Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

“Импэриал голд майнинг” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хүргүүллээ

Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар Галуут сумын нутаг дэвсгэрт алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Импэриал голд майнинг” компанийн асуудлыг хэлэлцсэн юм.  

Тус компанийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас (МХГ) 2019 оны нэгдүгээр улиралд төлөвлөгөөт хяналт, шалгалтын ажлыг хийжээ. Уг шалгалтаар 2019 оны бичиг баримтын бүрдэл дутуу, уурхайн гүнд ашиглаж байсан зарим тоног төхөөрөмжийг шинэчилсэн болохыг тогтоосон байна. Шинэчилсэн төхөөрөмжийг ТЭЗҮ, Уулын ажлын төлөвлөгөө, Нарийвчилсан үнэлгээтэй уялдуулан тодотгоогүй байсан тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэн зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг зогсоогоод байжээ. Гэтэл зөрчил бүрэн арилаагүй, үйл ажиллагааг сэргээгүй байхад Улсын байцаагчийн лацыг хөндөж үйл ажиллагаа явуулсны улмаас өнгөрөгч наймдугаар сарын 6-нд хоёр хүн амиа алдасан бөгөөд уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. 

Тиймээс Баянхонго аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар  “Импэриал голд майнинг” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг БОАЖЯ-нд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Тус уурхайн тусгай зөвшөөрлийг “Рио” компани эзэмшиж байгаад “Импэриал голд майнинг” компанид шилжүүлсэн аж.