгүй байхад анхаарч байна. Гашуунсухайт авто зам дээр өнөөдөр 13 мянга гаруй тээвэр эрхлэгч үйл ажиллагаагаа явуулж байгаа бол Цагаан хадны суурьшлын бүсэд 8 мянга орчим хүн ажиллаж, амьдарч байна. Нүүрсний тээвэрлэлтийн онцлогоос хамааран тухайн бүс нутаг зам дагуу тоосжилт ихтэй, ажлын байрны нөхцөл хүнд байдаг учраас Гашуунсухайтын оршин суугч, жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоо үйлчилгээнд хамруулах нь чухал юм. Энэ хүрээнд 2018 оны 12 дугаар сард Эрүүл мэндийн яам, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн төвтэй хамтран эрүүл мэндийн үзлэг оношилгоо зохион байгуулж ажилласан. Үзлэгт нийт 2200 орчим хүн хамруулж, үр дүнд нь ажлын байрны нөхцлийн үнэлгээ хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна. Ирэх 10 дугаар сард ЭМЯ-тай хамтран дахин үзлэг, шинжилгээг хийхээр төлөвлөлөө. Мөн нүүрсний экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам засварыг энэ онд эрчимжүүлж, одоогоор 45 км замыг асфальтаар хучаад байна. Мөн тус чиглэл дагуу жолооч нарын тав тухтай байдлыг бүрдүүлэх үүднээс амралтын цогцолбор, түр зогсоол, замын ус зайлуулах хоолойн ажлуудыг хийж дууслаа. 

Comment (1)

  • Намаар дамжсан бүтээмж муу дарга (202.9.41.24)
    Бөөн том амбиц, эго, гараас нь гарах ажил маш бага, томоохон төрийн өмчит компаниуд дамжсан хэлбэрийг сайн бүрдүүлсэн хөгжлийн тушаа болдог олон даргын нийтлэг жишээ нөхөр билээ. Уул нь толгой муугүй залуу гэж сонссон ч хийсэн юмыг нь ер харахгүй л байгаа.
    2023 оны 07 сарын 31 | Reply