Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Газар шороогоо  хууль бусаар хөндүүлэхгүй гэдгээ илэрхийллээ

"Ховд" ТВ-ийн сэтгүүлч, редактор, С.Жавзандулам

Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн  сонгон шалгаруулалтыг аж ахуй нэгжүүдийн дунд зарласан байдаг. Сонгон шалгаруулалтын үр дүнд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт орших нутгийнхны нэрлэж заншсанаар Намарзан багийн Түлэнхий бэлчир хэмээх газрыг  “Алтан уул-2 нэртэйгээр” "Андерграунд голд майнинг" ХХК-д 4792.23 га газрыг, Ховд аймгийн Дөргөн сумын нутагт орших Үнэгт нэртэй 1614.4 га бүхий талбайг "ГД трейд" ХХК-д тус тус олгожээ. 

Сонгон шалгаруулалтад шалгарсан компаниуд эхнээсээ тухайн сумдын нутаг дэвсгэрт заагдсан талбайд үйл ажиллагаа эхлэхээр бэлтгэл ажлаа хангаад байсныг нутгийн иргэд хүчтэй эсэргүүцэж сумын удирдлагууддаа хандан 200 гаруй хүний гарын үсэг бүхий өргөдлийг өргөн барьснаар сумын Засаг даргын мэдэгдлийг "Андерграунд голд майнинг" ХХК-д 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүргүүлсэн байна. Тухайн компанид хаягласан мэдэгдэлд "Алтан уул-2" нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл нь холбогдох хуулийн зүйл заалтыг зөрчсөнийг онцлоод 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагт багтан хайгуул хийхээр бэлтгэж байсан техник хэрэгсэл, гэр, машинаа тухайн газраас нүүлгэж чөлөөлж өгөхийг мэдэгдсэн байдаг. Гэвч хүргүүлсэн мэдэгдлийн хариу албан ёсоор ирээгүй, заасан хугацаанд тухайн газрыг компанийн зүгээс чөлөөлөөгүйн улмаас Эрдэнэбүрэн сумын удирдлагууд, малчид, ард иргэдийн төлөөлөл нийлсэн 50 орчим хүн "Албадан буулгах тухай" сумын Засаг даргын захирамжийг танилцуулж, албадан буулгах үйл ажиллагааг зохион байгуулж газрыг хүчээр чөлөөлжээ. Хууль зөрчсөн, сумын зөвшөөрөлгүй, иргэд олон нийтийн санал авалгүй үйл ажиллагаа явуулж байгаад бухимдаж байгаагаа илэрхийлж байлаа. 

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газраас тухайн суманд огт байхгүй нэршлээр нэрлэсэн "Алтан уул-2" хэмээх газар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоод байгаа Эрдэнэбүрэн сумын Намарзан багийн нутаг Түлэнхий бэлчирт хүрэл зэвсгийн үеэс Дундад зууны үе хүртэлх түүхийн нандин өв бүхий 38 дурсгал, өвөг дээдсийн оршуулгын газар бүхий тухайн сумын ард иргэдийн нандигнан хайрлаж ирсэн газар гэдгийг тэд онцолж байсан. Цаашид сум орон нутгийнхаа газар шороог хууль бусаар хөндүүлэхгүй байх тал дээр тууштай тэмцэнэ гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм. Ингээд уг асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг, Зураг зүйн бүртгэл хариуцсан мэргэжилтэн Н.Хэрлэнчимэг нараас утсаар тодруулга авлаа. 

 

Кадастрын хэлтсийн дарга Д. Дашзэвэг: Сүүлд гарсан  хайгуулын зарим нэг тусгай зөвшөөрөл дээр  өмнө нь манай систем дээр байсанчлан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэнэ гэж бичсэн байгаа. Тиймээс тэдгээр тусгай зөвшөөрлийг буцаан татаж аваад 19 дүгээр зүйлийг өөрчилж байна.    

Зураг зүйн бүртгэл хариуцсан мэргэжилтэн Н.Хэрлэнчимэг: Тусгай зөвшөөрлийн хэвлэлт нь алдаатай,  буруу байсан. Гэхдээ  тухайн тусгай зөвшөөрлийн алдааг залруулж дахин хэвлэсэн. “Андерграунд голд майнинг” ХХК-ийн хувьд тухайн гэрчилгээ нь залруулга хийсэн. Хэдийд залруулга хийснийг нь санахгүй байна. Манай шийдвэрүүдийг харах хэрэгтэй.