Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Мэдээ мэдээлэл

“Өрөмдлөг-2018” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно


Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, ”Эрдэнэдрийлинг” ХХК  хамтран  “Өрөмдлөг-2018” олон улсын эрдэм шинжилгээний XX хурлыг арванхоёрдугаар сарын 19-нд “Корпорейт конвеншн” төвд зохион байгуулахаар болжээ.  Хурлын үйл ажиллагааг нээж ШУТИС-ийн ГУУС-ийн захирал, доктор, дэд полфессор Л.Пүрэв, МУӨХ-ны тэргүүн доктор, дэд профессор, өрмийн зөвлөх инженер М.Наранбат нар үг хэлэх аж. 

Энэ удаагийн “Өрөмдлөг-2018”  хурлын эхний хэсэгт тус холбооны үйл ажиллагааны замнал, өнөө ба цаашдын хандлага сэдвээр  танилцуулга хийж,  шинээр элссэн гишүүн байгууллагуудын гэрчилгээ гардуулалт зэрэг үйл ажиллагаа явагдах юм байна. Түүнчлэн “Оюутолгой” ХХК-ийн Ажлын хэсгээс өрмийн байгууллагын менежментийн зарим асуудал,  үнэлгээний болон хайгуулын өрөмдлөгийн ажлын аюулгүй байдлын талаар мэдээлэл хийхээр болжээ.

“Корпорейт конвеншн” төвийн  “Улаанбаатар танхим”-д “Хайгуулын өрөмдлөг” сэдэвт хэлэлцүүлэг болох ба энэ хэсэгт “International drilling Mongolia” ХХК-ийн захирал, өрмийн мэргэшсэн инженер Ц.Банзрагч “Хайгуулын өрөмдлөгийн стандарт боловсруулах, батлуулах нэвтрүүлэх асуудал”, доктор, профессор Л.Төвхөө нарын “Эрдэнэтийн Овоо” ордын чулуулгийн өрөмдөгдөх чанарын судалгаа, үр дүн, зөвлөмж”, “Эрдэнэдрийлинг” ХХК-ийн төлөөлөл Б.Нарангэрэл “Өрөмдлөгийн цооног төлөвлөх, явцын хяналт хийх, чиглэлийг удирдах боломж” зэрэг сэдэвт илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүлэх  юм.

Тус хурал  нь  мөн “Усны өрөмдлөг” сэдвээр үргэлжлэх бөгөөд нэгдсэн хуралдаанд “Sandvik Mongolia” компанийн Гүйцэтгэх захирал Жон Оберг, “Epiroc Mongolia” компанийг төлөөлөн Андерс Берглинд зэрэг олон улсын өрөмлөгийн компанийн удирдлагууд сонирхолтой мэдээлэл хийхээр төлөвлөжээ.

Дашрамд дурьдахад, 1990-ээд оноос төрийн бус байгууллага, түүний дотор мэргэжлийн ТББ-ын үүрэг, ач холбогдол шинээр бий болж, өсөн нэмэгдсэн он жилүүдэд буюу 1996 онд Монголын Өрөмдлөгийн холбоо анх байгуулагдсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд тус холбоо мэргэжлийн 80 гаруй гишүүн байгууллага, 300 гаруй гишүүд, 500 гаруй дэмжигчтэй болсон байна.

Холбооны зүгээс өрөмдлөгийн онол практикийн хурлыг жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд олон улсын шилдэг өрмийн компаниуд оролцож, мэдлэг мэдээллээ хуваалцдагаараа онцлог юм.

Г.Идэр          

Comment (1)