Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

З. Төмөрбаатар:  Метан хийг  олборлох нь  Монгол Улс,  тэр дундаа Өмнөговь аймгийн хувьд маш чухал

Эрин зууны түлш гэж тодорхойлдог метан хийг дэлхийн томоохон хотууд “шүтэж”, энэ салбарын хөгжилд хөрөнгө хүч хаяж эхэллээ. Хүн төрөлхтөнд хамгийн тулгамдсан асуудал цаг агаарын дулаарал, уур амьсгалын өөрчлөлт. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийг түргэсгэж, азоны давхаргын цоорхойг нэмэгдүүлдэг хүлэмжийн хий бол метан хий. Нүүрс олборлож байгаа уурхайнуудаас их хэмжээний метан хий ялгарч байгаль орчинд хор хөнөөл учруулдаг байна. Өндөр хөгжилтэй орнууд түүхий нүүрснээс татгалзаж метан хийг хэрэглэж агаарын бохирдлоо бууруулж эхэлжээ. Өмнөговь аймагт метан хийн хайгуул, судалгаа хийж буй “Жи Өү Эйч” ХХК-ийн Ахлах зөвлөх, Монгол Улсын  зөвлөх инженер З. Төмөрбаатартай ярилцлаа.


Дэлхий нийтэд нүүрсний давхаргын метан хийн хэрэглээ, хөгжил ямар түвшинд байгаа вэ? 

Дэлхийд нүүрсний давхаргын метан хийгээр АНУ, Австрали зэрэг улс тэргүүлдэг. Өнөөдрийн байдлаар АНУ метан хий гэхээс илүүтэй занарын хий олборлож байна. Нүүрс бол хэдэн зуун сая жилийн өмнө байсан нуур цөөрөм, ой ширэнгэ, ан амьтдын үлдэгдлээс үүсэж бий болсон органик нэгдэл. Нүүрсэнд олон төрлийн хий хуримтлагддаг. Эдгээр  хийнээс их агуулгатай нь метан хий буюу байгалийн хий. Байгалийн хий нь хоёр өөр. Нэгд, энэ төрлийн бие даасан том ордууд байдаг. ОХУ, Ойрхи Дорнодын улс орнуудад том том хийн ордуудаас байгалийн хий олборлож  байна. Хоёрт, нүүрсэнд агуулагддаг метан буюу байгалийн хий гэж бий.
 
Нүүрсний давхаргын метан хийг олборлох асуудал яагаад гарч ирсэн бэ гэдэг нь онцгой чухал ач холбогдолтой. “Дэлхийн цаг уурын өөрчлөлт, дулаарал хүн төрөлхтний цаашдын хувь заяанд ноцтой үр дагавар дагуулж байна” гэж саяхан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хүн төрөлхтөнд хандаж үг хэлэхдээ онцгойлон сануулсан. Дэлхий дээр хамгийн тулгамдсан томоохон асуудал бол цаг агаарын дулаарал, уур амьсгалын өөрчлөлт. Цаашдаа энэ байдал 100 гаруй жил үргэлжилбэл дэлхийн хүн, ургамал, амьтан, ус онцгой хүнд байдалд орно. Тиймээс үүний эсрэг тууштай арга хэмжээ авъя гэж дэлхийн улс орнуудад уриалж байна. 2016 онд Францын нийслэл Парис хотод болсон “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт”-ийн тулгамдсан асуудлаар хэлэлцсэн олон улсын хурал болсон. Энэ хуралд Монгол Улс 2030 он гэхэд агаарт алдаж буй метан хийг 14%-иар бууруулах  үүргийг олон улсын өмнө хүлээсэн.

Одоогийн байдлаар Монгол Улс агаарт 20 тонн метан хийг алдаж байна. Нүүрсний давхаргын метан хийнээс гадна 80 гаруй  сая мал, ан амьтан, газар тариалан, хот суурин газруудын цэвэрлэх байгууламж зэргээс метан хий үүсдэг. Гэхдээ  зонхилох том үүрэг нүүрсэнд ногддог. Нүүрсэнд метан хийнээс гадна нүүрсхүчлийн хий агуулагдаж байдаг. Энэ хоёр хий агаар мандалд хөөрч азоны цоорхойг нэмэгдүүлдэг.Энэ хэмжээгээр нарны хэт ягаан туяаг шүүх азоны давхарга цоорч дэлхийн уур амьсгалд ноцтой хор хохирол учруулж байна.

Дэлхий нийт нүүрснээс татгалзаж байна. Хөрш орон нүүрсний том уурхайнуудаа хааж агаарын бохирдолттой тэмцээд эхэлсэн?
 

Тийм ээ. Дэлхийд хамгийн том нүүрс хэрэглэгч бол эрчим хүчний үйлдвэрлэл юм. Гэхдээ  зарим орон нүүрсний хэрэглээгээ  хязгаарлаж эхэллээ. Хятад улс гэхэд Бээжингийн эргэн тойронд байгаа дулааны станцуудыг хийн түлшинд шилжүүлж, олон тооны нүүрсний уурхайнуудаа хаасан. Герман улс 2038 он гэхэд 40 нүүрсний уурхайгаа зогсооно гэж зарласан. Цаашдаа эрчим хүчийг нар салхи, хийн эх үүсвэрт  шилжүүлэхээр тооцоолж байна. АНУ-ын Нью Йорк хот 2020 оноос нүүрсээр ажиллаж байгаа цахилгаан станцаа хийнд шилжүүлэхээр шийдвэрлэж байгаа гэх  мэтээр дэлхий нийт нүүрсийг хязгаарлаж эхэлж байна. Хорт хийг цаашдаа гаргахгүй байхын төлөө тэмцэл эхэлсэн гэсэн үг. Тиймээс нүүрсийг орлох, байгаль орчиндоо ээлтэй, илүү илчлэгтэй хийн түлш нь байгальд онцгой ач холбогдолтой.

Байгаль орчинд хор нөлөө байна уу? Энэ чиглэлийн хайгуул, судалгаа  хэрхэн явагддаг вэ?

Манай улс шингэрүүлсэн шатдаг хийг ОХУ, Хятадаас импортлон гэр ахуй, нийтийн хоолны газруудад хэрэглэж байна. Мөн 20 гаруй мянган автомашин энэ хийн түлшийг хэрэглэдэг гэсэн судалгаа бий.  Энэ нь  нефтийг боловсруулах явцад гарч байгаа дагавар хий болохоос байгалийн хий биш. Манай улсын Засгийн газрын төлөвлөж байгаагаар 2023 оноос нефть боловсруулах үйлдвэрээ барьчихвал шингэрүүлсэн шатдаг хийг импортоор худалдаж авахааргүй болж  өөрсдөө үйлдвэрлэх боломж бий болж байгаа юм. Нүүрсний давхаргын метан хий бол уурхайтай адил нүүрсийг нь ухаж олборлоод, газрын хөрсийг нь хуулж уул овоо, тоос шороо босгохын  зэрэгцээ асар их метан хийг агаар мандалд алдах зэрэг байгаль орчинд ноцтой хор хөнөөл учруулахгүй. Энэ нь хүндийн хүчний үйлчлэлээр газрын гүн рүү нэг км-т доргио үүсгэн долгионы хэлбэлзлээр газрын гүн дэх чулуулгийн давхаргын зузаан, нүүрсний  хэмжээг тодорхойлдог. Нүүрс байгаа бол 400м-ээс доош өрөмдөж судална. Нүүрс 600-800 метрийн гүнд  байвал илүү их метан хийн агуулга өндөртэй байдаг. Өрөмдөж авсан нүүрсээ лабораторийн аргаар дээж авч 1тонн нүүрсэнд хэдий хэмжээний метан хийн агууламж байна вэ гэдгийг тодорхойлдог. Үр дүнтэй, эдийн засгийн хувьд ашиглах боломжтой гэж үзвэл судалгааны ажил цаашаа үргэлжилнэ. Асар их хөрөнгө оруулалт шаардах ажил тул эдийн засгийн хувьд үр дүн муутай бол судалгааны ажил зогсоно. Хэдэн сая доллараар үнэлэгдэх энэ бүх судалгааны ажлаа  Ашигт малтмал, газрын тосны газар, геологийн фондод бүх материалаа бид  өгнө. Энэ материал бидний  цаашдаа хийж гүйцэтгэх  геологийн судалгааны ажилд мэдээллийн чухал материал болж  үлдэнэ гэсэн үг.
 
Байгалийн хий, ахуйн хэрэглээний газаас ялгаатай юу?
 
Гол ялгаа нь, нэгдүгээрт байгаль орчинд хор хөнөөл байхгүй. Хоёрдугаарт, илчлэгийн хувьд өндөр. Тавантолгойн нүүрс 5500-6000 ккал, метан хий үүнээс  өндөр буюу 8000 ккал илчлэгтэй. 1000м/куб метан хийг ашиглахад Таван толгой шиг ийм сайн чанарын 1300-1500 тн нүүрсийг хэмнэнэ гэсэн үг. 1 метр/куб метан хийгээр 3,3кВт эрчим хүч үйлдвэрлэдэг. Нүүрс нь өндөр ач холбогдолтой ашигт малтмал. 2500-аас дээш нэр төрлийн нийлмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гаргах боломжтой гэж эрдэмтэд үздэг. Нэг үгээр хэлбэл юун алт, алмаз. Асар их  эдийн засгийн агууламж өндөртэй ашигт малтмал. Нүүрсний давхаргын метан үүнтэй  яг адил. Метан хий цахилгаан, дулааны станцуудын экологийн цэвэр түлш болохоос гадна, бензин, XXI зууны байгальд хамгийн хор хөнөөлгүй дизелийн түлшийг орлох  дёмётилийн эфирийг гаргаж авна. Мөн шингэрүүлээд бүх төрлийн автомашиныг хийнд шилжүүлж болохоос гадна химийн үйлдвэрийн чухал түүхий эд болдог зэрэг өндөр ач холбогдолтой экологийн хувьд цэвэр түүхий эд юм.
 
Метан хийг цаашдаа олборлосноор Монгол улс, тэр дундаа Өмнөговь аймагт ирэх үр өгөөжийг хэрхэн харж байна вэ?
 
Азид метан хий олборлолтоороо БНХАУ, Индонез хоёр улс тэргүүлж байна. Нүүрсний давхаргын метан хийн хайгуул олборлолтыг БНХАУ маш эрчимтэй хөгжүүлж байна. Өнгөрсөн онд 40 тэрбум шоометрийг олборлосон гэсэн мэдээг сонссон. Магадгүй үүнээс ч давуулсан байх. БНХАУ энэ чиглэлд АНУ-ын технологийг маш сайн нэвтрүүлсэн байна. Бид  Хятадад очиж үзэж, судалсан. Яаж хайгуул хийж олборлодог, хэрэглээ зэргийг газар дээр нь очиж үзсэн. Метан хийг цаашдаа олборлох явдал Монгол Улс,  тэр дундаа Өмнөговь аймгийн хувьд онцгой ач холбогдолтой. Яагаад гэхээр Монгол улс 170 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Нүүрсний баялгаар дэлхийд эхний аравт ордог улс орон. Түүний гол нөөц Өмнөговь аймагт бий. Өмнөговийн энэ эмзэг хөрсийг энд тэндгүй ухаад  байгаль орчин талхлагдаж, мал, ан амьтны бэлчээр хомсдох төлөвтэй болж байна. Газар нутгаа унаган төрхөөр нь байлгаж, байгаль дэлхийнхээ агаар мандлыг цэвэр, хүн амаа амар амгалан, эрүүл энх байлгах үүднээс энэ төслийг хэрэгжүүлэх гээд байгаа юм.
 
Метан хий хайгуул судалгаа, олборлолтын явцад ус ашиглалт хэрхэн явагдах вэ?
 
Өрөмдөхөөр газрын гадарга дээр байгаа ус доошоо шүүрээд байхгүй болж говийн жаахан цэвэр усаа алдчих юм биш үү гэж иргэд асуудаг. Бусад ашигт малтмал олборлож байгаа шиг шууд өрөмдөөд тэсэлдэггүй. Өрөмдөөд гадуур нь өндөр даралттай цемент цутгаж бэхжүүлдэг. Газрын гадаргын усыг доош нь нэвчүүлэх, ан цавууд үүсгэж доош нь алдахаас сэргийлж байгаа юм. Мөн цооногуудаар цаашид хий олборлохын тулд хана нуралтаас хамгаалж байгаа юм. 400 м-ээс доош гүнээс метан хий олборлож байгаа учраас газрын гадаргуу дээр ямар нэгэн суулт гарахгүй. Ард иргэдтэй уулзаж байхад метан хийг нь авахаар хоосон орон зай гараад нэг өдөр газрын гадаргад суулт үүсэх вий гэсэн болгоомжлол ч байна.  Тийм зүйл байхгүй гэж хэлж болно. Метан хий гэдэг их том орон зайг эзэлж байгаа юм биш. Метан хий нь нүүрсэнд шингэсэн байдалтай хүний нүдэнд харагдах макро болон харагдахгүй микро асар олон жижигхэн нүх сүвүүд байдаг. Тэрэнд агуулагддаг хий байхгүй юу. Нүүрсэнд агуулагдсан ус хэдэн зуун жилийн тэртээгээс үүссэн. Маш их минералтай ус нь ан цавууд дахь метан хийг хааж байдаг. Цооног өрөмдөөд гүний усыг  гадагшлуулсны дараа гидродаралтгүй  болж  хий урсан гарах боломжтой болдог.

Тиймээс ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Минералтай усыг газар тариалан, нүүрс угаах үйлдвэр зэрэг техник технологийн зориулалтаар ашигладаг. Хий сорогдож дууссаны дараа шаардлагатай гэж үзвэл буцааж цооног руу шахчихдаг. Энэ усыг Австрали улсад  газар тариаланд өргөн ашигладаг.

Анхны төсөл учраас мэргэжлийн баг, ажиллах хүчээ хэрхэн шийдэж байгаа вэ? 

Монгол Улсдаа анхны төсөл учраас яг энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин байхгүй байна. Өрөмдлөг гэхэд л 1км хүртэл гүн өрөмдөж цементлэгдэнэ гэх мэт.  Хэрэв ихээхэн нөөц илрүүлээд олборлоно гэхэд дамжуулах, түгээх хийн хоолойн тээвэрлэлтийн сүлжээнээс эхлээд бүгд л шинэ. Харин “Жи Өү Эйч” ХХК нь Монголын инженерүүдийг сургана. Өндөр мэргэжлийн зөвлөх инженер Австрали улсаас ирж газар дээр нь зөвлөгөө өгч зааж сургана. Бусад нь бүгд монгол инженерүүд ажиллана.  Энэ төсөл орон нутагт ихээхэн  ач холбогдолтой. Орон нутгаас хангамжаа авах учраас нутгийн иргэдийн орлогод нөлөөлнө. Өмнөговийн ард түмэн хүүхэд залуус, ахмад буурлууд эрүүл орчинд ажиллаж амьдарна. Өмнөговь аймгийн төвийнхөн өвөл утаан дунд амьдарч байгаа шүү дээ. Сүүлийн үед утаанаас болж нялхас эхийн хэвлийдээ эндэж байна. Иймээс өнөөгийн энэ эмгэнэлт нөхцөл байдлаас гарахын тулд иргэдийнхээ эрүүл амьдралын төлөө хийн түлшийг заавал хэрэглэх хэрэгтэй.

Өмнөговь аймаг дэргэдээ хийн түлштэй. Тавантолгойн нүүрсний ордын нүүрсний давхаргын метан хийг  Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр 2014 онд “Голден хорд” компани тус ордын олон жилийн  хайгуул судалгааны ажлын тайланг нэгтгэн судалсан.  Хамгийн багаар бодоход  242,3 тэрбум шоометр, хэрэв нөөцийг нь тогтоох нарийвчилсан хайгуул хийвэл 1 их наядаас ч илүү нөөцтэй байх боломжтой гэсэн дүгнэлт бүхий тайлангаа бичиж тухайн үеийн Засгийн газар, “Эрдэнэс Монгол” компанид хүлээлгэн өгсөн. Ийм их нөөц байсаар байхад бид ашиглахын оронд агаар мандалд хор хөнөөл учруулан цацаад сууж байж болохгүй. Хажууд нь байгалийн хий байж байхад ашиглахгүй утаанд угаартаж, эрүүл мэндээрээ хохирч амьдарна гэдэг үнэхээр анхаарч үзвэл зохих асуудал юм. Нийгмийнхээ төлөө, үр хүүхдийнхээ эрүүл саруул аж амьдралын төлөө хийн түлшийг ашиглах цаг болсон.  Бид утаан дунд амьдрах ёсгүй  ард түмэн.
 
Ярилцсанд баярлалаа.