Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Сурвалжилга

1300 метрийн гүнд аялсан тэмдэглэл



Сурвалжилсан Г.Идэрхангай

The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ орон нутгийн сэтгүүлчдийн уул уурхай, эдийн засгийн мэдлэг, ойлголтыг тэлэх үе шаттай сургалтуудыг өнгөрсөн жилүүдэд амжилттай зохион байгуулж ирсэн билээ. Дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй тус төслийг 2015-2017 онд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн  Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөр дэмжин санхүүжүүлсэн юм. 2018 оны сургалтыг Mongolian Mining Journal сэтгүүлийн редакци Оюутолгой” ХХК болон МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн  Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймгийн нийт 35 сэтгүүлчид хамрагдаж байна.

Эрсдэл туулсан их бүтээн байгуулалт 

Оюутолгойд очсон хэн боловч С.Санждорж гавьяатын танилцуулгыг шимтэн сонсдог.  Дэлхийд гуравт орох энэхүү гайхалтай зэсийн баялаг ордын үүх түүх түүний цээжнээ бэлхэн, нэг ёсондоо амьд лавлах гэсэн үг. Хаанаас нь, юу ч асуусан төвөггүйхэн хариулна. Монгол орны өнцөг булан бүрээс зорин ирсэн үзэг нэгт сэтгүүлчид маань буурал инженерээс олон зүйлийг лавлан асууж, басхүү хүссэн хариултаа авч чадсан юм. Дэлхийд тэргүүлэх зэсийн аварга ордын анхны геологи хайгуулаас авахуулаад өнөөдрийн бүтээн байгуулалт хүртэлх бүхий л цаг хугацаанд энэ хүндтэй эрхэм хувь заяагаараа холбогдож  иржээ. 




....Энэ гайхалтай ордод өнгөрсөн зууны 50-иад онд Оросын геологич ирж үзээд хайгуул хийхийг зөвлөжээ. 80-аад онд нэрт геологич Д.Гарамжав гуай ч Оросын хайгуулын экспедицитэй явж байхдаа молибдений гажилт байна гэсэн ерөнхий дүгнэлтийг өнгөн хөрсний чулуун дээр хийж байсан юм билээ. 1990 он гэхэд Монгол улсад зэсийн 300 гаруй илэрцийг манай геологчид тогтоосон. Зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцэн гадаадын компаниудтай хамтарч эрэл хайгуул хийх боломж нээгдсэн юм. Ш.Отгонбилэг агсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байхдаа зэсийн исэлдсэн хүдэр боловсруулдаг барууны технологийг эрэлхийлж байж. Ингээд 1995 онд Америкийн “Магма коппер” компанитай “Эрдэнэт үйлдвэр” гэрээ байгуулж зэсийн 300 гаруй илэрцээс жар гаруйг нь ялгаж авсны дотор Оюутолгой багтсан хэмээн С.Санждорж гуай өгүүллээ.  

Д.Гарамжав гуай сүүлд “Магма коппер” компанийнхантай хамт ирж 1996 онд судалгааны ажлыг эхлүүлсэн ч эдийн засгийн хямралаас болоод Оюутолгойг орхин гарсан байна. “Магма коппер”-ийг ВHP компани худалдан авч Оюутолгойд хайгуул хийж эхэлжээ. 1997 онд Австралийн BHP  компани Оюутолгой  орчимд хайгуул хийх лицензийг авсан ч уурхай болох хэмжээний ашигт малтмалын нөөц олж чадаагүй юм. ВHP мөн л санхүүгийн хямрал гэсэн шалтгаанаар хайгуулын ажлаа зогсоосон юм. Энэ үед “Айвенхоу Майнз” ВНР-ийн хайгуулын талбайг хамтран эзэмших саналыг тавьж улмаар 2000 оны 5 сард Оюутолгойн талбайг 100% эзэмших гэрээг үзэглэсэн билээ. 

Хайгуулын явцад 105 дугаар өрмийг хүртэл хайгуул хийхэд эдийн засгийн хувьд ашигтай бус мэдээлэл, сонирхол татахуйц илрэцгүй байв. Ерөнхийдөө тухайн үед бүгд хямралд орчихсон төсөв нь танагдаж эхэлж байх үед 105 дугаар өрмөөс хангалттай гэсэн илэрц илэрснээр нэмж төсөв батлан өрөмдлөгөө цааш нь үргэлжлүүлж явуулсан түүхтэй. 
Чухам эндээс өнөөгийн Оюутолгой олдож, зэс, алт, мөнгө, молибдений хангалттай агуулгатай нөөцийг илрүүлсэн аж. Оюутолгойн орд нээгдсэн түүхийн нэгээхэн хэсгээс товчхон дурдахад ийм. 

С.Санждорж инженер орон нутгийн сэтгүүлчдийг хөтөчлөн уурхайн цогцолбор, бүтээн байгуулалтыг  танилцуулсан юм.  Өнгөрсөн жилийн зун  Оюутолгойн уурхайн талбайд зочилж  байсан сэтгүүлчдийн тухайд илүүтэй  сонирхсон зүйл нь гүний уурхайн бүтээн байгуулалт байлаа. Гүний уурхайн бүтээн байгуулалт, аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу 35 сэтгүүлчээс 13 нь 1300 метрийн гүнд өрнөж буй бүтээн байгуулалттай гурван цаг орчим хугацаанд танилцсан билээ. 
Хамгийн баян агуулгатай хүдэрт хүрэх бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Бүтээн байгуулалт дуусч хүдрээ олборлож эхлэх хугацааг 2020 оны сүүлчээр хэмээн төлөвлөжээ. Гүний уурхайгаас олборлолт хийгээд эхэлбэл өнөөдрийнхөөс гурав дахин их баялаг экспортолж эхлэх нь.

“Хамтдаа илүү их зүйлд хүрнэ”....

Гүний уурхай руу нэвтрэхийн өмнө бид аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч, дээрээ гэрэлтэй хамгаалалтын малгай, ажлын том шар гутал өмсөн, хүчилтөрөгчийн нөөцтэй хоёр кг жинтэй төмөр хайрцаг бүсэндээ зүүлээ. Малгайн гэрлээрээ хоёр тийшээ дохивол “Зогс”, эргэлдүүлбэл “Наашаа ир” гэх мэтчлэн дохионы зөвшөөрлийн хэлийг хамгийн түрүүнд ой тоондоо авч үлдэв. Уурхайн онцгой байдал, тухайлбал гал гарах, чулуулгийн нуралт үүсэх, агааржуулалт гэнэт доголдох зэрэгт хэрхэн амь насаа хамгаалах вэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Хамгаалалтын малгайн дотор хэсэгт гүний уурхайн хоргодох байруудыг харуулсан газрын зураг байршуулжээ. 





Аюултай нөхцөл байдал үүсвэл энэ зургаараа төвөггүй олно. Түүнчлэн дотроо зориулалтын химийн бодистой, биедээ тогтмол зүүж явдаг амь хамгаалах багаа зөв хэрэглэх ёстой. Гүний уурхайд өдөр шөнийн ээлж ялгаагүй 480-530 орчим ажилтан ажилладаг. Тэд бүгд амь хамгаалах багтай. Уурхайд зочлох хугацаанд бидэн шиг хэн боловч цаг ямагт хөтчийнхөө зааварчилгааг дагаж явах учиртай. Хонгилын 15-30 метр тутамд аюулгүйн булан байрлана. Техникүүд явж өнгөрсний дараа уг булангаас гарч, аяллаа үргэлжлүүлнэ гэсэн аюулгүй ажиллагааны ажилтны үгийг дэвтэртээ бичиж авав.  

Уурхайн нэгдүгээр Босоо амаар 1300 метрийн гүн рүү тусгай лифтээр буухад ердөө 4-хөн минут. Нэг секундэд зургаан метр доошилно гэсэн үг. Энэ бол жирийн орон сууцны лифттэй харьцуулахын аргагүй хурд юм. Гүн рүү доошлох тусам чих шуугиж, толгой бага зэрэг эргэн, жингүйдэх мэт сэтгэгдэл төрж байлаа. “Шүлсээ залги, бохь зажил” хэмээн бидний хөтөч, далд уурхайн ахлах инженер Мөнгөншагай зөвлөв. Тусгай лифт нь хоёр давхар бөгөөд нэг давхар нь 32 хүний  багтаамжтай. Нэгдүгээр Босоо амын энэ лифтээр өдөрт нэг ээлжиндээ 616 хүн буудаг. Өдрийн ээлж өглөөний 07 цагаас оройн 17 цаг, шөнийнх нь оройн 17 цагаас өглөөний 07 цаг хүртэл тасралтгүй 24 цаг ажилладаг” хэмээн хөтөч  лифтээр буух агшинд товч мэдээлэл өгч амжлаа. Лифтний хаалга нээгдмэгц бүгчимдүү халуун агаар, бүүдгэр гэрэлтэй орчин  биднийг угтав. 

Бид аюулгүй ажиллагааны зааварчилгаа ёсоор зочны картаа гадарга дээр үлдээгээд нөгөө картаа туннел рүү нэвтрэх хэсгийн тусгайлсан самбар дээр өлгөлөө. Гүнд ажиллаж байгаа хэдэн зуун ажилчдын нэр, хувийн дугаар  бүхий карт энэхүү самбарт өлгөөтэй байх аж. Тэд ээлж солигдохдоо энэ картаа аваад гадарга дээр гарна. Хэн нэгэн шалтгаангүйгээр үлдвэл картаар нь төвөггүй олж тогтоож, шуурхай арга хэмжээ авах учиртай. Картаа өлгөөд цаашилбал хонгилын хананд өлгөсөн “+1 км development  in one month” гэсэн том  бичигтэй, “Даян контракт майнинг” компанийн лого бүхий бичигтэй самбар, мөн хоргодох байрны чиг сумыг заасан ногоон тэмдэглэгээ нүднээ тусав. “Together everyone achieves more” буюу “Хамтдаа илүү их зүйлд хүрнэ” гэсэн бичиг тэрхүү самбараас тодхон харагдах агаад гүний уурхайд ажиллаж буй бүх хүмүүсийг амжилтад ийн уриалдаг аж. Доор нь байрлах урт сандал дээр гүний уурхайн ажилчид ээлжээ хүлээлгээд гарах гэж байгаа бололтой сууцгаана.  

Туннел орохын өмнөхөн хөтөч маань биднээр ажилдаа хэр бэлтгэлтэй байгаа болон  зориулалтын баг, хэрэгслээр бүрэн бүтэн тоноглогдсон эсэхийг лавласан асуулт бүрийг нэг бүрчлэн бөглүүлж гарын үсгээ зурав. Ээлжийн ахлагч нар үе үе ирж, энэ хуудсыг шалгадаг гэнэ. Бид малгайн гэрлээ асаагаад хөтчөө даган урагшиллаа. Таван метр гаруй өндөртэй аварга туннелиэр гурван цаг үргэлжлэх аялал маань эхэлж буй нь энэ. “Энд арай сэрүүхэн байна. Зарим хэсэгт бүр халуун агаартай. Дотор чинь муухай оргих юм уу, эвгүй болвол бидэнд мэдэгдээрэй” гэж хэлээд хөтөч маань урд орон алхлаа.  

Бид нэгдүгээр Босоо амын яг доор буюу 1.3 км-ийн гүнд  иржээ. Энэхүү гүн босоо амыг нийслэлийн төв талбайн өмнөх Блю скай цамхгийг 12 давхарласантэй тэнцэнэ хэмээн зүйрлэсэн нь санаанд буув. Туннелүүдийн өндөр дунджаар 5,5 метр. Өргөн нь ч мөн ийм хэмжээтэй. Гэхдээ зориулалтаасаа шалтгаалаад 4-17 метрийн өндөртэй ч байдаг аж. Хэдийгээр газрын гүнд ч гэлээ Монгол Улсын замын хөдөлгөөнд баримталдаг баруун гарын дүрэм энд чанд мөрдөгдөнө. Алхаж явах үед хурц гэрлээ гялалзуулсан аварга машинууд дуу чимээгээ хангинуулан дөхөн ирэх бөгөөд бид ч амжиж аюулгүйн буландаа зогсоно. Байсхийгээд л ийм машин гарч ирэх аж. Хонгилын гэрэлтэй хэсэг дагууд ил кабинтай жижигхэн машинуудыг цуваагаар нь байрлуулжээ. Урт хонгилыг тэр бүр явган туулж цаг алдахгүйн тулд ажилчид эдгээр машиныг хөлөглөх нь олон. 



Аяллын зориулалттай ланд машин, 17 тоннын даацтай утгуурт ачигч, бага оврын транзит  автобус ч зам зуур  тааралдах аж. Транзит автобусыг ойлгомжтойгоор тайлбарлавал шугамын автобус бололтой. Хонгилын тоосжилтыг дардаг ус асгагч машинууд ч байсхийгээд зөрнө. Шаварлаг хэсэгтэй газар бол тоосжилт бүрэн дарагдсан гэсэн үг. Усны насос нь тасралтгүй “чиг чиг” дуугарах аж. Газрын хэвгийг даган урссан усыг тонгойгуур дээр шавраас нь тунгаан, буцааж соруулаад трубинаар шахдаг байна. Ашигласан усаа дахиж тунгаагаад хэрэглэдэг гэж ойлгож болно. 

Хонгилын нэг талыг битүү торлосон бол нөгөө тал нь шавардаж бүрсэн бетонон хана байх аж. Шингэн шаврыг цацахад шууд наалдаад хатдаг ба ойролцоогоор 1-1,2 метрийн зайд 2,5-10 гаруй метрийн урттай боолтуудаар бат гэгч нь бэхэлж өгчээ. Уурхай маш олон жил ажиллах учраас хонгилын ханыг ийнхүү найдвартай бэхэлжээ. 

Бидний аялал цаашлах тусам хүчтэй агаар үлээх шиг болов. Агаарыг маш хүчтэй даралтаар тусгай хоолойгоор шахдаг бөгөөд өрмийн машинуудаас авахуулаад гүнд ажиллаж байгаа техникүүд  ийм өндөр даралтаар тэжээгдэн ажилладаг гэнэ. 

Хүдрийн анхны биетэд хүрэхэд 60 км шаардлагатай                                                                                                      

Оюутолгойн орд нь зэс, алт, мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг. Хүдрийн биетүүд нь хойноосоо урагш нийт 12 км сунан тогтох бөгөөд Хюго Дамметын хойд бүс Хюго Дамметын өмнөд бүс, Оюут хүдрийн биет болон Херуга хүдрийн биетэд хуваагддаг байна.  Сурвалжлагын эхэнд өгүүлсэнчлэн Оюутолгой ордын нийт баялгийн 80% нь буюу хамгийн баялаг агуулгатай хүдэр нь газрын гүндээ оршино. Дэлхийн хамгийн өндөр зэс, алтны агуулга бүхий хүдрийн биетийг олборлох хонгилоор сэтгүүлчид алхаж яваа нь энэ ээ. Бидний нэвтэрч орсон нэгдүгээр Босоо амны уурхайн гүнд 20 орчим километрийн урт хөндлөн малталт хийжээ. Өдөртөө 30-40 метр, сардаа 1000 метр орчим малталт хийж буйг гүний уурхайн инженерүүд хэлж байсан. Өнөө “+1 км development in one month” гэсэн бичгийн утгыг энд л ирж ойлгов. Нийт 60 км малталт хийж хүдрийн биетдээ хүрэхээр тооцоолжээ. Цаашид 1300 метрийн гүнд 200 км урт хонгил нэмж барьснаар Оюутолгой ордын хамгийн гүн хэсгээс хүдрийг аюулгүйгээр тээвэрлэх нөхцөл бүрдэх юм. 

“Улаанбаатараас Дархан хүртэлх урт хонгил барих нь гэж манайхан ойлгоод байдаг шүү. Энгийнээр хэлэхэд далд уурхайн туннелүүд аалзны тор шиг л юм харагдана. Уурхайн  олборлолт дуусах үед нийт урт нь 200 орчим км туннел бий болох юм” хэмээн хөтөч маань хошигнов. 2021 оны гуравдугаар улиралд хүдэр олборлох цэгтээ хүрэх ч энэ нь гэнэтхэн их хэмжээгээр олборлоод эхлэнэ гэсэн үг биш юм. Хүчин чадлаа бага багаар нэмэгдүүлэх байдлаар явах гэнэ.  

Хүдрийн биетийг олборлохын тулд мэдээж босоо амуудаар нэвтэрч хүрнэ. Одоогийн байдлаар бүрэн ажиллагаанд орсон нь нэг, хоёр, тавдугаар Босоо ам. Босоо амууд нь ерөнхийдөө ажилчдыг уурхай руу нэвтрүүлэх, агаар оруулах, шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалуудыг татаж оруулах зориулалттай. Бидний аялж буй, Азидаа хамгийн гүнд орох нэгдүгээр Босоо амаар ажилчдаа солилцсоны дараа бараа материал оруулах, чулуу шороо татаж гаргах зэргээр өдөржин шөнөжин амсхийх завгүй ажил өрнөж байна.



Хонгилын дээд хэсгийг дагуулан барьсан агааржуулалтын аварга хоолойнуудыг бат гэгч бэхэлжээ. 90 гаруй метрийн өндөртэй нэгдүгээр Босоо амаар ойролцоогоор 350 метр куб агаар, хоёрдугаар Босоо амаар 250 метр куб агаарыг секунд тутамд хонгил руу шахаж оруулаад тавдугаар Босоо амаар 600 метр куб бохир агаарыг түрж гаргадаг гэнэ. Цаашид уурхайн нэвтрэлт нэмэгдэхийн хэрээр олон хүн гүнд орж ажиллана, цэвэр агаар бүр ч их хэрэгтэй болно. Тиймээс дахин хоёр Босоо ам байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд ажил нь одоогоор эхлээд буй. 

Хоёрдугаар Босоо ам ашиглалтад орохоор ажилчид болон бараа материал, техник, хүдрээ зөөх юм байна. Нэг удаадаа 200 уурхайчин өлхөн багтах аварга цахилгаан шат ажиллах аж.  Үүнээс гадна уурхайн том машинуудыг буулгах цахилгаан шат ч ажиллах нь. Мөн зөвхөн хүдрээ дээш татах цахилгаан шат ч ажиллана гэж төслийн ажилтнууд хэлж байлаа. Энэ нь бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоногт 30 мянган тонн хүдрийг гадарга дээр гаргаж ирэх хүчин чадалтай цахилгаан шат байх гэнэ. 


Цаашлах тусмаа ногоон, улаан өнгийн бөөрөнхий тэмдэглэгээнүүд хонгилын хананд суурилагдсан байхыг анзаарав. Ногоон нь хоргодох байр (refuge chamber) ойртож буйг, улаан нь холдож буйг илтгэдэг аж. Малгайн доторх газрын зургаа гаргаж, чиглэлээ тодорхойлж явсаар асар том төмөр хаалгатай хоргодох байрны аман дээр ирлээ. Хоргодох байрууд өөр хоорондоо 700 метрийн зайтай байрладаг гэнэ.    

Гүний уурхайд осол гарах ч юм уу босоо ам хаагдаж хүн дээшээ гарч чадахаа боливол хамгийн түрүүнд хоргодох байр руу бүгд орох ёстой. 6-80 хүний багтаамжтай янз бүрийн хоргодох байрууд энд олон бий. Хоргодох байрууд нь цэвэр агаарын шугамаар холбогдсон, хэрэв агааржуулалтад асуудал гарвал дотроосоо 36 цаг хүчилтөрөгч ялгаруулдаг төхөөрөмжүүдийг мөн байрлуулсан гэдгийг хөтчөөс сонсож явлаа. Хортой агаар ихсэж, хүчилтөрөгч аюултай болох үед бүсэнд зүүлттэй канар буюу “Бялзуухай” хэмээх жижигхэн төхөөрөмж дохио өгч эхэлдэг байна. Үе үе халуун агаар төөнөсөн бүгчим хонгилоор нэлээд алхсаны эцэст хоргодох байранд орж ирэв. 

Том өрөөний буланд баллонтой цэвэр усыг олноор уутлан өржээ. Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх багаж хэрэгсэл, дамнуурга, амь хамгаалах олс гээд шаардлагатай бүх л зүйлс энд бэлэн. Дотроо зөөврийн “00”-той. Аюултай нөхцөл байдалд хамгийн түрүүнд орж ирсэн хүн энэ хоргодох байрын эзэн болдог байна. Араас нь орж ирэх хүмүүсийнхээ нэр усыг бүртгэж, удирдлага руугаа мэдэгдэх зэрэг хариуцлагатай ажлыг гардан гүйцэтгэнэ.  Мөн удирдлагатайгаа яаралтай холбогдох ердийн утас, радио долгион, бүр дээхнэ үеийн найдвартай ажиллагаа бүхий холбоо барих хэрэгслээр тоноглогдож. Уурхайд сайн дурын аврах багийнхан байнгын бэлэн байдалд ажилладаг байна.  

Бид газрын зургаараа чиг баримжаа гаргаж явсаар гүний уурхайн оффистой танилцлаа. Хоёр давхар энэ оффисын нэг давхарт нь гал тогоо байх ба хоёр давхарт инженерүүд ажиллах аж. Мөн л хоргодох байр болгож ашиглах зориулалттай. Гал тогооны хэсэгт ус буцалгагч, хоол халаагч, хөргөгч гээд хүний хэрэгцээтэй бүхий л зүйлс байх аж. Ажилчид дээрээс авч орж ирсэн савласан хоолоо эндээ халаагаад идчихдэг гэнэ. Хоёр давхар дахь оффисын сандал ширээ, компьютер, телефон утсууд бага зэрэг тоосонд дарагдсан байдалтай харагдана. Хэдхэн алхмын зайд гүний уурхайн цахилгааны баг оффисоо тохижуулаад завгүй ажиллаж байхтай  таарлаа. 


Газрын гүнд facebooк руу л орох боломжгүй, түүнээс биш гар утсаараа зураг, мессеж бичих, илгээх, viber-аар гадарга дээрх хүмүүстэйгээ шууд холбогдож болно хэмээн хөтөч маань хэллээ. Гүний уурхайд тамхи татах цэгүүдийг тусгайлан байгуулжээ. Сонирхолтой нь 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нээс эхлэн “Рио Тинто” групп дэлхий даяарх бүх уурхайнууддаа тамхи татахыг хориглосон шийдвэр гаргажээ. Оюутолгойд ч хэдхэн сарын дараа энэ зарчим үйлчлэх нь. Тиймээс компанийн эрүүл мэндийн албаныхан ажилчдаа тамхинаас гаргах  хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. 

Оффисын өрөөнөөс гараад агаар түгждэг төмөр хаалгаар нэвтэрч  хэсэг алхсаны эцэст 12 метр өндөр туннел бүхий Засварын цехэд хүрэв. Аварга том энэ төвийн ажлыг МСS групп гүйцэтгэжээ. “Атлас копко” компанийн өрмийн техникүүдийг Оюутолгой гүний уурхайдаа ашигладаг юм байна. Энэхүү нүсэр техникээс гадна “Сандвик” брэндийн утгуурт ачигчийн   үйлчилгээг хийхээр Засварын цехэд байршуулжээ. Гүний уурхай дахь 14 метрийн өндөр туннелийн краны булан болон тэсрэх бодисын агуулахтай танилцсанаар бидний аялал өндөрлөсөн юм. 

Алхаад хоёр цаг гаруй болсноос тэр үү хөлс урсаж, бүсэнд зүүсэн хоёр кг төмөр хайрцаг бараг арваад кг болсон мэт мэдрэмж төрж байлаа. 

Бидний хөтөч Мөнгөншагайн аав Бямбажав нь хуучин ЗХУ-д металлургич мэргэжлээр  төгссөн, Монголын уул уурхайн шилдэг боловсон хүчнүүдийн нэг гэнэ. Эрдэнэт үйлдвэрийн дэргэд Зэс хайлуулах үйлдвэр барих төсөл анх яригдах үед л мэргэжил эзэмшсэн ч үйлдвэр бодитоор баригдаагүйн улмаас яам, тамгын газруудад мэдлэг, туршлагаа хуваалцан ажиллаж иржээ. Харин хөтөч Дөлгөөний хувьд Канадад  Ванкуверийн их сургуульд магистр хамгаалсан, Монголын далд уурхайн шилдэг инженерүүдийн нэг аж.  Хэдийгээр гүний уурхайн аялал  цаг хугацааны эрхээр өндөрлөсөн ч гүний уурхайн бүтээн байгуулалтын талаар зарим нэмэлт мэдээллийг олж авлаа.  

Оюутолгойн далд уурхайн хүдрийн том биетийг бутлуур, конвейерээр дамжуулан гадаргууд гаргахын тулд аварга бутлуурууд гүнд ажиллах учиртай. Тиймээс налуу амны конвейерээр хүдрийнхээ дийлэнхийг авахаар төлөвлөжээ. Тодруулж хэлбэл, хоёр салаа туннель байх бололтой. Нэг туннелиэр  нь буюу 18 хэмийн налуугаар доош машинууд сүнгэнэх аж. Нөгөө туннелиар нь туузан дамжуурга ажиллах юм байна. Конвейерийн системийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Одоогоор налуу амны төсөл нэвтрэлтийн үе шатандаа явааг гүний уурхайн мэргэжилтнүүд хэлж байсан юм.   

Бидний анх очсон “Оюут” кэмпийн ойролцоох газрын гүнд налуу амны нэвтрэлийн ажил ид явж буй бөгөөд хоёрдугаар Босоо аман дээр тулж очин бутлууртай нийлэх юм байна. 
Анхдагч бутлуур суурилуулах хэсэгт ханын бэхэлгээний боолтын ажил ид өрнөж байна. Дээшээ хориод метр өндөр, доош мөн 20 орчим метр ухна гэхээр аварга том орон зайд анхдагч бутлуур суурилагдах нь. “MСS property” компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа 1202 метрийн төвшинд моторын хэсгийн бутлуур конвейер, краны хэсгийн угсралтын ажил явагдаж байгаа мэдээллийг “Оюутолгой”-н мэргэжилтнүүдээс авсан юм. 

Оюутолгойн 20.8 сая тонн зэс, 23.5 сая унц алтны нөөцтэй ордын ил уурхайгаас олборлолт явагдаж байгаа бөгөөд 2020 оноос өндөр агуулга бүхий гүний уурхайгаас хүдэр олборлохоор төлөвлөж буй.  Өөрөөр хэлбэл, Баяжуулах үйлдвэрийн боловсруулж буй хүдэр 2020 оноос эхлэн шат дараатайгаар ил уурхайгаас гүний уурхайн хүдэрт шилжих юм. Ил уурхайтай харьцуулахад гүний уурхайн хүдэр дэх алт, зэсийн агуулга өндөр учир үйл ажиллагааны нэгж зардал багасч, үр ашиг харьцангуй нэмэгдэнэ гэж Оюутолгой компани тооцоолж байгаа.  

Орон нутгийн сэтгүүлчдийг гүний уурхайд зочилсноос хэдхэн хоногийн дараа Оюутолгой компани гуравдугаар улирлын тайлангаа танилцуулсан юм. Уг тайлангаас сонирхол татсан мэдээлэл нь 2021 оны нэгдүгээр улиралд эхлэх ёстой байсан гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл бага зэрэг хойшилж, мөн оны гуравдугаар улирал руу шилжих магадлалтай гэсэн шинэчилсэн тооцооллыг гаргажээ. Тодруулбал, гүний уурхайн бүтээн байгуулалтын хуваарь, зардлын тооцооллыг хоёр дахь удаагаа нягтлан шалгаад, шинэчилсэн тооцооллоор гүний уурхайн төсөл анхны төсөвт өртөгтөө багтан анхны хүдэр гаргах хугацаа төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна гэж дүгнэсэн ч хоёрдугаар Босоо амны бүтээн байгуулалтад тулгарч буй зарим хүндрэлүүд болон чулуулгын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны гуравдугаар улиралд гүний уурхайн үйлдвэрлэлийг шилжүүлэхээр болжээ. 

Оюутолгой шиг чанартай том орд Монголын хэдэн үеийг тэжээх баялаг юм. Одоогийн тогтоосон ил болон гүний уурхайн хүдрийн нөөцөөр Оюутолгой ирэх 40 жилийн турш ажиллана. Цаашлаад ойролцоох гүний уурхайн бусад бүлэг ордыг олборлосноор зуугаас ч илүү жил ажиллах боломжтой ажээ.   

Ханбогдын  ирээдүй гэрэлтэй байна  

Ханбогд сум говийн жирийн нэгэн буйдхан сум байв. Ерээд жилийн түүхэнд сумын амьдралыг илт өөрчилсөн шинэ цагийн үзэгдэл бол яах ч аргагүй Оюутолгойн бүтээн байгуулалт. Шилжин ирэгсдийн тоо ч эрс нэмэгдэн, албан ёсны бүртгэлтэй зургаан мянга  гаруй хүн амьдардаг гэх боловч 30 мянга гаруй хүний амьдрал ахуй энэ сумтай холбогдох болжээ. Оюутолгой уурхайгаас Ханбогд сум руу 30 орчим километр хатуу хучилттай  автозамыг тавиад дуусч байна. Удахгүй нээлтээ хийх гэнэ. 

Дэргэдээ нисэх онгоцны буудалтай сум Ханбогдоос өөр бараг байхгүй биз. Хорин жилийн дараа Ханбогд сум огт өөр болж хөгжинө гэж Оюутолгойн Гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс Австралид Монголын сэтгүүлчидтэй уулзахдаа хэлж байсан нь санаанд оров. 

Өнгөрсөн жил сэтгүүлчдийг ирэхэд Ханбогд сумын Засаг дарга мал аж ахуй, уул уурхай, хил орчмын аялал жуулчлалыг цогцоор хөгжүүлсэн сум болох хэтийн зорилтоо танилцуулж байсан билээ. Үнэхээр ч түүний хэлсэнчлэн галбын улаан тэмээ, гавилууд омгийн илүү нугаламт хониороо алдартай Ханбогд жил ирэх бүр өнгө засч байна. 

Дэлхийн хэмжээний томоохон  төслийн нийгмийн хариуцлагын хүрээнд тус суманд хийж хэрэгжүүлсэн олон бүтээн байгуулалтын нэг нь Иргэдийн хөгжлийн төв. Орон нутгийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэх сургууль, цэцэрлэг, мал эмнэлэг, ус цэвэршүүлэх байгууламж гээд олон байгууламжийг “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулаад байна. Өнгөрсөн тавдугаар сард 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 320 хүний суудалтай театр, бүжиг, дуу, хөгжмийн анги, номын сан, бэлэг дурсгалын дэлгүүр зэргийг багтаасан “Үлэмжийн чанар” соёлын төв нээлтээ хийжээ. 

Ханбогд ундны цэвэр усаар бүрэн хангагдсан азтай сум. Том сараалжин төмөр хашаагаар хамгаалагдсан, цэнхэр өнгийн хоёр давхар байгууламжийг сумын  амьдралыг тэтгэгч гэж хэлж болно. Оюутолгойн 100%-ийн хөрөнгө оруулалтаар буюу 5.9 сая ам.долларын санхүүжилтээр 13 мянган  хүнийг усаар хангах зорилготой Цэвэр усны байгууламж ашиглалтад ороод жил гаруй болж байгаа юм. Сумын ундны ус хатуулаг ихтэй, эрдэсжсэн байдаг зовлонг ийнхүү шийдэж, стандартад нийцсэн цэвэр усаар хангаж буй нь бусад сумд ч атаархахаар ажил болжээ. Бүхий л үйл ажиллагаа нь автоматчилагдсан, 8%-ийн хатуулагтай усыг 1.2%  болгож цэвэршүүлдэг байгууламж ийнхүү өмнийн говь нутагт лабораторийн өндөр хяналтад ажиллаж байна. 

Сэтгүүлчид Ханбогд суманд байгуулсан Байгалийн ургамлын үржүүлгийн газраар мөн зочилсон юм. “Оюутолгой” компани  5 га талбайд нөхөн сэргээлт хийх, ногоон байгууламж байгуулах  зорилгоор уг газрыг сонгон говийн 30 нэр төрлийн бутлаг ургамал, модыг тарьжээ.  Тодруулбал,  Оюутолгойн төслийн үйл ажиллагаанд хөндөгдсөн газруудыг нөхөн сэргээхэд ашиглах зорилготой нутгийн ургамлуудыг үржүүлж буй газар юм. Жилдээ 80.000-100.000 үрсэлгээ бэлдэж гаргадаг юм байна. Биологийн нөхөн сэргээлтийг мөн жилд 60 орчим га-д хийдэг гэнэ. Зэргэлдээ сум, албан байгууллага, айл өрхийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор үрсэлгээ, суулгацаа үнэгүй өгдөг байна.  

Тус газрынхан Оюутолгой төслийн үйл ажиллагаанд хөндөгдсөн Гүний хоолойд заг модны нөхөн тарилт хийжээ. Нөхөн тарилт хийхдээ олон жилийн өмнөөс судалгааг хийдэг аж. Мөн хармаг, шар модон хотир, улаан бударгана, монгол азар гэх мэт ховор ургамлын суулгац ургуулж буйгаа  сонирхуулсан. 

Ханбогд суманд сургууль, соёлын байгууллагууд ч шинээр байгуулагдаад эхэлж. 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор удахгүй сурагчдаа авахад бэлэн болжээ. “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн 6.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр уг байгууламж босож ирснийг шинэ захирал нь хэлж байлаа. Улаанбаатар хотоос “Шинэ эрин” сургуулийн баг менежментийг хийхээр ирээд байна. Хөдөөгийн суманд хотын шилдэг сургуулийн менежмэнт ийнхүү нэвтрэх гэж байна.   

Оюутолгойн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан хяналтын лабораторитой Малын эрүүл мэндийн төв,  олон улсын хоёрдугаар зэрэглэлийн сертификат олгодог Технологийн сургалтын төвийн үйл ажиллагаатай сэтгүүлчид маань танилцсанаар энэ удаагийн сургалт аялал өндөрлөв. Технологийн сургалтын төвийн төгсөгчдийн 95 хувь нь ажлын байраар хангагддаг гэхээр суманд байгуулагдсан энэ төвийн эрэлт хэрэгцээ хэр их байгааг тодорхой харж болох юм.