Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Орон нутаг ба Уул уурхай

Бичигтийн боомтоор тээвэрлэлт хийх компаниудад зам засварлахыг үүрэгдэв

Бичигтийн боомт руу тээвэрлэлт хийдэг уул уурхайн компаниудад Сүхбаатар аймгийн удирдлагын зүгээс зам засварын ажлаа эхлэхийг үүрэг болголоо. Тодруулбал ирэх сараас өмнө засварын ажлаа эхлээгүй тохиолдолд тээвэрлэлт хийхийг хориглох тухай өчигдөр мэдэгджээ. Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах гэж байгаа уул уурхайн найман компанийн  (“Олгойбулаг”, “Нагааранз”, “Алаг тогоо”, “Дорнын чулуулаг”, “Андын илч”, “АДАЭ”, “Говьмастер”, “Эрдэнийн босго” зэрэг компани) төлөөлөлтэй уулзах үеэр энэ тухай мэдэгдсэн юм.

Дээрх чиглэлийн зам эвдэрч муудсан тул орон нутгийн зүгээс замаа зассаны дараа тээвэрлэлтээ хийх тухай шаардлагыг өнгөрсөн гуравдугаар сард болсон уул уурхайн зөвлөгөөний үеэр байгуулсан ажлын хэсгийн зүгээс уурхайн компаниудад өгсөн билээ. Гуравдугаар сард өгсөн үүрэг чиглэлийн дагуу зам засвар, арчлалтын ажил эхлээгүй байгаагийн сацуу бүтээгдэхүүн тээвэрлэх замын чиглэлээ аймгийн Засаг даргын захирамжаар батлаагүй байгаа юм. Тиймээс ирэх зургадугаар сарын 1-ний дотор дээрх үүргийг биелүүлэхгүй бол тээвэрлэлт хийх боломжгүйг орон нутгийн зүгээс албан ёсоор мэдэгдлээ.

Уурхай эрхлэгч компаниудын хувьд хамтарч хөрөнгөө гаргаж, зам засвар, арчлалтын ажлыг хийх боломжтой ажээ. 

Уулзалтад уул уурхайн найман компанийн төлөөллөөс гадна Сүхбаатар аймгийн Засаг дарга, түүний зөвлөх, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн төв, БОАЖГ зэрэг ажлын хэсэгт багтсан агентлагийнхан оролцлоо.