Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Д.Цэдэнбалжир: Газрын тосны үйлдвэрийн төсөл дээр алдах эрх байхгүй



Монгол Улс  Газрын тосны үйлдвэр байгуулахаар хэд хэдэн удаа шав тавьж байсан ч биеллээ олж байсан нь үгүй.  Энэ удаад, тодруулбал  У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны нэг томоохон зорилт нь  Газрын тосны үйлдвэрээ байгуулж, ашиглалтад оруулах. Гэсэн хэдий ч салбарын мэргэжилтнүүдийн  санааг зовоож буй зүйл бол үйлдвэрийн гол  түүхий эд болох газрын тосны нөөц. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Дорнодын районд газрын тосны нөөц хангалттай гэж үзэж байхад салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд үүний эсрэг байр суурьтай байна. Тэдний төлөөлөл “Монголын Геофизикчдийн холбоо”-ны Гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер Д.Цэдэнбалжиртай MMJ-ийн Г.Идэрхангай ярилцлаа.



Газрын тосны үйлдвэрийн шавыг саяхан тавилаа. Олон нийтийн зүгээс энэ удаад   үйлдвэртэй болж мэдэх нь гэх итгэл төрж байна. Газрын тосны салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжилтний хувьд ямар бодолтой байна вэ?
Мэдээж  Газрын тосны  үйлдвэртэй болох хүсэл монголчуудад бий. Энэ удаад баригдах үйлдвэрийг эсэргүүцэх хүчин байхгүй болов уу. Зээлээр ч болов санхүүжилтын эх үүсвэрээ босгоод томоохон төсөл хэрэгжүүлж байгаагаас харахад хэрэгжих үндэслэл байна. Түүхий эд, хэрэгцээ хоёр байгаа цагт хөрөнгө оруулагчид тухайн төсөлд хөрөнгө оруулалт хийхдээ дуртай байдаг гэдэг. Энэ нь хөрөнгө оруулалт талаасаа харвал бараг Оюутолгой, Тавантолгойн дараагаар бичигдэх мега төсөл. 

Гэхдээ бидний санааг зовоож байгаа зүйл бол үйлдвэрийг түүхий эдээр хангах газрын тосны нөөц хангалттай юу гэдэг асуудал. Одоогоор Дорнодын  Тосон уул  XIX, Тамсаг XXI, БХГ-97 гэсэн гурван талбайгаас газрын тос олборлож байгаа ч хоёр том төсөл  нь Хятадын хөрөнгө оруулалттай. Монголын талаас энэ хоёр компанид ямар нэгэн оролцоо байхгүй. Тиймээс эдгээр компанид олборлолтоо нэмэгдүүлэх, бууруулах, магадгүй зогсоох эрх нь бий. Жилд 100 гаруй мянган тонн газрын тос олборлодог, цөөн хэдэн цооногтой  Хятадын төрийн өмчит “Синопек” компани энэ төслөө ашиггүй шахам, нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагагүй, магадгүй зогсоох ч боломжтой гэж ярьдаг. Африк юм уу Европт газрын тосны томоохон төсөл олдвол тийшээ явахад бэлэн гэдгээ нуудаггүй. Гэхдээ Цагаан элсний ордын төслөө зогсоочихолгүй өдийг хүрлээ.

Газрын тос нь олборлох даралтаасаа шалтгаалан ундарга нь тухайн түвшнээ барьж байдаг. Байгалийн горимоор нь олборлоод байхгүй бол тодорхой хугацаанд даралт нь буурсаар ундарга нь багасч, бараг ашиглах боломжгүй болчихдог. Ийм нөхцөлд халаах, ус шахах, нэмэлт цооног өрөмдөх гээд олборлолтыг нэмэгдүүлэх олон арга бий. Гэсэн хэдий ч одоо олборлолт явуулж байгаа гэрээлэгчид ийм байдлаар олборлолтоо нэмэгдүүлнэ гэх баталгаа алга байна.

 Тосон уул  XIX, Тамсаг XXI, БХГ-97 гурван талбай 332.6 сая тонн баталгаат зэрэглэлийн нөөцтэйгээс ашиглалтын баталгаат зэрэглэл нь 43.3 сая тонн  гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  танилцуулсан. Нэмэлт хайгуул хийх шаардлагатай юу?
Газрын тосны гурван талбайн 332.4 сая тонн нөөцийг 2010 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээж авснаас хойш эдгээр  талбайд ямар нэгэн хайгуул хийгдээгүй. Боломжит магадлалтай, баталгаат, олборлолтын баталгаат  гэсэн гурван түвшинд нөөцийг тогтоодог жишиг олон улсад бий.  Энэ утгаараа манай газрын тосны нөөцийг  хайгуулаар нэмэгдүүлсэн байх ёстой. Гэтэл энэ чиглэлд дорвитой алхам хийгдэлгүй өнөөг хүрсэн. Цаашид  хайгуул хийнэ гэж ярьдаг ч үүнд маш их хөрөнгө оруулалт шаардлагатай. Хөрөнгө оруулагчид Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр бол хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөгөө  жил болгон  Ашигт малтмал, газрын тосны газраар батлуулж байх ёстой. Гэтэл ингэж батлуулж байгаа эсэх нь мэдэгддэггүй. Энэ ажлаа манайхан ч муу хийж байна гэж би боддог.

Өмнөговь аймаг болон бусад талбайгаас газрын тос илэрч байгаа гэж салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Эдгээр нь шинээр баригдах Газрын тосны үйлдвэрийн түүхий эдийн цаашдын бааз суурь болж чадах уу?
Дээхнэ үед Галбын талбайд газрын тосны хайгуул, судалгаа хийж байсан. Дараахан нь Хятадын нэг компани гэрээлэгчийн үүрэг хүлээж, арав  гаруй цооног өрөмдөж, нэг цооногоос нь 5.5 сая тонн нөөц илрүүлж байсан юм. Энэ ажил цааш үргэлжлээгүй зогсчихсон. Өмнөговь аймагт газрын тос байж магадгүй гэсэн яриа л бий. Түүнээс биш хөрөнгө оруулагчид тэндээс юм олно, төдийг олборлоно гэж тооцоонд орсон зүйл байхгүй. u  

Газрын тосны үйлдвэрт ихээхэн хэмжээний ус шаардагдана. Дорнод нутагт усны хайгуул, судалгаа хэр хийгдсэн бэ?
Газрын тосны үйлдвэр ашиглалтад ороод эхний тодорхой хэдэн жилийн хугацаанд маш их ус хэрэглэдэг. Яваандаа технологи нь зөв ажиллаад эргэлтийн усаа ашиглаад эхэлбэл гадаргын болон гүний усны ашиглалт багасаад ирнэ. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, Дорнодын бүс нутагт Зөвлөлт системийн үед усны хайгуул маш сайн хийгдсэн.
Гэхдээ үйлдвэрлэлийн бус, цэрэг дайны зориулалтаар усны нөөц тогтоосон байдаг юм билээ. 1979 онд Хятадын цэрэг Вьетнам руу  давшиж орсон. Яг тэр жил Зөвлөлтийн тэргүүлэх гидрогеологчид, асар олон цэрэг арми Дорнод, Сайншандын орчимд ирж байлаа.

Тэд Сайншандад голлон төвлөрсөн байдаг юм. Ингээд гидрогеологчид Дорнодод маш олон худаг өрөмдөж, ашиглахад бэлэн болгоод бүр лацдаад манай талд хүлээлгэж өгсөн. Оросын хамаг шилдэг гидрогеологчид Монголд оччихлоо гэсэн яриа ч тэр үед гарч байлаа шүү дээ. Тухайн үед манайд усны хэрэглээ бага байсан болоод ч тэр үү, оросуудын үлдээсэн худаг усыг ашиглаагүй.  Тиймээс газрын тосны үйлдвэрт хэрэглэгдэх усны тухайд бид нэг их санаа зовдоггүй.

Үйлдвэрийн байршлын хувьд хамгийн зөв сонголт боллоо гэж үздэг хүмүүс бий. Өмнө нь байршил тогтоох гэж хэд хэдэн удаагийн оролдлого хийж байсан?
Усан хангамж, цахилгаан хангамж, түүхий эдийн байршил гээд аль ч талаасаа Сайншандын ойр орчим Газрын тосны үйлдвэр байгуулахад хамгийн тохиромжтой.  Хамгийн гол нь түүхий эдийн тээвэрлэлт тал дээр асуудал гарч магадгүй. Манай газрын тос 28-30+ хэмд царцдаг тос. Дээр нь манай цаг агаар эрс тэс. Шинээр баригдах үйлдвэрийн үндсэн хэрэглээ нь төвийн бүс гэж төслийн ажилтнууд тооцоондоо тусгасан. Урьдчилсан ТЭЗҮ-ээр бол Газрын тосны үйлдвэр 1.2-1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Энэ бол зөвхөн дотоодын түүхий эд, хэрэглээнд тулгуурласан тооцоолол.  Уг тооцооллыг Засгийн газрын тогтоолоор хэвээр баталсан. Уг нь Монгол Улсын хэрэгцээг бүрэн хангая гэвэл 2.3 сая тонн  газрын тос үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байх ёстой юм.

1951-1969 онд Дорноговийн Зүүнбаянд анхны Нефть боловсруулах үйлдвэр  ажиллаж, бензин, дизель түлшнээс гадна кокс, мазут зэрэг дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Энэ үйлдвэр хаагдсан түүхийг олон талаас тайлбарладаг юм билээ?
Зүүнбаянгийн нефтийн  үйлдвэрийн талаар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Догмид гуай маш сайн мэднэ. Хуучин ЗХУ-ын Баруун Сибирт тухайн үед газрын тосны том орд нээгдсэн, Зүүнбаянгийн газрын тосны үйлдвэр өөрөө бэлдсэн нөөцөө олборлож дууссан гээд олон шалтгаанаар үйл ажиллагаагаа зогсоосон гэж үздэг. Түүнээс гадна  ЗХУ-ын  үед Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл /ЭЗХТЗ/-ийн орнуудыг  эдийн засгаар нь  төрөлжүүлж, Монгол Улсад аж үйлдвэрлэл гэхээсээ мал аж ахуйн салбараа  дагнаж хөгжүүлэх бодлого баримталсан нь ч холбоотой. Өмнөх асуулттай чинь холбогдуулаад хэлэхэд, Газрын тосны үйлдвэрийг яваандаа өргөтгөнө гэхээсээ эхний ээлжинд резинен эдлэл, хуванцар зэрэг химийн үйлдвэрлэлийн технологио шийдэх хэрэгтэй байсан гэж бодогддог. Газрын тосны үйлдвэрийг дагалдаад арав гаруй том, жижиг боловсруулах үйлдвэр байгуулагдана гэж олон жил ярьсан шүү дээ.     

Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого батлагдлаа. Бодлогын баримт бичгийг дэмжиж байгаа нэг хэсэг байхад шүүмжлэлттэй хандах нь ч байна.  Өмнөх бодлогын баримт бичгээс дэвшилттэй тал нь юу вэ?
Өмнөх бодлогын баримт бичиг 2017 онд дуусгавар болсон. Газрын тосны салбарт ямар ч үйлдвэрлэл явагдаагүй он жилүүдэд хэрэгжсэн баримт бичиг. Харин энэ удаагийн бодлогын баримт нь 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн батлагдсан Газрын тосны тосны хуулийн араас хэрэгжих нь байна.

Уг логикоороо бодлого нь эхэлж батлагдаад, хууль нь хэрэгжих ёстой. Гэхдээ огт бодлогогүй байснаас хамаагүй дээр алхам хийсэн гэж үзэж байна. 1990 оноос хойш батлагдсан бүх бодлогын баримт бичигт газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, олборлолтыг нэмэгдүүлнэ гэсэн хоёр санаа туссан байдаг. Гэсэн ч энэ хоёр дээр ямар ч ахиц дэвшил гардаггүй. Харин энэ удаагийн Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичигт хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх талаар нэлээд дэлгэрүүлж өгсөн заалтууд байна лээ.

Газрын тосны судалгааны төвийг олон улсын жишгээр байгуулах талаар бодлогын баримт бичигт тодорхой тусгасан гэж ойлгосон?
Монголд газрын тосны хайгуулыг гадаадын компаниуд л хийж байна. Уг нь хууль номоороо бол олборлолтын болон нөөцийн мэдээллийг газрын тосны өмчлөгч буюу Засгийн газарт өгч байх учиртай. Энэ мэдээллийг АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв хүлээн авахдаа тэр бүр нарийн уншиж танилцан, хянаж шалгаж хүлээж авахгүй байна гэдэг ойлголт надад төрсөн. Хатуу ашигт малтмалын тухайд гадаад, дотоодын төслийн хүрээнд судалгаа, шинжилгээ сайн хийгдэж байна.

Газрын тосны салбарт хэдэн олборлогч компаниас өөр мэдээллээ нягт нямбай цуглуулж, боловсруулж байгаа зүйл харагдахгүй байх шиг.  Гэрээлэгч, Засгийн газрын дунд байгуулагдсан гэрээн дээр мэдээллийг нууцална гээд заачихсан учраас бидэнд танилцах боломж байдаггүй. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт хийгдэж байгаа газрын тосны хайгуул, судалгааны мэдээллүүдийг нийтийн хүртээл болгох, мэдээлэлжүүлэхэд Газрын тосны судалгааны төв том хувь нэмэр оруулах байх гэж найдаж байгаа.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийг Та монголчуудын өмнө алдах эрхгүй байгууллага гэж хэлсэн. Энэ нь ямар утгатай үг вэ?
Манай газрын тосны салбарын тэргүүлэх хоёр шилдэг мэргэжилтэн Д.Цэрэнноров, Ц.Алтанцэцэг хоёр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийг удирдаж байна. Шийдвэр гаргагчид энэ хоёрын үгийг хэр сонсохыг мэдэхгүй юм. Бидний хувьд “Та хоёр ийм том үйлдвэр дээр алдах юм бол Монголын ард түмэн л хохирно. Маш хариуцлагатай ажиллах үүрэг ногдож байгаа шүү” гэж зөвлөсөн. Хамгийн гол нь үйлдвэрийн технологийн сонголт учраас ТЭЗҮ дээр маш анхааралтай ажиллах хэрэгтэй дээ.