Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Бодлого

20 жил ажиллах хүрэн нүүрсний гурван уурхай 2019 онд ашиглалтад орно



The Mongolian Mining Journal /2018.012/

2019 оны хувьд баяжуулалтын салбарт хоёр үйлдвэр ашиглалтад орохоор төлөвлөгдсөн нь Алтанцагаан овоо, Халзан бүргэдэй УБҮ. Мөн онд хүрэн нүүрсний гурван томоохон уурхай, бал чулууны нэг уурхай ашиглалтад орохоор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ-ээ батлуулсан бөгөөд  бүгд 20 жил ажиллах төлөвлөгөөтэй   байна.  Эдгээр уурхайн үйл ажиллагаа эхэлснээр орон нутагт ажлын байр нэмэгдэж, нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлууд ч бий болно. 

Алтан цагаан овоогийн УБҮ

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт Алтан цагаан овоогийн алт-холимог металын ордыг ашиглахаар “Степпе голд” компани бэлтгэл ажлаа гүйцэтгэж байна. Төслийг хэрэгжүүлэхэд 219.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд 478 хүнийг ажлын байраар хангах юм.

Халзан бүргэдэйн  УБҮ

Ховд аймгийн Мянгад сумын нутагт “Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп” компани Халзан бүргэдэйн газрын ховор элементийн уулын баяжуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлнэ. Орд ашиглах ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр (ЭБМЗ) хэлэлцүүлж,  хүлээн авсан байна.
Төслийг жилдээ 5 сая тонн хүдэр олборлож, боловсруулах хүчин чадалтайгаар 39 жил ажиллахаар төлөвлөжээ. Уг төслийг хэрэгжүүлэхэд 403 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм.  Үйлдвэр ашиглалтад орсноор 665 хүн ажлын байраар хангагдана.

Сүүж уулын уурхай

Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт “Альшаа хайрхан” компани Сүүж уулын Зүүн болон Хойд хэсгийн гэсэн 2 уурхайгаас жилдээ нийт 3 сая тонн бал чулуу олборлох төслийг эхлүүлэхээр бэлтгэж байна. Орд ашиглах ТЭЗҮ-ийг ЭБМЗ-өөр хэлэлцүүлэн хүлээн авчээ. Уг төсөлд нийтдээ 1.03 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэдгийг холбогдох албаны мэргэжилтнүүд илэрхийлэв. 

Өөхийн цагааны нүүрсний уурхай

Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр сумын нутагт “Эйкүсора” компани Өөхийн цагааны хүрэн нүүрсний уурхайгаас  жилдээ 500 мянган тонн нүүрс олборлож эхлэх ба улмаар  5 сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Орд ашиглах ТЭЗҮ-ийг мөн ЭБМЗ-өөр хэлэлцүүлжээ.  Тус уурхайд  346.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд  21 жилийн хугацаанд ашиглана.

Хөөвөр булагийн нүүрсний уурхай

Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт “Өнт-Өнгөт” компани  Хөөвөрбулагийн хүрэн нүүрсний уурхайн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төсөлд 135 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, жилдээ 5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаар 21 жил ажиллана.
Цагаан залаат, Ерөөлтийн нүүрсний уурхай


Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат сумын нутагт “Дорнын чулуулаг” ХХК Цагаан залаат, Ерөөлтийн хүрэн нүүрсний уурхайг ил аргаар ашиглахаар төлөвлөжээ. Цагаан залаатын уурхайг 9 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаар 10 жил, Ерөөлтийн нүүрсний уурхайг жилдээ 10 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтайгаар 20 жил ашиглахаар төлөвлөж байна. Тус хоёр  уурхайг ашиглалтад оруулахад 503.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.