Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Орон нутаг ба Уул уурхай

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шав тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрбээр  Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэв. Мөн энэ үеэр Монгол Улсын “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслол Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн Бударын хөндийд боллоо. Энэхүү төслийн захиалагчаар “Монголын төмөр зам”ТӨХК ажиллах бол гүйцэтгэгчээр ул шорооны ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб, дэд бүтцийн ажлыг “Улаанбаатар төмөр зам”ХНН ажиллана. Зүүнбаян-Тавантолгой чиглэлд зам байгуулснаар Зүүнбаян өртөөнд ачаа зөөх буулгах хоёр терминал, дөрвөн төмөр замыг нэмж барих юм.

"Улаанбаатар төмөр зам”ХХН-ийн дарга Д.Жигжиднямаа Зүүнбаян өртөөний үйл ажиллагааг танилцуулав. Зүүнбаянгийн төмөр зам нь Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн гол зангилаа болох юм. Зүүнбаянгаас Сайншанд хүртэл 47км төмөр замаар 7 хоногт 21 галт тэрэг газрын тос, сард 150 галт тэрэг нүүрс тээвэрлэдэг байна. Уг төмөр зам батлан хамгаалахын чиглэлээр 1984 онд ашиглалтад орсон бөгөөд “Улаанбаатар төмөр зам”-ын харьяанд байдаг. Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орсноос хойш засвар шинэчлэл хийгдээгүй иржээ. 2020 онд “Улаанбаатар төмөр зам”-аас 37.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Зүүнбаянгийн төмөр замын их засварыг хийхээр төлөвлөж буй аж.

Мөн Ерөнхийлөгч Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалттай танилцав. “Улаанбаатар төмөр зам” нь ирэх долдугаар сарын 15-нд үйлдвэрийн 18.8км төмөр замыг хүлээлгэн өгнө. Харин хүнд даацын тусгай зориулалтын 16.3 км авто замыг Батлан хамгаалах яам гүйцэтгэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний 20 гаруй анги, байгууллагын 189 цэргийн алба хаагч ажиллаж байгаагаас  100 гаруй нь инженер техник, машин механизмын ажилчид, 21 нь хугацаат цэргийн албан хаагч нар үүрэг гүйцэтгэж байна.