Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

“Эко хэлхээ” компанийн жонш баяжуулах үйлдвэрийн хүнцэлийн агууламж стандартаас их гарчээ

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд дөрөвдүгээр сарын 14-нд “Эко хэлхээ” компанийн жонш Баяжуулах үйлдвэрийн хаягдлын далан сэтэрч химийн хорт бодистой ус алдагдсан билээ. Уг явдлаас хойш хоёр сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд нөлөөллийн бүсийн ус, хөрсний дээжээс авсан шинжилгээний хариу хоёр төрлөөр гарсан байна.   

Шинжилгээгээр цэвэр устай харьцуулахад: 
1. Далан задарч урссан хэсэгт хүнцэл-As 0.260мг/кг MNS 4943:2011 стандартын хүлцэх агууламжаас (0.01мг/кг) 26 дахин их
2. Амуу усны нууран дахь хүнцэл-As 0.044мг/кг буюу MNS 0900:2018 стандартын хүлцэх агууламжаас (0.01мг/кг) 4.4 дахин 
3. Худгийн усан дахь хүнцэл-As 0.028мг/кг MNS 0900:2018 стандартын хүлцэх агууламжаас (0.01мг/кг) 2.8 дахин их
4. Хөрсөнд зүсэлт хийсэн 60 см-т хүнцэл-As 41.0 мг/кг буюу MNS 5850:2008 стандартын хүлцэх агууламжаас (6мг/кг) 6.8 дахин их, хортой агууламжаас (30мг/кг) 1.3 дахин их 
5. Хөрсөнд зүсэлт хийсэн 110 см-т хүнцэл-As 76,5 мг/кг буюу MNS 5850:2008 стандартын хүлцэх агууламжаас (6мг/кг) 12.75 дахин их, хортой агууламжаас (30мг/кг) 2.55 дахин их үзүүлэлттэй, аюултай агууламжаас (50мг/кг) 1.53дахин их
6. Харьцуулсан судлахаар тогтоосон газарт (Эрүүл хөрсөнд) хүнцэл-As 120,5 мг/кг буюу MNS 5850:2008 стандартын хүлцэх агууламжаас (6мг/кг) 20.08 дахин их, хортой агууламжаас (30мг/кг) 4.01дахин их, аюултай агууламжаас (50мг/кг) 2.41 дахин их үзүүлэлттэй гэж тэмдэглэжээ. Хөрсний эдийн засгийн үнэлгээ 3.25 га талбай гэж тооцож 39.1 сая төгрөг, ургамлын эдийн засгийн үнэлгээ 33.8 сая төгрөг гэж “Эко үнэлгээ” ХХК-аас тооцсон байна.  

2019 оны дөрөвдүгээр сарын 17-ноос хойш 16768м.куб бохирдсон хөрсийг хаягдлын даланд асгахад 1048 удаа машинаар тээвэрлэлт хийсэн байна. Харин нөхөн сэргээлтийн ажил тавдугаар сарын 21-нд эхэлж 13472м.куб шимт хөрс, 10 машин хөх бууцыг тээвэрлэн авчирч нөхөн сэргээжээ. Энэ талбайд согоовор, ерхөг, царгас зэрэг ургамлыг тариалсан тухай эх сурвалж мэдээлж байгаа юм. Одоо биологийн нөхөн сэргээлтийн ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Ирэх оны аравдугаар сар хүртэл биологийн нөхөн сэргээлт хийх талбайн арчилгааг “Эко хэлхээ” компани бүрэн хариуцах аж. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.5/2-т зааснаар “хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тооцохоор заажээ. Өөрөөр хэлбэл хөрс, ургамлын эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн төлбөрийг “Эко хэлхээ” компани төлөх ёстой. Энэ нөхөн төлбөр Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрч зарцуулагддаг байна. Нөхөн сэргээлтийн ажил болон далангийн засварын ажил бүрэн дууссаны дараа холбогдох газрууд шалгаснаар цаашид үйл ажиллагаа явуулах эсэхийг шийдэх аж.