Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Орон нутаг ба Уул уурхай

Тариат сумаас хууль бусаар хүрмэн чулуу олборлох, тээвэрлэхийг хоригложээ

Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дахь Цагаан Уулын орд газраас хүрмэн чулууг хууль бусаар олборлох, тээвэрлэхийг зургаадугаар сарын 6-ны өдрөөс эхлэн хориглосон байна. Сумын Засаг даргын зургаадугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар бүхий захирамжийн дагуу ийнхүү хоригложээ.

Дээрх шийдвэрийг Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн техникийн хяналтын улсын байцаагчийн үйл ажиллагааг зогсоох тухай 2013 оны 03/04/017/38 тоот акт, зөрчил арилгуулах тухай 2016 оны 03/05/017/135 тоот албан шаардлага, зөвлөмж, мөн МХГ-ын улсын байцаагчийн 2019 оны тавдугаар сарын 24-ны өдрийн үйл ажиллагааг зогсоох тухай 03/05/017/27 тоот актыг үндэслэн гаргасан аж. Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дэвсгэрт байрлах хүрмэн чулууны орд газарт холбогдох хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартуудын хэрэгжилтэд өнгөрсөн гуравдугаар сарын 28, тавдугаар сарын 21-ний өдрүүдэд хяналт шалгалтыг МХГ-аас хийсэн байна.

Шалгалтаар хүрмэн чулууны орд газраас орон нутгийн иргэд хууль бусаар олборлолт явуулдаг, түүнд хяналт тавьдаггүй, олборлолт явуулсны улмаас эвдэгдсэн 9 га талбайд нөхөн сэргээлт хийлгээгүй, мөн өндөр эгц хана үүссэн, баруун захын карьерт саравч бий болж, үйлдвэрлэлийн осол гарах нөхцөл байдалтай зэрэг алдаа дутагдал гарчээ. Энэ тухай МХГ-ын улсын байцаагчийн 2019 оны тавдугаар сарын 24-ны өдрийн үйл ажиллагааг зогсоох тухай 03/05/017/27 тоот актад дурдсан байгаа юм.