Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Мэдээ мэдээлэл

“Монгол улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн нээлт боллоо


Гэрэл зургийг М. Энх-Амгалан

Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ТICA), Германы Олон улсын хамтын ажиллагааны (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр хамтран   “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн 2.5 жилийн хугацаанд хэрэгжүүлж эхлээд байна.

Тус төслийн нээлт өчигдөр Үндэсний хөгжлийн газрын хурлын танхимд болж, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, TICA-ийн дэд захирал Банчон Аморнчевин, GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн захирал Штефан Ханселманн нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. 

Мөн Үндэсний хөгжлийн газрын  Бүс нутаг, хот байгуулалтын асуудал хариуцсан зөвлөх С.Намжилмаа “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн талаар танилцуулга хийсэн бол  “Монгол улсад тогтвортой аялал, жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх вэ”  сэдвийн хүрээнд  Увс, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нар болон Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын Аялал жуулчлалын Тогтвортой хөгжлийн төвийн Тэргүүнүүд аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж,  харилцан зөвлөлдлөө.

Тогтвортой аялал жуулчлал гэж цаасан дээр том  зорилго тавьж ажиллах бус аль болох өнөөдрийн нөхцөлд ямар агуулга хэлбэрээр  хөгжүүлэх вэ гэдгээ   бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг  хувийн хэвшлийнхэн илүү нарийн тодорхой боловсруулж гаргаж ирэх нь чухал болоод байгааг төлөөлөгчид онцолж байсан.  Ингэхийн тулд төслийн зөвлөхүүд аялал жуулчлалд хувь нэмрээ оруулж чадах, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдтэй хэрхэн хамтарч ажиллахаа эхнээс нь бодож боловсруулах шаардлагатай гэсэн саналуудыг  Монголын аялал жуулчлалын удирдлагууд мөн   дэвшүүлж байлаа.

Тус холбоо нь Монголын аялал жуулчлалын аймгууд дахь өрсөлдөх чадварын индексийг боловсруулан гаргаж буй аж. 21 аймаг, тэр дундаа  Увс, Баянхонгор, Сэлэнгэ аймаг тогтвортой аялал жуулчлалд ихээхэн ач холбогдол өгч байгааг дурдаад  “Дэлхийн эдийн засгийн форумаас олон улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг индексийг тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлэн тодорхой шалгууруудаар гаргаж ирж байгаа ажээ. Энэ үзүүлэлтээр   Монгол улс  92 дугаар байрт байсан ч  дахиад ухарсан байна” гэлээ.    

Санхүү, эдийн засгийн их сургуулийн захирал, Тогтвортой аялал жуулчлал төслийн үндэсний зөвлөх Д.Батжаргал “Тогтвортой аялал жуулчлалыг Монгол улсад төдийгүй олон улсад шинэ үйл явц гэж  харж байна. Бодлого боловсруулж, төлөвлөнө гэдэг нэг хэрэг. Үүнийг яг бодит амьдралд хэрхэн хэрэгжүүлэх нь  огт өөр зүйл. Амьдрал дээр хэрэгжүүлэхэд олон асуудал гардаг учраас Санхүү эдийн засгийн их сургуулийн зүгээс засч залруулах үндэсний зөвлөхийн үүрэг хүлээж байгаа юм” хэмээн ярилаа.

Монгол улсыг зорин ирдэг жуулчдын 80 орчим хувь нь манай улсын  түүх, өв соёл уламжлалтай танилцахыг хүсч эрмэлздэг байна. Тиймээс байгалийн онцлогуудаа жуулчдад сонирхуулан ярихаас гадна соёлын өвөө таниулах чиглэлээр  аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд учир дутагдалтай ажилладаг”  гэсэн үгийг  хурлын зарим төлөөлөгчид  хэлж   байв.

Хурлын панелистаар оролцсон Баянхонгор аймгийн  Засаг дарга Г.Батжаргал “Нутгийн иргэдэд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхээр бид зорьж байна. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалаар дамжуулаад  иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьдрал ахуйг нь сайжруулах. Манай аймгийн хувьд шинэ тутам хөгжиж буй аялал жуулчлал гэдэг утгаараа бидний зүгээс маш их анхаарч ажиллах шаардлага урган гарч байна. Аж ахуйн нэгжүүдийн бүтээсэн зүйлүүд их  байдаг  ч тэр бүхнийгээ жуулчлалд үзүүлэх зайлшгүй шаардлагатай дэд бүтэц, нийгэм ахуйн байгууламжтай холбоотой  асуудлууд нь байдаггүй. Тиймээс бид энэ төслийн оролцоотойгоор тодорхой маршрутыг бий болгоно. Энэ маршрутын дагуу байгуулагдах аялал жуулчлалын кэмпүүдийн үйлчилгээний соёлыг нэвтрүүлнэ” хэмээн тодотголоо.

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан  “Манай аймаг уул уурхайн үйлдвэрлэл байхгүй гэж хэлж болно. Гурван нүүрсний уурхайгээс нэг нь Баян-Өлгийнх, нөгөө нь Увсынх. Алтны олборлолт огт байхгүй.  Гар аргаар алт олборлогч хэдэн хүнтэй.  Увс аймаг өөрөө уул уурхай хөгжих боломжгүй эмзэг. Ус нуур элбэгтэй. Тийм учраас Увс аймаг 2010 оноос эхлээд аялал жуулчлалын аймаг болох зорилт тавьсан.  2017 онд баталсан Аялал жуулчлалын хөтөлбөрөө бид шинэчлэлээ. Үүгээрээ аялал жуулчлал нь аймгийн эдийн засгийн гол суурь гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна”  гэлээ.

Увс аймаг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Тайландын туршлагаас суралцаж байгаа бөгөөд Тайландын хөрш орнуудтайгаа хамтран хэрэгжүүлдэг онцлогыг аймагтаа бий болгохоор зорьж буй аж. Тиймдээ ч Тувагийн иргэдийг Увс аймагт зочлуулах ажлыг зохион байгуулах, ингэснээр тодорхой хэмжээний худалдан авалт хийх боломжийг олгох аж.

Үндэсний хөгжлийн газар нь Монгол, Тайланд, Герман улсын гурван талт хамтын ажиллагааны энэхүү төслийн үндсэн хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” болон “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д тусгагдсан эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болох аялал жуулчлалын салбарыг, тухайлбал орон нутагт ажлын байр шинээр бий болгон ядуурлыг бууруулахад салбар хоорондын  бодлого, стратегийг уялдуулан ажиллах юм байна.

Энэхүү төслийг Увс, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудын төсөл хэрэгжүүлэх дэд нэгжээр дамжуулан төслийн үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх юм. Гурван талт хамтын ажиллагааны хөтөлбөр нь Тайланд-Герман улсуудын санаачилсан түншлэлийн хөтөлбөр бөгөөд тус хоёр улсаас гадна дахин нэг улс сонгож хамтран хэрэгжүүлдэг юм. Тус төслийг Тайланд улс өмнө нь өөрийн хөрш Вьетнам, Камбож, Лаос, Мьянмар, Тимор-Лесте орнуудтай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд энэ удаа Монгол улсыг сонгон хэрэгжүүлж байгаа нь тус хөтөлбөрийн хувьд эх газар байршилтай улстай хамтран хэрэгжүүлж буй анхны тохиолдол ажээ.

Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг нь төслийн арга зүй менежмент, чадавхи  бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж буй. GIZ-ийн ЭТИТ  хөтөлбөр ба ТICA болон Тайландын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд төслийн өдөр тутмын үйл ажиллагааг Монгол улсад бүрэн хариуцан ажиллах юм байна.

Тус төслийн хүрээнд аялал жуулчлалын байгальд ээлтэй бүтээгдэхүүн болон үнэ цэнийн сүлжээг Монгол улсын 3 аймагт бий болгох, аялал жуулчлалтай холбоотой үйлчилгээг хөгжүүлэх, маркетинг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, орон нутгийн болон аймгийн засаг захиргааны аялал жуулчлалын төлөвлөлт, аялал жуулчлалын чиглэлийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлалын салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээг үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөж  байгаа ажээ.

 Г.Идэр