Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ-2019” сургалт эхэллээ

The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан уул уурхай, эдийн засгийн чиглэлийн сургалтаа тав дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдөр (07/02) эхэлж буй энэ жилийн сургалт “Уул уурхайн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ "Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ" төслийн энэ оны сургалтыг “Оюутолгой” ХХК, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймгийн 35 сэтгүүлч хамрагдаж байна. 

Сургалтад оролцож буй орон нутгийн сэтгүүлчдэд зориулж АМГТГазрын мэргэжилтэн болон эдийн засаг, хууль, хэвлэл мэдээллийн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд илтгэл тавьж оролцож байна. Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнөх бол хоёр дахь өдөр сэтгүүл зүйн чиглэл, тэр дундаа олон нийтийн эрх ашиг, дата сэтгүүл зүй, хуурамч мэдээллээс сэргийлэх тухай сэдвээр илтгэл тавигдана. 

Эхний өдрийн сургалтыг Ерөнхий сайдын зөвлөх, эдийн засагч Н. Энхбаяр “Дэлхийн эдийн засаг ба Монголын уул уурхайн салбар дахь нөлөөлөл” сэдэвт илтгэлээр эхлүүллээ. Тэрбээр илтгэлдээ түүхий эд экспортлогч орнуудын эдийн засаг ирэх жилүүдэд харьцангуй өсөлттэй сайн байх төлөвтэй байгааг дуулгалаа. Монгол улсын гадаад худалдаа өнгөрсөн онд 12.9 тэрбум ам.долларт хүрсэн нь анх удаагаа дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцсэн. Цаашид Монголын экспортын үзүүлэлт зэс, нүүрсний худалдаанаас ихээхэн хамааралтай байх төлөвтэй. Харин тухайн бүтээгдэхүүний зах зээл гадаад хүчин зүйл буюу томоохон гүрнүүдийн шийдвэрээс шууд хамааралтай гэдгийг онцоллоо. Тэрбээр мөн АНУ-Хятадын хооронд үүсээд буй худалдааны дайны асуудал нааштайгаар шийдэгдэж чадвал ирэх хоёр жилд дэлхийн эдийн засаг 13 их наяд ам.доллар алдахаас сэргийлж чадна гэдгийг тайлбарлалаа. Гэхдээ дэлхийн улс орнуудын эдийн засагт цаашид зөвхөн геополитик, худалдааны дайны асуудлууд нөлөөлөөд зогсохгүй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл эрсдэл учруулах томоохон хүчин зүйл болж буйг тодотголоо.

Өнөөдрийн сургалт цаашид салбарын эдийн засагт хүргэх өгөөж, нөлөөллийн талаарх сонирхолтой илтгэлүүдээр үргэлжилнэ. Тухайлбал “Эрдэс баялгийн эдийн засаг гэж юу вэ?” сэдвээр Монголын экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч Д.Галсандорж, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Д. Энхболд “Хариуцлагатай уул уурхай: Монголын эдийн засагт үзүүлэх өгөөж, нөлөөлөл” сэдвээр сонсгол тавих юм.  Мөн Уул уурхайн хууль эрх зүй судлаач Г.Сурахбаяр салбарын хууль эрх зүйн өөрчлөлт, түүний эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн талаар, “Эдийн засаг дахь уул уурхайн салбарын хамаарал ба эдийн засгийг солонгоруулах нь” сэдэвт судлаач Ц.Бямбацогтын сонирхолтой илтгэлүүд бий.  

Мөн салбарын хувийн хэвшлийн төлөөлөл болох Оюутолгойн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын Тэргүүн Э.Лхагва компанийн төслийн эдийн засаг дахь нөлөөллийг танилцуулна. 

Ийнхүү эхний өдрийн сургалтад уул уурхайн эдийн засаг дахь нөлөөлөл сэдэвт төвлөрөх бол хоёр дахь өдөр сэтгүүл зүйн сэдэвт төвлөрнө. Маргаашийн сургалтад МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбар хариуцсан Дэд захирал /Ph.D/ Б.Болд-Эрдэнэ “Сэтгүүл зүй олон нийтийн эрх ашгийг хэрхэн зохицуулах вэ?” сэдвээр, тэргүүлэх мэдээллийн цахим хуудас болох IKON.MN-ийн Ерөнхий редактор Ч.Болортуяа “Дата сэтгүүл зүйн чиг хандлага, туршлага” сэдвээр илтгэл тавина. Мөн хуурамч мэдээллээс сэргийлэх, түүнийг хэрхэн ялгаж салгах талаар “Ремо медиа” компанийн үүсгэн байгуулагч Б.Намнандорж танилцуулна.

Сэтгүүлчдийг эдийн засаг, уул уурхайн сэдэвт чадавхижуулах зорилготой “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш арван жилийн хугацаанд төвийн болон орон нутгийн 100 гаруй сэтгүүлчдэд сургалт явуулаад байна. 
 
Б.Төгс