Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Путины ганзага

 

Э.Оджаргал


В.В.Путин Монгол оронд дахин айлчилж байна. Тэрээр  Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн хүндэт зочноор морилж байна. Хойд хөрш орны удирдагчийн энэ удаагийн айлчлалаар Монгол, Орос улсын харилцаа шинэ шатанд шилжиж, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулах хүлээлт бий.

ОХУ-ын Ерөнхийлөгч гуравдугаар сард Красноярск мужид ажиллаж гол гол төслүүдийн явцтай биечлэн танилцсан юм. Тухайлбал, хөрөнгө оруулалтын “Енисейская Сибирь” хэмээх сонирхолтой хөтөлбөр бий. Красноярск муж, Тува болон Хакасийн бүс нутагт ирэх арван жилд 2 их наяд рублийн хөрөнгө оруулах амбийцтай төлөвлөгөө юм. Ашигт малтмалын ордууд, боловсруулах үйлдвэр, зам тээвэр, эрчим хүч, нисэх онгоцны буудал, дэд бүтэц, хөдөө аж ахуйн нийт 32 том төсөл хэрэгжинэ. Хөтөлбөрт “Норильский никель”, “Русал”, “Полюс”, СУЭК, “Оросын төмөр замууд”, “En+group“ Юнипро” зэрэг томчууд багтсан 60 гаруй компани оролцож байна. Тэгвэл Монголд ирэхээсээ арваад хоногийн өмнө В.Путин Оросын нүүрсний гол бүс нутгийн амбан захирагч нарыг Кремльд хүлээн авч уулзлаа. Забайкаль, Тува, Хакаси, Якут, Новосибирск хот, Красноярск муж, Кемеров муж зэрэг бүс нутгаас жилд 200 гаруй сая тонн нүүрс олборлож Ази-Номхон далайн орнууд руу экспортоо нэмэгдүүлэх зорилтыг хэлэлцсэн юм. Дэлхийн нүүрсний зах зээлд Австрали, Индонезтой өрсөлдөхөөр тооцож байна. Зах зээл дэх одоогийн байр сууриа алдах юм бол  Оросын эдийн засаг ихээхэн хохирол хүлээнэ гэдгийг Төрийн тэргүүн сануулжээ.
Монголын хойд талаар хиллэх Оросын хязгаар бүс нутагт өрнөж байгаа товч зураглалаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн  энэхүү  айлчлалын агуулга, ярилцах сэдэв тодорч байгаа болов уу. 

Оросын Төрийн тэргүүний сүүлд хийсэн айлчлалаас хойшхи өнгөрсөн таван жилд  Монгол, Орос, Хятад улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг 2015 онд Ташкентийн уулзалтаар үзэглэсэн билээ. Мөн Монгол, Оросын Засгийн газар хооронд Төмөр замын транзит тээврийн харилцан хөнгөлөлттэй тарифын 25 жилийн хэлэлцээрийг байгуулаад байна. Есөн жилийн дараа Орос өөрийн нутгаар транзитын хямд, тогтвортой үнээр тээврийн коридор нээсэн нь энэ. Олон улсын зах зээлд нүүрсний ханш түүхэн дээд үзүүлэлт хүрсэн цаг үед Монголын тал ОХУ-д санал тавьж, РЖД тэргүүтэй Оросын цөөнгүй компаниуд дэлхийн уул уурхайн “акулуудтай” Тавантолгой ордын төлөө өрсөлдөж байсан юм. Дэлхийд нүүрсний төслүүд анхаарлаас алсарч, түүхий эдийн үнэ цэнэ нь буурч байгаа одоо цагт 4000 км замыг туулах тарифын хөнгөлөлт монголчуудад ашиг тусгүй болжээ. Орос Арктикийн бүсээс  хүртэл нүүрс олборлож,   Алс Дорнодын боомтуудаар нүүрсний экспортоо “цутгах” амбийцтай стратеги хэрэгжүүлж эхэллээ. Гэхдээ хойд чиглэлд далайн гарцтай болох нь Монголд хэтдээ хэрэгтэй. Тэгвэл өнгөрсөн жил УИХ-аас “Монгол Улсын төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д Зүүнбаян-Ханги, Эрдэнэт-Арцсуурь чиглэлүүдийг нэмж тусгав. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн онцгой анхаарал дор Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр замын ажил өрнөж байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 50%-ийг эзэмшдгийн хувьд оросуудын сонирхол дээрх гурван чиглэлд тодордог.

2014  оны айлчлалын үр дүнд байгуулсан хэлэлцээрт тодорхой ганц чиглэл туссан нь  “Салхит-Эрдэнэт салбар төмөр замын шугамыг баруун хойд чиглэлд үргэлжлүүлэн Монгол Улс, ОХУ-ын хилд хүргэж, ОХУ руу төмөр замын шинэ гарц нээх, улмаар ОХУ-ын Тува улсын Кызылтэй холбосноор Оросын уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д гаргах шинэ зам бий болгох” тухай  байдаг. Ноён В.Якунины үеэс тодорсон Кызыл-Өрөмч маршрут нь Тувагийн нутгаас Цагаантолгой боомтоор Монголын баруун хойд нутгаар дамжин Хятадад хүрэхэд  хамгийн хямд хувилбар гэдэг. Хоёр дахь хувилбар нь Эрдэнэт-Арцсуурь шугамтай холбон Салхит-Эрдэнэт болоод УБТЗ-ын төв коридороор Хятадын аж үйлдвэрийн төвд хүрэх маршрут юм. Аль аль нь “Эдийн засгийн коридор”-ын 32 төсөлд багтаж байна. Монголын баруун хойд чиглэлээр холбох энэ шугамыг оросууд  чухалчилдаг юм. Тавантолгой ордоос 2 дахин их нөөцтэй Улуг-Хемскийн сав газраас коксжих нүүрсийг Хятадын зах зээлд хүргэх хэтийг тэд хардаг. Кызыл орчмын нүүрсний сав газраас татах Кызыл-Курагино чиглэлий төмөр замын 10 жил царцсан уг төслийн ач холбогдлыг В.Путин онцолж дахин эхлүүлээд байна.

Эх газрын хамгийн дөт зам Монголын нутгаар дамжин Хятадын зах зээлийн гүн, аж үйлдвэрлэлийн төвд хүрэх гарц, чиглэлүүдийг баталгаатай болгох ёстойг В.Путин сайн мэдэж байгаа. Орост ашигтай төмөр зам Монголд хараахан бэлэн биш ч тэр хүртэл хойд хөршийн гол төслүүд экспортод бэлэн болох цаг хугацааг ч тэр тооцсон биз ээ. Харин одоогийн бэлэн замаа тордох, өргөтгөх, шинэчлэх гэх мэт ажлыг В.Путин шуурхайлах учиртай. Таван жилийн өмнөх түүний айлчлалын протоколд “Улаанбаатар төмөр зам”-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг үзэглэсэн. Хэлэлцээрийн хүрээнд, УБТЗ-ыг цахилгаанжуулж, хос болгох бөгөөд төмөр замын төв коридорын ачаа тээврийн хүчин чадлыг жилд 100 сая тонн хүргэх” хэмээн тэмдэглэжээ. Өнөө хэр ажил хэрэг болгохгүй харзнаж буй цаад угтаа Монголын талд сонирхолоо “тулгаж” байж мөнгө гаргаж мэднэ. Гэтэл Транс Монголын төмөр зам буюу УБТЗ-ын мэдлийн төв коридорын 1100 км төмөр зам өнөөдөр хүчин чадал хүрэлцэхгүй, Замын-Үүд боомт ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Монголын төмөр замаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ сүүлийн хоёр жилд 4 дахин өссөн тухай “Транзит Монгол 2019” хурлын илтгэлд дурдагдав. Транзит тээвэр мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа нь сайн талтай. Гэвч нөгөө талдаа ашиг орлогоо тооцож, Оросын талын хувь оролцооноос хамаарч “Улаанбаатар төмөр зам” ХНН транзит тээврийн ачааг дотоодын экспортын ачаанаас илүүтэй нэвтрүүлж байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Хоёр улсын харилцан транзит тээврийн хэлэлцээрийн дагуу өнөөдөр Оросын ачаа тээвэр 60%-ийн хөнгөлөлттэй тарифаар Замын-Үүд боомтоор Хятадад хүрч байгаа юм. Энэ таатай нөхцөлийг чинээнд нь тултал ашиглахаар дараагийн шинэ гарцын тухай Оросын тал ярих болов. Замын-Үүдийн боомтоос ялимгүй баруунтаа Ханги боомт чиглэсэн уул уурхайн бүтээгдэхүүний төмөр зам нь оросуудын дараагийн сонирхол юм. Бишкект гурван талт уулзалтаар ОХУ-ын Ерөнхийлөгч Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг онцолсон нь тэр. Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам барих шийдвэр Монгол Улсын гэхээсээ Орос, Хятадын тохиролцох сонирхолоос хамаарч байна. Өөрөөр хэлбэл, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн мэдлийн Зүүнбаянгийн өртөөтэй холбох асуудлыг оросууд мэдэж болох ч Мандал боомтоор угтуулахыг хятадууд хүлээзнэх аястай. Энэ чиглэл гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт тусгагдаагүй. Нөгөөтэйгүүр, Хятадын Засгийн газраас Улаанцав аймгийг олон улсын тээвэр ложистикийн төв болгон хөгжүүлэх бодлого дэвшүүлээд байна. Транзит ачаа барааг Эрээний боомтоор авч, гаргана гэсэн үг. Тиймдээ ч өөрийн нутгаар дамжин өнгөрөх Монголын транзит ачаа тээврийн тарифт үзүүлэх 50% хөнгөлөлтийг одоогоор Эрээний боомтод олгоно гэж Хятадын тал мэдэгдсэн.

Ханги-Мандал боомт хүртэл төмөр зам тавьснаар өмнөд хилийн гол боомтуудын өнөөгийн ачааллыг бууруулахын зэрэгцээ уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх шинэ гарц хэмээн Монгол Улсын төмөр замын бодлогод тусгасан юм. Авто замаар хязгаарлагдаж буй Тавантолгойн нүүрсийг зорилтод зах зээлд хүргэх дөт зам байх боломжтой гэж Монголын тал үздэг. Тавантолгой нь Оросын нүүрсний томоохон төслүүдийн гол өрсөлдөгч, Хятадын зах зээлд хамгийн ойр орших орд. Эл ордын сайн чанарын коксжих нүүрсийг хамгийн том импортлогч оронд хүргэх экспортын төмөр зам өнөөг хүртэл үгүй. 

Оросын Ерөнхийлөгчийн айлчлалыг угтан “Путин сюрпризтэй ирдэг удирдагч” хэмээн 2014 оны MMJ-ийн тавдугаар сарын хуудаснаа бичигдэн үлджээ. Таван жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөдөр шинэ нөхцөл байдал, сонирхолтой цаг үед Монгол Улс В.Путиныг угтаж байна. Өнө мөнхийн хөрш орны харилцааны орчин цагийн түүхэнд хэрхэн бичигдэн үлдэхийг айлчлалын өдрүүд харуулах буй за. Айлчлалыг залгуулаад Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн форумд оролцохоор Владивосток руу мордоно. “Восток дело тонкое...”