Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Б.Мөнхбат: Сүхбаатар аймаг хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллана

- Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр 50%, АМНАТ-ийн 5%-иас 2019 онд Сүхбаатар аймгийн төсөвт 5.3 тэрбум төгрөг төвлөрнө -

 


“Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод гуравдугаар сарын 25-нд зохион байгуулагдсан юм. Уг зөвлөгөөний үеэр яригдсан асуудлууд болон орон нутгийн уул уурхайн үйл ажиллагааны талаар  Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбаттай “Сүхбаатарын өнгө” сонины эрхлэгч  Д.Улаанаа  ярилцлаа.

 

 


Сүхбаатар аймагт өнөөдөр уул  уурхайн нөхцөл байдал ямар байна вэ? Аймгийн хэмжээнд зохион байгуулагдлаа. Уул уурхайн салбарын хаалттай мэдээллийг нээлттэй болгох эхний шат ч тавигдах шиг болсон.
Өнөөгийн байдлаар Сүхбаатар аймагт 10 гаруй уурхай үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрээс тогтвортой үйл ажиллаж байгаа нь 2-3 уурхай л бий. “Цайрт Минерал” компани болон Сүхбаатар суманд ажиллаж байгаа 2-3 уурхайг онцолж болно. Нутгийн иргэдэд уул уурхайн мэдлэг мэдээлэл хомс, газар нутгаа өмгөөлж хамгаалсан тэмцэл, төрийн байгууллагуудын олон удаагийн шалгалт зэрэг хүчин зүйлээс болж орон нутагт хариуцлагатай уул уурхай хөгжих боломж хязгаарлагдмал байгаа нь нууц биш.

Аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулахад нөхцөл байдал хүнд байдаг юм байна гэж ойлгогдож байна?
Саяхан манай аймагт зохион байгуулагдсан зөвлөгөөний үеэр иргэдийн хэлж, асууж байгаагаас энэ салбарын мэдлэг, ойлголт дутмаг нь харагдаж байна. Газар нутгаа хамгаална гээд байгаа боловч үндэслэл муутай. Ингэж хэлснээрээ уул уурхайн компаниудыг өмөөрч, тэдэнд үйлчлээд байгаа зүйл биш. Компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт бүтээн байгуулалт хийх, сургууль, цэцэрлэг барих, иргэдийн ахуй амьдралд эергээр нөлөөлөх ажлууд хийгээд уул уурхайн үйл ажиллагаагаа явуулах шаардлагыг аймгийн зүгээс байнга тавьж байгаа. Мөн төрийн албаны олон удаагийн давтамжтай шалгалтаа цөөрүүл гэдгийг ч сануулж байна. Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн онд 45 удаа шалгалт хийсэн байх жишээтэй. Хэрвээ эхний шалгалтуудаар зөрчлөө арилгасан бол дахин дахин шалгах хэрэгтэй юу гэдэг асуулт гарч ирнэ. Энэ асуудлаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, мэргэжлийн байгууллагын төлөөллүүдтэй хамтран уурхайнуудад хяналт, шалгалт хийсэн. Нийгмийн даатгалаа багаар төлөх, цалингийн доод хэмжээгээр ажилчдын хөдөлмөрийг үнэлэх, татвараас зайлсхийх, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аймагт шилжиж ирэхгүй байх гэсэн томоохон зөрчлүүд гарсан. Үүнд дүгнэлт хийж, хариуцлага тооцохыг мэргэжлийн байгууллагуудаас шаардсан. Зарим компани ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө бусдад дамжуулж, ашиг олдог явдал нь төрийн албан хаагчдыг хардалтад өртүүлэх нөхцөл бий болгож байгаа юм. Иймэрхүү асуудлаар иргэд, олон нийтээс ирсэн гомдол саналын дагуу мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл өгнө гэсэн байр суурьтай байна.

Уурхайнууд орон нутагтай байгуулсан гэрээнийхээ хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа вэ?
Өмнө нь гэрээгүй ажилладаг байсан. Харин 2019 оноос  эхлээд Засгийн газрын 179 дүгээр тогтоолын дагуу гуравласан гэрээ байгуулан ажиллаж байна. “Цайрт минерал” компани нийгмийн  хариуцлагын гэрээний хүрээнд, аймагт жилдээ 1.5 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Үүний 500 сая төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар зээл болгон өгдөг байсан бол энэ жилээс эхлэн аймгийн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд зориулахаар урьдчилан тохиролцсон. “Цайрт минерал” компаниас орон нутагт хүртээж буй дээрх татааснаас гадна нийт ашгийн 3%-ийг аймагт хуваарилах хатуу байр суурийг аймгийн удирдлагуудын зүгээс барьж байна. Ингэхдээ уул уурхайн компаниудаас орон нутаг зөвхөн мөнгө авах биш, өгсөн мөнгийг юунд зарцуулав гэдэгт хяналт тавих ёстой. Түүнчлэн, уул уурхайгаас олж байгаа ашиг орлогыг аймгийн төсвийн алдагдлыг нөхөх, янз бүрийн аахар шаахар зүйлд зарцуулахгүйгээр тодорхой томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах асуудлыг ИТХ-ын даргын зүгээс тавьж буй. Энэ нь орон нутагт шаардлагатай, бодитой, үлдэцтэй зүйлд зарцуулъя гэсэн санаа юм.

Зөвлөгөөний үеэр танилцуулсан албан мэдээллээр, Сүхбаатар аймагт тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа 7 уурхай байна. Эдгээр уурхай бүгд ашгийнхаа 3%-ийг орон нутагт өгөх үү?
Бүх уурхайнууд орон нутагт зохих ёсны татвар төлөх ёстой. Нийгмийн хариуцлагын гурвалсан гэрээ бүрт Ажлын хэсгүүд ажиллаж байна. Жишээ нь, Эрдэнэцагаан сумын иргэдийн хувьд уурхайн тээвэрлэлтийн зам тавиулж байж асуудлаа шийднэ гэсэн байр суурьтай байгаа юм. Тус суманд 4-5 уурхай янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалан алдаг оног ажилладаг. Суманд үүсээд байгаа гол асуудал бол газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийн асуудал юм. “Петро Чайна Дачин Тамсаг” компани орон нутагтай гурвалсан гэрээ байгуулахаар Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Компанийн тээвэрлэлттэй холбоотойгоор 2018 онд ИТХ-ын тэргүүлэгчид аймгийн Засаг даргад шаардлага хүргүүлсэн. Тээвэрлэлтийг зориулалтын усалгаатай, сайжруулсан шороон замаар хийх ёстой.

Одоогийн нөхцөлд нутгийн иргэдийн амьдрах орчинг бохирдуулж, буга, зээрийн сүргийн бэлчээрлэх нөхцөлийг алдагдуулж байгаа нь байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж байна. Өдөрт 100 машин Бичигт боомтын чиглэлд тээвэр хийж сумыг тоос шороогоор дарж байгаа маш том асуудал үүсгээд байгаа юм. Боомт орчим амьдарч буй иргэдээс маш олон санал гомдол ИТХ-д ирдэг. Энэ бүхэнд дүгнэлт хийгээд уурхайн тээврийг зогсоохоос өөр аргагүйд хүрч, зам харгуйг засаж янзлах шаардлагыг хүргүүлээд байна. Мөн жонш, нүүрсний шинэ уурхайнуудыг нутгийн иргэд эсэргүүцэж буй учраас үйл ажиллагаа нь тодорхой бус байгаа юм. Зарим уурхайнууд дотроо өмчийн маргаантай шалтгаанууд ч анзаарагдсан.

Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа орон нутагт хэр ил тод байна вэ? Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр бүр нээлттэй мэдээлэл цацагддаггүй. Тусгай зөвшөөрөл олголтын ажлыг хэр цэгцэлж байгаа вэ?
Тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) олгодог. Тэгэхээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь зөвхөн орон нутгийн эрх мэдлийн асуудал биш. Нутгийн иргэдийн эсэргүүцэж, тэмцэж байгаа нь малын бэлчээр, өөрсдийн эрх ашиг зөрчигдөж буй шалтгаанаар үүсч буй асуудал юм.

ИТХ-ын зүгээс орон нутагт хариуцлагатай уул уурхайг дэмжин ажиллах бөгөөд хариуцлагагүй уул уурхайд хамтран ажиллах шаардлагагүй гэж үзэж байна. Уул уурхайн ашиг орлого болон бусад мэдээлэл төдийлөн ил тод биш. Иргэд ихэнхдээ таамаг байдлаар дүгнэдэг. Гэхдээ яг бодит мэдээллийг олж авах боломжууд бий. Ил тод байдлын нэмэгдүүлэх зорилгоор аймагт Олон нийттэй харилцах төв байгуулагдана. Энэ төвийг түшиглэж Нэг цэгийн үйлчилгээ давхар явагдана. Эндээс уул уурхайн мэдээллийг олон нийтэд нээлттэй байдлаар байршуулахаар төлөвлөсөн.

Иргэдийн эсэргүүцэл, тэмцэлд орон нутгийн зүгээс ямар байр суурь барьж байна вэ?
Аймгийн ИТХ-аас хууль ёсны шаардлагуудыг тавьж ажиллаж байна. Компани уурхайн тээвэрт зориулалтын замыг тавьж ашиглах шаардлагыг Эрдэнэцагаан сумын Засаг даргын зүгээс тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн зүгээс нэгдсэн бодлого барьж байна гэсэн үг. Цаашдаа иргэдэд уул уурхайн бодитой мэдээллийг олон нийтэд хүргэх бодлого барьж ажиллана.

Аймагт тусгай хэрэгцээний газар шинээр авсан уу?
Он гарсаар тусгай хэрэгцээнд авсан газар байхгүй. Эрдэнэцагаан сумын Араат уул хэмээх газрыг байгалийн цогцолбор газар болгох саналаа дэмжүүлэхээр сумын удирдлагуудад хүргүүлээд байна. Сумын ИТХ-ын төлөөлөгчид санал нэгдсэн тохиолдолд дээд шатны байгууллагад хүргэнэ.

Уул уурхайн зөвлөгөөний үеэр нэгэн иргэн “Уурхайтай сумдын дарга нарын амьдрал дээшлээд, жирийн иргэдийн амьдрал доройтоод байгаа” гэсэн шүүмж хэлж байсан. Энэ талаар Та өөрийн байр суурийг илэрхийлнэ үү?
Тухайн иргэн тэр талын баттай эх сурвалж байгаа бол хуулийн байгууллагад хандаж болно.

Уул уурхайн үйл ажиллагаанаас аймгийн төсөвт хэр хэмжээний орлого бүрдэж байгаа бол?
Уул уурхайн салбараас Сүхбаатар аймгийн төсөвт жилдээ 2 тэрбум орчим төгрөг төвлөрдөг. 2018 онд 1.865 тэрбум төгрөг төвлөрснөөс 1.5 тэрбум нь “Цайрт минерал” компаниас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төлж байна. Энэ жилийн хувьд орон нутаг уул уурхайн компаниудтай шинэчилсэн гэрээ байгуулахаар ажиллаж байгаа юм. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50%, АМНАТ-ын 5%-ийг орон нутгийн Хөгжлийн сан руу хуваарилдаг болсон бөгөөд энэ төлбөрөөс аймгийн төсөвт 5.3 тэрбум төгрөг төвлөрнө.