Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

БНХАУ төмөр замын транзит тээврийн тарифт 50%-ийн хөнгөлөлт олгожээ

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд оролцох үеэр БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй хэлэлцээр хийлээ. Хэлэлцээрийн хүрээнд, БНХАУ-ын талаас, Монгол Улсын бараа Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин улмаар Хятадын нутаг дэвсгэрээр далайн боомт хүртэл төмөр замаар тээвэрлэхэд 50%-ийн хөнгөлөлт олгохоор болсноо албан бичгээр мэдэгдэв. 

Талууд, хоёр улсын хооронд өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг хангахад Эрээн боомтын ачаа хүлээн авах, хил нэвтрүүлэх хүчин чадал хүрэлцэхгүй байгаагаас шалтгаалан дамжин өнгөрөх болон экспортын ачаа Монгол Улсад олон хоногоор саатаж байгааг цэгцлэх хэрэгтэйг онцоллоо. Түүнчлэн хоёр улсын хооронд хийгдэж буй авто тээврийн үйлчилгээг хэрхэн сайжруулах тал дээр санал солилцов. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Эрээн боомтын чиглэлд автотээврийн үйл ажиллагаа эрхлэгчдийн асуудлыг онцгой анхааралдаа авахыг хүссэний дагуу Ли Шаопэн сайд энэхүү асуудалд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Сайд мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг тусгай авто замаар, техникийн шаардлага стандартад нийцсэн авто машинаар, чингэлгээр тээвэрлэх шаардлагатай байгааг, цаашлаад дээрх чиглэлийн тээвэрлэлтэд цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэх зайлшгүй хэрэгцээ байгааг онцлов. Шинээр Ханги-Мандал чиглэлийн төмөр замын боомтыг байгуулах талаар санал солилцож, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, дээр дурдсан төмөр замын салбарт тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор хоёр тал хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцож, Ажлын хэсгийн ахлагч нарыг томилов.

Цаашид хоёр орны зам, тээврийн яам хооронд хамтын ажиллагааны механизмтай болох шийдэлд хүрч, яамдын газрын дарга нараар ахлуулсан Ажлын хэсгийг байгууллаа. Уулзалтаар Монгол, Хятад хоёр улсын хооронд агаарын шинэ хаалга нээх асуудлыг эрчимжүүлэх, шууд нислэгийн тоог нэмэгдүүлэхээр хэлэлцсэн ба Хятадын тал энэ асуудалд шат дараатай арга хэмжээ авч, сайтар анхаарч ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын дараа, БНХАУ-ын талаас, Монголын иргэний агаарын тээвэрлэгч компанид Хайнань арлын Санья хотыг нислэгийн нэмэлт нэг цэгээр зөвшөөрч, тавдугаардугаар сарын 3-наас эхлэн энэ оныг дуустал шууд нислэг үйлдэх эрхийг олгоод байна гэж Зам, тээвэр хөгжлийн яамнаас мэдээлжээ.