Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

CAT CARE-2019: Шинэ үеийн экскаваторыг Монголд анх удаа танилцуулав

 Монголын уул уурхай, дэд бүтэц, барилгын салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, олон улсад нэр хүндтэй Катерпилларын албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК уламжлал ёсоор энэхүү өдөрлөгийг өөрийн төв оффисын байрандаа гуравдугаар сарын 1-нд зохион байгууллаа. CAT CARE-2019” өдөрлөгийг уламжлал ёсоор аюулгүй ажиллагааны зааварчилгаагаар эхлүүлж,   “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн Гүйцэтгэх захирал Кэлвин Эндрив Каукинэн нээлтийн үг хэллээ. Тэрээр “Технологийн гайхамшигт шийдэл болсон шинэ үеийн экскаваторыг анх удаа танилцуулж байгаадаа таатай байна. Эдгээр экскаватор та бүхний үйл ажиллагааг илүү үр ашигтай болгоход ихээхэн нөлөө үзүүлнэ. Бид хамгийн чанартай, хамгийн сүүлийн үеийн, хамгийн сайн технологи, тоног төхөөрөмжүүдийг харилцагчиддаа санал болгодог. Үүний зэрэгцээ борлуулалтын дараах хамгийн шилдэг үйл ажиллагааг Монголд  төдийгүй бүс нутгийн хэмжээнд хүргэхээр зорин ажиллаж байна” хэмээн тодотгосон.

 

 

 

“CAT CARE-2019” өдөрлөгт тус компанийн харилцагчид олноор хүрэлцэн ирж, шинэ үеийн экскаваторуудын талаар цогц, сонирхолтой  мэдээллийг авсан юм. Өнгөрсөн оны яг өдийд буюу гуравдугаар сарын 2-нд “CAT CARE-2018” өдөрлөг “Корпорейт Конвейшн центр”-т зохион байгуулагдаж алтны салбарынхан, тэр дундаа алт олборлогчид руу түлхүү чиглэсэн сургалтуудаар өрнөж байв. Тэгвэл энэ удаад шинэ үеийн экскаваторуудын танилцуулгыг уламжлал ёсоор  Катерпилларын  тоног төхөөрөмжийн үйлдвэрт ажилладаг бүс нутгийн инженер, техникийн мэргэжилтнүүд хийж, харилцагчидтай уулзан,  сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийн ололт амжилтын талаар санал солилцсон.  CAT СARE өдөрлөг нь Монголын уул уурхайн салбарт сүүлийн хэдэн жилд  завсарлаад байсан хэдий ч өнгөрсөн оноос дахин  зохион байгуулсанд “Вагнер Ази” компанийн харилцагчид сэтгэл өндөр байгаагаа  илэрхийлж байлаа. “Катерпиллар” групп нь уг өдөрлөгийг дэлхийн улс орнуудад буй  дистрибьютерүүдээрээ дамжуулан өндөр түвшинд зохион байгуулдаг юм.

 

 

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК  харилцагчиддаа мэдээлэл хүргэхдээ  компанийн анх байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл явуулж байгаа үйл ажиллагаа,   технологи болон тоног төхөөрөмжүүдийн давуу тал, онцлогийн талаар сонирхолтой хэлбэрээр танилцуулдаг билээ. Тус компанийн Худалдаа ба түрээсийн газрын захирал  Э.Энхдэлгэр “Монголын орчин үеийн уул уурхайн салбар үүсч хөгжөөд 97 дахь жилийн нүүрийг үзэж байна. Тэгвэл дэлхийд нэр хүндтэй “Катерпиллар” групп байгуулагдаад 93 жил, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани Монгол Улсад  23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Монголын 130 гаруй уул уурхайн компани CAT брэндийн 1022 техникийг ашигладаг” хэмээн онцлов.

 

Бүтээгдэхүүн дэмжих үйлчилгээг өндөр түвшинд явуулдгийн хувьд “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нийт 125 сая ам.долларын өртөг бүхий  сэлбэгийн нөөцийг Сэлбэг түгээлтийн төвүүддээ байршуулсан байна. “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Технологийн газрын захирал Х.Уянга  тоног төхөөрөмжийн менежментийн шийдлийн талаар харилцагчиддаа товчхон танилцуулга хийсэн юм.

 

Ийнхүү өдөрлөгийн хөтөлбөр ёсоор “Барима” үйлдвэрийн Евро Азийн бүсийн менежер Роман Лахов Катерпилларын түүхэнд хамгийн том шинэчлэлийг хийсэн шинэ үеийн экскаваторуудын талаар танилцууллаа. 1925 оноос хойш Катерпилларын үйлдвэр хурдацтайгаар хөгжиж ирсэн бөгөөд энэ хугацаанд 1 тэрбум ам.долларыг үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж болон бусад дилерийн ажилчдыг сургахад зарцуулж ирснийг тэрээр дурдсан юм. Тус групп  Евро бүсэд ойролцоогоор 40 мянга гаруй тоног төхөөрөмж, эд ангийг зарж борлуулжээ.

 

“Вагнер  Ази Тоног Төхөөрөмж” компанийн Техникийн үйлчилгээний менежер бүтээгдэхүүн дэмжих үйлчилгээтэй холбоотой мэдээллүүдийг харилцагчдад өгсөн юм. Тухайлбал, харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн техникийг санал болгож, худалдан авах гэрээ хийснээр бүтээгдэхүүн дэмжих үйлчилгээ хийгддэг байна.

 

 “Оператороос шалтгаалахгүйгээр технологийн нарийн хэмжилтийн багажуудаар экскаватор өөрөө өөрийгөө автоматжуулах үйл  ажиллагааны горимд шилжсэнээр үр ашгаа  45%  хүртэл  нэмэгдүүлнэ.  Мөн 25% хүртэл   түлшний зарцуулалт болон засвар үйлчилгээний зардал 15%-иар багасна. Операторын ажиллах орчныг сайжруулсан,  алсын удирдлагын  системтэй, өндөр хурдны сүлжээтэй гээд олон давуу талтай” хэмээн ярилаа.

 

 

 

Энэ удаагийн өдөрлөг маш сонирхолтой хэд хэдэн хэлбэрээр  явагдсан юм. Тухайлбал үдээс хойших арга хэмжээний хөтөлбөрийн дагуу   харилцагчдыг  олон групп  болгон хувааж,   тусгайлан тохижуулсан хэсгүүдээр аялуулсан юм. Хэсэг болгон  дээр Катерпилларын бүтээгдэхүүний сонирхолтой танилцуулга, видео үзүүлж байсан ба харилцагчид хүссэн мэдээллээ эндээс олж авах боломжийг ч  бүрэн дүүрэн хангажээ. Гаднах талбайд хоёр шинэ экскаваторыг байршуулсан байв. Мэргэжлийн операторууд шинэ үеийн экскаваторуудын хүчин чадлыг харуулсан үзүүлбэрийг хийж сонирхууллаа. Түүгээр зогсохгүй харилцагчид болон сонирхсон операторууд уг экскаваторт сууж  шинэчлэгдсэн загвар бүхий экскаваторыг туршиж үзэх бололцоогоор хангаж өгчээ.

 

Г.Идэр