Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

“Петрочайна Дачин Тамсаг” тендер сонгон шалгаруулалтаа анх удаа ил тод зарлав

Дорнод аймгийн “Агар” студийн сэтгүүлч Э.ОТГОНТУЯА

Дорнод аймгийн удирдлага, Ашигт малтмал, газрын тосны газар, “Петрочайна Дачин тамсаг” компанийн хамтран байгуулсан гурван талт хэлцлийн үр дүн гарч эхэллээ. Тодруулбал тус компани хэлцэлд тусгасны дагуу тендер сонгон шалгаруулалтаа анх удаа ил тод зарлалаа. 
 
Энэ онд тус компани 1 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий байгаль орчныг хамгаалах төслийн тендерийг 12 багцад хуваан нээлттэй зарласан байна. Мөн тендер сонгон шалгаруулахдаа гурван талт хэлцэлд тусгагдсаны дагуу орон нутгийн аж ахуйн нэгжид давуу эрх олгох юм. Уг тендер шалгаруулалт энэ сарын 17-нд болсон төдийгүй 12 ажилд нийт 15 аж ахуй нэгж оролцсоны 10 нь орон нутгийнх байв. Тэдгээрээс найман ажилд орон нутгийн таван компани шалгарчээ. Мөн түүнчлэн Тосон-Уул 19 дүгээр талбайгаас Баянхошуу боомт чиглэлийн 210 км хатуу хучилттай авто замын 156 км замд засвар арчлалтын ажлын тендерт орон нутгийн “Авто агро” компани шалгараад байгаа юм. 

Дорнод аймгийн удирдлагууд “Петрочайна Дачин тамсаг” компанид өнгөрсөн хугацаанд орон нутагт хаалттай, байгаль орчны нөхөн сэргээлтийг хууль журмын дагуу хийдэггүй, бүтээгдэхүүн тээвэрлэх замаа хуулийн дагуу заасан хугацаанд барьж дуусгаагүй зэрэг шалтгаанаар хатуу шаардлага тавьж, тээвэрлэлтийг хоёр удаа түдгэлзүүлж байсан. Улмаар тус аймгийн удирдлагууд өнгөрсөн онд “Петрочайна Дачин тамсаг” компанитай орон нутагтай хамтран ажиллах, байгаль орчныг нөхөн сэргээх, ажлын байр нэмэгдүүлэх, тендер сонгон шалгаруулалтаа ил тод зарлах зэрэг чиглэлээр хэлцэл байгуулсан нь одоо биеллээ олж эхэлж буй юм.