Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Бодлого

Төмөр замын бодлогод шинээр хоёр чиглэлийг нэмж тусгав

Монгол Улсын “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д хоёр чиглэлийг нэмж тусгасан өөрчлөлт оруулаад байна. Тус бодлогын баримт бичгийг батлах тухай УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өнгөрсөн зургаадугаар сарын 29-ний УИХ-ын хаалтын чуулганаар батлаад буй билээ. Тодруулбал, бодлогын баримт бичигт “Эрдэнэт-Арцсуурь”,“Зүүнбаян-Ханги“ гэсэн чиглэлүүдийг шинээр тусгасан юм. Ингэснээр “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын  II шатанд баригдах Нарийнсухайт- Шивээхүрэн 45.5 км, Тавантолгой- Гашуунсухайт 267 км, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг 380 км, Хөөт-Бичигт 200 км гээд нийт 900  км төмөр замын чиглэл багтсан байсан бөгөөд дээрх хоёр чиглэлийг нэмж тусгаснаар нийтдээ 1900 орчим км болж байна.   

Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймаг дахь Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй  “Аспайр Майнинг” компанийн хэрэгжүүлж буй коксжих нүүрсний Овоотын орд газраар дайран ОХУ-тай хиллэх Арцсуурь боомт хүртэлх 780 км, Дорноговь аймгийн Зүүнбаян баг дахь төмөр замын өртөөнөөс БНХАУ-тай хиллэх Ханги боомт чиглэлд 280 км төмөр замыг тус тус байгуулах юм байна.

“Эрдэнэт-Арцсуурь”.  Урьдчилсан тооцоогоор барилгын ажлыг 4-5 жилийн хугацаанд 2 тэрбум ам.доллараар хэрэгжүүлэхээр тооцжээ. Тус чиглэлийн Эрдэнэт-Овоот 574 км төмөр замын төслийг 30 жилийн хугацаатай Концессийн гэрээгээр “Аспайр Майнинг” компани 1.25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа юм. “Эрдэнэт-Арцсуурь” чиглэлийн нийт 780 км төмөр зам нь Монгол-Орос-Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн төмөр замын хойд коридорын “Курагино-Кызыл-Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тянжин”  чиглэлд багтсан. ОХУ-ын Тувагийн Кызыл хотоор дамжих Кызыл-Курагино чиглэлийн төмөр замтай холбогдох бөгөөд Ази-Европыг холбосон транзит тээврийн шинэ коридор бий болж, хөрш орны төмөр замын тээврийн сүлжээг ашиглан гуравдагч зах зээл, далайн боомтод хүрэх зорилттой.

Зүүнбаян-Ханги. Дорноговь аймгийн нутаг дахь Сайншанд-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамыг үргэлжлүүлэн Хятадтай хиллэх Ханги боомт хүртэл 280 км төмөр зам байгуулах өртгийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын өртгөөр жишиг болгон тооцоход тэрбум гаруй ам.доллар шаардлагатай болж байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсанаар Замын-Үүдийн боомтоор Хятадын зах зээлд экспортлогдож буй төмрийн хүдрийн экспортын одоогийн туулах 908 км зам 318 км дөтлөх юм. Ингэснээр Дархан-Сэлэнгийн бүс нутгаас экспортолж байгаа төмрийн хүдэр тонн тутамд 4-6 ам.доллар хямдарч Австрали, Хятадын дотоодын түүхий эдтэй өрсөлдөхүйц үнэд хүрэх боломжтой гэсэн тооцоо бий.  Төмрийн хүдрээс гадна коксжих нүүрс, зэсийн баяжмалыг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар тээвэрлэж Хятадын аж үйлдвэрлэлийн гол бүс нутаг Бугатын төмөрлөгийн кластерийн төв болох зорилтот зах зээлд өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх боломжтой юм.

Э.Оджаргал