Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Сурвалжилга

"Ухаалаг" ураны шинэ эрин айсуй

The Mongolian Mining Journal /April.2019/

Э.Оджаргал /ОХУ-ын Сочи хот. 2019.04.15-17/

Москва-Сочи чиглэлийн нислэг хоёр гаруй цаг үргэлжлэв. Нислэгийн цаг нөхцөөн гарчиглаж суусан “Российская газета” сонины дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн шинэ дугаарт Оросын улс төрчдийн хөрөнгө орлогын тайлан нийтлэгджээ. 2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгч  В.В.Путин 8.64 сая рублийн орлого олсон байна. Кремлийнхнээс хамгийн их буюу 66.63 сая рублийн орлоготойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга Сергей Кириенко тодорчээ. Энэ эрхмийг Оросын төрийн өмчит “Росатом” корпорацийг удирдаж байснаар нь монголчууд эчнээ танина. Монголын их өрийг тэглэсэн түүхэн айлчлалаар хоёр улс ураны салбарт хамтран ажиллах санамж бичигт түүнийг гарын үсэг зурах үед үйл явдлыг дэргэдээс нь сурвалжлах завшаан тохиож билээ. Тэрхүү ёслолын дараа түүнээс товчхон тодруулга авсан минь 2010 оны MMJ-ийн хуудаснаа үлдсэн юм. Тэр үеэс Болороо эрхлэгчийн даалгавраар ураны сэдвээр дагнан бичих болж, холбоотой цөөнгүй хурал чуулган, арга хэмжээг хилийн чанадаас сурвалжилсан. Энэ удаад ч дэлхийн ураны салбарынхны гол цугларалт “Атомэкспо”-г сурвалжлахаар MMJ-ийн редакцийн томилолт өвөртлөн Сочийг зорьсон минь энэ.

Nuclear for better life

Даваа гаригийн өглөө Сочи хотын далайн эргийн Имеретиний хөндий ажил хэрэгч хөл хөдөлгөөнд автжээ. Олон улсын “Атомэкспо 2019” чуулга үзэсгэлэнгийн зочид төлөөлөгчдийг тээвэрлэх том, жижиг автобус, төрийн далбаатай дипломат албаны машины цуваа Олимпийн хотхоноос холгүй Мэдээллийн төвийн тийш үл тасарна.

Нээлтийн ёслолын хүндтэй зочдоор Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА), Дэлхийн цөмийн ассоциаци (WNA), Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) дэргэдэх Атомын энергийн агентлаг, Дэлхийн цөмийн эрчим хүчний станцуудын ассоциаци (WANO), Эрчим хүчний Европын комисс зэрэг олон улсын цөмийн энергийн байгууллагуудын өндөр албаны удирдлагууд иржээ. Ерөнхий зохион байгуулагч “Росатом” корпорацийн Хараат бус зөвлөлийн тэргүүн Сергей Кириенко ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг зочдод танилцуулан ёслолыг эхлүүлэв. Мэндчилгээнд “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын эх дэлхий, хүн төрөлхтөн, хөгжил цэцэглэлт, энх тайван, хамтын ажиллагаа гэсэн таван үндсэн чиглэлийн агуулгад “Атомэкспо”-ийн концепц бүрэн дүүрэн нийцэж байгаа юм. Өнөөдөр энэ арга хэмжээ зөвхөн Оросын биш олон улсыг нэгтгэх ажил хэрэгч талбар болжээ. Цөмийн технологи нь анагаах ухааныг хөгжүүлэх, сансар огторгуйг таньж мэдэх, мөсөн туйлыг эзэмшихэд бодит шинэ боломжуудыг олгохын зэрэгцээ нэн гайхалтай материалуудыг бий болгоод зогсохгүй дэлхийн эдийн засгийн эрчим хүчний суурийг бэхжүүлэхэд үнэ цэнэтэй хувь нэмэр оруулж байна” гэдгийг онцолж. 

Арван нэг дэх удаагийн “Атомэкспо” арга хэмжээний уриа “Nuclear for better life”. Хүн төрөлхтний ядууралд хүргэж буй байгаль орчны бохирдол, өлсгөлөн, өвчний тахалтай тэмцэхэд цөмийн энергийг ашиглах үндсэн концепцыг дэвшүүлжээ. Цөмийн технологийн өргөн утга агуулгыг салбар семинаруудад хуваагдан хэлэлцсэн юм. Шар танхимд “Эрсдэл-менежмент: Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх шинэ боломж”, улбар шар танхимд “Экологи болон байгалийн нөөцөд хариуцлагатай хандах нь”, ногоон танхимд “Цөмийн анагаах ухаан: Чиг хандлага, инноваци ба дэлхийн амжилттай туршлагууд”, цэнхэр танхимд “Цөмийн энерги-ирээдүйн эрчим хүч”, “Цөмийн технологи-шинжлэх ухаан технологийн хөгжлийн үндэс” гэх зэргээр семинарууд өрнөв. Ертөнцийн янз бүрийн хэсэг дэх ард иргэдийн өлсгөлөн ядуурлыг багасгах чиглэлээр эрчим хүч, анагаах болоод шинжлэх ухааныг хөгжүүлэхэд цөмийн технологийг ашиглах боломжид үндсэн асуудлуудыг зангидаж байлаа.

Эрчим хүч. Өнөөдөр дэлхий дээр ойролцоогоор 1 тэрбум орчим хүн ямар ч гэрэл цахилгаангүй амьдарч байгаа статистикийг дурдана лээ. Улс орнуудын ядуурал эрчим хүчний хомсдолтой нягт холбогдож байна. Хүчирхэг, тогтвортой эдийн засагтай улсад ч ядуурал бий. Тиймээс олон оронд ядуурлыг бууруулахад Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нэн түрүүнд цахилгаан эрчим хүчний хүртээмжид анхаарч буй. Атомын цахилгаан станц (АЦС) барих гол зорилго ч цэвэр, найдвартай, хямд эрчим хүчээр хангах явдал гэдгийг цөмийн салбарынхан хэлж байна.

Сүүлийн 30 жилд анх удаа дэлхийн цөмийн эрчим хүчний суурилагдсан нийт үйлдвэрлэл 10ГВт хүчин чадлыг давжээ. Цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч 30 улс, мөн тооны орон анх удаа АЦС байгуулахаар бэлтгэж байна. Одоо 18 улсад цөмийн эрчим хүчний 55 реакторын бүтээн байгуулалт ид өрнөж буй. Үүнээс 9 реактор нь цөмийн энергийн салбарт анх удаа хөл тавьж байгаа Турк, Беларусь, Арабын Нэгдсэн Эмират, Бангладеш улсад баригдана. 

Ердөө хэдхэн жилийн өмнө цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг сонирхож байсан Египет, Замби, Болив зэрэг орон   энэ чиглэлийн төслүүдээ хэрэгжүүлээд эхэлжээ. Узбекистан анхны АЦС барих талбайгаа нэг сарын хугацаанд тодорхойлохоор төлөвлөж, эхний блокийг 2028 онд ашиглалтад оруулахаа мэдэгдэв. Найман жилийн өмнө Фүкүшима АЦС-д гарсан аймшигтай ослоос хойш Япон нийт 5ГВт хүчин чадал бүхий АЦС-уудаа дахин ашиглалтад оруулж эхлээд байна. Цөмийн энергийн салбарт ийм хурдац сүүлийн 10 жил ажиглагдаагүй гэдгийг Сергей Кириенко чуулганы индрээс онцоллоо. Олон улсад цөмийн эрчим хүч үйлдвэрлэж байгаа өнөөгийн АЦС-уудын 40% нь “Росатом” корпорацийн төсөл болохыг тодотгохоо тэр мартсангүй. 

Энэ корпораци одоогоор 12 орноос цөмийн эрчим хүчний 36 реакторын төслийн захиалга аваад байгаа юм. Одоо оросууд цөмийн эрчим хүчний уснаа хөвөгч блокийг дэлхийд анх удаа ашиглалтад оруулахаар зэхэж байна. “Академик Ломносов” гэж нэрийдсэн тэрхүү реакторыг энэ намар Чукоткийн хойгийн Певек хотод байршуулж, оны сүүлч гэхэд эрчим хүчээ түгээж эхлэх гэнэ.
“Цөмийн энерги нь цэвэр эрчим хүчний эх үүсвэр бөгөөд дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг АЦС-ыг нэмэгдүүлэх шаардлагатай. Хэрэв дэлхийн дулаарлыг 1.5 Цельсийн хэмд хүргэж бууруулах зорилтдоо хүн төрөлхтөн хүрэхийн тулд цөмийн эрчим хүчний байгууламжуудыг одоогийнхоос 3 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй” хэмээн Дэлхийн цөмийн эрчим хүчний станцуудын ассоциацийн (WANO) төлөөлөгч хэлсэн нь анхаарал татав.

Өнөөдөр ОУАЭА-ийн гишүүн 171 улс цөмийн технологи болоод эрчим хүчний үйлдвэрлэлийг их бага хэмжээгээр хөгжүүлж буй. Экологийн цэвэр, найдвартай эрчим хүчнээс гадна цөмийн энерги нь анагаах ухаан, хөдөө аж ахуй, шинжлэх ухааныг хөгжүүлэх гол суурь болж, шинэ туршилт, тэргүүлэх туршлагууд дэлхийн улс орнуудад түгсээр байна.

Өлсгөлөн. Өлсгөлөнгөөс ангижрахад хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн салбарт цөмийн энергийг ашиглах асуудлыг “Атомэкспо” чухалчилсан юм. Дэлхийн хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний дөрөвний нэг нь муудаж устдаг судалгаа байна. Хүнсний бүтээгдэхүүнийг зохистой хадгалахад хөргөгч, хөлдөөгч тасралтгүй ажиллах эрчим хүчээр ялангуяа халуун орнуудын бүс нутгийг хангаснаар хэдэн зуун мянган хүнийг өлсгөлөнгөөс аврах боломж бий. Мэдээж, эрчим хүчээр хангах нь өлсгөлөнгөөс ангижруулах асуудлын зөвхөн тодорхой хэсгийг л шийдэж чадна. Нөгөөтэйгүүр, өлсгөлөнд нэрвэгдэх, буруу хооллолт нь зарим талаараа хүнсний аюулгүй байдалтай холбоотой. Орчин цагт химийн найрлагагүй хүнсний бүтээгдэхүүн ховордож байна. Хүнсний ногооны тариалалтад ч химийн бордоог хэрэглэж буй. Тэгвэл тариалангийн хөрснөөс эхлээд хүнсний ногоог хортон шавьжнаас хамгаалах, үйлдвэрийн баглаа боодолтой бүтээгдэхүүнийг ариутгахад цацраг идэвхит технологийг улс орнууд өргөнөөр ашиглах болжээ. Ионжуулсан цацрагаар ариутгасан хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа уртасаж, микробиологийн аюулгүй байдлыг хангахаас гадна хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тариалалтын гарцыг нэмэгдүүлж байна. Манай улсад, тодруулбал Дархан-Уул аймагт газар тариалан, хүнсний ногооны хүлэмжийн аж ахуйд энэ аргыг хэрэглэж байгааг сурвалжилсан удаатай. Цацраг идэвхит технологи хүний эрүүл мэндэд ямар ч хор нөлөөгүй болохыг ОУАЭА-аас гадна НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудаас баталгаажуулжээ. Олон улсын стандартын дагуу хүнсний бүтээгдэхүүнийг ионжуулсан цацрагаар боловсруулан ариутгах аргыг өнөөдөр дэлхийн 60 гаруй оронд хэрэглэж байна.

Эрүүл мэнд. НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтын гуравдугаарт хүн амын эрүүл мэндийг тодорхойлсон байдаг. Хавдрын өвчний улмаас хамгийн их нас барагсад (нийт нас барагсдын 70% нь хавдрын өвчин) бага орлоготой улс орнуудад бүртгэгдэж буй. Буурай орнуудад хорт хавдартай тэмцэх, урьдчилан сэргийлэх, өвчлөлтэй тэмцэх үр дүнтэй хөтөлбөр байхгүйг “Атомэкспо”-гийн үеэр мэргэжилтнүүд цохон тэмдэглэв. Хавдрын өвчнийг эмчлэхэд хамгийн бодитой үр дүн, нөлөө үзүүлж байгаа технологи бол цөмийн цацраг идэвхит туяа гэдэгтэй маргах хүн үгүй. Өнөөдөр дэлхийд үйлдвэрлэж байгаа цацраг идэвхт изотопуудын дийлэнхийг эрүүл мэнд, анагаахын салбарт ашиглаж байна. Цөмийн анагаах ухааны нийт үйл ажиллагааны бараг 80% нь “молибден-99” хэмээх изотоптой холбоотой. “Молибден-99” изотопыг ашиглан үйлдвэрлэдэг “технеция-99m”-ийн тусламжтайгаар хорт болоод хоргүй хавдрын өвчний 70 гаруй хувь, зүрх судасны эмгэгийн  50% болон радионуклид эмчилгээний 90%-ийн оношилгоог хийж байна. Дэлхийн хэмжээнд хийгдэж буй энэ төрлийн оношилгооны тоо жилд 25 саяас хол давжээ.

Оношилгооноос гадна цацраг идэвхит өндөр энергитэй туяаг хорт хавдрын эмчилгээнд ашигласаар ирсэн. Одоогоор энэ аймшигт өвчнийг зөвхөн эхний шатанд л анагааж чадаж байгаа юм. Ойрын ирээдүйд хорт хавдрыг эцсийн шатанд эмчилдэг болж цөмийн анагаах ухааны гайхамшгийг харуулна гэж “Атомэкспо 2019”-д чуулсан мэргэжилтнүүд өөдрөг таамгийг дэвшүүллээ. Бодитоор биелэл болоход өнөөдрийн өндөр үр дүн харуулж буй “лютеций-177”, “радий-223”, “актиний-225” гэсэн изотопууд нэн чухлыг тэд дурдаж байлаа. Хүн төрөлхтнийг аймшигт өвчнөөс аврахад нэг алхам ч гэсэн ойртсоныг дуулгах гэгээтэй мэдээ! Аюултай, хүнд өвчний оношилгоо зөвхөн цацраг идэвхит изотопоор хязгаарлагдахгүй. Хавдрын чиглэлээр бүтэн биеийг шинжлэх ПЭТ болон оношлогооны  сүүлийн үеийн төхөөрөмжүүдийн үйлдвэрлэл цөмийн анагаах ухааны чухал чиглэлийн нэг болж хөгжиж байна. Ингээд үзэхээр хавдрын өвчнөөр нас барах тохиолдол  буурах нь цөмийн технологийн хөгжлөөс шууд хамаарна. Эрүүл мэндийн тухайд дэлхий нийтийг түшүүрт автуулах тахал, халдварт өвчнүүдийг анхаарах асуудлыг ч энд хөндсөн юм. Саяхан ЭБОЛА вирусийн халдвартай нүүр тулсан хэд хэдэн орон ОУАЭА-д хандаж, өвчнийг эрт илрүүлэх, оношлох, тархалтаас сэргийлэхэд цөмийн технологийг ашиглах дэмжлэгийг  хүссэн. Хүний биед аюулгүй тун бүхий цацраг идэвхит туяаг ашиглан шавьж, бичил биетний үржлийг зогсоох арга замаар ЗИКА вирус зэрэг бусад халдварт, тахал өвчнийг устгах боломжийг цөмийн анагаахын ухаанд нээсэн.  

Ураны 650 компани үзэсгэлэнд оролцов

Дал моддоор хүрээлсэн Мэдээллийн төвийн гадна талбайд байршуулсан Буран хөлгийн үзмэр “Атомэкспо”-гийн зочдын нүдийг хужирлана. АНУ-ын сансрын олон дахин ашиглах хөлгийн Шатлл хөтөлбөрт хариу барьсан ЗХУ-ын төсөл. Оросын сансар судлалын нэрийн хуудас болсон энэ аварга хөлөг 1988 онд Байконурын сансрын буудлаас цорын ганц удаа сансарт хөөрч, нисгэгчгүйгээр 206 минут үргэлжилсэн нислэг үйлдсэн түүхтэй. Мэдээллийн төвийн доторх үзэсгэлэнгийн 13 мянган шоо метр талбайг мөн л амьд модод, цэцэгсээр чимжээ. Цөмийн энерги нь экологийн цэвэр технологи болохыг илэрхийлж ийн тохижуулсан байна. Үзэсгэлэнд дэлхийн ураны салбарт үйл ажиллагаа явуулдаг 650 компани оролцов. Өвөрмөц содон, өнгө шийдэлтэй павильоноороо “Росатом” корпораци онцгойрчээ. Хятадын CNNC корпораци ч дутахааргүй бэлтгэл хангаж. Хөрш хоёр орны төлөөлөгчид цөмийн анагаах ухааны чиглэлд эмчилгээний аргачлал, тоног төхөөрөмжийн хөгжилд илүүтэй анхаарч байгаа нь анзаарагдав. Хятадын корпораци “гамма-хутга” бүтээгдэхүүнээ танилцуулж байлаа. Энэхүү бүтээгдэхүүнийг CNNC-ийн охин компани “КИАЭ-НИИАР” үйлдвэрлэдэг. “КИАЭ-НИИАР” нь Оросын Димитровград хотын Цөмийн шинжилгээ-судалгааны хүрээлэн болон Хятадын Цөмийн энергийн хүрээлэнгийн хамтарсан компани юм. “Гамма-хутга” нь мэс ажилбарын оролцоогүйгээр хүний бие дэх хавдрыг маш богино хугацаанд эмчлэх төхөөрөмж юм. Тархины хавдрын эмчилгээ 30 минут орчим үргэлжилдэг бол биеийнх 20 минутаар 8-10 удаагийн курс эмчилгээ хийдгийг тайлбарлав. Энэ төхөөрөмжийн хамгийн гол онцлог нь хавдрын эсийг маш өндөр нарийвчлалтайгаар онож шардаг байна. Хятадад 300 орчим “гамма-хутаг”-ыг эмчилгээнд ашиглаж байгаа бөгөөд цаашид ч нэмэгдүүлэх гэнэ.

Цөмийн салбарын “Оскар” буюу “Atomexpo Awards”-ийн эзэд

“Атомэкспо” арга хэмжээний арван жилийн ой өнгөрсөн онд тохиож, хүн төрөлхтний сайн сайхны төлөө цөмийн энергийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан   шилдгүүдийг тодруулах “Atomexpo Awards” наадмыг  зохион байгуулах болжээ. Анхны жилийн шалгаруулалтад 22 орны 51 төсөл өрсөлдсөн байна. Энэ удаад Монгол, Аргентин, Бангладеш, Болив, Венгер, Герман, Дани, Египт, Замби, Энэтхэг, Индонез, Испани, Кени, Хятад, Марокко, Өмнөд Солонгос, Орос, Америк, Турк, Узбекистан, Филиппин, Франц, Чех, Швейцарь, Япон зэрэг дэлхийн 25 орны, ОУАЭА багтсан нийт 52 төсөл нэр дэвшжээ. Олон улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн хараат бус шүүгчдийн баг 2018 оны хамгийн шилдэг 5 төслийг шалгаруулан тодруулахад,   

1.     “Амьдралын чанарыг сайжруулах цөмийн технологи” номинацид Бразилийн Цөмийн энергийн Үндэсний комисс болон тус улсын цөмийн энергийн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийн хамтын бүтээл
2.     “Ирээдүйн төлөөх инноваци” номинацид Японы Марубени корпорацийн “Цөмийн хог хаягдлыг боловсруулах” технологи
3.     “Хүний нөөцийн хөгжил” номинацид ОУАЭА-ийн Цөмийн энергийг удирдах мэргэжилтнүүдийг бэлтгэх сургууль
4.     “Шилдэг эхлэл” номинацид Хятадын Тяньванийн  АЦС
5.     “Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн төсөл” номинацид Унгарын “Пакш” АЦС

“АтоМэкспо”-гийн Монголын зочид

“Atomexpo Awards” наадмын хүлээн авалтын зочдын дунд “Мон-Атом” компанийн Д.Далайжаргал захиралтай тааралдсан юм. Тэрээр “Росатом” корпорацийн урилгаар хүрэлцэн ирсэн байна. Өнгөрсөн жилийн “Атомэкспо”-д Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжав оролцож байжээ. Монгол ураны нөөцөөрөө дэлхийд 15-д эрэмбэлэгддэг. ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-ын үүсгэн байгуулагч гишүүн орны нэг. Өдгөө тус хүрээлэнд манай улсын цөмийн физик, математикийн 10 мэргэжилтэн ажиллаж байна. Эдгээр залуу эрдэмтэд цацрагийн биологийн шинжлэх ухааны чиглэлд хүний тархи, нейроныг судлах суурь судалгааны арга аргачлалыг хөгжүүлж байгаа билээ. 

Цагаан олимпийн ногоон Сочи

Дөрөвдүгээр сард “Атомэкспо”-д ирсэн 74 орны 4000 орчим зочдыг Сочи хот хүлээн авсан юм. Төлөөлөгчид “Богатырский”, “Редиссон”, ”Имеретинский” гэсэн буудлуудад байрлав. Буудлууд далайн эргийн Адлер хэмээх бүсэд байршина. Энд Сочигийн өвлийн олимпийн гол цэнгэлдэх хүрээлэнгүүд, бамбар, төв байгууламжууд байх аж. Далайн эрэг дээрх “Имеретинский” хэмээх 3 одтой зочид буудлын саруулхан цонхтой цэмцгэр өрөөнд буудаллаа. Эндээс Олимпийн хотхон, соёл амралтын хүрээлэн холгүй, алхаад хүрэх зайтайд олзуурхав. Семинараас семинарын хооронд сандчин гүйхдээ тэмдэглэлээ хийж, гэрэл зургаа авч амжих гэж өдрийн   алжаал Олимпийн хотхоны зүг 30 минут хэртэй алхах зуур ор тас үгүй болов. Таван жилийн тэртээ хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гоё наадам, спортын гайхалтай тоглолтуудын дурсамжийг үлдээсэн өвлийн олимпийн Сочи хотыг үзэх гэж яарсансан.

Арвандөрвөн оны цагаан олимпийн наадмын сүр жавхлантай нээлт, хаалтын ёслол болсон “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд ойртоход нар хэдийн далайн цаагуур жаргажээ. Олимпийн хотхон өнгө алагласан гэрлээр угтав. Яг л сансрын хөлөг мэт нүсэр энэ цэнгэлдэхэд 2018 оны дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн зарим тоглолтууд болж билээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн чанх урдах дугуй   талбайн төвд бамбарт хөшөө сүндэрлэх аж. Бамбарыг тойрон хуран цуглах хүмүүс улам нэмэгдсээр. Тэд ямар нэгэн зүйл хүлээгээд байх шиг. Үдшийн 20.00 цаг болмогц харанхуй орчин гэнэт гэрлээр дүүрч, П.И.Чайковскийн яруу ихэмсэг аялгуун хэмнэлд усан оргилуурын цацраг   бүжиж эхлэх нь тэр. Тэнд ч жуулчид зураг авч, энд ч гар утсаар бичлэг хийж, уйлж байсан бяцхан жаал гайхан ширтэж, дэргэд хосууд тэврэлдэн найгана. Үдэш бүр хотын иргэд, жуулчид бамбарт хөшөөний усан оргилуурын  аялгуут үзүүлбэрийг сонирхохоор ирнэ. Харин өдрийн цагт Олимпийн хотхон эзгүйдэн дүнсийх аж. Олимпийн байгууламжууд хожим нь эзгүй балгас болж, зохион байгуулсан улс дампуурахад хүрсэн гашуун түүх дэлхийд цөөнгүй. Сочигийн олимпоос хойш цанын зарим бааз хувь бизнес болсон сурагтай. Тамирчдын тосгон, гулгалтын гол замууд байрлах уулын баазуудын нууц эзэд Владимир Потанин, “Газпром”, Красноярскийн амбан захирагчийн ч нэр дуулдана.

Өвлийн олимпийн наадмыг эх орондоо зохион байгуулах гэж оросууд долоон жил хүлээсэн юм. Энэ нүсэр бэлтгэлд Орос орон 55 тэрбум ам.доллар зарцуулсан. Олимпийн бүтээн байгуулалтын үеэр  Сочи хотод 450 шинэ байгууламжийг бий болгосныг   хотын иргэд ярьж байна. Шинэ гүүрэн зам харгүй, төмөр зам, чамин хээнцэр зочид буудал, барилга байгууламж, цэнгэлдэх хүрээлэнгүүд Сочи хотод өнгө нэмж, хуучин цагийн “тосгоны” төрхийг бүрэн өөрчилж. Ийм  өөрчлөлтийг хийхэд жирийн цагт 53 жил зарцуулна гэж эдийн засагчид тооцсон нь бий.

Хэзээнээсээ амар тайван орчин,   далайн чийглэг зөөлөн агаартай эл хот Оросын өнгөрсөн, өнөө үеийн удирдагчдын алжаалаа тайлахаар ирдэг газрын нэг хэвээр.  Иосиф Сталины амралтын эдлэнг гэр музей болгожээ. Олимпийн наадмын уулын баазад Владимир Путин үе үе ирж цанаар гулгах дуртай. Сүүлд, хоёрдугаар сард Оросын хөрөнгө оруулалтын форумд ирэхдээ Беларусийн Ерөнхийлөгчийн хамт гулгаж, хоккей тоглоод явжээ.

Олимпийн наадмаас хойш Сочи хотын эдийн засгийг дэмжих үүднээс улсын чанартай томоохон арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулахад анхаарч байна. Өнгөрсөн онд зохиогдсон 330 арга хэмжээний 20 гаруй нь олон улсын чанартай. Машины уралдааны “Формула-1”, ая дууны “Шинэ давалгаа” наадам Сочид ирэх зочид гийчдийн тоог нэмдэг томоохон арга хэмжээнүүд юм. Албан ёсны мэдээллээр 340-500 мянга ч ирж буцах, бүртгэлгүй иргэдийг тооцвол 700 мянгаас илүү хүн амтай гэх Сочи хотод өнгөрсөн жил 6.5 сая жуулчин иржээ. Олимпийн хотхоны дэргэд байгуулагдсан Соёл амралтын хүрээлэн хаврын үдэш үүдээ эрт барьжээ. Харин хүрээлэнг тойрсон модон ТҮЦ-үүдийн жуулчдад зориулсан гол бараа  болох өвлийн олимпийн Оросын баг, тамирчдын хувцсыг өнгө, размерийн өргөн сонголттой худалдаалах аж.

Сочид зочилсон цөөн өдрүүдэд  Хар далайн эрэг дэх “цагаан сувд” гэгдэх хотын нэгээхэн хэсгийг үзэж   цагаан олимпийн хотхонтой танилцсан дурсамжийг тэмдэглэлдээ ийнхүү үлдээе. Цаг зав хомс томилолтын зуур энд тэндэхийн сонин хачинг анзаарах сөхөө өгч, элдвийг эргэцүүлж тэмдэглэлээ эрээчих багахан хугацааны сурвалжлага маань хамгийн сайхан мэдрэмжийг өгдөг билээ.