Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ярилцлага

П.Хөхөө: Хэрлэн гол дээр урсцын тохируулга хийх төслийг Концессын зүйлсийн жагсаалтад оруулахаар бэлтгэж байна



Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулагдах Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн ажил 2018 онд нэлээд урагштай өрнөжээ. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран үйлдвэр байгуулах 150 га газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэртэй холбоотой аймгийн болон Ханбогд сумын Иргэдийн хурлын зөвшөөрлүүд гарч Засгийн газраар батлуулсан гээд нааштай мэдээллүүд бий. Гэсэн хэдий ч төслийн үйл ажиллагаанд  хамгийн тулгамдсан асуудал нь  ус хангамж болоод байна. Говийн уул уурхайн үйлдвэрлэлд ус хангамж, тэр дундаа газрын доорх усны нөөц 2025 оноос хойш  хүрэлцэхгүй гэдгийг цөөнгүй мэргэжилтэн илэрхийлдэг.

Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны (УУХҮЯ) Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих төслийн нэгжийн Ус, байгаль орчин, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, доктор (Ph.D) П.Хөхөөтэй  MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.

Тэрээр ОХУ-ын Санкт-Петербургийн  Уул уурхайн их сургуулийг (1773 онд байгуулагдсан) төрөл бүрийн ашигт малтмал эрж хайх чиглэлээр уулын инженер-геофизикч, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн (ШУТИС) докторантурыг гидрогеологич, “Эко-Ази” дээд сургуулийг байгаль орчин-экологийн эрх зүйчээр тус тус дүүргэсэн, Монголын усны салбарт 40 гаруй жил ажиллаж байгаа тэргүүлэх  мэргэжилтэн юм. Газрын доорх усны тархалтын зүй тогтлыг геофизикийн загварчлалаар судлах арга зүйд мэргэшсэн, Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор зэрэгтэй. Өдгөө Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих төслийн нэгжийн багт 3 дахь жилдээ ажиллаж байна.


УУХҮЯ-наас Говийн бүсэд ойрын ирээдүйд 8 томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тэдгээрийн усны хэрэглээ нийтдээ 2978 л/с гэсэн тооцоо гарчээ. Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн усны хэрэглээ ойрын үед 1200 л/с хүрч, шинээр байгуулагдах Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр  жилд 220 л/с ус хэрэглэнэ гээд тооцохоор ус хангамж, тэр дундаа гүний усны нөөцийн асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай болж байгааг Та   хэлж байсан. Ярилцлагаа энэ сэдвээс эхэлье?
Оюутолгойн баяжуулах үйлдвэр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны нөөцийн зөвлөлөөс жилд 918 л/с хэмжээний ус ашиглах зөвшөөрөл аваад ажиллаж байгаа. Усны нөөц, судалгаатай холбоотой анхдагч, баталгаатай мэдээ, мэдээллийг би БОАЖЯ-ны эх сурвалж, судлаачдын материалаас авдаг. Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн усны хэрэглээ ойрын үед 1200 л/с хүрнэ гэдэг нь далд уурхайн үйлдвэрлэл 2020 оноос эхлэхтэй холбоотой. Харин төслийн урьдчилсан Техник-эдийн засгийн үндэслэлээр (ТЭЗҮ) бол Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр жилд 220 л/с ус ашиглах тооцоолол гарсан. 

Өөрөөр хэлбэл, жилд 1 сая тонн хүртэлх зэсийн баяжмал боловсруулахад ийм хэмжээний ус ашиглах юм. Манай  улсын төрөл бүрийн ашигт малтмал, түүн дотроо хамгийн үнэ цэнтэйд тооцогдох шингэн ашигт малтмал болох газрын доорх усны хуримтлал орон зайд харилцан адилгүй тархацтай байдаг. Энэ нь геологийн тогтоц, гидрогеологийн нөхцөлөөр  тайлбарлагдана. Өмнийн говьд уул уурхайн олон үйлдвэр, томоохон бүтээн байгуулалтууд өрнөж байна. Газрын доорх усыг уул уурхайн салбарт сүүлийн жилүүдэд эрчимтэй ашиглаж байгаа. Гэхдээ говийн бүсийн газрын доорх усны иж бүрэн нарийвчилсан судалгааг хийгээгүй байж усны нөөц хомсдлоо гэж хэлж болохгүй. Хэдийгээр улсын хэмжээнд газрын доорх усны 300 гаруй орд нээгдсэн ч Монгол орныг хамарсан усны иж бүрэн судалгаа зайлшгүй хийгдэх ёстой. Ирээдүйд усны хэдэн  ч орд нээгдэж болно.

Гүний усны иж бүрэн нарийвчилсан судалгаа хийгдэхгүй байгаагийн гол шалтгаан юу вэ?
Улс орны эдийн засаг сайжраад явбал мэдээж газрын доорх усны шат дараатай нарийвчилсан судалгаанууд төрийн бодлогоор  хийгдээд явах байх. Хөгжингүй орнууд усыг ай саваар нь судалдаг. Нэг удаа маш сайн судалгаа хийчихвэл дахин дахин хөрөнгө зарж судлах шаардлагагүй байдаг. Монгол орны хувьд газрын доорх усыг гидрогеологийн ай саваар нь цэгцтэй судлах шаардлагатай. Саяхан “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлээр Төрийн соёрхол хүртсэн эрдэмтдийн нэг, шинжлэх ухааны доктор (Sc.D), дэд профессор Н.Жадамбаа багш маань Монгол орны гидрогеологийн дүүрэгчлэлийг  Өмнөд, Баруун, Хойд гэсэн гурван системд хувааж, системүүдийн хэмжээнд газрын доорх усны 95  ай сав ялгасан. Энэ бүгдийг бид цаашид нарийвчлан судлах учиртай.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны (БОАЖЯ)  судалгаагаар 2017 онд улсын хэмжээнд  нийт жилд 554 сая м3 ус хэрэглэж, ашигласны 90 орчим хувийг нь газрын доорх ус эзэлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дангаараа жилд 81 сая м3 ус ашиглажээ. Энэ тоон үзүүлэлт 2018 онд ямар дүнтэй  гарсан бэ?
2018 онд энэ тоо хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт орсон эсэх талаар мэдээлэл одоогоор гараагүй байна. Ер нь бол БОАЖЯ-аас гаргасан усны талаарх судалгаа, тоо баримтыг бүгд хүлээн зөвшөөрдөг юм. Манай орны ус хэрэглээний практикт тогтсон газрын доорх усыг өндөр хувиар ашигладаг “гажиг” гэмээр чиг хандлагыг гадаргын усаа түлхүү ашиглаж, хэрэглэх чиглэлээр өөрчлөх шаардлагатай. Газрын доорх усаа нөөцөлж хойч үедээ хадгалж үлдээдэг, аль болох гадаргын усаа  ашигладаг улс орон дэлхийд олон бий. Гэтэл манай оронд энэ байдал эсрэгээрээ буюу газрын доорх усаа 90% ашиглаад, гадаргын усаа бараг хэрэглэж, ашиглахгүй  гадагшаа урсгачихдаг дутагдал байна.

Ярилцлагын эхэнд Та газрын доорх усыг “Шингэн ашигт малтмал” гэж  дурдсан. Ашигт малтмалын нэг  төрөл нь ус гэсэн санааг энд агуулж байна, тийм үү?
Газрын доорх усыг “шингэн ашигт малтмал” гэж үзэж болно.  Тиймээс сүүлийн үед газрын усыг ашигт малтмалд тооцох шинэ концепци бий болж байгаа.  Оросын алдарт эрдэмтэн А.П.Карпинский 1931 онд болсон Гидрогеологичдын анхдугаар их хуралд мэндчилгээ дэвшүүлэхдээ “...уснаас илүү үнэ цэнтэй ашигт малтмал байхгүй” гэж мэдэгдсэн байдаг. Газрын доорх усны хайгуул хийж нөөцийг бодож байгаа аргачлал, газрын хэвлийд орших орон зайн байр байдал зэрэг нь бусад ашигт малтмалаас ялгагдах зүйлгүй учир тодорхой геологийн биет гэж үзэх үндэслэлтэй юм. Ганцхан, түүний тоо хэмжээг илэрхийлэх нэгжид л ялгаа байдаг.

Улсын хэмжээнд газрын доорх усны 306 орд нээгдсэн гэдэг ч  бодит байдал дээр артезийн сонгодог хэлбэрийн орд одоог хүртэл олдоогүй байна.  Газрын доорх усны ордуудын ихэнх нь хаана байршдаг  вэ?
2018 оны нэгдүгээр сарын байдлаар газрын доорх усны ордуудын ихэнх нь Дорно-Өмнийн говьд нээгдсэн. Говийн бүсэд өнөөгийн байдлаар 53 орд нээгдсэн бөгөөд  эдгээрийн  батлагдсан нөөц  нь 140,417.3 м3/хон, таамаг нөөц 343,105.3 м3/хон.  Хүн амын унд, ахуйд тохирох цэнгэг устай 38 орд (60,670.1 м3/хон), эрдэсжилт ихтэй 15 орд (79,747.2м3/хон) байна. Уурхайнуудыг усны сав газраар авч үзвэл Умард говийн гүвээт-Халхын дундад талд 34%, Туулд 19%, Хэрлэнд 14%, Галба-Өөш-Долоодын говьд 6% гэх мэтээр хуваарилагдана. Уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа Өмнөговь нь Галба-Өөш-Долоодын говийн сав газарт багтдаг. Манай орны нутаг дэвсгэрийн 11 орчим хувийг эзлэх Өмнөговь аймгийн газар нутагт нийт газрын доорх усны нөөцийн 3% нь  илрээд байгаа.Өмнөговийг газрын доорх усны нөөц багатай гэж хэлж болохгүй. Газрын доорх усны олон жижиг орд энэ бүс нутагт нээгдсэн, цаашид ч нээгдэх магадлалтай.

Тавантолгой орчимд Балгасын Улаан нуур (404.19 л/с),  Мандах-Бумбат (31.2 л/с), Онгийн Улаан нуур (100.0 л/с), Таван алд (131.7 л/с), Борзонгийн говь (345.9 л/с), Зайрмагтай (29.4 л/с), Наймант (117.0 л/с), Наймдай (244.75 л/с), Оюутолгой орчимд Гүний хоолой  (918.0л/с), Галбын говь  (P зэргээр 427.9л/с), Нарийн заг (C2 зэргээр 75.23 л/с), Ханбогд сумын төв (C1зэргээр 2.14 л/с) гэсэн газрын доорх усны ордууд бий.

Гэхдээ артезийн сонгодог хэлбэрийн ордын хувьд усны тархсан талбай нь том орон зайг эзлэх ёстой. Энгийнээр тайлбарлахад, хааш хаашаа 50 км талбайн хаана нь өрөмдсөн ч ус оргидог тийм л орд байх учиртай юм.

Уул уурхайн усны хэрэглээг дан ганц газрын доорх усаар хангах боломж хязгаарлагдмал учир нэмэлт эх үүсвэр олох, хэмнэлттэй ашиглах, шинэ боломжуудыг эрэлхийлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Ус хангамжийг нэмэгдүүлэх ямар арга замууд байна вэ?
Говийн бүсэд уул уурхайг дан ганц газрын доорх усаар хангах боломжгүй. Яагаад гэвэл, газрын доорх ус орон зай, цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байдаг. Энэ бүс нутгийн газрын доорх ус хур тунадасаас авах тэжээмжийн хэмжээ нь маш бага, өөрөөр хэлбэл нэг хоёр хувиас хэтэрдэггүйг судлаачид тогтоосон. Иймээс тухайн салбарыг тогтвортой хөгжүүлэхэд эхний ээлжинд ашиглаж буй усны эргэцийг (дахин ашиглалт) сайжруулсан технологи хэрэглэх, дараагийн ээлжинд харьцангуй өндөр эрдэсжилттэй гүний ус ашиглах, алс зайнаас гадаргын ус татах, цэвэршүүлсэн саарал ус ашиглах зэрэг боломжууд бий. Холимог хувилбар ч байж болно.

Дашрамд дурьдахад, Өмнийн говиос бусад бүс нутагт уул уурхайн үйлдвэрлэлийн ус хангамж боломжийн түвшинд явагдаж байгаа. Харин говийн ч, хангайн ч усыг арвилан хэмнэхийн үүднээс нүүрсний уурхайгаас гарсан шүүрлийн усыг эргүүлэн ашиглах, эсвэл газрын доорх усны нөөцөд зохиомол тэжээмж болгон өгөх асуудалд анхаарлаа хандуулах нь чухал байна. Энэ бол газрын доорх усаа арвилан хэмнэх бодитой, шинэлэг ажил юм.

Гадаргын ус ашиглах ажлын хүрээнд Хэрлэн гол дээр олон жилийн урсцын тохируулга хийж, Өмнийн говь руу дамжуулах ашиглах төсөл  эрчимтэй яригдаж байна. Гадаргын усны нөөцийг уул уурхайд зөв, зохистой ашиглахаас өмнө судалгааны ажил, тухайлбал олон улсын жишигт хүрсэн нарийвчилсан судалгаа, ТЭЗҮ боловсруулах шаардлага тулгарч байгаа. Гэтэл одоогоор  ТЭЗҮ  хийгдээгүй байна л даа?
Засгийн газрын 2017 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 232 дугаар тогтоолын дагуу Хэрлэн гол дээр урсцын тохируулга хийх төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах ТЭЗҮ, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийлгэх ажлыг шуурхай зохион байгуулах чиглэл, даалгаврыг БОАЖЯ, УУХҮ-ийн сайд нарт өгсөн. Энэ мэтээр гадаргын усыг тодорхой хувь хэмжээгээр ашиглах эрх зүйн орчин бүрдсэн ч төслийн  нарийвчилсан ТЭЗҮ хийгдээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Засгийн газраас холбогдох тогтоол шийдвэр гарсан ч төслийн нарийвчилсан ТЭЗҮ, судалгааны ажилтай холбоотой санхүүжилтын эх үүсвэр  шийдэгдэхгүй, удаашралтай  байна. Эхлээд санхүүжилтыг Хятадын хөнгөлттэй зээлийн хүрээнд шийдэх асуудал яригдсан ч бүтээгүй. 2018, 2019 оны улсын төсөвт энэ санхүүжилт тусгагдаагүй. Тэглээ гээд бид зүгээр суугаад байж болохгүй байна. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах газраа сонгочихлоо, одоо ус хангамжийн асуудал чухлаар тавигдаж байна. Хэрлэн гол дээр урсцын тохируулга хийх төслийг Концессын зүйлсийн жагсаалтад  багтааж оруулах бэлтгэл ажил хийгдэжбайна.

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажлыг урагшлуулахын тулд  ус хангамжийн асуудлыг нэн яаралтай шийдэхээс аргагүй болжээ.  Усны хангамжгүй бол үйлдвэрийн төсөл мэдээж саатахад хүр­нэ.Та бүхэнд ямар гарц шийдэл байна вэ?  
Говийн уул уурхайн үйлдвэрлэлийн ус хангамжийн асуудлыг шийдэхийн тулд 2017 онд УУХҮЯ, БОАЖЯ-тай хамтарч усны эрдэмтэн, судлаачдын томоохон уулзалт зохион байгуулж, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай Засгийн газрын 88 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар ярилцсан. Тэгэхдээ Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрээс гадна Оюутолгой, Тавантолгойн үйлдвэртэй холбоотойгоор ус хангамжийн асуудлыг дан ганц газрын доорх ус бус, гадаргын усыг хослуулан  ашиглах нь зүйтэй гэж шийдсэн. Энэ уулзалт-хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг үндэслэн БОАЖЯ, УУХҮЯ хамтран Засгийн газарт тодорхой асуудлаа танилцуулсан юм. Засгийн газрын 232 дугаар тогтоолоор гадаргын усыг ашиглах, Хэрлэн гол дээр урсцын тохируулга хийхийн тулд нарийвчилсан судалгаа хийхэд зориулагдах хөрөнгийн эх үүсвэрийг Сангийн яамнаас гаргах үүрэг чиглэл өгөгдсөн. Гэвч энэ тогтоолын хэрэгжилт хөрөнгө мөнгөн дээрээ очоод гацаж байна. Тийм учраас дээр дурьдсанчлан  Хэрлэн гол дээр урсцын тохируулга хийх төслийн ажлаа Концессын гэрээнд оруулахаас өөр аргагүй болж байгаа.

Тэгэхээр дан ганц Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн ус хангамжийн асуудлыг ярих нь өрөөсгөл юм. Хөрөнгө оруулагчид орж ирэхэд бидэнд үзүүлэх бэлэн нарийвчилсан судалгаа хараахан алга. Газрын доорх ус болон гадаргын усыг хэрхэн  ашиглах талаар миний хувьд судалгаа хийж байна. Ер нь усанд хэмнэлттэй техник, технологи хэрэглэх, газрын доорх усны орчин үеийн дэвшилтэт арга, аргачлал бүхий геофизикийн болон гидрогеологийн хайгуул, судалгааг өргөтгөн гидрогеологийн ай саваар нь цогц шинжтэй явуулах, гадаргын усыг томоохон гол, мөрнөөс экологийн хохиролгүй тодорхой хувь хэмжээгээр алс зайд дамжуулан ашиглах, газрын доорх ус ба гадаргын усыг зохистой хослуулах, гүнзгий цэвэршүүлсэн саарал усыг ашиглах гэх мэт шийдлүүд байж болох юм.

Олон жил яригдсан Тавантолгойн цахилгаан станцыг байгуулах “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээ”-нд Эрчим хүчний яам болон “Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд он солигдох мөчид гарын үсэг зурлаа. Гэрээг үзэглэсэн талуудын  тооцоолж байгаагаар, 300 МВт-ын хүчин чадалтай энэ станц 2023 онд ашиглалтад ороход  наана нь ус хангамжийн асуудал бүрэн шийдэгдсэн байх ёстой байх?
Энэ асуудал ч мөн Хэрлэн гол дээр урсцын тохируулга хийж, гадаргын усаа хэрхэн ашиглахаас л шалтгаалах болоод байгаа. Уг нь 1948 оноос хойш Хэрлэн гол дээр олон үе шаттай судалгаануудыг янз бүрийн байгууллагууд хийж ирсэн. Хэрлэн голын хувьд үерлэх үед нь усыг хуримтлуулаад, татарсан үед нь  голоо эргээд тэжээж байх ёстой юм. Гадаргын усанд тохируулга хийснээр уул уурхайгаас гадна  ус дамжуулах трасс дагуух төв суурингийн ард иргэд, газар тариалан, ойжуулалт, ан амьтан, ургамал хангайн цэвэр усаар хангагдах боломжнээгдэнэ.

Улаанбаатар хотын саарал усыг говь руу яндан хоолойгоор татаж  ашиглах талаар нэлээд яригдах боллоо. Энэ төсөл ТЭЗҮ, судалгааны хувьд  шийдэгдэгдэж байгаа юу?
Одоогоор энэ төсөл судалгааны түвшинд явж байна. Усны сайн мэргэжилтнүүд уг судалгаанд оролцож байгаа. Гүнзгий цэвэршүүлсэн саарал усыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглах нь нэг хувилбар юм.

Говийн уул уурхайн үйлдвэрлэлийн гүний усны  ашиглалт болон усны бодлогын чиглэлээр Монгол Улсын  төрөөс  олон бичиг баримт батлан гаргасан. Одоогоор тулгарч байгаа хууль эрх зүйн асуудал, нэн яаралтай шийдэх ёстой ямар бодлого, чиглэл үгүйлэгдэж байна вэ?
Ус ашиглалтын талаарх хууль, эрх зүйн орчин хангалттай бүрдсэн. Гэхдээ гадаргын усны зүй тогтол, горим, хуваарилалт, экологийн урсцыг нарийвчлан судлах, ашиглах асуудалд оновчтой алхам хийх хэрэгтэй байна. Хилийн чанад руу 100 хувь урсан гардаг үнэт баялаг-гадаргын усныхаа тодорхой хувийг шинжлэх ухааны үндэслэлтэй ашиглаж, хэрэглэх нь туйлын чухал байгаа юм. Одоогоор УИХ, Засгийн газраас гарсан тогтоол, шийдвэрүүдийг ханган хэрэгжүүлэх ажил л үлдээд байна. 
 

Comment (1)

  • Зочин (103.26.194.159)
    сайхан ярилцлага болж олон чухал асуудлыг хөндсөн бнадаа
    2023 оны 05 сарын 27 | Reply