Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

“Петрочайна Дачин тамсаг” компанид Монгол ажилчдын тоог нэмэгдүүлэхийг  шаардлаа

Дорнод аймагт “Газрын тосны салбарын ажилтны өдөр” жил бүрийн тавдугаар сарын дөрөв дэх ням гарагт болдог. Энэ өдрийг тохиолдуулан Дорнод аймгийн удирдлагууд газрын тосны салбарын ажиллагсдад зориулсан уулзалт хэлэлцүүлгийг энэ сарын 23-нд анх удаа зохион байгууллаа. 

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин тамсаг” компанид өнгөрсөн сарын байдлаар 598 монгол ажилтан ажиллаж байна. Үүнээс Газрын тосны 19-р талбайд 294, 21 дүгээр талбайд 272, Улаанбаатар хот дахь оффист 32 хүн ажилладаг аж. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт 40 гаруй ажилчид оролцож тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан юм. Тэд өөрсдийн ажиллаж, амьдарч буй орчин нөхцлөө сайжруулах хүсэлтэй гэдгээ  илэрхийлээд ажилчдын эрх ашгийг хамгаалах хууль хэрэгжихгүй байгаагаас Монгол ажилчдын эрх зөрчигдөх явдал гардагийг онцолж байв. “Петрочайна Дачин тамсаг” компанийн зүгээс Монгол ажилчдын 20 хувийг цомхотгох шийдвэр гаргах төлөвтэй  ч тус  аймгийн удирдлагуудаас Монгол ажилчдын тоог нэмэгдүүл гэсэн албан шаардлага  тавьж байгаа аж. 

“Петрочайна Дачин тамсаг” компанийг гүний ус хэтрүүлэн хэрэглэсэн, байгалийн нөхөн сэргээлт хийгээгүй, газрын тос тээвэрлэх замаа хуулийн хугацаанд барьж дуусгахгүйгээр олон салаа зам гаргаж байгаль орчинд хохирол учруулсан гэх зэрэг үндэслэлээр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 2017, 2018 онуудад бүтээгдэхүүн тээвэрлэлтийг нь түдгэлзүүлж байсан юм. Уг шийдвэрийн дараа Дорнод аймгийн удирдлага, “Петрочайна дачин тамсаг” компани, Ашигт малтмал газрын тосны газар гурвалсан гэрээ байгуулж, дээрх асуудлуудад хэлцэлд хүрсэн ч хэрэгжилт хангалтгүй байсаар буйг холбогдох албаны хүмүүс онцолж байв.