Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Баялгийн засаглалын тэргүүн туршлагын талаар хэлэлцлээ

Б.Төгсбилэгт (Канад улсын Ванкувер хот. 2019.04.24-25)

Канадын олон улсын эрдэс баялаг, хөгжлийн хүрээлэнгээс (CIRDI) зохион байгуулсан “Байгалийн баялгийн засаглал дахь тэргүүн туршлага” сэдэвт семинар дөрөвдүгээр сарын 24-25-нд Канадын Бритиш Колумб мужийн Ванкувер хотноо болж өндөрлөлөө. 
Энэхүү уулзалтад Аргентин, Перу, Эквадор, Сенегал, Швед, Монгол, Гуяана, Чили, Этиоп, Вьетнам, Колумб, Кени, Канад зэрэг 13 улсын эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцож баялгийн засаглалын талаар хэлэлцлээ. Эдгээр улсын зарим нь уул уурхайн салбараа шинэчлэн хөгжүүлэхээр зорьж байгаа бол зарим нь баялгийн засаглалын түвшнээр Монголтой ойролцоо гэж хэлж болох орнууд юм.  Гол нь эдгээр улс орон баялгийн засаглалаа сайжруулахаар зорьж байгаа, илүү иргэндээ ээлтэй байдлаар хөгжүүлэхээр оролдож буй улсууд гэдгээрээ онцлог. 

Зохион байгуулагч улс болох Канадын хувьд уул уурхайн үйл ажиллагаа явуулахад нутгийн уугуул иргэдтэй хэрхэн хамтарч, тэдний эрх ашигт нийцүүлсэн төлөвлөлтийг хийх тухайд ихээхэн туршлага хуримтлуулсан байдаг. Тиймээс эхний өдрийн хуралдаанд баялгийн засаглалд уугуул иргэдийн дуу хоолойг хүргэх талд хэрхэн анхаарч, ямар шинэлэг асуудлуудыг тусгах болсон талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.  

Хоёр дахь өдрийн семинарт байгалийн баялгийн нэгдсэн менежмент, байгаль орчны засаглалд оролцоог хэрхэн хангах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ дундаа байгаль хамгаалал, хяналт мониторингийг иргэдийн оролцоотойгоор хийх тухай сэдвээр Монголоос  тус улсад  Усны менежментийн чиглэлээр Бритиш Колумбын их сургуулийн Уул уурхайн инженерингийн сургуульд суралцаж буй П.Болормаа панилистаар оролцож, Монголын жишээн дээр тайлбарлалаа. Үүнээс гадна Латин Америк, Африкийн орнууд болох Аргентин, Этиоп, Перу, Сенегал улсын Засгийн газрын төлөөлөл баялгийн засаглалд төрийг чадавхижуулах чиглэлд өөрсдийн байр суурийг хүргэсэн юм. CIRDI нь Аргентинд уурхайн хаалт, байгаль орчны чиглэлээр сургах төсөл хэрэгжүүлсэн бол Перу улсад усны менежментийн чиглэлээр сургалт зохион байгуулж, ихээхэн үр дүнтэй ажил болжээ. Харин Этиопын тухайд уул уурхайн яамны хүрээнд чадавх бэхжүүлэх төслийг CIRDI-тэй гурав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм байна. Сенегал улсын хувьд тус улсын их дээд сургуулийн эрдэмтдийг Канадад хүлээн авч туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллаж буй юм. 
 
Энэхүү уулзалт өнгөрсөн зургаан жилийн хугацаанд CIRDI-ээс зохиогдсон сургалт, судалгаа, төслийн үр дүнгийн талаар санал солилцох нэгдсэн арга хэмжээ гэдгээрээ онцлог бөгөөд хурлаас гарах дүгнэлтийг цаашдын судалгааны төслийг боловсруулахад ашиглах юм. 
CIRDI-ийн хувьд жендерийн тэгш байдал, хүртээмжтэй засаглал, байгаль орчны тогтвортой байдал (уур амьсгалын өөрчлөлт) гэсэн чиглэлээр сүүлийн зургаан жилийн хугацаанд 22 улсад, холбогдох 186 харилцагч байгууллагуудтай хамтран сургалт, семинар зохион байгуулсан байна. Тус хүрээлэн нь Монголд салбарын яам, Гадаад харилцааны яамтай хамтран “Уул уурхайн салбар дахь төрийн оролцоо” сэдэвт олон улсын сургалт семинарыг 2016-2017 онд амжилттай зохион байгуулж байсан юм.

Тус хүрээлэнгийн хувьд Канадын Саймон Фрэйзэрийн их сургууль, Монтрийлийн политехникийн их сургууль, Бритиш Колумбын их сургууль хамтран 2013 онд үүсгэн байгуулагдсан. CIRDI нь Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр (Global Affairs Canada) баялгийн зөв засаглал, менежментээр дамжуулан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэн ажилладаг.