Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ярилцлага

Автоматжуулалт нь уурхайчдад шинэ чадварт суралцах шаардлагыг авчирна



Австралийн уул уурхайн салбар нь дэлхийн уул уурхайн салбарт өөрийн худалдааны цар хүрээ болон технологийн ноу-хаугаар сайн танигдсан. Тиймээс MMJ-ийн Б.Төгсбилэгт Квийнслэндийн их сургуулийн Тогтвортой эрдэс баялгийн хүрээлэнгийн Трансформатив сургалтын хэсгийн Хөтөлбөрийн ахлах Робин Эванстай салбарын хүрээний чухал асуудлууд болох байгаль орчин, эрчим хүчний байгальд ээлтэй шийдэл нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн өмнө салбарын хүлээх үүрэг, мөн автоматжуулалт болон бусад асуудлаар ярилцлаа. 

Австрали улсын хувьд уул уурхайн салбар нь эдийн засагт чухал нөлөөтэй байдаг. Танай улсын уул уурхайн салбарын төлөв байдал ямархуу харагдаж байна вэ? Энэ асуултаар ярилцлагаа эхэлье.
Австрали улс нь 2000-аад оноос эхлэн эрдсийн зах зээлийн үсрэнгүй өсөлттэй золгосон. Энэ бүхэн нь ялангуяа хурдацтай өсч буй Хятадын эдийн засагтай холбоотойгоор төмрийн хүдэр, нүүрс зэрэг голлох түүхий эдийн дэлхийн эрэлт хэрэгцээ урьд хожид байгаагүйгээр өссөнтэй холбоотой. Энэ үед уул уурхайн салбарт BHP болон “Рио Тинто” компани өөрсдийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх зэргээр хөрөнгө оруулалтын маш том түрлэг бий болсон. Үүний зэрэгцээ Австрали улс нь шингэрүүлсэн байгалийн хийн дэлхийн хамгийн том экспортлогч болохоор шинэ төслүүд хэрэгжүүлэхээр ид хөгжүүлж эхэлсэн.

Эдгээр хөрөнгө оруулалтын төслийн цөөнгүй нь эрдсийн зах зээлийн уналтын мөчлөгтэй давхцсан л даа. Зах зээлийн ханш ч бууж эргээд хэвийн түвшиндээ очсон. Шинэ төслүүдтэй компаниуд илүү бүсээ чангалах болж, зардлаа танах зарчимд шилжихийн хэрээр ажлын байрны тоог цөөлж, улмаар олон нийтийн дунд уул уурхайн оргил үе өндөрлөж уналтын шат руугаа шилжлээ гэсэн ойлголт төрөх болсон. Яг үнэндээ энэ нь маш эндүү ташаа ойлголт юм. Австралийн төмрийн хүдэр, нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ улам бүр дээшилж, шинэ дээд амжилт тогтоосоор байна. Шинэ уурхайнууд ч ашиглалтад орсон хэвээр. Үнэ ханш эмзэг хэвээр байгаа ч уул уурхайн салбар нь Австралийн эдийн засагт, ялангуяа эрдэс баялаг ихтэй гол мужууд болох Квийнслэнд болон Баруун Австралид онцгой үүрэг гүйцэтгэсээр байна. u

Австрали улс сая болж өнгөрсөн дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал болон түүнээс улбаатай эрдсийн салбарын нөлөөг хэрхэн амжилттайгаар даван туулсан бэ?
Үнийн дүнгийн хувьд Австралийн экспорт дотроо төмрийн хүдэр, нүүрс давамгайлсан хэвээр байна. Гэхдээ бусад чухал салбар болох хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсролын салбар эдийн засгийн солонгоролтод хувь нэмрээ оруулж, тэнцвэрийг хадгалахад тусалдаг. Энэ нь манай улсад эрдсийн салбарт уур амьсгал таагүй байх үед дөхөм болдог гэх үү дээ. Гэхдээ бидний дунд эдийн засгийн хувьд уул уурхайн салбараас урт хугацаанд хамаарч буй байдалд шүүмжлэлтэй ханддаг байдал их бий. 

Гол анхаарал одоо хаашаа шилжиж байна вэ гэхээр цахилгаан машин зэрэг шинэ технологийн нэвт­рэлтийн нөлөөгөөр ногоон эдийн засгийг бүтээхэд шаардлагатай эрдсүүд рүү чиглэж эхэлж байна. Зэс дэлхийн эдийн засгийн хөгжилд гол үүрэгтэй байгаа бол лити, кобальт зэрэг металуудын эрэлт нэмэгдэж байна. Гэсэн ч маш их зүйл дэлхийн эдийн засгаас хамаарна. Нөлөөлөх хүчин зүйлүүд нэмэгдэж болзошгүй байгаа ч ойрын ирээдүйд Австралийн эдийн засагт уул уурхайн салбар онцгой чухал үүрэгтэй байх нь дамжиггүй. 

Квийнслэндийн их сургуулийн Тогтвортой эрдэс баялгийн хүрээлэнгийн ажил нь танай улсын уул уурхайн салбарын хөгжилд ямар хувь нэмэр оруулдаг вэ?
Квийнслэндийн их сургууль нь улсын хэмжээнд ашигт малтмалын салбарт онцгойлон төвлөрч ажилладаг хэд хэдэн их сургуулийн нэг. 2018 онд манай их сургууль Шанхайн Эрэмбэ (ShanghaiRanking) нэр хүндтэй эрэмбээр уул уурхай, эрдсийн инженерингийн чиглэлээр  нэгдүгээрт бичигдэж дэлхийн тэргүүн зэргийн шилдэг их сургуулиар шалгарсан нь бахархалтай. Энэ нь инженеринг, шинжлэх ухаан, бизнес болон нийгмийн шинжлэх ухааныг багтаасан манай их сургуулийн маш олон хэсгийн хичээл, судалгааны үйл ажиллагааны чанар, цар хүрээг илтгэж байна. 

Квийнслэндийн их сургуулийн Тогтвортой эрдэс баялгийн хүрээлэн нь уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэх чиглэлд мэдлэгт суурилсан шийдлийг боловсруулж ажилладаг дэлхийн тэргүүлэх (олон ургалч) судалгааны газар юм. Бидний ажил уурхайн бүх мөчлөг болох геологи хайгуулаас авахуулаад эрдсийн олборлолт, усны менежментийн асуудал, эрдэс боловсруулалт, хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдал, уурхайн нөхөн сэргээлт, эрчим хүч, орон нутгийн оролцоог хамарна. Бидний хэрэгжүүлсэн хэд хэдэн төсөл уурхайн ус ашиглалтын протокол, эрсдэлийн менежментийн суурь баримт бичиг зэрэг хэд хэдэн сэдвээрээ салбарын хэмжээнд шинэ стандарт болон тогтсон. 
Олон судалгааны үр дүн салбарын бизнес үйл ажиллагаанд нэвтэрсэн. Тухайлбал GroundProbe геотехникийн хяналтын систем байна. Энэ нь 1990-ээд онд Квийнслэндийн их сургуульд салбарын санхүүжүүлтээр хөгжүүл­сэн төслийн хүрээнд бий болсон. Энэ технологи бол манай улсын экспортын томоохон хэсгийг эзэлдэг Австралийн уул уурхай тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээний салбарт гарсан амжилтын зөвхөн нэг жишээ нь юм. 

Уур амьсгалын өөрчлөлт эрдсийн салбарт хэрхэн нөлөөлж байна вэ? Уул уурхайн компаниуд уг асуудалд ямар хүчин чармайлт гарган ажиллаж байна вэ? Тухайлбал хүлэмжийн хийн ялгаруулалтын татварын асуудал дээр?
Дэлхийн уул уурхайн томоохон компаниуд уур амьсгалын өөрчлөлтийн тухай баримтыг дор бүрнээ хүлээн авч буй өөрсдийн бодлогоороо дамжуулан уг асуудалд тодорхой байр суурь баримтлах болсон. Дэлхийн тэргүүлэх байгууллага болох Уул уурхай, металын олон улсын зөвлөлөөр ч дамжуулан асуудлыг тавьж байгаа юм. Ихэнх нь өөрсдийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа бууруулах хэд хэдэн алхам бүхий стратегийг боловсруулан ажиллаж байна. Алслагдсан газарт эрчим хүчний нийлүүлэлт нь сорилт болдог. Гэхдээ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар сэргээгдэх эрчим хүчний шийдэлтэй хосолмол байдлаар эрчим хүчний хангамжийг зохицуулж буй уурхайн төслүүд нэмэгдэж байна. Эрчим хүчний хэмнэлттэй эрдэс боловсруулалтын судалгаануудын дүнд мөн хийн ялгарлыг эрчимтэй бууруулах боломжтой. 

Австрали улс нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын гэрээнд нэгдсэн. Гэсэн хэдий ч яг нүүрсхүчлийн хийн үнэлгээний тогтолцоо хөрсөн дээр бууж хэрэгжиж эхлээгүй байна. Өнөөг хүртэл анхаарч ирсэн зүйл гэвэл улсын эрчим хүчний зах зээлд сэргээгдэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх зорилт байсаар ирсэн. Энэ нь улс төрийн хувьд ихээхэн маргаан дагуулдаг асуудал. Үнэндээ сэргээгдэх эрчим хүчний салбар маш хурдацтайгаар урагшилж байна. Квийнслэнд зэрэг мужуудад нарны станцууд олноороо баригдах болсон. Эдгээрийн зарим нь өндөр хүчдэлийн цахилгаан шугам сүлжээнд холбогдохын тулд одоо байгаа уурхай, нүүрснээс хий гаргах төслүүдийн ойролцоо баригдаж байгаа. Тэгэхээр олон салбарын дунд эрчим хүчний сонирхолтой нэгдэл бий болоод байна. 

Үүнтэй холбогдолтой нэгэн шинэлэг төсөл гэвэл Квийнслэнд мужийн умард хэсэгт орших Кидстон алтны хаагдсан уурхай дээр баригдсан төсөл юм. Энэ нь Женекс Пауэр компанийн худалдаж авсан төсөл бөгөөд тус компани хоёр хоосон ил уурхайд усан цахилгаан станц байгуулахаар цөөрөм үүсгэсэн. Энэ нь  тусдаа байгуулагдсан нар, салхины станцтай хосолж ажилладаг. Ингэснээр хаагдсан уурхай болон холбогдох дэд бүтцийг нь сэргээгдэх эрчим хүчний нэгэн чухал цогцолбор станц болгон хувиргасан. 



Автоматжуулалт болон уул уурхайн үйл ажиллагааны дижиталчлал нь салбарын ажлын байрны хэв загварт хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ?
Уул уурхайн салбарт тухайлбал ил болон далд уурхайн үйл ажиллагаанд автоматжуулалт маш хурдацтайгаар нэвтэрч буй нь аюулгүй ажиллагаа болон бүтээмжийг нэмэгдүүлэх шалтгаантай. Энэ нь эргээд салбарт ажиллаж буй хүмүүст шаардагдах ур чадварт өөрчлөлт шилжилт гарахад хүргэж байна. Яг уурхай дээр ажиллаж буй хүмүүс болон техникийн мэргэжлийн удирдах түвшний ажилтнуудад ч ялгаагүй. Одоогийн шатанд ерөнхий ажлын байрны хэв загварт хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. Тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хүрээлэнгийн хийсэн нэгэн судалгаагаар ердийн том хэмжээний ил уурхайд ажлын байр 30-40%-иар буурах тооцоо гарсан. Гэхдээ Австралийн нэгэн далд уурхайн ерөнхий менежерийн хэлснээр ажлын байранд ямар нэг өөрчлөлт ороогүй, харин оператор болон бусад ажилтан алсаас удирдаж, газар доорх ачих үйл ажиллагааг хянадаг болсноор механик ажил хийх нь багассан тухайгаа өгүүлсэн. 

Уурхайн талбайгаас хэдэн зуу, хэдэн мянган км-ийн алсад орших үйл ажиллагааны удирдлагын төвийг байгуулснаар алслагдсан суурингаас илүү хүн ам ихтэй газарт ажлын байрыг төвлөрүүлэх шилжүүлэх үр дүн гарах үндэслэл их байна. Австралид ийм төвүүд ихэвчлэн томоохон нийслэл хотуудад байршиж буйн нэг нь “Рио Тинто”-гийн төв Пертийн нисэхийн зэргэлдээ байгуулагдсан бөгөөд Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайнуудын үйл ажиллагааг тухайн төвөөс буюу алсаас удирдаж байгаа явдал.  

Энэ сэдэвт хамаарах тодорхойгүй зүйлсийг дахиад судлах шаардлагатай. Алслагдсан хэсэг дэх уул уурхайн үйл ажиллагаа нь орон нутагт ажлын байрны онцгой их боломжийг бүрдүүлдэг. Мөн ажилчдын үйлчилгээг орон нутгийн худалдан авалтаар бүрдүүлэх зэргээр эдийн засгийн үржүүлэх нөлөө үзүүлдэг. Ажилтнуудын тооны өөрчлөлт болон уул уурхайн ажиллах хүчний ур чадварын шаардлага нь эдгээр нөлөөг өөрчилж мэдэх юм. Мөн орлогын татварын бууралтын нөлөөгөөр Засгийн газарт орох орлого буурч мэдэх юм. 2017 оны ярилцлагад Билл Гэйтс роботуудаас орлогын татвар авах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн. Гэсэн ч энэхүү санал нь тийм ч их дэмжлэг авахгүй байж мэдэхээр санагдсан. Эдгээр технологийн талаарх зүйлсийг илүү ихээр ойлгож судлах хэрэгтэй. 

Байгаль орчны хамгаалал тал дээр Австралийн уул уурхайн компаниудад тулгарч буй хамгийн том бэрхшээл юу вэ? Эдгээр асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
Усны асуудал нь салбарт тулгарч буй байгаль орчны асуудлуудын дийлэнхтэй   холбогддог. Австралид бид хуурайшилт болон үерийн гамшигтай тулгарч байна. Бусад хэрэглэгчидтэй өрсөлдөх үүднээс эдгээр цаг үеийг удирдах уул уурхайн үйл ажиллагааны арга зам, усны чанарын менежмент, усны нөөцийн урт хугацааны нөлөө зэрэг нь маш их судалгаа, шинжилгээ шаарддаг сэдэв юм. Орон нутаг, бүс нутгийн хамтралууд усны нөөцийн эрүүл ахуйд маш их ач холбогдол өгдөг. Ялангуяа хөдөө аж ахуйн бүс нутагт. Уул уурхайн компаниуд байгалийн ус, тухайлбал ус хуримтлуулах менежментийн санаачлагуудад орон нутгийнхантай хамтарч буй сайн жишээ олон бий. 

Уурхайн хаалт нь сүүлийн жилүүдэд Баруун Австрали болон Квийнслэнд мужид хаалтын тухай шинэ хууль нэвтрүүлснээр анхаарал татах бас нэгэн сэдэв болоод байгаа юм. Хөндөгдсөн талбайд үр дүнд суурилсан дэвшилтэт нөхөн сэргээлт хийх ажилд урамшуулал олгох тухайд илүү түгээмэл болж байна. Үүний зэрэгцээ бүрэн хэмжээний хаалтын зориулалт бүхий хүрэлцэхүйц сан бүрдүүлэлтийг хангахад анхаарч байна. Засгийн газар болон салбар хооронд эдгээр сэдвээр харилцан зөвшилцөж, хамтран ажиллах, мөн байгаль орчныг хамгаалах болон хаалтын үйл явцаас урт хугацааны боломжийг бий болгох чиглэлд шинэлэг арга зам нэвтрүүлэх тухай судалгааг дэмжин ажилладаг. 

Австралийн уул уурхайн туршлагаас суралцах зүйл гэвэл та юуг хэлэх вэ?
Австралийн хөгжилд уул уурхайн салбар онцгой үүрэгтэй байсаар ирсэн ч манай улсын ард иргэдийн дунд салбарын нийгэм, эдийн засаг дахь нөлөөг янз бүрээр хардаг. Уул уурхайн нийгэм болон байгаль орчны хүрээн дэх үзүүлэлт нь сүүлийн хорин жилийн хугацаанд мэдэгдэхүйц сайжирсан. Гэвч шинэ уурхайнуудын хувьд газрын зөвшөөрөл болон байгаль орчны зөвшөөрлийн үйл явцад маргаан гарсан хэвээр байна. 

Салбарын тогтмол амжилтад хувь нэмрээ оруулж буй нэгэн маш чухал зүйл бол манай улс Засгийн газар, салбар, орон нутаг цөм оролцдог арга замыг олж, нийтлэг нэгэн зорилтыг биелүүлэх боломж олгодог засаглалын тогтолцоог бүрдүүлсэн явдал юм. Ийм үйл ажиллагаа нь гагцхүү тохиромжтой зохицуулалт хууль дүрмээр хязгаарлагдахгүй. Үүнээс гадна салбарын удирдамж, орон нутгийн гэрээ, төлөвлөлт болон бусад асуудлыг шийдэх бүс нутгийн хандлага, арга зам зэргээс ихээхэн хамаарна. Хайгуулаас уурхайн хаалт хүртэл уул уурхай нь маш их техникийн ур чадвар, тэвчээр шаардах урт хугацааны үйл ажиллагаа төдийгүй бүх оролцогч талын хоорондын урт хугацааны харилцаа холбоог хөгжүүлэх, хадгалах чадвар юм.