Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Тавантолгойн станцыг байгуулах эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээг үзэглэв

Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой ХХК Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж байгуулах талаар “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн: “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хүрээнд бид энэхүү гэрээг үзэглэж байна. Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын талаарх тус гэрээгээр Оюу толгой компани уул уурхайн үйл ажиллагаандаа шаардлагатай эрчим хүчээ 100 хувь дотоодоос авах суурь нөхцөл бүрдэж байгаа юм.”

Тус гэрээнд Оюу толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодоос хангах шийдлийн суурь зарчим, төслийн ерөнхий дизайн болон талуудын үүрэг зэрэг асуудлуудыг тусгасан.Гэрээний хүрээнд 300 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний ордод барих бөгөөд тус цахилгаан станцын дийлэнх хувийг “Оюу толгой” ХХК эзэмших юм. Түүнчлэн, талууд эрчим хүчний ерөнхий шийдэлд сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн тусгаж болохыг судлах болно.

Эрчим хүчний энэхүү гэрээг үзэглэсэн нь Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох дэд бүтцийг барьж байгуулах Улсын Их Хурлын 2018 оны 73 тоот тогтоолыг хэрэгжүүлж, Монгол Улсын Өмнөд бүсийн эрчим хүчний хангамжийг дотоодын эрчим хүчээр бүрэн хангаж, Оюу толгойн уурхай, ялангуяа гүний уурхайн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой явуулах, эрчим хүчийгхөгжүүлэхэд чухал алхам болж байна.

Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Гэрээг үзэглэсэн нь Оюу толгойн хувьд бас нэгэн тэмдэглүүштэй үйл явдал болж буй бөгөөд хувь нийлүүлэгч талууд харилцан ашигтай шийдэлд хамтаар хүрч болдгийн нэг тод жишээ юм.”

Рио Тинтогийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат: Оюу толгой ХХК нь 15,000 гаруй Монгол ажиллагсадтай, дэлхийд тэргүүлэх Монгол компани юм. Үйл ажиллагааныхаа эрчим хүчний эх үүсвэрийг Монголоос авах талаарх гэрээг Монголын Засгийн газартай хамтран мэдээлж байгаадаа бид баяртай байна. Энэ нь их чухал алхам юм.”

Туркойс Хилл Ресурс компанийн гүйцэтгэх захирал Улф Куэлман: “Монгол Улсын Засгийн газар, Оюу толгой, Рио Tинто хоорондын урт хугацааны хэлэлцээний үр дүнд тус гэрээ батлагдсан юм. Эрчим хүчний төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхээр бид түншүүдтэйгээ ойр хамтран ажиллах болно. Ингэснээр Оюу толгойн уурхай бүрэн хүчин чадалдаа хүрч, бүхий л оролцогч талуудад ач тусаа өгөх юм.”

Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн болон Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А. Тлейхан, Оюу толгой ХХК-ийг төлөөлж тус компанийн ТУЗ-ийн дарга Г. Батсүх болон гүйцэтгэх захирал Армандо Торрес нар тус тус гарын үсэг зурав.