Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Алт үйлдвэрлэгчид бүх гишүүдийн хурлаа хийнэ


Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо  бүх гишүүдийн хурлаа өнөөдөр 15 цагт “Корпорэйт” хурлын төвд хийхээр товложээ.  Уг хурлаар холбооны зүгээс 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаа тайлагнаж, алтны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар нээлттэй хэлэлцэх юм. 

Өнөөдрийн байдлаар Монголбанкинд 18.9 тонн алт тушаагдаад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэлээд өндөр тоо юм. Оны эцсээр Монголбанкинд тушаах алтны хэмжээ 22 тонн хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа. Алтны салбарынхан өнгөрсөн онд 20.1 тонн алт тушаасан. Монголбанкинд тушаах алтны хэмжээ ингэж өсч байгаа нь 2013 оноос хойш алтны салбарын хууль эрх зүй, татварын орчин харьцангуй таатай болсноос үүдэлтэй хэмээн Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо үзэж буй юм. 2018 оны хувьд алт үйлдвэрлэгчид 800 сая орчим ам.долларыг улсын эдийн засагт валютын нөөц хэлбэрээр оруулж чадсан билээ. Энэ бол алтны салбарын бодит үзүүлэлт юм. 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь алтын салбарт ногдуулсан 2.5%-ийн роялтигийн хуулийн үйлчлэх хугацааг сунгах асуудал байв.

УИХ-ын 2017 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан “Монголбанк, арилжааны банкинд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалт 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байгаа. Үүнтэй холбоотойгоор алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээд хууль бусаар алтыг хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийхийн тулд арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг шударга бус далд үйл ажиллагаа гаргах хандлага ажиглагдах нөхцөл үүсэх эрсдэлтэй болохыг хуулийн төсөл санаачлагчийн илтгэлд дуржээ. 

Монголбанкнаас авсан мэдээллээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан “Монголбанк, арилжааны банкинд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалт хэрэгжсэн 5 жилийн хугацаанд банкинд тушаасан алтны хэмжээ 2014 онд 12.7 тонн, 2015 онд 15.1 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 онд 20 тонн болж өсөн, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлсэн нь хуулийн уг заалтыг дахин 5 жил үргэлжлүүлэн мөрдөх нь зүйтэйг илэрхийлж байна хэмээн Эдийн засгийн байнгын хорооны гишүүд үзсэн байна.

Мөн аливаа этгээдийн тушаасан алтны төлбөрөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган тооцох, түүнийг төсөвт төлөх, тайлагнах үүргийг Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд хүлээлгэх шаардлагатай гэж үзжээ. Иймд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монголбанкинд тушааж буй алтны хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх, татварын суурийг өргөжүүлэх зорилгоор төслийг боловсруулсан байна. 

Төсөлд тусгай зөвшөөрөл эзэмшигчид, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх заалтуудыг тусгажээ. Мөн аливаа этгээдийн тушаасан алтны төлбөрөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган тооцох, түүнийг төсөвт төлөх, тайлагнах үүргийг Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд хүлээлгэх заалтыг нэмэх юм байна. 

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун, М.Оюунчимэг нар асуулт асууж, холбогдох тодруулгуудыг ажлын хэсгийнхнээс лавласан юм. 

Улсын төсөв алдагдалтай, улс нэлээдгүй хэмжээний өр төлбөртэй байгаа үед тодорхой нэр төрлийн татваруудыг хэт багасгах нь улсын төсвийн орлогод сөргөөр нөлөөлөх, төсвийн цоорхой үүсгэх шалтгаан болох эрсдэлтэйг Х.Болорчулуун гишүүн хэллээ. Улсаас тогтоосон татвар өндөр байхаар хууль бус эргэлт, сүлжээ идэвхжиж байна гэдэг нь хууль хүч, хил гааль болон мэргэжлийн хяналт зэрэг холбогдох байгууллагууд нь хариуцлагагүй, хүчгүй байгаагийн илрэл хэмээн үзэж буйгаа тэрбээр хэллээ.

Ирэх оны төсөвт хил гаалийн шинэ тоног төхөөрөмжөөр тоноглохоор тусгасан байгаа бөгөөд үүний үр дүн хил гааль дамжсан хууль бус үйлдлүүд илрэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж буйгаа тэрбээр илэрхийлсэн. Хөрөнгө оруулагч болон холбогдох талууд, мэргэжилтнүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр алтны татварыг дээрх хэмжээнд байлгаснаар Монгол Улсын алтны салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтад эерэг нөлөө үзүүлнэ хэмээн тооцсон хэмээн салбарын сайд хариулт өгөв. Одоогийн байдлаар алтны салбарт 700 орчим сая ам.долларын борлуулалт хийгдэж байгаа бөгөөд үүнийг 1 тэрбум ам.долларт хүргэх, улмаар энэ хэмжээнээс давуулах зорилт тавиад байгаа аж.

Ингэж чадвал нүүрсний үнэ буурахад алтны салбарт тулгуурлах, алтны үнэ дэлхийн зах зээл дээр буурахад зэсийн салбарт тулгуурлах зэргээр тэрбум ам.доллар давсан борлуулалт бүхий ашигт малтмалын хэд хэдэн салбарыг бэхжүүлэх нь улс орны эдийн засаг, нийгэмд чухал ач холбогдолтой талаар Д.Сумьяабазар сайд тайлбар хийлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа хариулахдаа “Өнгөрсөн хугацаанд татварын хэмжээг дээрх хэмжээнд хүргэснээр алтны худалдааны далд сүлжээг ил болгоход нэлээд дорвитой үр дүнд хүрсэн гэдгийг холбогдох тоон мэдээллээс харж болох юм. Алтны нөөц ашигласны төлбөрийг үргэлжлүүлэн 2.5 хувь гэдгээр сунгах өөр нэг шаардлага бол 2021 оноос хойш Европын Холбооны Улс гарал үүсэл нь тодорхой бус алтыг худалдаж авахгүй гэдгээ мэдэгдсэн. Иймд бид алтны гарал үүслийг тодорхой, нээлттэй болгох чиглэлд арга хэмжээ авч байна” хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн юм.