Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ярилцлага

А.Билгүүн: Хөрөнгө оруулалт татах чадамж манайд бий ч сөрөг хандлагаа өөрчлөх хэрэгтэй

Өнгөрсөн онд улсын эдийн засаг чамлахааргүй өсөв. Эдийн засгийн хувьд санаа зовоож байсан хүндхэн үеийг амжилттай давж чадсаныг 2018 оны дүн сайтар харуулж чадлаа. Гэсэн ч энэ амжилтыг бататгах, хадгалж чадах эсэх нь хөрөнгө оруулалтын цаашдын нөхцөл байдлаас ихээхэн хамаарах билээ. Ингээд хөрөнгө оруулалт, хайгуул болон бусад асуудлаар MIBG компанийн Гүйцэтгэх захирал А.Билгүүнтэй MMJ-ийн сэтгүүлч Б.Төгсбилэгт ярилцлаа.

Монгол улсын эдийн засаг өнгөрсөн онд багагүй өсөлттэй гарч, бүх үзүүлэлт тооцоолсноос өндөр гарлаа. Бүх зүйл тааламжтай байх шиг. Улс төрийн тогтворгүй байдлыг эс тооцвол. Таны хувьд улсын эдийн засгийн тухайд ямар байр сууринаас хандаж байна вэ? 
2018 оны хувьд нүүрс болон зэсийн экспорт харьцангуй сайн өсөлттэй байсны сацуу ОУВС-ийн хѳтѳлбѳр хэрэгжиж тѳсвийн сахилга батыг тодорхой хэмжээнд дээшлүүлсэн нь эерэг үзүүлэлт боллоо. Гэхдээ 6.9%-ийн эдийн засгийн тэлэлт нь манайх шиг хѳгжиж буй орны хувьд харьцангуй сул үзүүлэлт гэдгийг онцолъё. Ялангуяа Монгол Улсын нийт ѳрхийн 83% нь сарын 1.6 сая тѳгрѳгѳѳс бага орлоготой, хүн амын талаас илүү нь улсын тѳсвѳѳс ямар нэгэн байдлаар хараат, мѳн тэтгэврийн даатгалын сангийн алдагдал ДНБ-ийн 2%-тай тэнцэж байгаа нь харамсалтай. Бидэнд үүнээс ч илүү чинээлэг иргэд, бизнесийн орчныг бүрдүүлэх боломж байсаар ирсэн. Цаашид Монгол иргэдийн орлогыг өсгөх, улсын ажиллах хүч болон компаниудын ѳрсѳлдѳх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгаа тѳрѳлжүүлэхийн тулд хуримтлал үүсгэж чадахуйц том эдийн засагтай болох хэрэгтэй байна. 

Дараагийн томоохон ордуудыг нээж, дэлхийн хэмжээний хѳрѳнгѳ оруулагчдыг татаж чадвал манай улсын эдийн засаг нэг тѳслѳѳс, нэг хѳрѳнгѳ оруулагчаас хамаардаг асуудал дээрдэх болно. Хѳрѳнгѳ оруулагчид аливаа улс орон, эдийн засгийн ирээдүйн тѳлѳвт илүү их ач холбогдол ѳгдѳг. Тиймээс Монголд орж ирэх хѳрѳнгѳ оруулагчдад цаашид энэ улс ганц хоёр тѳслѳѳр хязгаар­лагдахгүйг бататгаж харуулах нь чухал.  

 Хөрөнгө оруулалт татахыг Монголын Засгийн газар эрмэлздэг. Гэхдээ бодит байдал дээр хөрөнгө оруулалтын орчин үнэхээр дээшилж чадаж байна уу? 
Дэлхийн улс орон болгон гадаадын хѳрѳнгийг ѳѳрийн газар нутаг дээр татахаар хичээж байхад зарим монголчууд гадаадын хѳрѳнгѳ оруулагчдыг “мѳлжигчид” гэсэн нүдээр хардагийг нь гайхмаар. Гадаадын хѳрѳнгѳ оруулагчид манай алдаатай бодлогуудын хувьд Засгийн газрын байгууллагуудыг буруутгадаг ч бодит байдал дээр нийт иргэд сонгогчид гадаадын хѳрѳнгѳ оруулалтыг эсэргүүцэх хандлагатай байгаа нь бидний гол сул тал болж байна. Мэдээж манай Засгийн газрын зүгээс хѳрѳнгѳ оруулалт, хувийн бизнесийг дэмжинэ гэдгээ хэзээд илэрхийлсээр ирсэн ч энэ нь улс тѳрийн популизмын ѳмнѳ хүчин мөхөсдөж байна. Хэрэв бид Монгол Улсыг олимпод ѳрсѳлдѳх гэж буй тамирчинтай зүйрлэвэл, манай тамирчин бие бялдрын хѳгжил сайн, байгалаас заяасан авъяастай. Хэрэв сайн дасгалжуулаад олимпод оролцвол аварга болох бүрэн боломжтой. Гэвч ар гэрийнхэн нь “Спортоор хоолоо олж идэхгүй, гэрийнхээ ажлыг л сайн хий…” гэж шаардаж байгаатай ижил нѳхцѳл байдалд байна гэх үү дээ.  

Хайгуулын салбар Засгийн газрын гол бодлогод оршдог. Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг орон нутагт олгохоор болж байна. Фрэйзэр институтын судалгаагаар манай улс тийм ч сайн үзүүлэлттэй биш харагддаг. Хайгуулын салбарыг өндийлгөх шийдэл нь юу байх вэ? 
Хайгуулын салбар бол Монгол Улсад гадаадын хѳрѳнгѳ оруулагчдыг татах хамгийн боломжтой салбар юм. Учир нь хѳгжсѳн санхүүгийн зах зээл дээр байхгүй ѳндѳр ѳгѳѳжийг Монгол Улсад шинэ орд нээн илрүүлэх замаар бий болгох боломжтой. Яагаад Фрэйзэр Институтийн судалгаанд Монгол Улс сул үзүүлэлттэй байдаг вэ гэхээр манай тѳрийн хэрэгжүүлэгч байгууллагууд хариуцлагатай хайгуулын компаниудыг хариуцлагагүй хайгуулын компаниудаас тѳдийлѳн зѳв ангилж чадахгүй байна. Иймд Монгол Улсын хайгуулын тусгай зѳвшѳѳрѳл олгох асуудал хүндрэлтэй байгаа мэт харагддаг. 

Бид уул уурхайн тѳслийн хайгуул болон ашиглалтын үе шатанд орон нутаг нь эдийн засгийн хувьд шууд ашиг хүртдэг механизмаа тѳдийлѳн сайн хэрэгжүүлж чадахгүй байгаа хэвээр. Учир нь манай улсын тѳсѳв алдагдалгүй гарч байсан удаа ховор. Хэрэв бодлогын дагуу орон нутагт уул уурхайн тѳслѳѳс орлого орох зарчим хэрэгжиж эхэлбэл иргэдийн дунд уул уурхайн салбарын буруу ойлголтууд харьцангуй засрах болов уу гэсэн хүлээлттэй байна.

Нэг хэсэг өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгож байсан нь одоо зөвхөн сонгон шалгаруулалтын тогтол­цоо руу орсон. Өргөдлийн тогтолцоог сэргээх ёстой юу? 

Одоогийн зөвхөн ганц сонгон шалгаруулалтад найдсан энэ тогтолцоо нь хайгуулын салбар болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ямархуу нөхцөл байдлыг бий болгож байна вэ? Хайгуулын лицензийн тоо улам багасч байгааг Та мэднэ. 
Миний бодлоор ѳргѳдлийн тогтолцоог сэргээх хэрэгтэй. Тэгээд хайгуул хийх компаниудад хайгуулын ажлын шаардлага болон хайгуулын талбайн хураамжийг ѳндѳр тогтоож ѳгвѳл бодитоор хайгуул хийх компаниуд олширно.  Гол асуудал нь хайгуулын тусгай зѳвшѳѳрѳл эзэмшиж буй хуулийн этгээдүүд тухайн тусгай зѳвшѳѳрлийн талбай дээрээ бодит ажил хийх чадамжгүйгээс болж тусгай зѳвшѳѳрлийг наймаалцах явдал ихэссэн. Улмаар орон нутгийн иргэдтэй сѳргѳлдѳх асуудлууд ч түгээмэл гарах болсон нь хайгуулын тусгай зѳвшѳѳрөл олголтыг хүнд­рүүлдэг томоохон шалтгаан юм. 

Одоо хайгуулын хүрээнээс хальж илүү томоор харъя. Уул уурхай, аж үйлдвэрийн салбарт манай улс томоохон амбицтай ажиллаж байна. Түүний нэг томоохон жишээ нь Эрдэнэс Тавантолгойн IPO. Сонгуулийн жилээс урьтаж хийх гэж буй томоохон ажил гэдгээрээ их онцлог. Та Монголын хөрөнгө оруулалтын боломжууд гэвэл ямар төслүүд эсвэл ямар салбарыг нэрлэх вэ? 
Монголд гадаадын хѳрѳнгѳ оруулагчид яагаад орж ирэх вэ? Тэд бусад улсад гаргаж чадахгүй байгаа хѳрѳнгѳ оруулалтын ѳндѳр ѳгѳѳжийг урт хугацаанд хүртэхийн тулд л Монголыг сонгоно. Ойрын 10 жилийн хувьд дээрх хѳрѳнгѳ оруулалтын ѳгѳѳжийг бий болгох гол салбар нь уул уурхай болон эрдсийн хайгуулын салбар байх болно. Мэдээж олон улсын зах зээл дээрх эрдсийн үнэ болон, дэлхийн түүхий эдийн хамгийн том хэрэглэгч болон БНХАУ-ын эдийн засгийн нѳхцѳл байдал гол хүчин зүйл байх нь тодорхой. “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн IPO-гийн хувьд бол 2019 он бол алтан боломж. Учир нь БНХАУ-ын зах зээл дээр металлургийн нүүрсний үнэ харьцангуй чангарч манайх тус улсын зах зээлд тэргүүлэгч болох боломж бүрдсэн.  

2019 онд Монголын эдийн засагт илүү их боломж тохиох юм шиг санагдаж байна уу? Эсвэл илүү их сорилт тохиох юм шиг санагдаж байна уу? Хятадын боомтууд Австралийн нүүрсийг нэвтрүүлэх талд удаашралтай байна гэсэн мэдээлэл цацагдаж байна. Гадаад, дотоод хүчин зүйлс багагүй үүсч мэдэх сонирхолтой жил гарч байна. Энэ тухайд таны бодол?
Манай улсын хувьд 2019 онд алтны салбарт илүү их ач холбогдол ѳгч байгаа нь сайн хэрэг. Учир нь дэлхий дахинд үүсээд буй улс тѳрийн болон чѳлѳѳт худалдааны тогтворгүй нѳхцѳл байдал   алтны үнийг харьцангуй чангаруулах нь гарцаагүй болоод байна. Харин Монгол Улс 2014 оноос "Алт-2" хѳтѳлбѳр хэрэгжүүлж Тѳв банкны алтны нѳѳц болон алт олборлолтыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь нүдээ олсон хэрэг боллоо. Дотоод хүчин зүйлийн хувьд манай Засгийн газарт дорвитой ажиллах нэг жил гаруй л хугацаа үлдэж байгаа нь асар богинохон цаг үлдсэнийг харуулна. 2020 оноос дахиад л УИХ сонгууль түүний дараа жилээс Ерѳнхийлѳгчийн сонгуулийн мѳчлѳгтэй золгох нь бизнес эрхлэгчдийн хувьд эрсдэл болоод байна.

Алтны роялтийн хувь хэмжээг урьдны бага хэмжээнд байлгах хугацааг сунгах хуулийн төсөл хэлэлцэгдэж чадалгүй хойшилсоор байна. Алтны салбар өндөр хувиар роялти болон татвар төлөхөд хэр бэлэн байна вэ? Оны эхний сарын байдлаар алт тушаалт нэлээд багассан харагдана.

Алт бол ѳѳрѳѳ валют юм. Ѳндѳр хэмжээний роялтитай байх нь тухайн валютын үнэ цэнийг шууд буулгахаас гадна сүүдрийн эдийн засгийг бий болгох эрсдэлтэйг бодлого боловсруулагчид хангалттай ойлгож байгаа гэж бодож байна. Тиймээс алтны роялтиг ойрын хугацаанд 2.5%-д хүртэл дахин буулгана гэсэн хүлээлттэй байгаа.

Эрдсийн зах зээл нэг хэсэг өсөлттэй байсан бол одоо илүү хэлбэлзэлтэй болж эхэлж байна. Уул уурхайн салбар хөрөнгө оруулалт талаасаа анхаарал татахуйц цаг үе өндөрлөж мэдэх юм?
Эрдсийн болон байгалийн нѳѳцѳд суурилсан уламжлалт салбар нь хѳрѳнгѳ татан тѳвлѳрүүлэхэд нэлээд хэдэн бэрхшээлтэй тулгарч байна. Өөрөөр хэлбэл шинээр гарч ирж буй салбарууд хѳрѳнгѳ оруулагчдын сонирхлыг ихэд татах боллоо. Жишээ нь хоёр жилийн ѳмнѳ крипто валютад хѳрѳнгѳ оруулагчид их хэмжээний хѳрѳнгѳ байршуулж байсан бол ѳнгѳрсѳн жил марихуаны компаниуд их хэмжээний хѳрѳнгѳ татлаа. Энэ бол салбар хоорондын ѳрсѳлдѳѳн, байдаг л асуудал. Гэхдээ ойрын хугацаанд уул уурхай болон эрдсийн салбарыг дахин сэргэнэ гэсэн хүлээлт их бий. Учир нь англиар “If it’s not grown, its mined” буюу “ Тарьж ургуулж болдоггүй бүхнийг ухаж олборлодог” гэж хэлц үг байдаг нь бодит үнэн юм. Хүн тѳрѳлхтѳн эрдсийн бүтээгдэхүүн хэрэглэхээ болино гэж үгүй. Гагцхүү ирээдүйд аль зах зээл, эсвэл бүс нутаг шинэ эрэлтийг бий болгох вэ гэдэг л асуулт таваарын зах зээлийн оролцогчдод бий. БНХАУ-ын эдийн засаг ирээдүйд ѳнѳѳгийн тэлэлтийн эрчмээ хадгалж чадахгүй удааширна гэж үзэж болох юм. Гэхдээ нѳгѳѳ талдаа эрдсийн нѳѳц бол дахин сэргээгдэшгүй баялаг. Тиймээс дэлхийн бусад орд газрын хүдрийн нѳѳц болон агуулга буурахтай зэрэгцэн Монгол Улсад дэлхийн эрдсийн зах зээл дээр томоохон тоглогч болох боломж байна.

Хайгуулын салбар, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад юу дутагдаж байна вэ?
Бидэнд хайгуулын шатнаасаа ашиглалт хүртлээ амжилттай хэрэгжсэн сайн жишээнүүд хэрэгтэй байна. Мэдээж Оюутолгойн тѳсѳл бол хамгийн чухал нь бѳгѳѳд энэхүү тѳслѳѳс хѳрѳнгѳ оруулагчид хѳрѳнгѳ оруулалтын ѳгѳѳжѳѳ хангалттай хүртэж чадна гэдэгт би хувьдаа итгэдэг. Мэдээж дараагийн тѳслүүдийн хувьд Тавантолгойн дэд бүтэц, "Занаду Майнз"-ын Хармагтай, "Эрдэнэ Ресурс"-ийн Хѳндий гэх мэт тѳслүүд бий. Эдгээр нь дараагийн амжилтын буухиаг үргэлжлүүлэх нь хамгийн чухал санагдаж байна.