Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Сурвалжилга

Тинк танкуудын үүрэг оролцоо нийгэмд яагаад чухал вэ?

“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс санаачлан ХБНГУ-ын “Конрад Аденауэр” сангийн дэмжлэгтэйгээр  “Баримт мэдээлэл болон Тинк танкуудын ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр “Новотел” зочид буудалд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь АНУ-д төвтэй Пенсилванийн их сургуулийн дэргэдэх “Тинк танкууд  болон иргэний нийгмийн хөтөлбөр”-ийн зүгээс зохион байгуулдаг жил тутмын хэлэлцүүлэг, Тинк танк индексийн нээлт, танилцуулгын хүрээнд хийж буйгаараа онцлог юм. Эдүгээ дэлхий даяар 75 улсад, 255 байгууллага тинк танкийн хэлэлцүүлэг, арга хэмжээнүүдийг нэгэн зэрэг зохион байгуулж байгаа юм.

Хэлэлцүүлгийг “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан,”Конрад-Аденауэр” сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн нар үг хэллээ.

“Судалгааны байгууллагууд Монголд хөгжиж байгаа ч боловсруулж гаргасан тэрхүү судалгаануудыг төр засаг, шийдвэр гаргагчид ашиглаж чадаж байгаа эсэх нь тийм ч тодорхой биш байна. Өнөөдрийн мэдээллийн их далайгаас баримтад суурилсан, үнэн зөв судалгаа урьд өмнөхөөс ч илүү ач холбогдолтой болж байна” хэмээн ЭЗБӨЧСТ-ийн УЗ-ын дарга П.Цагаан онцолсон.     

Үүний дараа “Тинк танкуудын үүрэг оролцоо ба тэд өнөөгийн өөрчлөгдөж буй нийгэмд яагаад илүү чухал болж байна вэ?” гэсэн сэдэвт хэлэлцүүлэг өрнөсөн.  Тус хэлэлцүүлэгт “Фридрих-Эбертийн сан”-гийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Нийлс Хегевиш, “Глобал” эдийн засаг судалгааны хүрээлэнгийн ерөнхий захирал, эдийн засагч, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, “Нээлттэй нийгэм форум”-ын Гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал нар оролцож, санал бодлоо хуваалцсан юм.

“Энэ жил Монголын улс төр, эдийн засагт ямар эрсдэлүүд учрах вэ гэсэн өнцгүүдийг шалгуур үзүүлэлтүүдээр гаргаж ирвэл тодорхой дүгнэлт гарч ирэх байх. Энэ бол Тинк танкуудын хийх ёстой нэг том ажил болоод байгаа” хэмээн УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал байр сууриа илэрхийлсэн бол ”Конрад-Аденауэр” сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн “Тинк танк маш онцлог шинж чанартай. Янз бүрийн шинэлэг санаачилгууд, инновацийг байнга дэвшүүлж байдаг” хэмээн тодорхойллоо. “Нээлттэй нийгэм форум”-ын Гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал  “Төрийн бодлого боловсруулж байгаа байдлыг анзаараад байхад асуудлын мөн чанар, цаад учир шалтгааныг сайн судалдаггүй. Зөвхөн тэр асуудлын тухайн нөхцөл байдлыг өнгөцөөр дүгнэсэн бодлогуудыг гаргаж байна” хэмээн ярисан юм.

Хэлэлцүүлгийн зочноор мөн Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг, Де Факто институтийн Гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс, Хэвлэлийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, Хэвлэлийн мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооны гишүүн, сэтгүүлч О.Ариунбилэг нар уригдан оролцож буй юм.         

Тинк танкийг олон улсад бодлогын судалгаа хийж, тодорхой шийдлийн хувилбарыг боловсруулан санал болгож, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг хэмээн тодорхойлдог байна. Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын аппарат дахь бодлого боловсруулах чадамж илүү боловсронгуй болсон ч гэсэн тинк танкуудын судалгааг үнэлж үзэх хэд хэдэн үндэслэл байдаг аж. Нэгдүгээрт, Засгийн газрын төвшинд тогтсон хандлагыг “эвдсэн” бүтээлч санал бага гардаг байхад тинк танкууд илүү холыг харсан бодитой судалгаа гаргаж чадна гэж үздэг байна. Хоёрт, дээрхтэй холбоотойгоор засаг захиргааны төвшинд стандартчилагдсан горимын дагуу “явцуу” хүрээнд шийдэл гаргадаг бол тинк танкууд өөрчлөлтийг зоригтой санал болгож чаддаг байна. Гуравт, тинк танкууд сонирхлын зөрчлөөс ангид шинжээчдийг бүрэн дайчилж, хамтран ажиллах бүтэц бий болгож чаддаг давуу  талтай юм байна.

 Мэдээ мэдээллийн өнөөгийн эринд судалгаа, шинжилгээнд үндэслэсэн найдвартай, бодит мэдээллийн ач холбогдол өсөн нэмэгдсээр байгаа аж. Тинк танкийн үйл ажиллагаа нь мэдээлэл дамжуулах, судалгаа шинжилгээний үр дүнг сурталчлах, нийгэмд шинэчлэл хувьсал үүсгэх үйл явц гэдгийг “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн мэдээлэлд дурджээ.

Дэлхийн хөгжингүй улсуудад Think-Tank буюу Policy Research Institute-уудыг ашигладаг жишээ их байна.  Салбар салбараараа дагнасан хүрээлэнгүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж төрийн бодлогоо зөв ул суурьтай гарахад чухал нөлөө үзүүлж байгаа юм. БНХАУ-д гэхэд нийт тинк танкуудаа эрэмбэлэн, шилдэг тинк танкуудын төлөөллөөс төрийн бодлогын зөвлөлүүддээ оруулан, судалгааны үр дүнгээс бодлогодоо тусгах зэргээр маш их ач холбогдлоо өгч байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.

Монгол Улсын хувьд ч дэлхийн чиг хандлагыг сайтар ажиглан судалж, өөрсдийн нөөц бололцоогоо зөв зохистой удирдахад судалгаа, баримт мэдээллийн найдвартай байдал чухал үүрэгтэйг хэлэлцүүлэгт оролцогчид тодотгож байв. Түүнчлэн баримт мэдээлэл, судалгаа, шинжилгээний үр дүнг түгээх, мэдээлэхэд хэвлэл, мэдээллийн үүрэг оролцоо хэзээд чухал байсаар ирсэн байна. Тийм учраас   баримт мэдээллийг нягтлан шалгах, сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүй өндөр байх ёстойг оролцогчид мөн хэлж байлаа.

Г.Идэр