Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Хурал чуулган

АХБ:  2019 онд Засгийн газрын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй

Азийн хөгжлийн банкнаас эдийн засгийн голлох нийтлэл болох “Азийн хөгжлийн төлөв” тайлангийн энэ оны дугаарт Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 6.9%-иас бага зэрэг буурч, 2019 онд 6.7%,  2020 онд 6.3% болно хэмээн таамаглажээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 болон 2020 онд өмнөх оноос яльгүй саарах ч дотоодын эрэлт өсөх, үйлчилгээ болон боловсруулах үйлдвэрлэл тогтворжих, хөдөө аж ахуйн салбар сэргэх зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр тогтвортой байх аж. 

“2018 онд макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж макро эдийн засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд дэм болж байгаа юм. Засгийн газрын зүгээс үр ашигтай макро эдийн засгийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь эдийн засгийн нөөц, бодлогын орон зайг бүрдүүлэхэд төдийгүй Монгол Улсын эдийн засгийн мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. 

 


 
Тэрээр мөн “төсөвт тусгагдаагүй шинэ сан үүсгэхийн оронд төсвийн санхүүгийн удирдлагыг сайжруулахад анхаарах нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөр хязгаарлахгүйгээр төсвийн сахилга батыг бэхжүүлэхэд туслах болно” гэсэн юм. 

Инфляци 2018 онд дунджаар 6.8% байсан бол 2019 онд 8.5%-д хүрэхээр байна. Үүнд төсвийн зардал нэмэгдсэнээс үүдэн дотоод эрэлтийн өсөлт, мөн 2018 оны сүүлийн хагаст төгрөгийн ханш суларсан болон шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг нь нөлөөлөхөөр байгаа аж. Эдгээр нөлөөллүүд нь 2020 онд буурч, инфляцийг 7.5%-д тогтворжих боломжийг олгоно хэмээн Азийн хөгжлийн банк таамаглажээ. 

2019 онд Засгийн газрын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна. 2017, 2018 онуудад өндөр байсан төсвийн орлого бага зэрэг буурах хүлээттэй байгаа ч өсөлтийн төлөв дэх эерэг боломжуудаар сайжирч болох юм. Урсгал дансны алдагдал нь 2018 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 14.6%-тай тэнцэж байсан бол 2019 онд 9.6%-д хүрч буурахаар үзүүлэлттэй байна.  Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийн хэлж буйгаар, олон улсын зах зээлд бонд гаргасан болон гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэргээс гадаад валютын улсын албан нөөц 2018 онд 500 сая ам.доллараар өсч, 3.5 тэрбум ам.долларт хүрчээ. 
 
Азийн хөгжлийн банкны  Суурийн төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Магий мөн “Монгол Улс ба Азийн хөгжлийн төлөв 2019” мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. Тэрээр, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нийлүүлэлт талын гол хүчин зүйлс нь зээл олголт их хэмжээгээр нэмэгдэн, түүхий эдийн экспорт тээврийн үйлчилгээний эрэлтийг өсгөснөөр үйлчилгээний салбар өсөлтөд 3.2 нэгж хувь нэмэгдсэн. Засгийн газрын хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэхтэй холбоотойгоор 2019 оны төсөв ДНБ-ий 1.4%-тай тэнцэх хэмжээний алдагдалтай гарахаар байна хэмээн тодотголоо. 


Г.Идэр