Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

С.Батхүү: Уул уурхай орон нутагт ямар нөлөө үзүүлж байгааг мэдрүүлэх боломж хаагдмал

“Цайрт Минерал” компанийн Ерөнхий захирал С.Батхүүтэй Төмөртийн-Овооны Уулын баяжуулах үйлдвэр (ҮБҮ) болон бусад асуудлаар ярилцлаа.

“Цайрт Минерал” компанийн талаар иргэдийн мэдээлэл харьцангуй бага байна. Дэлгэрэнгүй ярина гэдэгт итгэж байна. Төмөртийн-Овооны УБҮ-т цайрын хүдэр олборлодог. Гол олборлодог хүдрээс өөр илэрсэн ашигт малтмал одоогоор бий юу?
Төмөртийн-Овоо нь цайрын хүдрийн орд учир олборлодог ашигт малтмал нь цайр юм. Цайрын хүдэрт зарим төрлийн эрдэс дагадаг. Ашигт малтмалын агууламжийн хэмжээнээс шалтгаалж борлуулах эсэх боломж тодорхой болно. Газрын хөрсөн дэх дурын чулууг аваад үзэхэд Д.И.Менделеевийн үелэх системийн олон төрлийн бодисууд илрэх хэдий ч бүгдийг ялган авах боломжгүй. Манай компанийн олборлож буй хүдрээс цайрын хувьд борлуулалтын үнэ тогтоогдох, дараагийн шатанд хэрэглэх боломжтой. Зарим тохиолдолд дагалдах байдлаар мөнгө илэрдэг. Энэ тохиолдолд худалдааны гэрээний дагуу үнэ тооцож авна. Харин манай экспортод гарч буй баяжмалд Монгол Улсын гаалийн хяналт хийгдэж дагалдах байдлаар ямар нэг метал илэрсэн бол борлуулалтын үнэ тооцох боломжтой эсэхээс үл хамааран ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) тооцдог. Тэр татваруудыг бид 100% төлж байна.

Уурхайн үйл ажиллагаа хэд дэх жилдээ явагдаж байна вэ? Өнөөг хүртэл хэчнээн хэмжээний цайрын хүдэр олборлоод байгаа бол? Нөөцийг нэмж тогтоосон уу?
Уурхайн үйл ажиллагаа 2005 оны наймдугаар сард эхэлснээс хойш 14 дэх жилдээ явагдаж байна. Жилдээ 400-420 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Үүнийг дагаад ил уурхайн хүчин чадалдаа тохирсон боловсруулалт хийнэ гэсэн үг. Өнөөдрийг хүртэл 5.7 сая тонн хүдэр олборлоод байна. Ил уурхайн ашиглалтын явцад 2012 оноос хойш ашиглалтын хайгуул хийсний үр дүнд 2019 оны нэгдүгээр сард нэмж 8-9 жилийн нөөц шинээр батлуулж ил уурхай маань далд уурхай руу шилжих нөхцөл бүрдэж байна. Бидний тооцооллоор 2030 он хүртэл УБҮ үйлдвэр яг энэ эрчээрээ явах боломжтой болсон. Энэ бол бидний хувьд дараагийн шатанд гарах том ахиц юм. Түүнчлэн, улс орон нутаг болоод уурхайн ажиллагсдын ирээдүйг баталгаажуулсан үйл явдал боллоо. Иймд далд уурхайн хөрөнгө оруулалт шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Манай компани байгуулагдсан цагаас өнөөг хүртэл хариуцлагатай уул уурхайг бий болгох зорилт тавин ажиллаж буй.

“Цайрт Минерал” компани Сүхбаатар аймгийн төсөвт 2013 оноос эхлээд жил бүр 1.5 тэрбум төгрөг оруулдаг гэхээс илүүтэй мэдээлэл иргэдэд тун ховор. Нийгмийн хариуцлагын чиглэлээр орон нутагт хийсэн томоохон хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтуудаасаа танилцуулна уу?
 2013 онд “Цайрт Минерал” компани орон нутагтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд жилд 1.5 тэрбум төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлдэг. Энэ мөнгийг эрүүл мэнд, боловсрол, жижиг дунд бизнес эрхлэгч, хөдөө аж ахуйн шаардлагатай нэгжүүд, аймгийн бүтээн байгуулалтуудад зарцуулж байна. Үүнийг аймагтайгаа зөвшилцөж тухайн жилдээ зарцуулах чиглэлийг тодорхойлж баталгаажуулаад, зарцуулалтыг тайлагнадаг уламжлалтай. Нийгмийн хариуцлагын хүрээнд, 2007-2008 онд Сүхбаатар аймгийн төв талбайг жанжин Сүхбаатарын хөшөөтэй нь хамт бүрэн шинэчлэлийг гардан гүйцэтгэхэд 800 гаруй сая төгрөг зарцуулсан. Мөн аймгийн төвд уурхайн ажилчдын хотхоныг барьж эхлүүлээд, өнгөрсөн арваннэгдүгээр сард 3 дахь ээлжийн барилга ашиглалтад орсон. Манай компанийн 108 өрх айл энд амьдарч байна. Өрх гэдгийн хувьд нэг гэр бүлийн хоёр хүн “Цайрт Минерал” компанид ажилладаг. Зарим өрхөөс хүүхдүүд нь ч манай уурхайд ажиллаж, үе дамжсан уурхайчид бий болох эхлэл тавигдлаа. Нийт 140 орчим ажилчид хотхонд амьдарч байна. Орон сууцны “Цайрт” хотхоны эрчим хүч, цэвэр бохир усны шугам хоолой, авто зам гэх мэт дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдсэн. Ингэснээр хотхоны ойролцоо өөр орон сууц шинээр баригдах боломж бүрдсэн нь манай үйлдвэрийн иргэдэд хүрч буй дам өгөөж гэж ойлгож болно.

Боловсролын чиглэлд, орон нутгийн хүүхдүүдийг тодорхой шалгуурт үндэслэж их дээд сургуульд сурах боломжоор ханган сургалтын төлбөрийг бүрэн хариуцдаг. Энэхүү хөтөлбөрт давхардсан тоогоор 400 гаруй хүүхэд хамрагдсан байдаг. Жил бүр 40-50 хүүхэд “Цайрт Минерал” компанийн тэтгэлэгт хамрагдаж байна. Компанийн нийт ажиллагсдын 98% нь Сүхбаатар аймгийн иргэд. Ажилчдын хүүхдүүдийн сургалтын төлбөр болон бусад хамтын ажиллагаатай сумдын хүүхдүүд нэмэгдээд дээрх тоо гарч байгаа юм. Сүхбаатар аймагт багийн спортыг хөгжүүлэх тал дээр нэлээд анхаарч, хөрөнгө оруулалт хийж байна. Энэ хүрээнд волейболын спортыг дэмжин олон сайхан амжилт гарсан. Аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн “Цайрт Минерал” компанийн нэрэмжит болоод 13 дахь жилтэй золгож байна. Ирэх тавдугаар сарын 11-12-нд энэ жилийн ААШТ болно. Шагналын сан харьцангуй өндөр. Зохион байгуулалт сайтай явагддаг.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн бааз суурийг сайжруулахад багагүй хөрөнгө зарцууллаа. Эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийг тоног төхөөрөмжийн хамт иж бүрнээр  тохижуулсан нь орон нутагтаа анхдагч болсон. Мөн Нэгдсэн эмнэлгийг хос цахилгаан шат, элэгний В, С вирус оношлох иж бүрэн лаборатори зэргийг 2017 онд байгуулж нийт 600 сая төгрөгийн хөрөнгө оруулсан. Түүнчлэн, барилгын ажил нь зогсоод байсан Уламжлалт анагаах ухааны эмнэлэгт шаардлагатай нэмэлт санхүүжилт 600 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр эмнэлэг баригдаад дуусч байна. Үүнээс гадна эмнэлгийн ор шинэчлэх, өрхийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх зэрэг эрүүл мэнд рүү чиглэсэн ажилд 2018 онд гэхэд нийт 800 сая төгрөгийг зарцууллаа.

“Цайрт” орон сууцны гурван барилга баригдсан байна. Ажилчдаа 100% орон сууцаар хангахад нэмж хэчнээн орон сууцны барилга барих вэ?
Төлөвлөгөөгөөр 5 барилга барина. Өнгөрсөн жил 3 дахь барилгыг хүлээлгэж өгсөн. Үлдсэнийг хоёр жилд барьж дуусгаад, бүх ажилчдаа орон сууцтай болгоно гэсэн зорилготой. Уурхайд ажиллаж, олон жил хөлс хүчээ улс орныхоо хөгжлийн төлөө зориулж байгаа хүмүүс боловсон байранд амьдрах эрхтэй. Манай нэг ажилтан жилд 230 орчим сая төгрөгийн татварыг улсад төвлөрүүлдэг тооцоо бий. Манай компанийн үнэт зүйл нь нийт уурхайчид маань юм. Тэднийхээ ажиллах, амьдрах орчин нөхцөлийг таатай байлгах боломжийг байнга эрэлхийлдэг. Жил бүр цалинг нь тодорхой хувиар нэмэх бодлого барьдаг. Өнгөрсөн жил цалинг нь 5%-иар нэмсэн бол энэ жил 10% нэмэхээр шийдвэрлэсэн.

Орон нутагтай Хамтран ажиллах гэрээний санхүүжилтийн дагуу хийгдэх ажлуудыг орон нутаг санаачилдаг уу, эсвэл танай компани уу?
Орон нутаг санаачилдаг. Аймгийн удирдлагууд нэн хэрэгцээтэй ажлуудыг тодорхойлж, тэдгээрийг эрэмбэлэхэд нь бид харилцан зөвшилцөн олонх иргэдэд хүртээмжтэйг хийж байгаа. Өмнө нь орон нутагтай гэрээгүй ажиллаж байхдаа бид нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилж хийсэн ажлууд олон бий. Одоо бол орон нутаг шаардлагатай бүтээн байгуулалтын ажилд зарцуулах зарчмаар ажиллаж байна. Аж ахуй нэгж нэг ажил барьж авч хийснээс, бодлого тодорхойлж байгаа удирдлагуудын саналд тулгуурлах нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа.

Сүхбаатар аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжээс хамтран ажиллах гэрээний дагуу 2018 онд аймгийн төсөвт нийт 2 тэрбум орчим төгрөгийн орлого, үүний 1.5 тэрбум нь “Цайрт Минерал” компаниас оржээ. Эндээс танай компанийн цар хүрээ харагдаж байгаа юм. Орон нутагтай хийсэн гэрээнээс бусад хөрөнгө оруулалт жилдээ хэд орчим төгрөгт хүрдэг вэ?
Орон нутагт яг төчнөөн төгрөгийн хөрөнгө оруулна гэж хуульчилсан зүйл байхгүй. Дээр дурдсан 1.5 тэрбум бол Сүхбаатар аймагтай байгуулсан Хамран ажиллах гэрээний үндсэн дээр аймгийн төрийн санд төвлөрүүлэх ёстой мөнгө юм. Үүнээс гадна уламжлалт олон ажилд хөрөнгө оруулалт хийдэг. Энэ зардлууд нийтдээ 2018 онд  2 гаруй тэрбум төгрөгийг Сүхбаатар аймагт оруулж байна. Монгол Улсад уул уурхайн компаниудаас анх удаа “Цайрт Минерал” компани орон нутагтай хамтарч ажиллах гэрээг 2013 онд Сүхбаатар аймгийн ЗДТГ-тай байгуулж байсан. Хоёр талаасаа ярилцан, сайн дурын үндсэн дээр, нийгмийн хариуцлагын хүрээнд байгуулж байлаа. Өнөөг хүртэл уламжлал болж, дөрвөн жилийн давтамжтайгаар гэрээгээ сунган байгуулж хамтран ажиллаад явж байна. Дараагийн компаниуд бидний энэ жишгээр явах ёстой шүү гэдгийг үлгэрлэсэндээ сэтгэл хангалуун байдаг.  Цаашдаа бид хуулийн хүрээнд орон нутагтай хамтарч ажилладаг жишиг тогтвол илүү үр дүн гарна гэж харж байна. Уул уурхай гэдэг бол араасаа олон жижиг дунд үйлдвэр, бизнесийн нэгжүүдийг чирч явдаг онцлогтой салбар.

“Цайрт Минерал” компанийн үйл ажиллагаа эхэлсэн цагаас Та Сүхбаатар аймагт ажиллаж амьдарч байна. Компанийн Ерөнхий захирлыг албанд ч томилогдсон. Орон нутагтай хамтарч ажиллахад бэрхшээлтэй зүйл байдаг уу?
Хамтарч ажиллахад бүх зүйл сайн байсан гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ бид аль аль талаасаа ойлголцон ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл манай компанийн үйл ажиллагаа зогсолтгүй, тогтвортой явсны маань үр дүнг хоёр талын хуулийн хүрээн дэх хамтын ажиллагаа гэж хардаг. Ингэснээр улс орны төсөв бүрдэх найдвартай нөхцөлийг бүрдүүлэх, үүнээс хамааран төрийн албан хаагчид цалин, тэтгэвэр авдаг, иргэдийн орлого тогтвортой байх зэрэг томоохон асуудалд манай компанийн үйл ажиллагаа дэм болж байгаа гэж ойлгодог.

Саяхан аймагт болсон уул уурхайн зөвлөгөөний дараа аймгийн зүгээс энэ салбарын компаниудтай хийх гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай санал гарсан. Танай компанийн жилд олдог ашгийн 3%-ийг аймагт хуваарилах бодлого барьж байгаа гэж албаны хүн хэлсэн. Энд Та ямар байр суурьтай байгаа вэ?
Ийм бодлого яагаад барьж болохгүй гэж? Гол нь цаашдаа хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд гарсан бодлогыг бид дагаж мөрдөх боломжтой. Одоогийн байдлаар орон нутагтай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болоогүй байна. Дараагийн гэрээн дээр энэ асуудлыг бодит нөхцөл байдалтай уялдуулан шийдвэрлэвэл аль аль талдаа оновчтой болно.

Орон нутагт оруулж байгаа хөрөнгөөр өөрсдийн саналаар нэг томоохон бүтээн байгуулалт хийе гэдэг санаачилга гаргах эрх зүйн үндэс байдаг болов уу?
Ийм байдлаар хэд хэдэн төслийг өнгөрсөн хугацаанд компани хэрэгжүүлсэн. Тухайлбал, Сүхбаатар жанжны талбай, Дөрвөлжийн цэцэрлэгт хүрээлэн гэх мэт томоохон ажлуудыг хийлээ. 2013 оноос эхлэн аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулж орон нутгийн саналыг дэмжих замаар хөрөнгө оруулалтыг хийж байна.

“Цайрт Минерал” компани үйл ажиллагаагаа эхэлснээс хойш улс, аймагт хэдий хэрийн татвар төвлөрүүлсэн бэ?
2005-2007 он хүртэл бид Сүхбаатар аймагт татвараа 100% төлдөг байсан. Төсвийн тухай хууль шинэчлэгдэн “том татвар төлөгч” гэдэг ангилал бий болж эхэлснээс хойш манай компанийн улсад төлж байгаа татвар Татварын ерөнхий газрын том татвар төлөгчийн алба руу шилжсэн. Их сан руу шууд ордог гэсэн үг. Одоо орон нутагт ХАОАТ, эрүүл мэнд, НДШ, газар болоо ус ашигласны төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татваруудыг төлж байгаа юм. Өнгөрсөн жил бид улсад 83 тэрбум төгрөгийн татвар төлсөн бөгөөд 3.1 тэрбум нь Сүхбаатар аймгийн төсөвт төвлөрсөн. Дээр нь аймаг руу Орон нутаг хөгжүүлэх санд улсаас мөнгө ордог. Энэ хөрөнгийн эх үүсвэр нь АМНАТ-ийн хэмжээнээс үүдэж хуваарилагддаг. Хэчнээн уурхайгаас санд төлбөр хуримтлуулснаас хамаарч, аймаг руу нь хуваарилдаг. Тухайн санд манай компани АМНАТ-т 30 орчим тэрбум төгрөг оруулсан байна. Үүний 1.5 тэрбум нь аймагт хуваарилагдсан гэж ойлгож болно. “Цайрт Минерал” компани 2005-2018 он хүртэл ажиллах хугацаанд улс орон нутагт 455 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна.
 
Сүхбаатар аймагт уул уурхайн хөгжил, бодлого хэр зөв голдирлоор явж байна уу? Орон нутаг ямар бодлого баривал уул уурхайн хөгжил хариуцлагатай, эрчимжинэ гэж Та хардаг вэ?
Сүхбаатар аймгийн уул уурхайн салбарын хөгжил нэлээд эртнээс улбаатай. Хамгийн анхны шанг татсан Бүрэнцогтын уурхай, Тал булгийн уурхайг нэрлэж болно. Харин үүнээс хойш нүүрс, жонш, төмрийн хүдэр гээд хэд хэдэн уурхай бий болсон байдаг. Төмөртийн-Овооны цайрын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор 1998 онд “Цайрт Минерал” компанийг байгуулж төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 2005 онд эхлүүлсэн. Манайхаас хойш тогтвортой үйл ажиллагаатай томоохон хэмжээний уурхай харамсалтай нь бий болсонгүй. Хэд хэдэн үйлдвэр баригдсан ч тогтвортой үйл ажиллагаа явуулахгүй байна. Уурхайнууд бүгд тогтвортой ажиллаад эхэлбэл орон нутагт илүү өгөөжтэй байх юм. Миний бодлоор Сүхбаатар аймагт уул уурхайн салбарын хөгжил хангалттай хэмжээнд явахгүй байгаа. Уурхай бүр хариуцлагатай байх ёстой. Аймаг хариуцлагатай уурхайг дэмжих хэрэгтэй. Иргэд уул уурхайн талаарх мэдлэг хомс. Энэ салбарын өгөөжийг бодит байдлаар мэдээлэх тал бүрийн хүчин чармайлт бага байна. Сүхбаатар аймагт уул уурхайг хөгжүүлэх бүрэн дүүрэн нөөц байгаа гэж бодож байна. Гэхдээ нийгмийн хэрэгцээ, шаардлагын үүднээс уурхайг ашиглах эсэх нь хамаарна. Дэлхийн зах зээл дээр аль нэг түүхий эдийн үнэ унаснаас түр зогсох нөхцөл үүсэж болзошгүй. Гэвч энэ бол түр зуурын л асуудал. Үнэ ханш өдөр өдрөөр хэлбэлздэг.

Нэг зүйлийг онцлоход, уул уурхай хөгжихийн хэрээр орон нутагт хөгжил мөн л тэр хэрээр ирнэ. Наад зах нь иргэдийн орлого нэмэгдэнэ. Дэд бүтэц хөгжих өргөн боломж гарна. Уул уурхайн өгөөж орон нутагт хэрхэн шууд нөлөөлж байгааг Дорнод, Дорноговь аймгаас харж болно. Мөн эдгээр аймагт дэд бүтцийг дагасан хүн амын урсгалаас улбаалсан амьжиргааны өөр хэвшил бий болсон гэж харагддаг. Сүхбаатар аймагт ч бас ийм боломж бий. Бичигт боомт руу чиглэсэн авто болон төмөр замын асуудлыг шийдчихвэл олон зүйл өөрчлөгдөн хөгжлийн том үүд хаалга нээгдэнэ.

Компанийн байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг мэргэжлийн байгууллагууд хэрхэн үнэлдэг вэ?
Манайд байгаль орчны аюулгүй ажиллагааны хэлтэс гэж бий. Хэлтсээрээ дамжуулаад жил бүр хийх ажлаа төлөвлөгөөндөө тусгаж хийдэг. Харьцангуй том талбай эзэлдэггүй учраас хийх ажил бага. Жилдээ нөхөн сэргээлтэд 100-200 сая төгрөг зарцуулдаг. Техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийнэ. Жилдээ хамгийн багадаа 1000 гаруй мод тарьж байна. Ойр орчмын худаг, булгыг хамгаалах зэргээр дүйцүүлэх байгаль орчин хамгаалах ажлууд нэлээд хийж буй. Жил бүр байгаль орчны чиглэлээр хийгдсэн ажлыг орон нутгийн мэргэжлийн байгууллага иргэдийн оролцоотой ажлын хэсэг шалган 80%-иас дээш үнэлэлт өгч хүлээн авдаг юм.

Орон нутгийн нэгжүүдтэй хэр хамтардаг вэ? Саяхан танай компанийг оёдлын үйлдвэртэй хамтарч ажиллахгүй байна гэдэг шүүмж олон нийтийн сүлжээнд тавигдсан байсан?
Аймагтай байгуулсан гэрээний дагуу жил бүрийн хөрөнгө оруулалтын 500 сая төгрөгийг Жижиг дунд бизнес дэмжих санд оруулж ажлын байр нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг дэмжин зээл олгож байгаа. Энэ ажлын хүрээнд сүүлийн хоёр жилд аймагт 100 орчим ажлын байр бий болсон гэсэн тоо гарчээ. Үйлдвэрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа орон нутгийн байгууллагатай “Цайрт Минерал” компаниас аль болох хамтран ажиллах бодлого барьж байна. Саяхан “Сүхбаатар проимпекс” компанитай хоёр дахь удаа гэрээ байгуулж баяжмалын 5000 уут хийлгэх захиалга өгсөн. Уурхайн ажилчдын хоолны махыг орон нутгаас авч байна. Хүнсний бүтээгдэхүүнээ ч аймгаасаа авч байгаа.

“Цайрт Минерал”  компанид одоо нийт хэдэн хүн ажиллаж байна. Хэдэн хувийг орон нутгийн иргэд эзэлж байгаа вэ?
Одоо нийт 370 орчим ажиллагсадтай. Монгол ажилчдын 98% нь Сүхбаатар аймгийн иргэд байдаг. Үүнээс гадна 40 орчим гадаад инженер техникийн ажилтан ажиллаж байна.

Танай компанийн тухай гүнзгий мэдээлэлтэй иргэд олон биш байдаг. Хэвлэл мэдээллээр ч тэр бүр мэдээлэл цацагдаад байдаггүй. Хаалттай  ч юм шиг?
“Цайрт Минерал” компани бүхий л үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулахыг зорьдог нь олон түмний анхаарлын төвд ордоггүйн шалтгаан байх. Бидний тухай олонх иргэд эерэг хандлагатай байдаг. Мэдээллийг хангалттай түгээдэг гэж бодож байгаа. Манай компанийн албан ёсны сайт www.tsairt.mn гэж бий. Энэ сайтаас бүх мэдээллийг авч болно. Аймгийн төвөөс наашаа бид өөрсдийн хөрөнгөөр өндөр хурдны шилэн кабель татсан. Үүнийг Сүхбаатар, Түмэнцогт сумын иргэд үүрэн холбооны сүлжээгээр холбогдох боломжийг хангасан. Аймагт утасгүй, холбоогүй, зурагтгүй айл ховор. Мэдээлэл авах боломж нээлттэй. Компани мэдээллээ олон нийтийн телевизээр цацдаг. Мөн өнгөрсөн жилээс эхлэн “Сүхбаатарын өнгө” сонинтой гэрээ байгуулаад ажиллаж, мэдээллээ түгээж байна. Орон нутгийн холбогдолтой сэтгүүлтэй хамтран ажилладаг уламжлалтай. Манай компанийн үйл ажиллагаа, үйлдвэртэй танилцахыг хүссэн хэнд ч нээлттэй. “Цайрт Минерал” компанитай танилцах аяллыг жил бүр зохион байгуулдаг. Сонирхсон хүн бүрд үйл ажиллагаагаа танилцуулахад бэлэн байгаа гэдгийг энэ дашрамд хэлье.

Компани бүх татвараа аймагт төлдөг байсан нь шинэчлэгдсэн хуулиар өөрчлөгдсөн. Тэгэхээр уул уурхай орон нутагт хэрхэн эерэгээр нөлөөлж буйг мэдэх боломж хумигджээ гэж ойлгож байна?
Улс төрийн бодлого тогтвортой байвал аль аль талдаа л хэрэгтэй. Та маш зөв асуудлыг хөндлөө. Уул уурхай орон нутагт ямар нөлөө үзүүлж байгааг мэдрүүлэх боломж хаагдмал. Иргэд ч мэдэхийг хүсэж байгаа. Манай улс нэгдсэн төсөвтэй. Бүх төсвийг төр аваад, буцаагаад жигд хуваарилдаг. Үүнийг орлогын тэгш бус хуваарилалт гэж хардаг. Сүхбаатар аймгийн нутгаас бий болгосон өгөөжийг энэ аймагт арай түлхүү байдлаар хуваарилах учиртай. Гэтэл ийм нөхцөл  байдаггүй учраас иргэдэд уурхай өгөөжөө өгөхгүй байна гэж харагдуулаад байгаа юм. Үүнийг буруутгаж болохгүй л дээ. Орон нутгаас төсвийн орлого бүрдэж л байгаа бол тухайн нутагт арай давуу байдлаар хуваарилдаг байхгүй бол уул уурхайн салбарын талаар иргэд улам л буруугаар ойлгосоор байна.

Уул уурхайн нь Монгол Улсын төсвийг нуруундаа үүрч яваа гол салбар. Гэтэл төсөв бүрдэхгүй, дутаад байна л гэдэг. Тиймээс энэ салбарыг төрөөс дэмжиж, үйл ажиллагааг жигд явуулах ёстой гэдэг бодлогоо лоозон маягаар биш бодит болгох ёстой. Орон нутагт уул уурхай зөв хөгжүүлэхэд төр хууль эрх зүйн орчныг тодорхой, тогтвортой байлгаасай гэж хүсдэг. Уул уурхай тогтвортой үйл ажиллагаа явуулж байвал орон нутагт үзүүлэх нөлөө мөн л өснө. Эдийн засаг сайжрахаас эхлээд иргэн бүрт мэдэгдэхүйц нөлөөлж эхэлнэ. Магадгүй өөр аймгийн иргэд Сүхбаатар шиг томоохон уурхай манай нутагт нээгдээсэй гэж мөрөөдөлтэй болох хүртэл хариуцлагатай уул уурхай хөгжих боломжтой.

Цаашдаа “Цайрт Минерал” компани орон нутагт өнөөдрөөс илүү ээлтэй байдлаар ажиллах ямар бодлого барьж байна вэ?
Бид хуулийн хүрээнд уул уурхайн салбарт үлгэр болохуйц ажиллахыг зорьдог, энэ зарчмаа ч барина. Хамгийн гол нь төрөөс уул уурхайн салбарыг дэмжиж, бусад үр шимийг хүртэх илүү боломжийг баталгаажуулсан, тогтвортой бодлоготой байгаасай гэж боддог.

Шийдвэр гаргагчид танайд хандан өөртөө ашигтай байдлаар хамтарч ажиллах санал тавьж байсан тохиолдол байдаг уу?
Тийм санал ирж байгаагүй. Орон нутагт уул уурхай хариуцлагатай, ээлтэй байдлаар  ажиллаж болдгийг үлгэрлэж буй гэдэгтээ бид итгэлтэй байдаг.

Компанийн ирээдүйг Та хэрхэн харж байна?
Манай төсөл олон жилийн судалгаан дээр үндэслэн хэрэгжиж байгаа. 2030 он хүртэл арав арван жилийн төлөвлөгөөний дагуу ажиллана. Компанийн үйл ажиллагаа зөвхөн Төмөртийн-Овооны ордоор хязгаарлагдахгүй. Шинэ төсөл хэрэгжүүлэх судалгаанд анхаарал хандуулж байна. Цайр, цайрын хүдрийг боловсруулах чиглэлийн мэргэшсэн боловсон хүчин манай уурхайд бэлтгэгдэж байна. Тиймээс энэ чадварлаг хамт олныг цаашид тогтвортой урт хугацаанд ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажиллуулах асуудал хамгийн том зорилго болж байна.