Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ярилцлага

Ж. Золжаргал:  Эхлээд хил гаалийн асуудлаа шийдэн төмөр замаа барих хэрэгтэй

The Mongolian Mining Journal /008.2019/

Нүүрсний салбар улсын экспортын орлого бүрдүүлэлтээр тэргүүлэх болсон, цаашид энэ эрчээ хадгалах боломж бүрэн бий гэдэгт Нүүрс Ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал итгэлтэй байна. Гэхдээ энэ бүхэн нь Хятадын зах зээлийн эрэлт, түүнд өрсөлдөх Монголын нүүрсний салбарын үйл ажиллагаанаас хамаарах билээ. Ингээд MMJ нүүрсний салбарын нөхцөл байдал, цаашдын ирээдүй, бодлого төлөвлөлт, тус холбооны төлөвлөж буй ажлуудын талаар Монгол Нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа. 

 

Нүүрсний салбарын экспортын нөхцөл байдал ямархуу байна вэ? 
Энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспорт жингээр авч үзвэл 1.5%-иар бага гарсан. Өнгөрсөн оны хагас жилийн байдлаар 19 сая тонн нүүрс гаргаж байсан бол энэ оны хагас жилийн байдлаар 18.6 сая тонн нүүрс гаргасан байна. Гэхдээ жилийн эцэст 42 сая тоннд хүрнэ гэсэн зорилт тавьсан нь өмнөх оны амжилтаас хамаагүй өндөр дүн байдаг. Хамгийн сүүлийн буюу долдугаар сард нүүрсний экспорт төдийлөн сайн байсангүй. Хятадын гаалийн бүрдүүлэлтийн удаашрал, техникийн асуудалтай холбоотой байсан гэж хэлж болно. Өмнө нь Гашуунсухайтын боомтоор өдөрт 1500 машин хилээр нэвтэрч байсан бол тухайн сард ердөө 500 машин хилээр нэвтрэх өдөр ч байсан. Нүүрсний экспортыг дотор нь задалж авч үзвэл боомтуудын нөхцөл байдал, компаниудын худалдааны байдал харилцан адилгүй байна. Баруун талын боомтоор гарч буй Хөшөөтийн нүүрсний уурхайн экспорт сайн байна. 
Тавантолгойд үйл ажиллагаа явуулж буй компаниудын экспорт ч тэр харьцангуй сайн. Харин Шивээхүрэнгийн боомтоор экспортолдог компаниудын байдал тааруу байна. Үүнд хавар тээврийн хэрэгслийн C зөвшөөрөл олгохоор Зам  тээврийн хөгжлийн  яамнаас шийдвэр гаргасан нь нөлөөлсөн. Уг шийдвэр нь Гашуунсухайт боомт дээр үүсээд байсан урт дарааллыг бууруулах гэсэн оролдлого. Гэвч энэ шийдвэр орон даяар хэрэгжсэнээр өнгөрсөн хавар Шивээхүрэнгийн боомт тээврээ хийж чадалгүй хүлээгдэх нөхцөл байдал үүссэн. Одоо харин компаниуд үүнийгээ нөхөх гээд үзэж байх шиг байна. 

Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ харьцангуй өндөр байна. Цаашид ханш аль чиглэлд хөдлөх бол?
Үнэ ханшийн тухайд урт хугацаанд тогтвортой байна гэсэн мэдээлэл хараахан сонсогдохгүй байна. Он дуустал коксжих нүүрсний үнэ харьцангуй тогтвортой гэх хандлага шинжээчдийн дунд давамгайлж байна. Ирэх оны хоёрдугаар хагасаас эхлэн коксжих нүүрсний үнэ 30%-иар унана гэсэн таамаглалыг Сингапурын Platts-ынхан дэвшүүлсэн байсан. Коксжих нүүрсний үнэ буурах уу өсөх үү гэдэг нь Хятадын эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамаарна. Тус улсын эдийн засаг өндөр байвал бүтээн байгуулалт явагдаж, кокс, гангийн хэрэглээ өндөр байх болно. 

Мөн АНУ-Хятадын худалдааны дайны асуудал хэр гүнзгийрэхээс энэ бүхэн хамаарна. Үүнийг макро эдийн засаг судалдаг, стратеги судалдаг хүмүүс сайн харах хэрэгтэй. Бид өнөөдөр бүхнийг наймааныхаа түвшинд хараад нүүрсний үнэ өндөр байх юм байна гээд том хэмжээний бүтээн байгуулалт төлөвлөхөд эрсдэлтэй талууд бий. Ерөнхий зургаа сайтар харж төлөвлөхгүй бол үнэ ямар байхыг хэн ч итгэлтэйгээр хэлж чадахгүй байна. Ер нь бол 2020 он хүртэл тогтвортой байх юм байна. Тэгээд ирэх оны хоёрдугаар хагасаас буурна гэсэн сэрэмжлүүлэг байна. 

“Эрдэнэс Тавантолгой”-н IPO нь Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварт ямар боломжуудыг авчрах вэ? Энэ үнэхээр хэрэгтэй, үр ашигтай алхам уу?
Сүүлийн жилүүдэд төмөр зам баригдаагүй учраас бид их боломж алдсан гэж ярьдаг. Тэр бол үнэн. Гэхдээ төмөр замаас өмнө хил гаалийн зохицуулалт их чухал байна. Ажиглаад байхад дэд бүтцийн сул талаас илүүтэйгээр хилийн нэвтрүүлэлт дээр асуудал үүсдэг. Тэр нь нүүрсний борлуулалтад илүү хүчтэй нөлөөлж байна. Хятадын талаасаа гол асуудал гардаг. Хятадын хил дээр заримдаа нүүрсний татан авалт сайн байвч заримдаа техникийн асуудал үүссэн гэдэг. Тэрийг манайхан улстөртэй холбоод шуугиад байдаг шүү дээ. Янз бүрийн шалтгаанаар нүүрсний татан авалтаа багасгадаг. Миний бодлоор тэр нь улс төр гэхээсээ илүүтэй Хятад улсын хэмжээнд, бүс нутгийн хэмжээнд импортоор авч буй нүүрсний хэмжээг бодлогоор зохицуулдагтай холбоотой байх шиг байгаа юм. Тэгэхээр дэд бүтцээс илүүтэй хилийн нэвтрүүлэлт нүүрсний борлуулалтад нөлөөлж байгаа нь харагдана. Дэд бүтэц юунд нөлөөлж байна вэ гэхээр байгаль орчин ихээр сүйтгэдэг. Тэгээд хүмүүсийн ажиллах нөхцөлийг хүндрүүлж байна. Мэдээж тээврийн өртөгт нөлөөлнө. 

XXI зуунд шороон замаар 100 км урт дараалал үүсгээд тээвэрлэнэ гэдэг зохисгүй асуудал шүү дээ. Үүнийг хэзээ шийдвэрлэх вэ? Тэгэхээр экспортоо нэмэгдүүлье гэвэл хамгийн эхлээд хилийн нэвтрэлтийг сайжруулах хэрэгтэй. Хилийн нэвтрүүлэлт сайжруулна гэхээр асар их бүтээн байгуулалт, олон гарц барина, том талбай барина гээд хөрөнгө оруулалтын төсөл яригдаад байна. Түүнээс илүүгээр Хятадын талтай уялдаатай, хоорондоо зохилдлоготой ажиллах хэрэгтэй харагдана. Үүний тулд том хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлага байхгүй. 
Хэдэн сард ямар хэмжээний нүүрс гаргах юм. Энэ жил ямар хэмжээний нүүрс Монголоос авах юм. Тиймэрхүү яриануудыг дээд түвшиндээ хийх хэрэгтэй харагдаад байна. Худалдааг компаниудын түвшинд шууд хоорондоо зохицуулахад хэцүү. 

IPO-ийн тухайд, урт хугацаандаа тогтвортой хөгжил гээд бодохоор угаасаа баяжуулах үйлдвэр Тавантолгой дээр хэрэгтэй болно. Баяжуулах үйлдвэртэй болно гэхээр ус хэрэгтэй болно. Усны асуудлыг шийдэхийн тулд нэлээд нүсэр ажил хийгдэх хэрэгтэй. Баяжуулах үйлдвэрээс гарч буй завсарын бүтээгдэхүүн, уурхайн олборлолтын хаягдал гээд борлуулах бараг боломжгүй их хэмжээний сая сая тонноор тооцогдох хэмжээний нүүрс үүснэ. Тэрийг ашиглах нэг боломж нь нүүрс-химийн үйлдвэр. Энэ бүгдийг хийхийн тулд их хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Энэ бүхэнд мөнгө босгоё гээд IPO төлөвлөж байх шиг байна. Тэр нь бол урт хугацаандаа зөв алхам байх. Гэхдээ юун түрүүнд шийдвэрлэх асуудал нь том хөрөнгө оруулалт ярих биш хилийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах. Хоёрдугаарт нь тээврийн дэд бүтэц байгаа юм. IPO дээр компани бодвол судалгаа хийж байгаа байх. Гэхдээ IPO гаргана гэдэг чинь үүнд хөрөнгө оруулагч нар судлах хэрэгтэй болно. Тухайн компани ил тод байх хэрэгтэй, эрсдэл даах чадвар, компанийн түүх, засаглал нь ил тод эсэх, мөн санхүүгийн тайланг нь харна. Удирдлагыг нь улс төрөөс хараат бусаар томилж байна уу гэдгийг нь харна. Тэгэхээр манай шинээр бий болгосон компанийг ийм зарчмаар харж дүгнэнэ. Тэр нь ямар дүгнэлт гараад, ямар due diligence хийхийг харах л үлдлээ. 

Хоёр чиглэлийн төмөр зам барихаар төлөвлөж байна. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиг­лэ­лийн төмөр замын төсөл зэрэг хэрэгжиж байна. Хос замын дэд бүтцийн төсөл ч яригдаж байна. Энэ бүх дэд бүтцийг үр ашигтай байлгаж чадах экспортын чадамж манай улсад бий юу? Урд хөршийн импорт ч хязгаарлагдмал байгаа харагддаг. 
Олборлосны хэрээр аваад байдаг бол их хэмжээний дэд бүтэц, хос зам тавьж, хил боомтоор гаргах асуудал ярьж болно. Гэхдээ өнөөдрийг хүртэл өнгөрсөн жилүүдийн туршлага дээр аваад үзэхэд Хятад улс жилдээ 60-70 сая тонн коксжих нүүрсийг олон улс орноос импортоор авч байна. Үүний талыг Монгол Улс нийлүүлж байна. Хятадад нүүрсний худалдаа төрийн зохицуулалттай зах зээлийн зарчмаар явагдаж байна. Цаашдаа Австрали, Орос зэрэг бусад улсаас авдаг нүүрсээ багасгаад Монголоос илүү ихийг авах уу? Эсвэл импортоор авах нүүрснийхээ нийт хэмжээг нэмэх үү? Хэрэв тэгвэл олон боомт, олон гарц хэрэг болно. Үгүй бол хэт олон чиглэлд дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлтэй. Нэг анхаарах зүйл гэвэл бид Хятадын өмнөөс ярьж болохгүй. Өнгөрсөн түүхийг нь хараад л жилд 60-70 сая тонныг авч байна гэж хэлж байгаа болохоос ирээдүйд яахыг мэдэхгүй. Тэр бол төрийн зохицуулалттай зах зээлийн зарчмаар явдаг улсын хувьд хоёр улсын Засгийн газрын түвшинд яригдаж байж шийдэгдэх асуудал. Төмөр замын тухайд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд төмөр зам барих хэрэгтэй нь ойлгомжтой. Зардлаа нөхөх хугацаа богино, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, байгаль орчинд ээлтэй. Иймд энэ чиглэлд бизнесийн зарчмаар хөрөнгө оруулалт татаад барьяа гээд байх шиг байна. Харин Тавантолгой-Зүүнбаян чиглэлд ганцхан нүүрс тээвэрлэхээс гадна тэр дагуу өөр ордууд байгаа, бүс нутгийн эдийн засгийн эргэлтийг сайжруулахын тулд тавьж байгаа юм байна гэж ойлгосон. Энэ чиглэлд одоохондоо хараахан Тавантолгой шиг мөнгөний эргэлт үүсээгүй учраас санхүүгийн хувьд шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа нь ойлгомжтой. Иймээс төрийн бодлогоор Тавантолгойн хуримтлагдсан ашгаар тэр чиглэл рүүгээ зам тавина гэж ойлгосон. 

Миний сонссоноор энэ жил Эрдэнэс Тавантолгой 18 сая тонн гаргах төлөвлөгөөтэй, гэтэл Тавантолгойн бүлэг ордоос экспортлох нүүрсний гэрээний нийт дүн үүнээс бараг хоёр дахин их болсон сураг байна. Ганцхан Тавантолгой дээр ч биш. Нарийнсухайтын орд дээр ч мөн адил. Өөрөөр хэлбэл уурхай, хил гаалийн төлөвлөгөөнөөс давсан худалдааны гэрээ хийгдээд байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Хятадад нүүрс авах гэсэн сонирхолтой компаниуд олон байна. Монголд бас гэрээ хийгээд дундаас нь ашиг олох гэсэн худалдааны хүмүүс олон бий. Тэрийг бас төрөөс зохицуулалт хийхгүй, хийх нь ч зохимжгүй. Гэтэл цаанаа бодлогын зохицуулалттай эдийн засаг, хилээр нэвтрүүлдэг хэмжээ нь хязгаартай. Тэгэхээр хил дээр урт дараалал эндээс үүсч байгаа байхгүй юу. Ийм нөхцөлд гэрээгээ алдаж хохирохгүйн тулд бусдаас өрсөж хилээр нэвтрэх гэсэн нь түгжрээ үүсгэж байна. Мөн томоохон нийлүүлэгч, томоохон худалдан авагч нийлж өөрийн гэсэн гарцтай болох, түүндээ зориулсан дэд бүтэц тавих гэсэн ородлого ч бас байна. Тэглээ гээд Монголоос нийлүүлэх нүүрсний нийт хэмжээ нэмэгдэх үү үгүй юу. Тэр бүх хөрөнгө оруулалт Монгол Улсад хэрэгтэй юу үгүй юу гэдэгт нухацтай хандах хэрэгтэй. 

Эерэг талаас нь харах юм бол Хятадын коксжих нүүрсний томоохон хэрэглээний зах зээл нь Монгол руу ойртоод байгаа. Зүүн, өмнөд хэсгийн гангийн үйлдвэр, коксын үйлдвэрүүд нь алсдаа хаагдаж хойд нутагтаа төвлөрөх хандлага байна. Тиймээс урт хугацаандаа Монголын коксжих нүүрсний үнэ цэнэ буурахгүй. Энэ үүднээсээ дэд бүтэц Монголд хэрэгтэй. Гол нь үүнийгээ эрэмбэ дараатайгаар хөгжүүлэх хэрэгтэй байна. Эхлээд хил гаалийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Тэгээд Тавантолгой-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн  төмөр замыг барих хэрэгтэй. Дараагаар нь бусад чиглэл, шинэ боомтуудаа бодмоор санагддаг.  

Манай улсын экспортын гол түүхий эдээр нүүрс нэрлэгдэх боллоо. Тэгвэл энэ салбарт Монгол төрийн бодлого, нүүрсний хөтөлбөр байна уу?
Нүүрс хөтөлбөр миний мэдэхийн арав гаруй жил яригдаж батлагдаагүй өдийг хүрч байна. Экспортын 40%-ийг бүрдүүлдэг гол салбар хөтөлбөргүй   явж байна л даа. Энэ салбар маш тодорхой бодлого, хөтөлбөртэй байх хэрэгтэй. Цэвэр аж ахуйн нэгжүүдийн худалдааны харилцаанд үндэслээд яваад байж болохгүй. Олон улсын харилцаа, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн хандлага гээд бодолцох асуудлууд бий. Бас нэг асуудал бол их хэмжээний коксжих нүүрс олборлон экспортолж байгаа ч борлуулах зах зээлгүй асар их нүүрс ашиглалтгүй үлдэж байна. Үнслэг ихтэй чулуун нүүрс, хүрэн нүүрсээ яах вэ гэдэг асуудлыг бодолцох цаг болсон. Нүүрсээр цахилгаан үйлдвэрлээд хангалтгүй. Нүүрс-химийн үйлдвэр байгуулаад хуванцар үйлдвэрлэх үү, түлш үйлдвэрлэх үү гэх мэт асуудлыг хамарсан нүүрсний цогц хөтөлбөр энэ бүхнийг шийдвэрлэхэд суурь болно.

Бид жилдээ Тавантолгойгоос 30 сая тонн нүүрс ирээдүйд олборлоно гэж бодъё. Тэгвэл зөвхөн коксжих нүүрсээ аваад “мөлжөөд” яваад байх боломжгүй. Жилдээ 4-8 сая тонн ул таазны бохирдолтой нүүрс, баяжуулах үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүн гэсэн борлуулах зах зээлгүй хаягдал гарна. Үүнийг хэрхэх вэ? Дандаа овоолоод байж болохгүй. Тэр асуудлаа хэрхэн шийдэхээ   тодорхойлох хэрэгтэй.
Тавантолгойн цахилгаан станц гэж ярьж байна. Энэ бол жилдээ   сая тонн нүүрс л түлэх асуудал. Үлдсэнийг нь яах вэ? Үүнийг шийдэх нэг хувилбар нь нийлэг материал үйлдвэрлэх нүүрс химийн үйлдвэр юм. Тэндээс нэлээд өндөр үнэтэй полипропиллен гарна. Зах зээлд  нэг тонн нь 1600-1800 ам.доллар байгаа учраас гуравдагч зах зээлд нийлүүлэх боломжтой. Одоогоор бид ингэсгээд яваад байна. Хүчин чадал нэмэгдэхээр энэ асуудлыг шийдэхээс  арга үгүй болно. Энэ тал дээр судалгааны байгууллагууд, Нүүрс ассоциацийн зүгээс бодлого боловсруулагч нарт санал хүргүүлж байгаа. 

Транзит тээврийн асуудал ярьсаар удаж байна. Хоёр хөрш ч энэ тал дээр ихээхэн нааштай байна. Гэвч ажил хэрэг болсон зүйл бараг алга. Монголын нүүрс үнэхээр энэ их замыг туулж гуравдагч хөршид зарах нь ашигтай байж чадах уу?
ОХУ ч, Хятадтай ч тэр транзит тээврийн хөнгөлөлтийн хэлэлцээрүүд хийсэн. Хэлэлцээр хийгдсэн гэж ярьсаар байгаад бас л олон жил болж байна. Транзит тээврийн ашигтай эсэх асуудлыг урьдчилж харж чадахгүй нь. Ер нь Монголд гуравдагч зах зээлд экспортлох нь мэдээж чухал. Үнэхээр хөнгөлөлттэй тээвэрлэлт хийх хэлэлцээр хийсэн юм бол түүнийгээ арилжааны гэрээ болгоод батлуулах хэрэгтэй байна. Хятад бол эдийн засаг нь өсч байгаа бараа эргэлт ихтэй улс. Нүүрс бол үнэ цэнэ багатай, их хэмжээгээр борлуулж байж ашгаа өгдөг бараа. Хятад төмөр замаар өөрийн өндөр үнэ цэнэтэй бараа эргэлтийг багасгаж байгаад манай нүүрсийг тээвэрлэж далайд хүргэнэ гэхээр тус улсын зүгээс нэлээд чармайлт гаргаж, үнэхээр дэмжье гэж зүтгэвэл тийм алхам хийх байх. Уг нь нэлээд хэдэн жилийн өмнө хэлэлцээр хийж байсан. Одоо болтол хэрэгжүүлэх гэрээ байгуулагдаагүй байна. ОХУ-ын хувьд ч гэсэн төмөр замын тарифын хөнгөлөлтийн гэрээ байгуулсан гэж ярьж байгаа. Гэтэл одоогоор тээвэрлээд арилжаа хийсэн зүйл байхгүй л байна. Оросын хувьд дотоодын нүүрсээ ч гэсэн далайн эргийн боомт руу төмөр замаар тээвэрлэхэд, борлуулахад хүндрэлтэй байгаа. Тэгэхээр хоёр хөршийн аль аль нь Монголыг “харж үзээд” төмөр замын тарифыг бодитоор хөнгөлж гэмээнэ бид нүүрсээ гуравдагч зах зээлд хүргэнэ гэсэн үг. Тэд бодлогын чанартай тийм шийдвэр гаргахыг үгүйсгэж мэдээж болохгүй. Тэр бол улс хоорондын гэрээ хэлэлцээрийн асуудал. Цэвэр бизнесийн зарчмаар бол хэцүү шүү дээ. 

“Эрдэнэс Тавантолгой”-н охин компани “Тавантолгой түлш” утаагүй сайжруулсан түлш үйлдвэрлэж эхлээд байна. Энэ бол Засгийн газрын нийслэлийн утааг бууруулахад чиглэсэн алхам. Гэхдээ нөөц бүрдүүлэлт хангалтгүй байгаа тухай шүүмжлэл сонсогдож байна. Гол асуудал утаа үнэхээр буурах уу? Энэ түлш хотын утааг 50% бууруулна гэж ярьж байна. Энэ үнэхээр хангалттай үзүүлэлт мөн үү? 
Шийдвэр гараад явчихсан. Зоригтой байна гэж магтаж болно. Нэгэнт зориглосон учраас зохион байгуулалтад орж зүтгээд байгаа нь сайшаалтай. Харьцангуй туйлбартай яваад байх шиг байна. Утаа 30-50% буурна гээд янз бүрээр яриад байгаа. Энэ бол лабораторийн шинжилгээнд үндэслэж гаргасан дүн. Онолын хувьд бол боломжтой. Учир нь илчлэг өндөртэй учраас бага нүүрс түлнэ. Хоёрдугаарт, химийн найрлага талаас тортог багатай нүүрс. Амьдрал дээр яадаг вэ гэхээр нэгдүгээрт хүмүүсийн хэрэглээний дадлаас хамаарна. Мөн өглөө, оройдоо хүмүүс их гал түлэхээр утаа тэгж их буурсан санагдахгүй болов уу. Тиймээс иргэдэд айхтар их хүлээлт битгий үүсгээсэй гэж бодож байна. Хүмүүс утаагүй түлш түлсэн чинь утаа нь адилхан л гараад байна гээд шуугиад эхлэх байх. Энэ шийдвэрийн гол давуу тал бол түлшиндээ стандарт тогтоож, ханган нийлүүлэлтийн тогтолцоо бүрдүүлж байгаа явдал гэж харж байна. Энэ тогтолцоогоо хэрэгжүүлж чадвал яваандаа илүү сайн чанарын утаагүй түлш үйлдвэрлээд бий болгосон тогтолцоогоороо дамжуулаад ашиглах боломжтой. Жишээ нь антрацит нүүрс эсвэл хагас кокс ашиглаад бараг утаа ялгаруулдаггүй түлш хийж болно. Тэр чиглэл рүүгээ ч яваандаа явах болов уу. 

Нүүрс ассоциацийн хувьд нүүрсний салбарт хийхээр төлөвлөж буй ажлууд юу байна вэ? Ямар судалгаа, мэдээлэл дээр ажиллаж байна вэ?
Цахилгаан, дулааны эрчим хүч хямд байх ёстой гэсэн ойлголт манайд түгээмэл байна. Гэтэл хэрэв эрчим хүч хямд байх юм бол эдийн засаг үр ашиггүй байдаг. Төрөөс үнэ тогтоодог. Эрчим хүчний үнийг зохиомлоор бага байлгах юм бол эдийн засагтаа энэ нь өөрөө хор хохиролтой. Учир нь барилгын салбар, хүний тав тухтай орчинд амьдрах стандарт нь өөрөө хөгжихгүй. 

Яагаад гэхээр хямд нүүрсээ түлээд дулаалгагүй байшиндаа амьдраад л байхад болно. Ахуйн түвшинд ярихад ийм байна. Улсын түвшинд ярихад хүрэн нүүрсний төрийн өмчийн уурхайнууд болох Багануур, Шивээ-Овоо цахилгаан станцуудад нүүрсээ нийлүүлдэг. Тэдгээр уурхайн нийлүүлэлтийн үнийг нь төрөөс хатуу тогтоож өгдөг. Тогтоосон үнэ нь  нүүрс олборлож байгаа өртөгөөсөө бага. Компаниуд нь жил болгон алдагдал хүлээдэг. Алдагдалд ороод  байхаар нэг газраас зээлнэ. Өрийн сүлжээ үүснэ. Зээлсэн алдагдлын чинь цаана хүү тооцогдож санхүүгийн алдагдал нэмэгдээд  байна гэсэн үг. Нэг өдөр асуудал бүр хүндрэхэд  төрөөс мөнгө өгч өрийг хаах юм уу, бүү мэд. Тиймээс хүрэн нүүрсний уурхайн цахилгаан станцуудад нүүрсээ нийлүүлдэг үнийн асуудлыг шийдэх томоохон шаардлага бий. Энэ  бол Нүүрс ассоциацийн гол анхаарах асуудлын нэг. Монголын цахилгааны үнэ Орос, Хятадынхаас хоёр дахин бага. Бусад хөгжсөн улсууд болох Европ, Азийн зах зээлийнхээс 3-4 дахин хямд. 

Одоо хүмүүс ногоон хөгжил гэж их ярьж байна. Ногоон хөгжил гэдэг бол эрчим хүч хэмнэх, хүлэмжийн хий бага ялгаруулах тухай асуудал шүү дээ. Тэгээд нүүрсний үнийг зах зээлийн хөрөнгө оруулалтаа нөхөх, эдийн засгийн үр ашигтай ажиллах түвшинд нь хүргээд үйлдвэрлэж байгаа цахилгааны үнийг бас эдийн засгийн үр ашигтай түвшинд нь хүргэх юм бол сэргээгдэх эрчим хүчний өртөгтэй ойролцоо очно гэж хүмүүс ярьдаг. Сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх гэхээр нүүрсний үнийг төрөөс бариад байгаа нь саад болж байна гэж сэргээгдэх эрчим хүчний салбарынхан ярьдаг. Тиймээс үнийг зах зээлийн зарчимд оруулах юм бол уурхайд ч, дулааны цахилгаан станцад ч хэрэгтэй, сэргээгдэх эрчим хүчнийхэнд ч хэрэгтэй. Тэгээд зах зээлийн бодит түвшинд очихоор   эрчим хүчний эх үүсгүүрийн янз янзын хувилбарууд гарч ирнэ. Улмаар эрчим хүчний бие даасан байдал гэдэг нь сайжрах ёстой юм. Үгүй бол үнэ ханшийг барьчихаар зэрэг хөгжих боломж байхгүй, өрийн дарамтад ороод л байгаад байна. 

Нүүрс ассоциацийн хувьд гишүүн байгуулла­гуудынхаа ашиг сонирхлыг хамгаалахын тулд ажилладаг. Энэ бол бидний үндсэн чиглэл.
Гол гишүүд  маань коксжих нүүрс экспортлогч компаниуд юм. Манай улс Хятадын нүүрсний импортын асуудлыг их сайн ойлгох хэрэгтэй. Хятадын судалгааны байгууллагууд, зарим худалдан авагч компаниуд, эцсийн хэрэглэгч нар, Монголын нүүрс экспортлогч компаниудын хоорондын ойлголцол уялдааг нь сайжруулсан уулзалтуудыг хийе гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 

Гуравдахь асуудал нүүрсний салбар Монголын гол салбаруудын нэг. Тэгэхээр энэ салбар урт хугацаандаа яаж хөгжих юм бэ? Түрүүн хэлсэн зах зээлд борлуулах боломж муутай эрчим хүчний нүүрсээ ашиглах химийн үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ? Коксжих нүүрсээ баяжуулах хэрэгтэй болно. Үүний тулд ус хэрэгтэй. Үүнийг яаж шийдэх вэ? Хуурай баяжуулалтын технологи, ус бага хэрэглэдэг нойтон технологи хэрэгтэй. Ийм технологи хөгжүүлэх ирээдүйн 10-20 жилийн салбарынхаа дүр зургийг харах судалгаа хөгжлийн асуудал дээр урт хугацааны хөгжлийн чиглэлээ тодорхойлох хэрэгтэй. Үүнд компаниуд, судалгааны байгууллагууд нь нийлж байгаад зардлаа хамтарч гаргаж болно. Энэ тал дээр гадаад дотоодын судалгааны байгууллагуудтай хамтарч ажиллана гэж төлөвлөж байна.  

Манай улс нүүрс гэхээр эрчим хүчний нүүрсийг коксжих нүүрстэй андуурч ярих тохиолдол их бий. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр нүүрс үнэгүйдэж эхэлж байна гэж ярих боллоо. Коксжих нүүрсний хувьд ямар ирээдүй хүлээж байна вэ?
Ган болдгүйгээр төмөр зам, барилга байгууламж, гүүр, машин үйлдвэрлэх боломжгүй. Үүнд коксжих нүүрс зайлшгүй орно. Эрчим хүчний нүүрснээс ялгаатай нь коксжих нүүрс бол ховор, чухал түүхий эд. 

Карбон файбр зэрэг супер материал бий болж байгаа ч хэрэглээний хүрээ нь хязгаарлагдмал байгаа юм. Тиймээс ойрын хэдэн арван жилийн хугацаанд ганг гүйцэх сайн, хатуу материал гарч ирэхгүй гэж бодож байна. Коксжих нүүрс оролцохгүйгээр ган үйлдвэрлэдэг технологиуд байгаа хэдий ч илүү хямд зардлаар үйлдвэрлэх боломж нь коксжих нүүрсэнд түшиглэсэн гангийн технологид л бий. 

Монгол гэхээр л нэг их нүүрс ярьсан хүмүүс байна. Гэвч бидний хэмжээ үлэмж бага гэдгийг санах хэрэгтэй. Хамгийн сүүлд Герман улс сүүлчийн нүүрсний уурхайг хаалаа гээд  нэлээд их мэдээлэл цацагдсан. Яг үнэндээ тэр нь эдийн засгийн хувьд үр ашиггүй ажилладаг коксжих нүүрсний далд уурхай байсан ба гадаадаас импортлох нь ашигтай байсан тул төрөөс татаас өгөхөө больж зогсоосон юм. Түүнээс биш Германы хувьд одоогийн байдлаар жилд 180 сая тонн хүрэн нүүрс олборлож л байна. Польшийн хувьд 80 сая тонн чулуун нүүрс, 100 сая тонн хүрэн нүүрсээр хэмжигдэж байна. Гэтэл Монгол Улс 40-50 сая тонныг жилд олборлодог. Ялгаа нь гэвэл эдгээр хоёр орны ард түмэн нүүрс гэж нэг их ярьдаггүй, мэддэг ч үгүй. Манай улсын хувьд амтай болгон л нүүрсний тухай ярьж байна. 

“Coal Mongolia” хурлын энэ жилийн онцлох сэдэв, дэвшүүлэх асуудал нь юу байх вэ? Зохион байгуулагчийн хувьд хурлаас гарах үр дүнг юу гэж тооцоолж байна вэ? Хурлаас гарах санаа оноо,зөвлөмжийг төр засгийн бодлогод тусгах боломж бий юу?
“Coal Mongolia 2019” хурлын тухайд “Өрсөлдөөнд манлайлъя” гэсэн уриатайгаар зохион байгуулж байгаа. Олон улсын коксжих нүүрсний зах зээл ихээхэн өрсөлдөөнтэй болж ирж байна. Манай гол зах зээл болох Хятад олон эх үүсвэрээс коксжих нүүрсээ авч байна. Тэгэхээр энэ өрсөлдөөнд манай улс хэрхэн бусдыгаа манлайлж оролцох талаар ярилцах юм. Үүнд хил гаалийн зохицуулалт, ложистик, нүүрсний чанар, тэр дундаа баяжуулах үйлдвэр, дэд бүтцийн хөгжил, худалдагч-худалдан авагч талын хоорондын харилцан ойлголцлыг хэрхэн сайжруулах, нүүрс боловсруулах технологийн хөгжлийн тухай гээд олон сэдвээр ярилцана. Өрсөлдөөнд манлайлах тухай тал бүрээс нь хэлэлцэнэ гэсэн үг. Үр дүнг Засгийн газартаа ч тэр, олон нийтэд ч нээлттэй хүргэнэ. 

Ярилцсанд баярлалаа!