Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Бодлого

“Эрдэнэс Тавантолгой”-д Хөрөнгийн зах зээл хариуцсан нэгж байгуулжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Тус яамны зүгээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30%-д IPO гаргах бэлтгэл ажлыг хангаж буйгаа дуулгаад ЭТТ компани дээр Хөрөнгийн зах зээл хариуцсан нэгжийг байгуулсанаа онцолсон юм. Биржээр хувьцаа арилжаалахад хуулийн зөвлөгөө авах олон улсын компани шалгаруулах ажлыг эхлүүлсэн гэдгийг ч яамныхан дурьдав. 

Одоогоор нүүрс угаах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг шинэчлэх ажил хийгдэж байгаа бөгөөд удахгүй Монголын хөрөнгийн бирж дээр “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцааны бүртгэлээ хийж эхлэх аж. “Тавантолгой орд бол гайхамшигтай орд. Олон улсын уурхайгаар явж байхад энэ ордын гайхамшиг нь улам бүр мэдрэгддэг. Тиймээс ч IPO үнэд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар тодотгосон. 

Тэрээр мөн Оюутолгой төслийн үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарч байгаа гээд  “Олон улсын зах зээлд Эрдэнэс Тавантолгой IPO гаргаж, Тавантолгой төслийг явуулах гэж буй энэ үед Оюутолгой төслийг гацаана, зогсооно гэж ярьж болохгүйг сануулж байсан юм.  Өмнийн говьд баригдах цахилгаан станцын тухайд Д.Сумъяабазар сайд “Цахилгаан станцыг ямар хэлбэрээр барих вэ гэдэг сонголтыг Оюутолгой өөрсдөө хийх эрхийг олгосон” хэмээн товчхон хариулсан юм. 

Шатахууны үнэ өсч байгааг дотоодын хүчин зүйлтэй ямар нэгэн байдлаар холбоогүй, Иран, Туркт үүссэн асуудалтай холбоотойгоор олон улсын зах зээл дээр нефтийн үнэ тасралтгүй өсч байгааг ч УУХҮЯ-ныхан онцолсон. 2016 оны нэгдүгээр сараас газрын тосны үнэ тасралтгүй өсч байгаа бөгөөд цаашид ч өсөх төлөв ажиглагдаж буйг мэргэжлийн судлаачид сануулж буй .

Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар Уул уурхайн салбарын эхний 7 сарын мэдээллийг олон нийтэд хүргэсэн юм. Долоон сарын  байдлаар 26.3 сая тн нүүрс, 764.4 мян.тн зэсийн баяжмал, 9.2 тн алт, 3.1 мян.тн молибдений баяжмал, 1.7 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 40.6 мян.тн хайлуур жоншны баяжмал, 46.8 мян.тн цайрын баяжмал, 3.9 сая баррель газрын тос, 8.4 мян.тн катодын зэс үйлдвэрлэгджээ.  

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 9.7 (1.3%) мян.тн, алт 236.9 (2.6%) кг, хайлуур жоншны баяжмал 11.7 (40.5%) мян.тн, цайрын баяжмал 0.8 (1.7%) мян.тн-оор тус тус өссөн байна. Харин нүүрс 1.1 (3.8%) сая тн, молибдены баяжмал 159.4 (4.9%) тн, төмрийн хүдрийн баяжмал 34.3 (2.0%) мян.тн, газрын тос 473.7 (10.7%) мян.бар, катодын зэс 324.4 (3.7%) тн-оор тус тус буурсан байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 6.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (23.9%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 753.8 (53.8%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 334.5 (11.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.1%-ийг эзэлжээ. 

2018 оны эхний 7 сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 10.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.8 (22.2%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 7.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (24.1%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 2.3 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 482.9 (26.7%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 4.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 756.1 (23.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр болон цайрын баяжмалыг 100%, зэсийн баяжмалын 99.8%, чулуун нүүрсний 98.9%-ийг БНХАУ-д, жоншны 53.7%-ийг БНХАУ-д, 46.0%-ийг ОХУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 100% Их Британид тус тус экспортлосон байна. Монгол Улс дэлхийн 60 оронд бараа экспортлосноос  БНХАУ-д  92.3%,   Их Британид 3.8%, ОХУ-д 1.2% тус тус ногдож, нийт экспортын  97.3%-ийг дээрх орнууд эзэлж байгааг УУХҮЯ-ныхан онцлов.

2018 оны 8  дугаар сарын 30-ны өдрийн байдлаар  Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын  хайгуул, ашиглалтын  3197  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

 

Тоо

Хувь

Гектар

Хувь

Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь

Нийт   

3197

100%

9 462 398.96

100%

6.0%

Хайгуулын

1537

48,1%

7 887 087.88

83.4%

5.0%

Ашиглалтын

1660

51.9%

1 575 311.08

16.6%

1.0%



Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хууль болон, Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 243 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл  авах сонгон шалгаруулалтыг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс зарлаад байна. 

2018 онд 8.1 сая баррель (1.1 сая тонн) газрын тос олборлож, экспортлон Улсын төсөвт 223.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй болно. 8 дугаар сарын 15-ны байдлаар 4.20 сая баррель (569 мянган тонн) тос олборлож, 4.11 сая баррель (558 мянган тонн) экспортлож, төлөвлөгөөний биелэлт 50.71%-тай байна. 2018 оны 07 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар улсын төсөвт 136 тэрбум төгрөг төвлөрүүлж, 60.9%-ийн гүйцэтгэлтэй байна.

2018 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6,7 сая баррель газрын тос олборлож, экспортлохоор байна. Дэлхийн зах зээл дээр 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 592 ам.доллар буюу баррель нь 78,02$ ханштай байгаа нь өнгөрсөн сарын мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад 6.6 хувиар өсчээ. 

“Ашигт малтмалын хайгуулын асуудал”хэлэлцэх ЭБМЗ-ийн өргөтгөсөн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ХХ-2018-02 дугаар хуралдаанаар “Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг орд”-ын нөөцийн нэгтгэл тооцооны тайланг хэлэлцүүлж ордын геологийн нөөцийг ашигт малтмалын нөөцийн Улсын нэгдсэн тоо бүртгэлд шинэчлэн бүртгэсэн гэдгийг холбогдох албаныхан мэдээлж байсан. 

Геологийн баримтын төвд нууцын зэрэглэлээр хадгалагдаж байсан 49 ширхэг геологийн судалгааны ажлын тайланг нууцын зэргээс гаргаж,  ОХУ-ын Росгеолфондоос Монгол Улсад хүлээлгэн өгсөн геологийн судалгааны 70 ширхэг тайланг Геологийн баримтын төвд 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгснөөр эрдэм шинжилгээ, хайгуул судалгааны ажилд нийтэд нээлттэй ашиглуулахаар  шийдвэрлэжээ. Росгеолфондоос хүлээлгэн өгсөн эдгээр тайлангуудыг  сканнердаж CD төхөөрөмж дээр буулгаж ирүүлсэн бөгөөд архивын боловсруулалт хийж, цаасан дээр буулган хавтаслаж бэлдсэний дараа Номын сангаар дамжуулж  үйлчилгээнд гаргах боломжтой болох аж.

Эх сурвалж: УУХҮЯ

  • Зочин (103.10.23.148)
    Sain bna uu haana yaj dans ilgeeh be
    2018 оны 09 сарын 05 | Reply
  • Зочин (66.181.160.111)
    Хаана яааж данс нээлгэх вэ
    2018 оны 09 сарын 03 | Reply