Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

Баруун Австралиас литийн томоохон тоглогч төрнө

Баруун Австралийн лити олборлолтын чиглэлийн компани Pilbara Minerals өөрийн уурхайн өргөтгөлд зориулж томоохон хөрөнгө босгож чадсан тухайгаа мэдэгдлээ. Энэ хүрээнд Хятадын хоёр ч томоохон компаниас нийтдээ 75 сая ам.долларын санхүүжилтийн багцыг босгож буй ажээ. Тодруулбал Хятадын Ganfeng Lithium компани 50 сая ам.доллар, The Great Wall Motor компани 25 сая ам.долларыг тус тус олгохоор тохиролцсон тухай өчигдөр албан ёсоор мэдэгджээ.

Энэхүү үйл явдал нь Pilbara Minerals компанийг цахилгаан машины зай хураагуурын гол түүхий эд болох литийн зах зээлд томоохон нийлүүлэгч болох суурийг тавьж байна.

Pilbara Minerals-ийн тухайд Баруун Австралийн Port Hedland боомтоос урагш 120 км-т орших Pilgangoora лити болон танталын уурхайг ажиллуулдаг бөгөөд өргөтгөлийн дараа үйлдвэрлэлийн хүчин чадлыг одоогийн 2 сая тонн хүдэр олборлолтоос даруй 5 сая тонн болгож нэмэгдүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл хоёрдугаар шатны өргөтгөлийн дараа 5 сая тонн хүдэр олборлож, 850 мянган тонн сподумений баяжмал үйлдвэрлэх ажээ. Сподумений баяжмал нь ойролцоогоор 6-7%-ийн лити агуулдаг байна.

Өргөтгөлийн шатыг 2020 оны эхний улирал гэхэд дуусгахаар тус компани төлөвлөжээ.

Хоёрдугаар шатны бүтээн байгуулалт нь нийтдээ 231 сая австрали долларын өртөгтэй бөгөөд үлдсэн хөрөнгийг бонд болон өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх юм байна.  

Хоёрдугаар шат дууссаны дараагаар уурхайг 6.2-7 сая тонн хүдэр олборлолтын хүчин чадалтай болгож өргөжүүлэхээр төлөвлөж буйгаа компанийн төлөөлөл мөн онцоллоо. Уурхайн хувьд нийтдээ 226 сая тонн хүдрийн нөөцтэй бөгөөд хүдэрт 2.86 сая тонн литийн оксид, 57.7 сая фунт танталит агуулагдаж буй ажээ.  

Австрали улсын хувьд лити олборлолтоор дэлхийд тэргүүлдэг. Цахилгаан машины үйлдвэрлэл тэлэхийн хэрээр үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр чармайж буйн тод илрэл нь энэхүү уурхайн өргөтгөл болж байна. Харин нөгөө талд цахилгаан машины томоохон үйлдвэрлэгч Хятад улс түүхий эдийн нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангахаар хэрхэн ажиллаж буй нь илэрхий байна. Pilbara Minerals-ийн тухайд зөвхөн Great Wall Motor, Ganfeng Lithium төдийгүй мөн Солонгосны Posco, Хятадын өөр нэг томоохон компани болох General Lithium-тэй урт хугацаанд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулаад амжжээ.

Санхүүжилт босгох тухай мэдээлэл цацагдмагц өчигдөр Австралийн хөрөнгийн бирж дээр Pilbara Minerals-ийн хувьцааны үнэ 17%-иар өсч 0.73 австрали цент болжээ. 



Б.Төгс