Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ханш

Зэс, нүүрс бууралтаар төмрийн хүдэр, алт өсөлтөөр  шинэ оныг угтав

Б.Төгсбилэгт

Дэлхийн  эрдэс түүхий эдийн зах зээл  шинэ оныг өсөлт бууралтын савлагаа ихтэйгээр эхэллээ. Монголын экспортын гол түүхий эд болох зэс, нүүрс, газрын тос, алт, төмрийн хүдрийн тухайд зах зээл харилцан адилгүй байдалтай байна. Хятадын эдийн засгийн өсөлт буурсан болон худалдааны дайны хэлэлцээрийн явцын  талаарх мэдээлэл зах зээлд голлох нөлөө үзүүлж байна. Эрдсийн зах зээлд шинэ оны эхлэл хэрхэн явагдаж байгаатай эрдэс тус бүрээр нь танилцъя.

 

Нүүрс
 
Хятадын эдийн засгийн үзүүлэлт, тэр дундаа автомашины борлуулалт, үл хөдлөхийн борлуулалт сайнгүй байгаа болохоор зах зээлд сөрөг уур амьсгал давамгайлж байна. Худалдаачид ийм нөхцөл байдалд ган үйлдвэрлэлийн түүхий эдийн үнэ ханш цаашид буурна гэсэн хүлээлттэй байна. Өнгөрсөн онд Хятадын Цагаан сарын өмнө ган үйлдвэрлэгчид түүхий эдийн татан авалт сайн байсан нь ханшийн өсөлтөд нөлөөлсөн юм. Харин одоо худалдаачид илүү хаширлах стратеги баримтлах болов. Өөрөөр хэлбэл яг шаардлагатай хэмжээндээ худалдан авалт хийж цаашид зах зээл хэрхэхийг харна гэсэн үг. Өнгөрсөн оны тухайд гангийн үйлдвэрүүд баярын өмнө асар их хэмжээгээр татан авалт хийсэн ч гангийн үнэ буурснаас үүдэж алдагдал хүлээжээ. Одоогийн байдлаар Хятадын дотоодын зах зээлд ган болон коксжих нүүрс, коксын үнэ аль аль нь төдийлөн сайнгүй байгаа ажээ. Энэ нь Австралийн коксжих нүүрсний ханшийг  бууруулах нөхцөл бүрдүүлж байна. 


Нөгөөтэйгүүр Австралийн BMA /BHP Billiton Mitsubishi Alliance/-ийн коксжих нүүрсний уурхай Saraji-д осол /2019.01.01/ гарснаас үүдэж түр зогсолт хийсэн нь зах зээлд нийлүүлэлт саатах нөхцөл болжээ. Уг уурхайгаас улиралд 1.1 сая тонн нүүрс нийлүүлдэг байна. Гэхдээ энэ нь зах зээлд төдийлөн нөлөөлж чадахгүй нь тодорхой. Харин Хятадын хойд хэсгийн нүүрсний уурхайнуудад аюулгүй ажиллагааны үзлэг шалгалт явуулахаар тус улсын Нүүрсний аюулгүй ажиллагааны хяналтын газар мэдэгджээ. Энэ нь бараг энэ оны дунд хүртэл үргэлжилж мэдэхээр байгаа нь зах зээлд нийлүүлэлтийн хомсдол нүүрлэж болзошгүй гэсэн дохио өгөөд байна. Шэньси мужийн Lijiagou нүүрсний уурхайд (2019.01.12) осол болж 21 хүн нас барснаар ийм шийдэлд хүрчээ. Шалгалтад Шанси, Шэнси, Шандун, Хэнан болон зүүн хойд хэсгийн нутаг дахь уурхайнууд хамрагдахаар байна. Ингэснээр дотоодын нийлүүлэлт буурч мэдэх дохио болж, үнэ ханш буурах эрсдэл тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан. 


Гэхдээ зах зээлд ханш аль хэдийнэ буурч 200 ам.доллар/тонн-ын босгоос доош ороод байгааг анзаарч болно. Судалгааны байгууллагуудын тооцооллоор бол энэ онд сайн чанарын коксжих нүүрсний үнэ дунджаар 165 ам.доллар/тонн байх төлөв гарсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд ханш таамгаас үргэлж хол дээгүүр байж ирсэн. Энэ жил хэрхэхийг хэн ч таашгүй. 
Австралийн хувьд борооны улирал таарч буйтай холбоотойгоор хар салхи нүүрлэх магадлал 20%-50% гэж шинжээчид тооцоолол гаргажээ. 

Зэс

Зах зээлд зэсийн тоглолт хэрхэх вэ гэдэг нь ихээхэн сонирхол татаж байна. Хүрэн металын ханш нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг илтгэдэг нэгэн чухал үзүүлэлт болдгийн хувьд хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байдаг. Тэгвэл оны эхэнд зэсийн ханш төдийлөн сайн байсангүй. Харин ханшийг дээш өргөх үйл явдлууд болж өрнөсний хувьд зэсийн үнэ эргээд 6000 ам.доллар/тонн-ын босгыг давлаа. Гол шалтгаан нь АНУ-Хятадын худалдааны дайны асуудлыг нааштайгаар эргүүлэх гурван өдрийн яриа хэлэлцээр  (2019.01.7-9) харьцангуй амжилттай явагдсаных. Мөн Хятадын зэсийн импортын үзүүлэлт өнгөрсөн онд сайн байсан төдийгүй цаашид хаягдал зэс импортлохгүй байх шийдвэрүүд нь сайн мэдээнүүд болж тэмдэглэгдэж байна. Гэхдээ одоо цаашид Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд сайн байх эсэхээс их зүйл хамаарна.  


Өнгөрсөн оны сүүлээр зарим судалгааны байгууллага зэсийн ханшийг энэ онд 7000 ам.долларт хүрнэ гэж таамаг дэвшүүлж байсан юм. Харин оны эхэнд зарим нэг компаниуд ханшийн таамаглалаа гаргаж эхэллээ. Гэхдээ базаахгүй, нэлээд консерватив дүн тавьжээ. Тухайлбал Польшийн зэс үйлдвэрлэгч энэ онд ханшийг 6100-6300 ам.доллар/тонн байна гэж таамаглажээ. Манай улсын хувьд энэ оны төсөвт зэсийн зах зээлийн дундаж ханшийг 6272.2 ам.доллар/тонн байхаар тооцоолол дэвшүүлсэн. Зэс үйлдвэрлэлээр тэргүүлэгч Чили улсын зэсийн хороо болох Cochilco-ийн хувьд энэ онд нэг тонн зэсийн дундаж ханшийг 3.05 ам.доллар/фунт (6830 ам.доллар/тонн) байна гэж тооцсон байна. Голдман Сакс-ын тухайд улирлын болон хагас жилийн ханшийн таамгаа бууруулж тогтоосон боловч жилийн таамгаа 7000 ам.доллар/тоннд байна гэдгээ хэвээр нь үлдээсэн байна. 


Fitch агентлагийн тайланд өгүүлснээр зэсийн хэрэглээ нийлүүлэлтээсээ давах тооцоо гарсан. Өнгөрсөн онд дэлхийн зэсийн хэрэглээ 23.6 сая тоннд хүрсэн бол 2027 онд 29.8 сая тоннд хүрэхээр байна. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд жил бүр 2.6%-иар өсөх тооцоо юм. 


Өнгөрсөн онд зэсийн нийлүүлэлтийн хомсдол 247 мянган тонн байсан бөгөөд 2021 он хүртэл нийлүүлэлтийн хомсдол үргэлжлэхээр байна. Тус агентлаг Хятадын эрчим хүч, дэд бүтцийн өргөжилт болон цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр зэсийн эрэлт нэмэгдэж, нийлүүлэлтээс давна гэж тооцжээ. Гэхдээ энэ бол богино хугацааны эрэлт нийлүүлэлтийн төлөв юм. Компаниуд зэсийн шинэ төслийн эрэлд мордож, шинэ нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр урт хугацаандаа нийлүүлэлтийн илүүдэл үүснэ гэдгийг анхааруулсан байна.


Газрын тос

Монголын экспортын гол түүхий эд болсон газрын тосны зах зээл оны эхэнд сэргэлтийн үе шат руу орж чадлаа. Өнгөрсөн оны сүүл сард баррель нефтийн ханш 50 ам.доллар руу уруудаад байсан бол одоо 60 ам.доллар давчихаад байна. Үүнд гол үйлдвэрлэгчдийн нэг Саудын Араб нийлүүлэлтээ танах, АНУ-Хятадын худалдааны хэлцлийн эерэг төлөв зэрэг нь нөлөөлсөн.  


Тодруулбал Саудын Араб нэгдүгээр сард экспортын хэмжээгээ өмнөх арваннэгдүгээр сарынхаас 800 мянган баррель/өдөр-өөр бууруулж 7.1 сая баррель/өдөр болгохоо мэдэгдсэн. Тус улсын Засгийн газар газрын тосны ханш эргээд 80 ам.доллар/ баррель болно гэсэн хүлээлттэй байгаа ч энэхүү борлуулалтын таналт нь зах зээлд хангалттай нөлөө үзүүлж чадахгүй гэж шинжээчид тайлбарлаж байна.


ОПЕК-ийн нийт үйлдвэрлэл өнгөрсөн арванхоёрдугаар сард 630 мянган баррель/өдөр-өөр буурч 32.43 сая баррель/өдөр болсон тухай түүхий эдийн зах зээлийн судалгааны байгууллага Platts-ын тайланд мэдээлсэн байна. Оны эхний хагасын хугацаанд ОПЕК-ийн гишүүн орнууд нийт үйлдвэрлэлээ өмнөх аравдугаар сарынхтай харьцуулахад 1.2 сая баррель/өдөр-өөр бууруулахаар тогтоод байгаа юм. 


Голдман Сакс банкнаас энэ оны Брэнт маркийн газрын тосны ханшийн төлөвийг өмнөх тооцооллоосоо (70 ам.доллар/баррель)бууруулахаар болж 62.5 ам.доллар/баррель болгож өөрчилжээ. Ийнхүү ханшийн таамгаа бууруулж буй шалтгаан нь нийлүүлэлтийн илүү­дэл хүчтэй байхын сацуу АНУ-ын занарын тосны үйлдвэрлэл нэмэгдэх зэрэгтэй холбоотой ажээ.


Газрын тосны ханшийг доош чангааж мэдэх мэдээлэл мөн гарч эхэллээ. Нэгдүгээр сарын 21-нд ОУВС энэ оны эдийн засгийн өсөлтийг 3.5% болгон бууруулж, өнгөрсөн аравдугаар сард тогтоосон байсан хэмжээнээсээ 0.2%-иар таналаа. Мөн Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 28 жилийн хугацаан дахь хамгийн доод хэмжээндээ хүрч 6.6%-д хүрсэн тухай тус улсын Үндэсний статистикийн газар мэдээллээ. Гэхдээ Газрын тос үйлдвэрлэгч орнуудын байгууллага болох ОПЕК-ийн нийлүүлэлт багасч буй учир энэ онд ханшийн огцом бууралт тохиохгүй болов уу гэж шинжээчид таамаглаж байна. 


Алт

Алтны ханшийн тухайд он гарсаар 1300 ам.доллар/унц руу дөхөж  сүүлийн зургаан сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд хүрэв. Ийнхүү үнэ өсөхөд Хятадын эдийн засгийн таагүй мэдээлэл, АНУ-ын Холбооны нөөцийн мөнгөний хатуу бодлого суларч мэдэх, BREXIT-ийн тодорхойгүй байдал зэрэг нь голлон нөлөөлжээ. 

АНУ-Хятадын худалдааны дайны тухайд хэлэлцээр урагштай  ч эргэлзээ үлдсэн хэвээр. Хоёр улс ирэх гуравдугаар сарын 1-нээс өмнө хэлэлцээрт хүрэх шаардлагатай. 
Ийм тодорхойгүй нөхцөлд алт нь баталгаатай хөрөнгө оруулалтад тооцогддогийн хувьд цаашид үнэ нь өсөх магадлал өндөр. Хамгийн өөдрөг таамаг дэвшүүлдгээрээ алдартай Голдман Сакс банкны тухайд энэ онд алтны үнэ 1350 ам.доллар/унц байна гэж тооцсон байснаа өндөрсгөж 1425 ам.доллар/унц-д хүрнэ гэж “амлажээ”. Үүнд геополитикийн асуудал хурцдахын хэрээр улс орнуудын төв банкуудын алт худалдан авалт нэмэгдэх хүчин зүйлийн нөлөөг мөн тусгажээ. Алтны хөрөнгө оруулалтын сангуудын худалдан авалт ч олон сарын дээд хэмжээнд хүрээд байгаа юм. 

АНУ-ын Холбооны нөөцийн тухайд өнгөрсөн онд дөрвөн удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн билээ. Тэгвэл он гарсаар мөнгөний хатуу бодлогыг эргэн харахаа мэдэгдээд байна. Магадгүй оны сүүлээр бодлогын хүүг бууруулж ч магадгүй болоод байна. Энэхүү мэдэгдэл нь алтны ханшид сайнаар нөлөөлж буй нь дамжиггүй. 

 


Төмрийн хүдэр

2018 онд Хятадын төмрийн хүдрийн импорт 1.064 тэрбум тоннд хүрсэн нь өмнөх оныхоосоо 1%-иар буурсан дүн боллоо. 2010 оноос хойш анх удаа буурсан дүн болсон нь нэлээд онцлог үйл явдалд тооцогдоно. Гэхдээ зах зээлд энэхүү мэдээлэл төдийлөн нөлөөлж чадсангүй. Цагаан сарын баярын өмнө Хятадын гангийн компаниудын татан авалт нэмэгддэг уламжлалтай. Хэдийгээр  шинжээчид энэ жил худалдан авалт өмнөх жилийнхийг гүйцэхгүй байна гэж ярьж буй ч төмрийн хүдрийн ханш бууралтаас ангид байх нөхцөл нь яах аргагүй баярын өмнөх татан авалтын нөлөө гэж үзэж болно. 


Хятадын Ган, төмрийн холбооны үзэж буйгаар энэ онд тус улсын гангийн эрэлт харьцангуй сайн байх төлөвтэй байгаа ажээ. Энэ нь Хятадын төмрийн хүдрийн хэрэглээ өмнөх оныхтой ижил түвшинд хадгалагдах магадлалыг нэмэгдүүлж байна. 
Хятадын Засгийн газрын зүгээс эдийн засгийг идэвхижүүлэхээр хийж буй алхмууд нь гангийн эрэлтийг дэмжих бөгөөд Цагаан сарын дараа гангийн түүхий эдийн ханш өсч магадгүй гэж тус холбоо үзжээ. Одоогийн байдлаар Хятадын зарим нутгийн ган үйлдвэрлэлийн ашиг тонн тутамд 59-74 ам.доллар байгаа юм байна. Ган үйлдвэрлэлийн ашиг өнгөрсөн аравдугаар сараас хойш огцом буурч эхэлсэн нь Fortescue Metals зэрэг компанийн бага агуулгатай баяжмалын эрэлтийг нэмэгдүүлэхээр байгаа ажээ.


Нэгдүгээр сарын дунд үеийн байдлаар 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын ханш 75 ам.доллар/тонн-той байгаа ч оны дундуур үнэ эргээд 60 ам.доллар/тонн-ын түвшин рүү буурна гэж Голдман Сакс үзэж байна. Учир нь одоо тохиож буй үнийн өсөлт нь баярын өмнөх гангийн үйлдвэрүүдийн нөөц бүрдүүлэлтээс улбаатай. Нөгөө талд энэ онд төмрийн хүдрийн нийлүүлэлт нэмэгдсэн хэвээр байх тул үнэ цаашид буурах дүр зургийг тодруулж байна гэж тайлбарлажээ.