Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Орон нутаг ба Уул уурхай

“Энержи Ресурс” Дорноговь аймгийн эмнэлэгт нярайн тоног төхөөрөмж хандивлав

“Энержи Ресурс” компани Ухаа худаг уурхайн 10 жилийн ойгоороо “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ-тай хамтран нийгэм рүү чиглэсэн төслийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд говийн бүсийн аймгуудын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгуудыг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар болсон юм. Энэ дагуу өнөөдөр (тавдугаар сарын 10) Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн болон нярайн тасагт 14 төрлийн 25 тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. 

Тодруулбал,  нярайн инкубатор, шарлага болон дуслын аппарат, билиметр (шарлалтыг хэмжихэд нярайг зүү тариураар хатгах шаардлагагүйгээр, шууд хэмжилт хийдэг төхөөрөмж) гэх мэт нэн шаардлагатай, хүрэлцээ муутай тоног төхөөрөмжүүд багтсан байна. Дорноговь аймагт жилд 1400-1500 орчим эх төрдөг бөгөөд нийт төрөлтийн 98.4% нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ногдож буй.

Тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаанд Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг, Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Мөнхбаясгалан, “Энержи Ресурс” ХХК-ний Нийгмийн хариуцлагын менежер, төслийн удирдагч Г.Отгонтуяа, “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Бат-Энх болон эмч, эмнэлгийн ажилтнууд оролцов. Тоног төхөөрөмжтэй болсноор Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхэд, нярайн тасгуудын нярайн тусламж үйлчилгээний 4-5 үзүүлэлтийг сайжруулах боломж бүрдэж байгаа аж. Тухайлбал, “Нярайн сэхээн амьдруулах тоног төхөөрөмжтэй болсноор эрт нярайн эндэгдлийг бууруулах, дутуу нярайг амьдруулах боломж бүрдэж байна” гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг онцоллоо.

Энержи Ресурс” компанийн нийгмийн хариуцлагын менежер, төслийн удирдагч Г.Отгонтуяа  “2018 онд манай компанийн Ухаа худаг төслийг Монгол залуучууд гардан хэрэгжүүлсний 10 жилийн ой болсон. 10 жилийн ойг баяр ёслол болгохоос илүүтэйгээр нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудад анхаарч төсөл хэрэгжүүлэхээр шийдсэн. Бид “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ-тай хамтран говийн бүсийн аймгуудын эрчимт эмчилгээний тасгуудыг тоног төхөөрөмжөөр хангах төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэхүү төсөл маань амжилттай хэрэгжиж байгаад баяртай байна" гэдгээ илэрхийллээ.