Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Бодлого

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн менежментийн зөвлөхөөр Энэтхэг компани ажиллана

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Энэтхэг улсын Шинэ Дели хотноо энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Петротек” газрын тос байгалийн хийн олон улсын чуулга уулзалтад оролцлоо. Тэрээр чуулганы үеэр Энэтхэг улсын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилт, ойрын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөж буй ажлуудыг товч танилцуулжээ. 

Уг төслийн менежментийн зөвлөхийг сонгох тендерийг хоёр улсын хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу БНЭУ-ын “Эксим” банкнаас урьдчилсан сонгон шалгаруулалт зохион байгуулж, “Инженерс Индиа  Лимитэд “ компани шалгарсан бөгөөд  тус компани  манай улсад төлөөлөгчийн газраа нээн ажиллуулахаар болов. Түүнчлэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК болон БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитэд” компанийн хооронд хамтран ажиллах тухай Санамж бичгийг үзэглэсэн байна. 

“Петротек 2019” олон улсын хуралд газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалтын сүлжээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын 6000 гаруй аж ахуйн нэгж байгууллага өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсны зэрэгцээ дэлхийн 27 улсын Засгийн газрын гишүүн, сайд нар оролцож, 20 орчим салбар хуралдаанд өөрсдийн санал бодлыг хуваалцсан гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв.