Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ярилцлага

Хувьцаа эзэмшигчдээс зөвхөн Монголын Засгийн газар л “Оюутолгой” төслөөс ашиг хүртээд байгаа



The Mongolian Mining Journal /2018.006/

“Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Үүний зэрэгцээ “Оюутолгой” компанид тавьсан их хэмжээний татварын акт, УИХ, Засгийн газрын шалгалтын Ажлын хэсгүүд гээд он гарсаар төслийн эргэн тойронд багагүй асуудал үүсээд байгаа нь олны анхаарлын төвд байгаа юм. Энэ чухал цаг үед MMJ-ийн Б.Төгсбилэгт “Рио Тинто” компанийн Зэс, очир эрдэнийн группын Гүйцэтгэх захирал Арнауд Суараттай дээрх асуудлууд болон төслийн цаашдын боломж, хэтийн төлөвийн талаар  ярилцлаа.



Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг “Рио Тинто” хэрхэн хүлээж авч байгаа талаар ярилцлагаа эхэлье?
“Оюутолгой” гэдэг агуу төслийн талаар яриагаа эхлэх нь зүйтэй болов уу. Бид өнөөг хүртэл уг төсөлд 7.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа бөгөөд цаашид 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг далд уурхайн төсөлд оруулах боломжтой. Ингэхдээ жилдээ 1 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулна. Энэ нь  нарийн ажиллагаатай уг төсөлд оруулж буй асар их хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. Нарийн ажиллагаатай гэхийн учир нь далд уурхай нь газрын гадаргаас доош 1.3 км гүнд баригдах бөгөөд олон арван км хэвтээ хонгилон байгууламж, мөн босоо амны хэд хэдэн байгууламжаас бүрдэнэ. Үндсэндээ газар доорх багахан хотын байгууламж буй болгоно гэсэн үг юм. 

Бидний ашиглаж буй блокчлон олборлох технологи ч мөн амаргүй, нарийн эд. Дэлхийд уул уурхайн тун цөөхөн компани энэ технологиор мэргэшсэн байдаг. Хэрэв энэ бүгдийг нэгтгэн авч үзвэл, бид зөвхөн Оюутолгойн ирээдүйд бус Монголын ирээдүйд ч бас хөрөнгө оруулж байна гэж үзэж болно. Бид 14 мянган хүнийг ажлын байраар хангаж, сургаж байгаа бөгөөд тэдний 94% нь монголчууд байна. Төслийн хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй хийж буй худалдан авалтынхаа 85%-ийг нь Монголын 1000 гаруй ханган нийлүүлэгчээс авч байна.

Эцэстээ дэлхийн гурав дахь томоохон зэсийн уурхайг бид байгуулж байгаа төдийгүй гүний уурхай ердийн үйлдвэрлэлдээ хүрэхэд тус төсөл нь Монголын ДНБ-ий 30-40%-ийг дангаараа бүрдүүлэх болно. Тэгэхээр энэ нь “Оюутолгой”-н хувь нийлүүлэгчид болох Монгол улсын Засгийн газар, “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс”,   мөн төсөлд ажиллаж буй 14 мянган ажилтан, орон нутаг, өмнийн говь, ханган нийлүүлэгч компаниуд, тэдгээрт ажиллаж буй 30 мянган ажилтан, цаашлаад Монгол улсын  хувьд маш чухал төсөл юм.

Энэ бүхнийг бүхэлд нь харвал яагаад бид бүхэнд хөрөнгө оруулалтыг дэмжихүйц улс төрийн зөв орчин нэн чухал болохыг та бүхэн ойлгох болно. Үүгээрээ би тогтвортой хийгээд урьдчилан харж болохуйц орчныг хэлээд байна. Энэ их хөрөнгө оруулалтыг хийх нөхцөл нь хоёр зүйлээр бүрэлддэг. Эн тэргүүнд олон улсын шилдэг туршлагын дагуу суурь гэрээнүүд дээрээ сайтар хэлэлцээ хийх. Эргээд эдгээр гэрээн дэх хариуцагч бүх тал гэрээгээ чанд мөрдөж, баримтлах. Одоогийн хүрсэн түвшин, амжилт, Хөрөнгө оруулалтын гэрээний халдашгүй байдал, нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө зэрэг нь бидэнд Монголд хөрөнгө оруулах итгэлийг төрүүлсэн. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нь олон улсын нэр хүндтэй 15 санхүүгийн байгууллагаас 6 тэрбум ам.долларын зээл авах боломжийг бий болгосон билээ.

Бидний хөрөнгө оруулалтын үргэлжлэх байдал хоёр энгийн зүйлээс хамаарна. Тогтвортой хийгээд урьдчилан төлөвлөж болохуйц байдал. Энэ бол аливаа улсад үргэлжлүүлэн хөрөнгө оруулах хамгийн чухал зүйл. Иймд Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаар хэлэлцээ хийх тухайд зарим улстөрч ярих үед тэд үүнээс болж үүсэх ноцтой үр дагавруудыг бүрэн дүүрэн ойлгож байгаа эсэхэд миний санаа зовниж гайхдаг. Энэ талаар тодорхой зүйл хэлэхийг минь зөвшөөрнө үү. Эдгээр гэрээнд өөрчлөлт оруулж болохгүй. Учир нь, энэ бол бидний гүний уурхайн төсөлд жил бүр 1 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулахаар тохирч, хамтаар зээлсэн 6 тэрбум ам.долларын  үндэс суурь нь юм. Харин бид юу хийж чадах вэ гэвэл, Засгийн газрын ажлын хэсгүүдтэй хичээнгүйлэн хамтран ажиллаж чадна. Бидний хийж чадах зүйл бол одоогийн байгаа гэрээний хүрээнд хамтран ажиллах. Эцсийн дүндээ бид бүх хувь нийлүүлэгчид буюу “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” болон Монгол улсын Засгийн газарт хэрхэн илүү их өгөөжийг бүтээж болох вэ гэдгийг тогтоох явдал гэж харж байна. Тиймээс ч бид холбогдох Ажлын хэсгүүдээр дамжуулж, Засгийн газартай маш ойр бөгөөд байнга харилцаж байгаа гэдгийг хэлмээр байна.

Жишээ болгон эрчим хүчний асуудлыг авч үзье. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу бид Монголоос эрчим хүчээ хангах ёстой. Бид Засгийн газрын төлөөлөгчидтэй энэ үүргээ биелүүлэх хамгийн сайн арга замыг олж тогтоохоор яг одоо ажиллаж байна. Угтаа энэ нь маш боломжтой зүйл. Өвөр Монголоос жилдээ 120-140 сая ам.доллараар эрчим хүч авч байхын оронд бид Монголоос эрчим хүч авах болно. Энэ ажлыг одоогийн гэрээнүүдийн хүрээнд хийж, төслөөс хүртэх өгөөжийг нэмэгдүүлж болно.

Хүмүүс “Оюутолгой” төслийн бүтээж буй үнэ цэнийн талаарх баримт мэдээлэл, аль хэдийнэ биелчихсэн байгаа үр дүнгийн талаар сайтар ойлгох хэрэгтэй байна. Өнөөгийн байдлаар төсөлд зориулж, нийт 7.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна гэж би түрүүн хэлсэн. Үүний дийлэнх нь Монголд зарцуулагдсан. Мэдээж, энэ нь үндэсний эдийн засагт үржүүлэгчийн нөлөөгөө өгсөөр ирлээ. Бид уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш татвар, Ашигт малтмал, нөөц ашигласны төлбөрт (АМНАТ) 1.8 тэрбум ам.доллар төвлөрүүлсэн нь төсөвт ихээхэн хувь нэмэртэй болсон.

Тиймээс ч УИХ-ын Ажлын хэсэг эдгээр баримт, мэдээлэлтэй бүрэн танилцаж, тухайн гэрээнүүдийн бодит үнэ цэнэ нь ямар, “Оюутолгой”-н болон улс орны эдийн засгийн хөгжилд яагаад ихээхэн ач холбогдолтой болохыг олон нийтэд үнэн зөв ойлгуулахад туслах боломжтой гэж харж байна.

Гүний уурхайн төслийн бүтээн байгуулалт дууссанаар “Рио Тинто”-д төлөх менежментийн зардал 6% болж өснө. Одоогийнхоос хоёр дахин илүү гэсэн үг. Энэ төлбөр нь чухам яагаад хийгддэг, хувь хэмжээг нь бууруулах боломжтой тухайд тайлбарлахгүй юу?
Менежментийн төлбөр гэдэг нь аливаа хамтарсан төслийн хувьд байдаг ердийн л зүйл юм. Энэ бол үндсэндээ өөрийн ноу-хау, ур чадвар, олж авсан хамгийн шилдэг туршлагаа нэвтрүүлсэн компанид өгч буй төлбөр юм. “Рио Тинто”-гийн хувьд 145 жилийн туршид хуримтлуулсан туршлагад өгч буй үнэ цэнэ гэж хэлж болно. “Рио Тинто” эдгээр ур чадвар, шилдэг туршлагыг олж авч, хөгжүүлэхийн тулд маш их хөрөнгө хүч зарцуулсан. Тиймээс энэ бол маш шударга төлбөр юм. Тэдгээрийг зүгээр, үнэгүй олж аваагүй. Бид эдгээр шилдэг туршлагыг маш их үнэ цэнээр хөгжүүлсэн. Бид одоо Оюутолгойг дэлхийн хамгийн шилдэг уурхайнуудын нэг болгон хөгжүүлэхэд энэхүү сайн туршлагаа ашиглаж байна.

“Рио Тинто” уурхайг удирдан ажиллуулах үүргийг хүлээж байгаа бөгөөд бүх хувьцаа эзэмшигчдийн өмнөөс энэ үйлчилгээг хариуцан хийж буйн хувьд компани тодорхой төлбөр авах нь маш шударга бөгөөд үндэслэлтэй юм. Ямартай ч менежментийн төлбөр нь төслийн бүхий л өртгийн сүлжээг аваад үзэх юм бол маш өчүүхэн хэсгийг эзэлдэг. Үүнээс гадна бидний менежментийн төлбөр болгон авсан хөрөнгийг “Оюутолгой” төслийг хөгжүүлэхэд эргээд хөрөнгө оруулалт байдлаар зарцуулсаар ирэв. Бид бүхий л үр өгөөжийг том зураглалаар нь харж байгаа. Одоогийн байдлаар “Оюутолгой” төсөл эдийн засагт хэр их хэмжээний хувь нэмэр оруулж байна вэ, хэрхэн татвар төлж, төсөвт хувь нэмэр оруулж байна вэ гэдэг нь том зураглал юм. Зөвхөн ил уурхайг ажиллуулж байгаа энэ үед “Оюутолгой” хамгийн том татвар төлөгчийн нэг байсаар ирлээ.  Монголын эдийн засагт оруулах бидний хувь нэмэр гүний уурхайн төслийн үйл ажиллагаа эхэлсний дараа бүр илүү өргөжих болно.

Төслийн нийт хөрөнгө оруулалт болох 12 тэрбум ам.долларыг нөхөхөд хэр их хугацаа зарцуулагдах вэ? Зэсийн үнэ өндөр хэмжээнд хадгалагдахаар байгаа энэ үед Монголын ногдол ашиг авах хугацаа илүү наашлах болов уу?
“Оюутолгой” бол дэлхийн хамгийн том төслүүдийн нэг. Төслийн 34%-ийг эзэмшдэг Монгол улсын Засгийн газар энэхүү том хөрөнгө оруулалтад өөрөөсөө нэг ч ам.доллар гаргаагүй. Харин өөрийн хувьд ногдох хөрөнгө оруулалтыг хувь нийлүүлэгчдээсээ зээлэх байдлаар санхүүжүүлсэн. Гэсэн ч хувь нийлүүлэгчдээс зөвхөн Монгол  улсын Засгийн газар л одоогийн байдлаар төслөөс ашиг хүртээж байгаа. Энэ ашгийг шууд татвар болон АМНАТ-аар авсан 1.8 тэрбум ам.доллар, бусад эдийн засагт орох шууд бус өгөөжөөр дамжуулан авсан. Үүнд ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчдийн “Оюутолгой”-той хийж буй бизнес, худалдаанаас олдог орлого, тэдгээрийн төлсөн татвар зэргийн дүнг нэмж тооцох хэрэгтэй. Энэ бол Монгол улсад оруулж буй маш даацтай, бодит хувь нэмэр юм. Би давтан хэлье. Энэхүү том хөрөнгө оруулалтаас одоогийн байдлаар ашиг өгөөж хүртээд буй цорын ганц хувь нийлүүлэгч  бол Монгол улсын Засгийн газар. Төсөл урагшилсаар гол хөрөнгө оруулалтаа хийж дуусах хүртэл 5-7 жил зарцуулагдах болов уу гэж бодож байна. Тухайн үед энэ төсөл ашиг олж, бүх хувь нийлүүлэгчдэдээ ашгаа хуваарилж эхэлнэ.  Монгол улсын Засгийн газар зээл авсан учир өөрийн ногдол ашигт хуваарилагдах мөнгөө зээлсэн дүн рүүгээ буцааж хийх байдлаар ашиглах юм.

Зээлийг хэр хурдан төлөх вэ гэдэг нь зах зээлийн байдлаас хамаарна. Хэрэв манай төсөлд ямар нэгэн тасалдал үүсэхгүй бол Оюутолгойн гүний уурхайн хүдрийг 2020 оны үеэс зах зээлд нийлүүлнэ гэж харж байна. Энэ үед зах зээлд нийлүүлэлтийн хомсдол бий болсны улмаас зэсийн ханш өсч эхэлнэ гэж бид тооцоолж байгаа юм. Энэ цонх төслийн үр ашгийг дээд хэмжээнд хүргэх, нөгөөтэйгүүр Засгийн газрын өрийг хурдан хугацаанд төлөх томоохон боломж юм. Өр төлж дуусмагц Засгийн газар ногдол ашгаа авч эхэлнэ. Зах зээлийн таатай байдал тэрхүү хугацааг илүү наашлуулах болно.

155 сая ам.долларын татварын актын асуудлаар Засгийн газартай нэгдсэн шийдэлд хүрэхэд ойртож байна уу. Ер нь үүнээс өмнө ч татварын маргаан гарч байсан. Энэ бүх маргаан Монголын хууль тогтоомжтой холбоотой байна уу? Аль эсвэл Хөрөнгө оруулалтын гэрээний зүйл заалттай холбоотой юу?
“Рио Тинто”-гийн хувьд төлөх ёстой татвараа төлөх нь маш чухал явдал юм. Бид үндэстэн дамнасан корпорациуд дундаа хэр их татвар төлж буй болон хаана, ямар татвар төлж байгаагаа шударга, ил тод тайлагнадаг хамгийн анхны компаниудын нэг болсон. Бидний  ил тод байх энэ хүчин зүтгэлийг нэлээд олон нэр хүндтэй төрийн бус байгууллага сайшаасан байдаг. Бид төлөх шаардлагатай бүх татвараа төлсөөр ирсэн, төлсөөр ч байх болно гэдэг нь маргаангүй юм. Бид Засгийн газрын 155 сая ам.долларын татварын шаардлагыг нарийвчлан судалсан. Манай мэргэжилтнүүд Засгийн газрын болон Татварын ерөнхий газрын мэргэжилтнүүдтэй хэд хэдэн ч удаа уулзсан.

Бид төлөх ёстой 5 сая ам.долларын шаардлагыг хүлээж авсан. Үүнийгээ төлж барагдуулсан. Бид Татварын ерөнхий газартай нэмэлт дүнгийн тухайд хууль тогтоомж, журам болон манай гэрээний нөхцөл дэх тайлбар дээр санал нэгдсэн. Одоогийн байдлаар үлдсэн 150 сая ам.долларын татварын асуудал дээр нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй байна. Татварын ерөнхий газрын болон манай мэргэжилтнүүд Монгол улсын хууль тогтоомж болон гэрээний зүйл заалт дээр өөр өөр ойлголттой хэвээр. Гэхдээ ойлголцлын зөрүүг хэрхэн шийдвэрлэх талаар үргэлжлүүлэн ярилцаж байна.

Дахин хэлэхэд, энэ улсын хамгийн том татвар төлөгч нь “Оюутолгой” компани гэдгийг мартаж болохгүй. Бид маш их хувь нэмэр оруулдаг гээд суулгүй энэ асуудал дээр Засгийн газартай хамтран ажилласаар байх болно. Бид Засгийн газарт маргаан шийдвэрлэх хүсэлтээ 60 хоногийн өмнө мэдэгдсэн бөгөөд хэрэв зөвшилцөлд хүрч чадахгүй бол асуудлаа арбитрт шилжүүлэхийг санал болгосон.

Энэ бүх процесс нь хэвийн бус зүйл огтхон ч биш гэдгийг ойлгох нь зүйтэй гэж бодож байна. Татварын хууль журам маш нарийн түвэгтэй асуудал бөгөөд гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд олон талын тайлбар хийж болох магадлал үргэлж байдаг. Тэгэхээр татварын хууль тогтоомжоор мэргэшсэн гуравдагч талд хандах нь тийм ч ховор зүйл биш. Гуравдагч тал нь Монголын хууль тогтоомж, журмуудтай танилцан, бидний байгуулсан гэрээнүүдийг авч үзэн маргаантай асуудлаар хэрхэн ойлголцолд хүрч болох тухайд хэлж зөвлөх болно.

Түрүүнд хэлсэнчлэн үүнд хэвийн бус зүйл юу ч байхгүй. Одоогоор бид Австралийн татварын албатай арбитр дээр очоод байгаа нь муу зүйл биш юм. Арбитр бол ойлголцлын зөрүү бүхий сайн түншүүдэд яг тохирсон зүйл. Энэ нь бүх талын хувьд тодорхойгүй зүйлийг тодруулан хувь нийлүүлэгчдийн ойлголцлыг бэхжүүлдэг арга зам юм. Бидний байр суурь бол хуулиар ногдсон татвараа төлж, байгуулсан гэрээгээ үргэлж чанд мөрдөн ажилласаар байх болно.

“Рио Тинто” компани өөрийн уурхайн дэргэд цахилгаан станцтай болох ажлыг судалж байгаа. Энэ нь танайх Тавантолгойн уурхайгаас нүүрсээ хол замаар тээвэрлэн станцад хүргэнэ гэсэн үг. Танай компани энэ хувилбарыг үр ашгийн хувьд оновчтой байж чадна гэж үзэж байна уу?
Сайхан асуулт тавьсанд баярлалаа. Бизнесийн гэрээ нь маш чухал үнэ цэнэтэй зүйл гэж би өмнө нь хэлсэн. Бид Засгийн газрын үйл ажиллагааг хоёр талын байгуулсан гэрээний дагуу явагдана гэж хардагтай яг адилаар Засгийн газар нь “Рио Тинто”-г мөн тэгнэ гэж хардаг. Хөрөнгө оруулалтын гэрээнд биднийг Монголоос эрчим хүчний хэрэгцээгээ хангана гэсэн заалтыг багтаасан. Энэ нь монголчуудад болон Монголын эдийн засагт илүү их өгөөж бий болгох том боломж гэж харж байна. Тэгэхээр бид энэ үүргийнхээ дагуу ажиллаж, дотоодоос эрчим хүчний хэрэгцээгээ хангахуйц цахилгаан станц байгуулах болно. Засгийн газартай нарийвчилсан асуудлыг ярилцахаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Бидэнд хэд хэдэн хувилбар бий. Оюутолгойд станц байгуулах уу, эсвэл Тавантолгойд станц байгуулах нь зөв үү. Аль аль хувилбарт давуу болон сул тал бий. Бид цахилгаан станцаа бүрэн хараат бус байдлаар байгуулах нь зүйтэй юү. Эсвэл урсгал засвар хийхээр зарим хэсгийг унтраах үед нэмэлт эрчим хүч авах боломжтой байхаар төвийн шугамтай холбох нь зүйтэй юү. Ямар төрлийн технологийг хэрэглэх вэ, хүлэмжийн хийн ялгаруулалтыг удирдаж, хянаж болохуйц хэмжээ хэр байх вэ, ямар стандартыг баримтлах вэ гэх зэрэг асуудлууд бий. Цаасан дээр бол нүүрс шатаагаад эрчим хүч үйлдвэрлэх нь маш хялбар асуудал мэт. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ үйл явц илүү нарийн түвэгтэй. Ялангуяа Монголд барьж байгуулахад тулгарах бэрхшээлээс гадна  өмнийн говийн цөлд барихад бүр ч амаргүй байх болно.

Тиймээс энэ нь үнэхээр томоохон шийдвэр. Бид үүнийг авч үзэхийн өмнө Засгийн газартай хамтран ажиллаж, боломжит бүх хувилбарыг судалж, Засгийн газрын эн тэргүүнд чухалчилж буй зүйлсэд анхаарч байна. Мөн үүнийг барьж байгуулахад шаардагдах цаг хугацаа болон бусад хувилбартай холбоотой зардлын хүчин зүйлсийг ч тооцож байна. Оновчтой шийдлийг олно гэдэгт итгэлтэй байна. Хамтран ажиллаж бүх хувьцаа эзэмшигчийн үр ашигт нийцсэн сайн шийдэл олно гэдэгт итгэл дүүрэн байна. Байршлын талаарх таны асуултад Засгийн газартай хэлэлцэж байгаа гэдгийг л хэлж чадах байна. Оновчтой шийдэл олохын тулд энэ асуултын хүрээнд харгалзаж үзэх бүхий л зүйлсийг нухацтай авч үзэх хэрэгтэй.

Монголын талын хувьцааг сан­хүүжүүлсэн зээлийн хүүг буу­руулах боломжтой юу? Мөн Монголын Засгийн газар өөрийн эзэмшлийн хувийг нэмэлт роялти­гаар солих санал танайд тавьж мэдэхээр байгаа. Энэ тухайд ямар бодолтой байна вэ?
Эн тэргүүнд зээлийн хүүгийн асуудлаар ярихыг минь зөвшөөрнө үү. Төслийн 34%-ийг эзэмшиж буй Засгийн газар төсөлд өөрийн хөрөнгөөр санхүүжилт хийгээгүй. Бусад хувь нийлүүлэгчээсээ мөнгө зээлж санхүүжүүлсэн. Зээлийн хүүгийн зохимжит хэмжээг хөрөнгө оруулалтын тодорхой нөхцөл байдал, үүнд хамаарах эрсдэлүүдийг харгалзан үзэж, 7 жилийн өмнө ярилцаж тохиролцсон. Хөрөнгө оруулалтын гэрээнд долоон жил тутамд хүүгийн хувь хэмжээг хянан хэлэлцэхээр заасан. Бид одоо яг энэ асуудлаар Ажлын хэсэг гарган ажиллаж байна.

Мэдээж, Засгийн газар хүүгийн хувь хэмжээг бууруулахыг хүсч байгаа. “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс”-ын хувьд төсөл болон улс орны эрсдэлүүдэд үндэслэсэн хүүгийн хувь хэмжээ шударга, үндэслэлтэй гэдгийг баталгаажуулах нь чухал. Бид Засгийн газарт зах зээл дээр ямар хувь хэмжээ шударга, үндэслэлтэй байгааг шалгаж, тодорхойлоход хамтран ажиллахыг санал болгосон. Үүгээр бид тодорхой нэр хүндтэй олон улсын зээлдэгчдээс ийм зэргийн зээлд ямархуу хүүгийн төлбөр ногдуулахыг асуух байдлаар хамгийн сайн үр дүнг мэдэх боломжтой юм.

Нэмэлт АМНАТ-ийн тухайд, хэрэв Монголын Засгийн газар, УИХ үүнийг хийхээр сонирхож байгаа бол тэд хэрхэн шийдвэрлэхээс хамаарна. Миний бодлоор тэд сонирхох хэрэгтэй төдийгүй энэ санаа нь харьцангуй давуу талтай, нарийн нягталж болох санаа гэж бодож байна. Энд УИХ-ын Ажлын хэсэг, Засгийн газар хүн бүрт илүү их үнэ цэнийг бүтээх тухайд хэрхэн хамтран ажиллаж болдгийн маш сайн жишээ болж мэдэх юм. Үнэндээ Засгийн газар 34%-иасаа татгалзаад, илүү их роялти авах энэ саналд сонирхлоо илэрхийлбэл ногдол ашиг авах гэж зээл төлөгдөхийг хүлээж суух шаардлагагүй болно. Нөгөөтэйгүүр яг одоо илүү их мөнгөтэй болно. Хэрэв Засгийн газар, УИХ энэ саналыг ашигтай гэж харж байвал бид энэ тухайд хэлэлцэх бэлтгэлээ базаах болно.

Далд уурхайн бүтээн байгуу­лалт 2020 он гэхэд дуусах төлөвтэй байгаа. Далд уурхайн баяжмалын үйлдвэрлэл эхлэхээр нэмэлт усны нөөц шаардагдахаар байгаа  тухайд?
Ус бол маш чухал, стратегийн ач холбогдолтой асуудал. Ил уурхай болон ус ашиглаж хүдрийг баяжуулах үйлдвэр байгуулахын өмнө усны хэрэглээ маань улсын болон иргэдийн хувьд зөв оновчтой байж чадах уу гэдгийг, мөн өмнийн говийн элсэн дунд бидний үйл ажиллагаа тогтвортой байх эсэхийг баталгаажуулахыг хүссэн. Бид бүх шалгуурыг хангахын тулд хоёр шийдвэрийг авч үзсэн.

Эхнийх нь аль хэдийнэ хэрэглээнд буй усны нөөцөөс ус татахын оронд бид өөрсдийн бие даасан усны нөөцийг олж илрүүлэх явдал байсан. Ингэж байж бид малчдын хэрэглэж буй уснаас хэрэглэхгүй байх   юм. Бид үүнд маш их хөрөнгө оруулалт хийсэн. Эцэст нь, бид гүний усны шинэ орд илрүүлсэн. Энэхүү усны нөөц нь хүн болон мал, амьтны хэрэглээнд тохиромжгүй, давсархаг ус байж таарсан. Тиймээс бид өөрсдийн үйл ажиллагаанд хэрэглэхэд тохиромжтой болгохоор цэвэршүүлэх үйлдвэр байгуулсан юм.

Хоёр дахь шийдвэр нь хэрэглэсэн усаа аль болох өндөр түвшинд дахин боловсруулдаг баяжуулах үйлдвэр байгуулах байв. Энэ бол хаана ч усны хэрэглээний хувьд маш хариуцлагатай арга зам юм. Мөн “Рио Тинто”-гийн ноу-хау хэрхэн энэ орон нутагт, энэ улсад маш их хэмжээний үнэ цэнэ бий болгож болох вэ гэдгийн чухал шалгуур байсан. Эцэст нь бид хэрэглэсэн усныхаа 86%-ийг нь дахин ашиглаж болох үйл явцыг боловсруулж чадлаа. Энэ салбарт дэлхийн дундаж нь 52 орчим хувь байдаг. Оюутолгойн уурхай ус дахин ашиглалтаар 86%-тай байна гэдэг нь усны менежментийн хувьд хамгийн шилдэг тоглогчдын нэг гэсэн үг.

Бид усны шинэ нөөцийг илрүүлсэн, энэ нөөцөө удирдан зарцуулах тухайд маш их хариуцлагатай ажилладаг. Энэ давхар амжилт нь биднийг ирэх жилүүдэд усны хангалттай нөөцтэй болгож байгаа юм. Энэхүү нөөц нь ил болон гүний уурхай, хэрэв бид Оюутолгойд цахилгаан станц барихаар бол  цахилгаан станцад ч мөн хамаарна. Бид сорилтыг маш чухлаар хүлээж авсан. Бид одоо ирэх хэдэн арван жилд уурхай болон цахилгаан станцын үйл ажиллагаан дахь усны нөөцийг удирдах тогтвортой шийдэл бүхий арга замыг олсон гэж үзэж байна.